УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд, МАХН-ын Бага хурлын гишүүн, МАСЗХ-ны ерөнхийлөгч Г.Занданшатартай ярилцлаа.
-Маргааш танай намын Бага хурал эхлэх гэж байна, Сүүлийн үед 90 нас хүрч өвгөрч байгаа МАХН шинэчлэгдэх гэж оролдож байгаа талаар олон нийтийн дунд яригдах болсон. Энэ удаагийн хурлаар чухам ямар асуудлыг" хэлэлцэхээр төлөвлөөд байгаа бол?
-МАХН ирэх онд 90 жилийн ойгоо тэмдэглэнэ. Анх МАН нэртэй байгуулагдаж байсан манай нам Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээж мандуулж чадсан түүхэн ойгоо шинэчлэл манлайлал хөгжлөөр угтах болно. Саяхан манай намын даргын санаачилгаар шинэчлэл, манлайлал, хөгжил сэдэвт зөвлөгөөн хийж, уриалга гаргасан. Энэ бүхэн нь нийгмийн шаардлагын дагуу л хийгдэж байгаа хэрэг. Гэхдээ аливаа байгууллага, нийгмийн үзэгдлийн он тооллыг хүний настай зүйрлэдэггүй. Тиймээс 90 хүрч өвгөрч байгаа гэж зүйрлэх нь оновчгүй бас тохиромжгүй хэрэг гам. Монгол ардын арми 90 жил болж байгаа гэхэд өвгөрлөө гэдэггүй биз дээ. Тэнд дандаа идэр эрчүүд алба хааж байгаа, Харвардын их сургууль гэхэд 1986 онд 350 жилийн ойгоо тэмдэглэж байсан Харвардыг хөгшин сургууль гэдэггүй харин хамгийн туршлагатай шилдэг сургууль гэдэг. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн нам болох эрх барьж буй Ардчилсан нам гэхэд л 200 гаруй жилийн түүхтэй, Аливаа байгууллага удаан хугацаанд оршин тогтноно гэдэг нь зохион байгуулалт, тогтолцоо нь бүрэлдэж, цаг хугацааны шалгуур даасны баталгаа болно гэж би бодож байна. Манай нам шинэчлэгдэж өөрчлөгдсөөр ирсэн, улам бүр шинэчлэгдэж өөрчлөгдөж таарна. Энэ талаараа ч Бага хурлын үеэр хөндөн ярих болов уу. Энэ өөрчлөлтийг нийгмийн эрэлт хэрэгцээ нэхэж байгаа юм.-Тэгвэл яагаад нэрээсээ татгалзаж, өөрчлөх гээд байгаа юм бэ?
-Сүүлийн үед нэр солих гэж байгаад зарим хүмүүс эмзэглэж байх шиг байна. Уг нь ууган нэрээ сэргээн хэрэглэх тухай л ярьж байгаа хэрэг. Улс төрийн намуудад нэр солих үзэгдэл байж л байдаг асуудал. Үүн дээр би хэд хэдэн жишээ хэлье л дээ. Шведийн Зүүний нам гэхэд л саяхан нэрээ Welfare party буюу Сайн сайхны нам болгож өөрчилсөн. Канадын Зэрлэг сарнай эвсэл гэхэд нэрээ өөрчилж, Шинэ Ардчилсан нам нь шинэ гэдгээ авч хаяхаар ярьж байгаа. Израилийн Үндэсний хариуцлага нам 2006 онд нэрээ Урагшаа буюу "Кадима" болгож өөрчилж байсан байдаг. Европын парламентын социалист бүлэг гэхэд Социалист ба ардчилагчдын хөгжил дэвшлийн бүлэг болгон өөрчилж, АНУ-ын АН гэхэд Ардчилсан социалист нам гэж өөрчлөх талаар зарим гишүүд нь санал оруулж байсан байдаг. Манайд ч дөрвөн нам нэгдэн, нэрээ өөрчлөн шинэчилж байсан тохиолдол ч бий биз дээ.-Монголчууд нийгмийн өөр тогтолцоог сонгож ирсэн тэр үеэс л МАХН шинэчлэл гэж ярьсаар ирсэн. Шинэчлэл өөрчлөлт хийхээр жигүүр ч байгуулагдаж байсан.Гэвч нүдэнд харагдтал өөрчлөгдсөн нь үгүй л байна. Ярихаас цааш хэтрэхгүй байгаа юм биш үү?
-Шинэчлэлийн талаар үе, үеийн дарга нар хөндөж ярьсаар ирсэн. Сүүлийн 20 жилийн хугацаанд гэхэд манай намыг даргалж байсан Г.Очирбат, Б.Даш-Ёндон, Н.Багабанди, Н.Энхбаяр, М.Энхболд,С.Баяр, С.Батболд гээд бүх л дарга нар өөр өөрийн онцлогтой шинэчлэл өөрчлөлтийг эхлүүлж байсан байдаг. Манай нам хувьсгалт өөрчлөлт бус хувьсалт өөрчлөлтийг байнга хийсээр ирсэн, Миний харж байгаагаар шинэчлэл өөрчлөлт гэж улиг болохоосоо илүүтэй бодлогын чанартай хийх ёстой асуудал юм. Энэ нь манай нам төдийгүй Монголын улс төрд шаардлагатай байгаа, Монголын улс төрд модернизм хэрэгтэй байна.-Та модорнизм гэдгийг ямар утгаар нь хэлж байна вэ?
-Уран зохиолд ч, хөгжим, уран зураг аливаа урсгалд шинэ уур амьсгал хандлага байдаг. Түүнтэй адил улс төрд зүүний барууны урсгал гэж, социалист, капиталист үзэл гэж туйлшрахын оронд аль алиных нь сайныг шингээж тэр чиг хандлагаар явах хэрэгтэйбайгаа юм. Бид өнгөрсөн 20 жилийн хугацаанд өмнө замнаж ирснээсээ тэс өөрөөр явсан. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд гэхэд оноо ч бий, алдаа ч бий. Энэ бүхнээсээ дүгнэж, өнгөрсөн 20, өмнөх 70 жилийн замнаж ирсэн сайн тал, бодлогуудаа нэгтгэж, цоо шинэ чиг хандлагаар харах шаардлага үнэндээ бий болчхоод байна. Эдийн засгийн бодлого нь хэт төвлөрсөн ч юм шиг, нөгөө талаас хэт задгайрсан тогтолцооноос төрийн оновчтой зохицуулалт, олон түмний хараа хяналтад байлгах чиг хандлага руу орох хэрэгтэй байгаа. Мөн нийгмийн хавтгайрсан халамжаас ажил эрхлэлт, хүн бүрт олгодог тэгш эрх, хүмүүс өөр өөр боломжоос бус ижил нэгэн боломжоос хөгжиж боловсрох тэр эрхийг өгөх нь чухал. Иргэд олон нийтийн дунд явуулсан судалгаагаар хүмүүс амьдрал хэцүү байгаагийн шалтгаан нь улс төрийн намуудад ямар ч ялгаа байхгүй болсон, өмнөх тогтолцоогоо нурааж гарч ирсэн шинэ тогтолцоо нь өдий болтол жигдэрч чадахгүй байгаатай холбоотой гэж бухимдаж байна. Зах зээлийн эдийн засаг л чухам төгс гээд байсан ч сүүлийн дэлхийн эдийн засгийн хямралаар бүх зүйлийг зах зээл нь өөрөө зохицуулаад явах боломжгүй гэдгийг харууллаа шүү дээ, Тиймээс дэлхийн чиг хандлагыг анзаарч улс төр, эдийн засгийн бодлогод модернизм хийх хэрэгтэй байгаа юм.
-Сүүлийн үед гурав дахь чиг хандлагын талаар ярих болсон. Таны санал энэ мөн үү?
-Тийм ээ. Энэ санааг дэлхийн томоохон удирдагчид гаргах болсон. Их Британийн Хөдөлмөрийн намын Тони Блэйр, АНУ-ын АН-ын Билл Клинтон нар гурав дахь замын талаар хөндөж эхэлсэн. Энэ нь хар үгээр тайлбарлах юм бол социализм, капитализм гэж туйлшрах хэрэггүй, аль аль нь өөрийн сул талтай. Харин сайн талуудыг нь нэгтгэсэн тэр арга замаар явъя гэж байгаа хэрэг л дээ. Зах зээлийн чиг баримжаатай социал бодлогуудыг хэрэгжүүлж явна гэсэн үг.-Бага хурлаар танай толгойлдог МАСЗХ-ны удирдлагын асуудлыг хөндөнө гэсэн үнэн үү?
-Намын дэргэдэх байгууллагууд удирдлагуудынхаа асуудлыг өөрсдийнхөө их хурлаар шийддэг. Тэгэхээр Бага хурлаар энэ талаар ярихгүй байх. Харин энэ сарын 17-19-нд болох МАСЗХ-ны их хурлын үеэр ярилцана.-Танай холбооны гишүүд 36 хүртэл насных байдаг. Таны хувьд насны хэмжүүр давсан учраас ажлаа өгөх гэж байгаа. Намын удирдлагын зүгээс таны ажиллаж байсан хэмжээнд аваад явчих хүн хайсаар байгаа тухай хэвлэлээр бичигдэж байсан. Хэн хэний нэр яригдаж байгаа бол?
-Ардчилсан зарчмаар их хурлаараа шийдэгдэх асуудал учраас урьдчилан хэлэх боломжгүй байна. Гэхдээ шинэ үеийн төлөөлөл болсон удирдлагууд гарах байх гэсэн бодолтой байна. "Шинэ бодлого шинэ үе" гэсэн уриан дор бид чуулах юм. Бид энэ удаагийн их хурлаараа шинэ бодлогоо боловсруулж гаргах болно. Манай холбооны залуус өнгөрсөн долоо, наймдугаар сард таван аймагт бүсчилсэн уулзалтаа хийсэн. Шинэ Монгол-шинэ бодлого нэрийн дор хийгдсэн энэ уулзалтуудаараа бид залуус маань юуг хүсэж байгаа, юу хийвэл зүйтэй гэж үзэж байгаа талаар ярилцсан. Цаашдаа холбоо маань ямар чиг ханд-лага зарчмаар явах вэ гэдгээ их хурлаараа тодорхойлж гаргах болно.Э.Энэрэл
2010 оны 9-р сарын 06, Даваа гариг
Vip76
No comments:
Post a Comment