Sunday, 29 April 2012

Г.Занданшатар: “Саусгоби сэндс”-ийн хувьцааг зарах асуудлаар Засгийн газар зөвшөөрсөн гэдэг мэдээлэл ор үндэслэлгүй

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар
-"Саусгоби сэндс" "Чайлко" компанийн гэрээтэй холбоотой асуудлаар олон талын мэдээлэл гарч байна. Хуулийн төсөл батлагдах ёстой ч одоо хүртэл яригдаж эхлээгүй байгаа?
- Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх тухай, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл нь "Саусгоби сэндс" "Чайлко"-гийн  болон гадны хөрөнгө оруулалтын эсрэг авч байгаа арга хэмжээ огтхон ч биш. Хоёр жилийн өмнөөс хэлэлцэгдээд явж байсан хууль. Гишүүдийн хэлээд байгаа шиг хааж боогоод байсан зүйл байхгүй. Манай улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа ордтой холбоотой асуудлыг Монгол Улсын Засгийн газарт мэдэгдэж, зөвшилдөж байх хэрэгтэй байгаа юм. Гадаадаас орж ирж байгаа хөрөнгө оруулалт Монгол Улсын экспорт, үйлдвэрлэлд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг манай талд хэлж байх хэрэгтэй.
- Монгол Улсын Засгийн газар аман байдлаар зөвшөөрөл өгсөн гэсэн мэдээлэл гадаадын хэвлэл мэдээллээр цацагдсан гэсэн. Албан ёсны няцаалт хийх ёстой юм биш үү?
-Энэ мэдээлэл ямар үндэслэлгүй ташаа мэдээлэл гэдгийг холбогдох газар, хэвлэл мэдээлэлд өгсөн. Тэд ташаа мэдээлэл гарсанд харамсч байна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Хууль энэ долоо хоногт хэлэлцэгдэж амжина. Гэхдээ "Өмнийн говийн элс"компаниас ямар нэг хамааралгүйгээр явдаг журмаараа явна. Ажлын хэсэг ч хуралдаж эхэлсэн байгаа.
-ГХЯ-наас нүүрс олборлогчидтой экспортын татвар тавих асуудлаар ярилцсан гэсэн?
-Өнгөрсөн онд 21.1 сая тонн нүүрс экспортолсон. Нүүрс манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болоод байгаа гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Үнийн дүнгээр тооцвол энэ нь 1.5 тэрбум орчим ам.доллар   гэсэн   үг.   Эндээс Монгол Улсад 400 гаруй мянган ам.долларын татвар ногдуулсан. Энэ жил 41 сая тонн орчим нүүрс экспортолно гэж тооцоолж байна. Эндээс 958 тэрбум төгрөгийн орлого олохоор тооцоолж байна. Манай экспортолж байгаа нүүрсний үнэ дэлхийн зах зээлийн ханшнаас бага байна гэдгийг бид нүүрс экспортлогчдод танилцуулсан. Хятадын боомт дээр байгаа нүүрсний үнээс Америк, Австралийнхаас 50-90 хувь хямд байна. Үүний учир шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Үнээ дэлхийн зах зээлийн хэмжээнд хүргэх нь Монгол Улсын экспортын бодлогын гол зорилго байх ёстой. Тиймээс бид татварын асуудлаа танилцуулсан. Бизнес эрхлэгчидтэй санал солилцсон. Татвар тавих асуудлаар төслөө боловсруулаад явж байна.
Нийтлэлч
б.Тогтох
Эх сурвалж
Монголын мэдээ
2012 оны 4-р сарын 19, Пүрэв гариг

No comments:

Post a Comment