УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очиртой
ярилцлаа.
-УИХ-ын
Дэгийн тухай хуулийг шинэчлэн баталж, байнгын хороог хаалттай болгосон. Харин
та нарын хэсэг гишүүд Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн
барьж байгаа юм байна. Төсөлд юу гэж тусгасан бэ?
-Сэтгүүлчдийн мэдээлэл авах
боломжийг нээлттэй байлгая гэсэн үүднээс хууль санаачилж байгаа юм. УИХ-ын
Тамгын газар сэтгүүлчдийг ур чадвараар нь дүгнэх ёсгүй шүү дээ. Олон жил
ажилласан өөрийн гэх сэтгүүлчдээ парламентын үйл ажиллагаа сурвалжлуулдаг байж
таарахгүй л дээ. Үүнийг өөрчлөхийн тулд энэ хуулийг санаачилж байгаа юм.
-УИХ-ын
гишүүд телевизийн камер харж популизм хийдэг учраас байнгын хороог хаалттай
болгож байгаа гэж АН-ын бүлгийн дарга хэлсэн л дээ?
-Тийм бол тэр гишүүдтэйгээ ярих
ёстой биз дээ. Гишүүд популизм хийж байгааг нь мэдэж байгаа юм бол тэдэнтэйгээ
хариуцлага тооцох учиртай. Яагаад сэтгүүлчидтэй гэж.
-Тэгвэл
та өөрөө камер харахаараа популизм хийдэг үү?
-Байнгын хороон дээр ярьж байгаа
зүйлийг популизм гэхгүй шүү дээ. Тэнд бол жинхэнэ ажил ярь-даг. Яах вэ ярьж
байгаа зүйлээсээ халих юм хаяа бий. Гэхдээ байнгын хороон дээр хэн нь хэн бэ
гэдэг нь тодорхой харагддаг байхгүй юу. Харин чуулган дээр ярьж байгаа
дүнкүүнүүд популизм хийж байгаа. Чуулган дээр танин мэдэхүй яриад байгаа юм уу,
юу яриад байдаг юм. Тийм л байдаг биз дээ. Өнөөдөр ажлын хэсгийнхээ хурлыг хийж
чаддаггүй, хуралдаа ирдэггүй гишүүд олон байна. Тэгээд хэлэлцэх асуудлынхаа
талаар ямар ч ойлголт байхгүй, мэдээллээ авч уншдаггүй хэрнээ нэгэнт
хэлэлцсэн асуудлын талаар дараагийн хуралдаан дээр бур бур гээд олон юм ярьж,
цаг авдаг гишүүд бий. Энэ бол нууц биш. Миний хувьд чуулганы танхимд ороод нэг
их юм хэлээд байдаггүй. Тодорхой түвшинд. зарим асуудлын талаар саналаа хэлэх
нь хэлдэг.
-Байнгын
хорооны хуралдаанаар уул уурхайн асуудал яригдах үед гадаадынхны эрх ашиг
хөндөгдөх гээд байгаа учраас хаалттай болгосон юм биш үү?
-Хэн тэгж байгаа юм.
-Зарим
гишүүд ингэж ил цагаан хэлж байгаа?
-Оюу толгой, Таван толгой,
Сонгуулийн хууль гэх мэтийн том асуудлуудыг хэлэлцэх үеэр гишүүдийн амыг жаахан
барья гэж ингэсэн болов уу. Гэвч амаа бариулдаг нь бид биш, барьдаг нь ч тэд
биш шүү дээ. Байнгын хороогоор ярьж байгаа асуудал зөвхөн энэ 76-гийн хувьд
чухал юм уу. Эсвэл Монгол Улсын хувьд чухал юм уу. Монгол Улсын иргэн тэнд
хэрэгтэй юм ярьж байгаа юм бол яагаад ард түмэн түүнийг нь сонсож болдоггүй юм.
Тэгэхээр нээлттэй байх ёстой.
-Намрын
чуулган эхэлснээс хойш та ер нь ховор харагдлаа. Хаагуур юу хийсэн бэ?
-Сая гурав хоног Булган аймгаар
яваад ирлээ. Түрүү сард Гуанжоу хотод болсон спортын наадамд тамирчдын аюулгүй
байдал, дэг журмын асуудлыг хариуцан Монголоо төлөвлөж байсан юм.
-Танай
Тусгай хяналтын дэд хороо АТГ-ын дарга нарын халдашгүй эрхийг түдгэлзүүлэх
асуудлаар дүгнэлт гаргаснаас хойш хуралдаагүй санагдаж байна. Энэ асуудал одоо
болтол шийдэгдээгүй. Юу болсон юм бол?
-Манай дэд хороо дүгнэлтээ хийгээд
Хууль зүйн байнгын хороонд өгчихсөн. Тус байнгын хороо шийдсэн үү, үгүй юу
гэдэг нь надад сонин биш. Бид өөрт ногдсон ажлаа хийгээд өгчихсөн,
-АТГ-ын
дарга нар хууль зөрчсөн нь үнэн гэсэн дүгнэлтийг танай хороо гаргасан гэл үү?
-Хууль зөрчсөн гэсэн дүгнэлт
гаргаагүй шүү дээ. Тодорхой хэдэн заалтууд дурдсан. Энэ дагуу УИХ шийдэж байгаа
биз. Хууль зүйн байнгын хороо бидэнд нууцын зэрэглэлтэй асуудал тавьсан. Энэ
дагуу нь бид хянаад дүгнэлт гаргаж нууцын зэрэглэлтэйгээр буцааж өгсөн. Ийм
байхад би сонин хэвлэлээр дэлгээд байвал нууцалсны хэрэг юу байх вэ. Надад нууц
задруулах эрх байхгүй.
-Гэхдээ
та нарын гаргасан дүгнэлтийг УИХ үгүйсгээд одоо болтол энэ асуудал гацаад байгаа
юм биш үү?
-Энд тийм үү, үгүй ээ ч байхгүй. Энэ
талаар юм ярихгүй.
-Таныг
дахиад зодоон хийсэн тухай яриа эзгүй хойгуур чинь дэгдсэн. Үнэн үү?
-Ийм юм одоо яриад хэрэггүй ээ.
Уйтгартай шүү дээ. Ярьдаг нь яриад явж л байг. Бүгд худлаа юм чинь.
-Үнэний
ортой болоод л яриад байгаа юм биш үү?
-Би яаж мэдэх вэ. Тэгж яриад,
бичүүлээд байгаа хүмүүсээс нь очиж асуу. Ингэхэд би нэг зүйл хэлье. Өнөөдөр
хэвлэлийнхнээр өөрсдийгөө мануулаад мөнгө төлөөд яваад байсан хүмүүс та нарт
яаж хандаж байна даа. Харин муулуулж, доромжлуулаад явсан хүмүүс нь ямар
байсныг одоо ялгаж салгаж харцгаа. Байнгын хороог хаалттай болгосон энэ
байдлаас л дүгнээд үзэх хэрэгтэй шүү.
-Таны
хувьд одоогоор ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна?
-Галт зэвсгийн тухай хуулийг
шинэчлэх хэрэгтэй байна. 1993, 1994 оны үед Галт зэвсгийн тухай хуульд өөрчлөлт
оруулах гэж байхад Монгол Улсад маш тайван байлаа. 2000 оны үед байна уу даа
аавыг УИХ-ын дарга байхад энэ хуульд бас өөрчлөлт оруулсан. Гэвч буу борлуулж,
ашиглаж байгаа асуудал өнөөдрийг хүртэл хяналтгүй байна."Энэ талаар хуульд
дорвитой өөрчлөлт оруулж чадаагүй л яваад байгаа. Үүнийг цэгцлэх шаардлагатай
байна. Буу хадгалалтын горим алдагдсанаас болж гал алдаж гэмгүй олон хүн
санаандгүй амь үрэгдэх асуудал сүүлийн үед их гардаг болжээ.
-Долдугаар
сарын 1-нд галт зэвсэг хэрэглэж таван хүний амь эрсэдсэн. Үүний хариуцлагыг хэн
ч хүлээгээгүй байгаа биз дээ?
-Үнэнийг хэлэх үү. Одоогийн манай
цагдаа нарын хэрэглэж байгаа буу бол долдугаар сарын 1-нд буудуулж амиа алдсан
хүмүүст өгсөн үхлийн шарх үүсгэхээргүй шүү дээ. Тэр үед арай өөр зориулалтын
буугаар бэлтгэгдсэн хүмүүс гал нээсэн юм шиг байгаа юм. Хүмүүсийг их мэргэн
буудсан байсан шүү дээ. Хувь хүнийхээ үүднээс ингэж бодож байна.
-Дээрээс
өгсөн тушаалын дагуу л мэргэн буудагч ажиллана биз дээ?
-Юу яриад байгаа юм бэ. Дээрээс
тушаал өгөхөөр мэргэн буудаад, өгөөгүй болохоор мэргэн биш бууддаг юм уу. Тийм
юм байхгүй. Зүгээр л асуудлыг нухацтай авч үзэх хэрэгтэй гэдгийг л хэлэх гэсэн
юм. Түүнээс биш таамаглалаар асуудалд хандаж, дээрээс тушаал өгсөн энэ тэр гэж
гуйвуулах хэрэггүй.
-МАХН
МАН боллоо. Гэвч МАХН-ын түр штаб байгуулагдаад бөөн л юм болж сүүлийн үеийн
гол шуугианы нэг болоод байна л даа. Энэ талаар ямар бодолтой байна?
-Би шударга хэлчих үү. МАН бий
боллоо. Үүнийг тухайн үедээ МАХН-ын Бага хурлын гишүүд бүгд дэмжсэн шүү дээ.
Олонхоороо шийдсэн асуудал биз дээ. Харин МАХН гэдэг нэрийг авч үлдэнэ гээд
хэсэг хүн явж л байг. Шинэ нам яаж байгуулдаг билээ, тэр замаараа намаа
байгуулаад яв л даа. Ямар хамаа байсан юм. Аль аль нь тэрсэлдээд байх хэрэг юу
байна. МАН-ынхан хийсэн ажлынхаа үр дүнг үзэхийн тулд ард түмнийхээ төлөө сайн
ажиллаж л байвал болох биш үү.
-Тийм
л дээ. Гэхдээ МАН-ынхан МАХН-д үлдэгсдийг таны ярьж байгаа шиг зүгээр орхиж
чадахгүй байгаад л асуудлын гол оршиж байна?
-Тэгээд байгаа юм уу. Ер нь
хоорондоо үзэлцээд Н.Энхбаяр нь хулгайч, С.Батболд нь сайн гээд байх хэрэг юу
байна аа.
Я.Мөнгөнцэцэг
2011 оны 1-р
сарын 13, Пүрэв гариг
Өдрийн
сонин
No comments:
Post a Comment