Sunday, 29 April 2012

Г.Занданшатар: Цаашдаа Монгол Улсын баялгийг гадны компани зарж худалдах эрхгүй болно


Гадаад харилцааны сайд Г.Занданшатар
Нийгэм тэр чигээрээ шахуу МАХН-ны дарга Н.Энхбаяраар амьсгалж байгаа эдгээр өдрүүдэд үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц том хэмжээний хэрэг далдуур явагдлаа. Энэ бол "Айвенхоу Майнз"-ийн эзэмшил "Саус Гоби Сэндс" компани хувьцааныхаа 57.6 хувийг 540 сая ам.доллараар Хятадын төрийн өмчийн "Сhalco" компанид зарсан хэрэг юм. Монголын газар шороо, баялгийг яг л захын панзчид шиг дураараа наймаалцаж байгаа нь байж болшгүй явдал. Ийм нөхцөл үүсэхэд манай орны хууль эрхзүйн орчин нөлөөлсөн гэдгийг энд дурьдах нь илүүц биз.
Уг наймааг анх олны анхааралд оруулж, эсрэг санал хэлсэн хүн бол яах аргагүй Гадаад хэргийн сайд, УИХ-ын гишүүн Г.Занданшатар. Тэрбээр "Хэрэв энэ хуулийн төслийг яаралтай хэлэлцэн, баталбал "Саусгоби"-гийн "Чалко"-той хийсэн орд газрын наймааг буцаах бүрэн боломжтой" гэдгийг сануулсаар байгаа юм. УИХ-ын гишүүн Г.Занданшатар гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хуулийн төслийг тухайн үед УИХ-д өргөн барьж байсан ч хэлэлцэгдэхгүй хойшилсоор өнөөдөр Монгол улс ямар ч эрх мэдэлгүй, гадныханд дарлуулсан байдалд ороход хүрлээ. Монгол Улсад гадаадын компаниуд хөрөнгө оруулж, үйл ажиллагаа явуулж болно. Гишүүний санаачилсан хууль батлагдсанаар стратегийн ач холбогдол бүхий салбарт уйл ажиллагаа явуулах бол гадны компани Засгийн газарт мэдэгддэг, зөвшөөрөл авдаг болохоос гадна, тус салбарт гадаадынхан компани байгуулсан бол хувьцаагаа зарах, компанийн удирдлагыг шилжүүлэхдээ Монголын Засгийн газарт мэдэгддэг, асуудаг болох зохицуулалтыг тусгаж өгсөн аж. Хэрвээ Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийг баталсан бол "Саус Гоби Сэндс" гэх гадаадын нэг компани Монголын нүүрсний томоохон ордыг гадаадынханд зарж ашиг олох боломж бүрдэхгүй байх байсан юм.
Уг хуулийн төсөл болоод "Саус Гоби Сэндс" компанитай холбоотой зарим нэг асуултанд Гадаад хэргийн сайд, УИХ-ын гишүүн Г.Занданшатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Хуулийн төслийг 30 хоногийн дотор амжиж баталбал "Саус Гоби Сэндс" компанийн "Чалко"-той хийсэн наймааг хүчингүй болгох боломжтой гэсэн яриа гараад байгаа?
-УИХ дэмжсэн учраас хуулийг батлах бүрэн боломжтой. Тэгэхээр энэ наймааг ч зогсоох боломж угтаа байна гэсэн үг. Гэхдээ үүнийг дээрх хоёр компанийн, цаашлаад гадны хөрөнгө оруулалтын эсрэг авч байгаа арга хэмжээ хэмээн андуурч ойлгож болохгүй. Энэ бол аль хоёр жилийн өмнөөс хэлэлцэгдэж байсан хуулийн төсөл. Гадны компаниудыг боож, хаасан зүйл байхгүй. Зөвхөн манай улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа ордтой холбоотой асуудлыг Монгол Улсын Засгийн газарт мэдэгдэж, зөвшилцөж байгаач. Энэ хөрөнгө оруулалт Монгол Улсын экспорт, үйлдвэрлэлд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг манай талд хэлж байх хэрэгтэй гэж байна. Ерөнхийдөө ажлын хэсэг нэлээд шахуу хуралдаж байна.
-Энэ хууль батлагдсан тохиолдолд уул уурхайн салбар дахь гадны хөрөнгө оруулалтад чухам ямар нөлөөг үзүүлэх бол?
-Энэ хууль нь зөвхөн уул уурхайн салбар төдийгүй бусад олон салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохистой төвшинд байлгах агуулгатай. Батлан хамгаалах, батлан хамгаалахын салбарын үйлдвэрлэл, геологи, усны нөөц, хүнсний аюулгүй байдал, харилцаа холбоо, бүр хэвлэл мэдээллийн салбарт хүртэл гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлана. Өөрөөр хэлбэл, үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй салбар бүрт гадаадын хөрөнгө оруулалтыг хийхдээ ямар байх ёстойг тодорхой журамласан төсөл санаачлаад байгаа юм. Тухайлбал хяналтын багцыг худалдан авахад зайлшгүй Засгийн газраас зөвшөөрөл авч, тодорхой механизмуудыг дамжуулж байж гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлнэ. Цаашдаа Монгол Улсын баялгийг гаднын компани зарж худалдах эрхгүй болно.
-Мэдээж бусад орны туршлагаас судалсан байх?
-Тэгэлгүй яахав. Энгийн жишээ хэлэхэд л Астралид гэхэд "Рио Тинто" тодорхой хувиа гадаадын компанид зарах гэтэл Засгийн газар нь хориг тавьж байсан тохиолдол бий. ОХУ бол бур хатуу зохицуулалттай. Европын улсууд технологийн нарийн салбартаа гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэхдээ нэлээд хязгаарлалт тавьдаг. Тийм ч учраас ийм хуулийн төслийг боловсруулсан юм. Энд нэг зүйлийг хэлэхэд, Засгийн газрын хуулиар Засгийн газар танхимын зарчмаар ажилладаг. Тийм учраас би төслөөс нэрээ татаж авч нэр бүхий гишүүдээр УИХ-д өргөн бариулаад байгаа юм. Харамсалтай нь жаахан удаашралтай байна. Одоо зайлшгүй шахаж, шаардаад батлуулахыг цаг үеийн нөхцөл байдал өөрөө шахаж байна.
Эх сурвалж
Хүмүүс сонин
2012 оны 4-р сарын 23, Даваа гариг

No comments:

Post a Comment