УИХ-ын гишүүн
Э.Мөнх-Очиртой ярилцлаа.
-Сүүлийн үед улс төр нэлээд өрнөлөө. Үүнийг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Өнөөдөр улс орны эдийн засгаа дагаад улс төр өөрчлөгдөж байна. Эдийн засгийн хувьд нэлээд үсрэнгүй хөгжиж байгаа шүү дээ, манай улс. Цаашид ч 2013-2014 он гэхэд манайд эдийн засгийн бодит хөгжил ирнэ.Тэгэхээр энэ их хөрөнгийг хэн нь хуваарилах вэ гэдэг дээр бүлэглэлүүд алалцаж таарна.
Тэгэхээр ирэх сонгуулийн өнгө нам гэхээсээ илүү бүлэглэлүүдийн хуйвалдаанаар өрнөх байх. Засгийн эрхэнд гарч энэ их мөнгийг хуваарилах сонирхолтой хүмүүс хоорондоо үгсэх байх. Бүр нам алгассан группууд ч гарах магадлалтай. Тийм болохоор хэн нь шударгаар төрийн ажлыг манах вэ. Улс орныхоо хөгжлийг зөв гольдролоор нь авч явах нь вэ гэдгийг сонгогчид харах хэрэгтэй. Тэгээд ч Сонгуулийн хуулийн заалтыг хатууруулж өгсөн. Ирэх сонгуулиар нэр дэвшигчид бараа тараахаасаа илүү их зүйл ярих ёстой. Тиймээс ярьж байгаа зүйлийг нь л сайн сонсож нэр дэвшигчдийн хэн бэ гэдгийг нь таних хэрэгтэй дээ.-Яг өнөөдрийн үйл явцын хувьд?
-Өнөөдрийн хувьд гэвэл, улс төр ингэхлээрээ гоё ш дээ гэдэг миний нэг үг байдаг даа. Тийм л байна. Гэхдээ гоёдоо бас биш юм. МАН өөрийн гэсэн бодлого, зорилттой. Олон жил болсон үзэл бодолтой нам юм. Улс орондоо бас зарим зүйлийг хийе гэсэн санаа бий. Түүнийгээ тэр бүр хэрэгжүүлж, ярьж болдоггүй. Хариуцлага тооцож ч чадахгүй, бусдыг дагаж явах нь их л сонин байлаа. Тиймээс АН-ынхандаа их баярлалаа. Өнгөрсөн жил ч гэсэн би хэлж байсан даа. АН-ынханд баярлалаа, баяртай гээд хэлчихье гэж. АН-ынхантай хамтарснаар том бүтээн байгуулалт хийх эхлэлийг тавьж чадсан. Түүнийг үргэлжлүүлэн хийхэд битгий саад болоосой.-АН хамтарсан засгаас гарч МАН хийх ажил ихтэй болох шиг боллоо?
-Яалт ч үгүй ийм ажил хийгдэнэ. Засгийн газраас гарсан сайдуудын суудлыг нөхнө. Дээрээс .нь амласан амлалтаа мөрийн хөтөлбөрийн дагуу бүрэн хийнэ. Түүнээс биш хэвлэлүүдээр бичээд байгаа шиг манай намынхан бүгдээрээ сайд болох гэж зүтгээгүй. Харин одоо манай нам нэг л зарчим барих ёстой. Энэ нь Засгийн газрын гишүүн болоод сайн ажиллаж намынхаа нэр хүндийг өсгөх хүнээр л сайд тавь гэсэн зарчим. Үүнийг баримталж сайдуудаа сонгож байгаа байх. Тэгээд ч одоо шинэ сайдуудад дайралт их ирнэ. Ойлгомжтой ш дээ. Улс төр гэж ийм л байгаа юм чинь. Чоно борооноор гэгчээр саяын Б.Ариунсан сайдын хийсэн үйлдэл шиг муу ажил ч үүсэж магадгүй.-Б.Ариунсан дэд сайд руу танай намынхан яагаад ингэж их дайраад байгаа юм бэ. Үнийг нэм гэдэг тушаалыг Д.Зоригт сайд гадаадаас утсаар өгсөн юм байна лээ шүү дээ?
-Ер нь утасдсан ч юм уу, үгүй ч юм уу. Түүнийг нь хэн мэдэх вэ. Нарийн дээрээ тэр хүн хурлыг удирдаад протокол дээр нь гарын үсэг зурчихсан байгаа шүү дээ. Тиймээс улс төрийн албан тушаалтай хүн хариуцлагаа хүлээх л хэрэгтэй. Харин Д.Зоригт тэгсэн юм гэж ярих гээд байгаа бол түүнийг тийм даалгавар өгсөн гэх баталгааг нь гаргах ёстой. Тэгээд ч нэг ийм асуудал байгаа юм. Ам.доллараас шалтгаалан шатахууны үнийн хэлбэлзэл бий болоод байна гэхэд Д.Зоригт шууд үнээ нэм гэж хэлэхгүй ш дээ. Тийм болохоор би Д.Зоригтод нэг их бурууг өгөхгүй байгаа.-Танай намаас хэн хэн сайд болох вэ гэдэг асуудал сонин байна. Зарим нь ч эхнээсээ тодорч эхэллээ?
-Нэлээд хэдэн хүний нэр яригдаж байгаа. Зарим хүмүүсийн өөрсдийнх нь амнаас ч сонслоо. Сонин хэвлэлээр ч бичсэн байна. Гэхдээ хэн нь сайд болох вэ гэдэг чухал биш. Хамгийн гол нь сайд болоод сайн ажиллаж намынхаа нэр хүндийг сонгууль хүртэл өсгөж чадах хүнийг л сонгох хэрэгтэй. Түүнээс биш тэрний хүн, энэний хүн гэсэн шалгуураар сайд тавих бол өрөөсгөл. Тэгээд ч өнөөдөр АН Засгийн газраас гарснаараа нэр хүнд нь буурч байна. Тэгэхээр манайхан үүн дээр нь улс төрийн зөв шийдвэр гаргах хэрэгтэй.-Нэр хүнд гэснээс танай намын рейтинг нэлээд унасан байсан?
-АН засгаас гарч, МАН-ын нэр хүнд өслөө гээд л бичээд байна. Гэхдээ ийм хөнгөхөн байж болохгүй. АН засгаас гарна гэдэг нэг асуудал. Ийм нөхцөл байдалд хүргэсэн ч байж болох шүү дээ. Дээр нь АН-ынхан үнэхээр өөрсдийнхөө байгаа байдал, төлөвшлөө сая харуулсан. Нам нь юу юм. Намынх нь дарга хэн юм гэдгийг. ҮЗХ-ныхоо хурлаар харуулсан ш дээ. МоАХ-ных нь гишүүд хэлсэн. "Н.Алтанхуягаа чи мөнгө аваад ажил хийдэг" гэж. Уг нь хүн, хүнээс сайныг нь сурвал зүгээр л байдаг. Манай хуучин Ху намын үе, үеийн хурлууд байсан даа. Үүний муу талыг их сайн сурсан байна, Н.Алтанхуяг. Хурлаа хайрцаглаж байгаа, удирдаж байгаа гэх мэт нь хуучин Ху намын муу зүйлийг сурснаас улбаатай. Энэ нь өөрсдөд нь л муугаар нөлөөлөх байх.-АН-ынхан даргаа солино гэж нэг хэсэг ярилаа. Ер нь намууд сонгуулийн өмнө удирдлагаа солих нь зөв үү?
-Энэ асуудлыг АН-ынхан л мэдэх байх. Гэхдээ Р.Амаржаргал гишүүн АН-ыг жинхэнэ нам шиг болгох хүн дээ.-Таны хувьд сайдын суудал горилж байв уу?
-Хүсэл бол хүн бүхэнд байгаа. Гэхдээ энэ бол сайд болоод хэн байх вэ, юу хийх вэ гэх зэргийг бодож байж шийдэх эрүүл амбиц. Ийм амбицыг л гаргах хэрэгтэй. Тэгэхээр би өнөөдөр тэнд очвол тийм зүйл хийчихнэ дээ гэж бодсон зүйл байгаагүй учир сайд болъё гэсэн зүйл алга.Харин санал болгосон сайдын суудал байгаа.
Манайхан "Чи Аялал жуулчлалын сайд болооч" гэж бай-сан. Учир нь манайд аялал жуулчлалын мэргэжилтэй хүн надаас өөр байхгүй. Гэхдээ надад тийм төлөвлөгөө алга. Миний санаачилсан хэд хэдэн хуулийн төсөл гацчихаад байна. Тэсэрч дэлбэрэх зэвсгийн тухай хууль гэх мэт. Үнэхээр зовлонтой юм. АН сөрөг хүчин болсон болохоор хуулийг маань унагачихвий гэдэг асуудал дээр илүү санаа зовж байна. Тиймээс хуулиудаа хэрхэн явуулах вэ гэдэг гарцыг л хайх байна.-Мөнгөтэй хүмүүст дэд сайдуудын суудлыг амласан гэсэн яриа бий?
-Тэрэнд амласан. Энээ тэрээ гэж би сонсоогүй. Тийм юм байхгүй л болов уу. Мөнгөтэйд нь сайдын суудлыг амлаад ч байдаг юм биш. Харин ганц, хоёр юм хийе гээд яваад байгаа хүмүүсийг ажиллуулъя гэж байгаа байх. Гэхдээ дэд сайд бол биш.-Хамтарсан Засгийн газрын хийсэн ажлуудыг хүн бур өөр өөрөөр дүгнэж байна. Таны хувьд ч гэсэн нэг дүн тавьчихсан л байгаа байх?
-Энэ асуудлыг ярихад эрт байна. Хүмүүс өнөөдөр сонирхлоороо л дүн тавина. Одоо юу гэдэг юм бэ дээ. АН-ынхныг Засгийн газраас гарч байгаад нь дургүйцсэн хүмүүс нэг өөр ярина. Дэмжиж байгаа хэсэг нь нэг хувилбар дэвшүүлнэ. Харин юу үнэн бэ гэхээр хийсэн зүйлийг нь тогтоогоод хувьд нь үржүүлээд л гаргаад ирнэ ш дээ. Миний хувьд Сангийн яамыг дайчин ажилласан гэж бодож байгаа. Мөн Батлан хамгаалах яам үлгэр жишээ ажилласан. Эрдэс баялаг, эрчим хүчний яам ч муугүй байлаа. Харин бусдынх нь ажлыг нэг их сайн мэдэхгүй байна.-Хамтарсан Засгийн газрын гэрээнд тусгагдсан ажлуудаас нэлээд нь хийгдэлгүй үлдлээ. Энэ ажлуудыг одоо яах вэ?
-Ямартаа ч орхихгүй. Хамтарсан Засгийн газар амласан байна гэдэг Монголд хэрэгтэй, шаардлагатай зүйл байна гэсэн үг. Тэгэхээр энэ ажлуудыг цаашид хийгээд явна. Гэхдээ АН-ынхнаас хүсэхэд саад битгий болоорой гэх байна. Ажил хаяад явчихав аа. Улс төрийн зорилготой, өөрсдөө сайд болъё. Энэ засгийг солъё, бид нар кноп дардаг хүмүүс юм уу, гарын үсэг зурдаг болъё гээд байх юм бол би дэмжихгүй. Харин сөрөг хүчнийхээ байр суурийг хангаж хяналтаа сайн тавина биз. Гурван жил хамт ажиллачихаад нэгнийгээ муу хэлнэ гэдэг муухай ш дээ.-Сонгуулийн дараа дахин хамтарсан Засгийн газар байгуулагдах магадлалтай гээд байгаа?
-Үүнийг би яаж мэдэх вэ. Миний нэр дэвших эсэх хүртэл тодорхойгүй байгаа шүү дээ. Булган аймагт л гэхэд нэг мандат байгаа. Тэнд манай намаас найман хүний нэр жагсчихсан байдаг.
Нийтлэлч
Л.Мөнхтөр
Эх сурвалж
Өдрийн сонин
Л.Мөнхтөр
Эх сурвалж
Өдрийн сонин
No comments:
Post a Comment