Sunday, 29 April 2012

Г.Занданшатар:Хятадын “Синопек”компаниас нефть бүтээгдэхүүн урт хугацаанд нийлүүлэхээр тохиролцлоо


Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Гадаад харилцааны сайд Г.Занданшатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Жэчигийн урилгаар тус улсад энэ сарын 11-15-ны хооронд айлчилсан билээ. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай айлчлалын үр дүнгийн талаар ярилцсанаа хүргэе.
-Гадаад харилцааны сайдын энэ удаагийн айлчлал ямар болж өнгөрсөн бэ. Айлчлалын хүрээнд нэлээд олон чухал асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг манай уншигчдад өгөхгүй юу?
-Энэхүү айлчлал нь шинэ оны эхэнд болсноороо онцлог байлаа. Ялангуяа өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэлэлцсэн өндөр дээд хэмжээний айлчлалуудыг нэгтгэсэн, хөндөж ярьсан асуудлуудыг урагшлуулах, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлж, итгэлцлийг бэхжүүлэхэд чиглэгдсэн айлчлал болсонд сэтгэл ханамжтай байна. Айлчлалын үеэр бид үндсэн таван асуудлаар тодорхой тохиролцоонд хүрч чадлаа. Үүнд Монгол Улс, БНХАУ хоёрын хооронд тогтоосон, зарлан тунхагласан стратегийн түншлэлийн харицааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, хувь хүмүүс, иргэд хоорондын харилцаа-ны харилцан ойлголцлыг бэхжүүлэх, улстөрийн итгэлцлийг бэхжүүлэх, харилцан ойлголцлын давтамжийг идэвхжүүлэх, илтгэлцлийг бэхжүүлэх олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх гэсэн асуудлуудаар бүх чиглэлээр тодорхой яриа хэлэлцээр тохиролцооны түвшинд хүрсэн ажил хэрэгч уулзалтууд боллоо. Тэр ч утгаараа улстөрийн итгэлцэл, харилцан ойлголцсон айлчлал болсон гэдгийг онцлон тэмдэглэмээр байна.
-Айлчлалын хүрээнд ямар ямар асуудлыг хөндөж тавьсан бэ. Нэн ялангуяа нефть шатахууны асуудал дээр чухал яриа хэлэлцээрийг хийж чадсан гэж сонссон?
-Ирэх онд БНХАУ-ын намын удирдлагын түвшинд удирдах дээд хууль тогтоох байгууллагад өөрчлөлт орох юм. Үүнтэй холбоотойгоор шинэ онд харилцан айлчлалуудыг хийж, зарчмын тохиролцоонд хүрлээ. Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр таван гол асуудлыг хөндөж тавьсан. Ялангуяа Монгол Улсад нефть бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийг тогтворжуулах асуу-дал бий. Энэ зорилгоор нефтийн чиглэлд гурван чиглэлд хамтран ажиллах саналд харилцан тохиролцож чадлаа. Тийм ч учраас Монгол Улсад урт хугацаанд тогтвортой нефть нийлүүлэх талаар гэрээ байгуулж, хамтран ажиллахаар тохиролцлоо. Энэ чиглэлээр Хятадын «Синопек» компанийн хойд Хятад дахь охин компаниар дамжуулж, Монгол Улсад нефть бүтээгдэхүүн урт хугацаанд нийлүүлэх, механизмууд дээр тохиролцсон. Үүнээс гадна Монгол Улсад нефть боловсруулах үйлдвэр хамтарч байгуулах асуудлаар техник эдийн засгийн үндэслэлийг барьж байгуулах тал дээр хоёр талаас ажлын баг гарган харилцан тохиролцоонд хүрч чадлаа. Түүнчлэн Монгол Улсын нефть хайгуул, импортын чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
-Дэд бүтцийн салбарт тодорхой асуудлыг ярилцсан гэсэн. Энэ тухайгаа тодруулахгүй юу?
-БНХАУ-аас түр хугацаанд Таван толгой, Оюу толгойн төсөл дээр эрчим хүч экспортлох цахилгаан станц шинээр баригдтал ойрын хоёроос гурван жилийн хугацаанд эрчим хүч импортлохоор боллоо. Эдгээр улс орны эдийн засгийн гол хөшүүрэг болсон төслүүдийг цахилгаан станц барьж байж урагшлуулж чадна. Энэ тал дээр тодорхой тохиролцоонд хүрч чадлаа. Мөн ОХУ-аас авах хийн хоолойг тавих асуудалд шугамыг Монголын талаар дамжуулан өнгөрөх асуудлыг судалж ярилцъя гэдэг асуудлыг хөндсөн зэрэг айлчлалын хүрээнд тодорхой яриа хэлцлүүд хийгдлээ.
Үүнээс гадна нүүрсэн дээр зарим орон нутгийн байгууллагын зүгээс тонн нүүрс тутмын боловсруулснаас 120 юань, боловсруулаагүйгээс 60 юанийн тариф тогтоосон шийдвэр гарсан байсан.
Энэ асуудлыг олон улсын байгууллагуудын дэг журмын хүрээнд чиглүүлэх асуудлыг ярьж, хэлэлцээд үндсэндээ дээрх татварыг байхгүй болгох тал дээр харилцан тохиролцож чадлаа. Эдийн засгийн асуудлуудаар тодорхой тохиролцоонд хүрсний зэрэгцээ Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Хятадын компаниуд байгаль орчин, ард түмэнд ээлтэй нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаа явуулах чиглэлээр хамтарсан хариуцлага хүлээх чиглэлд Хятадын Гадаад хэргийн сайд шаардлага тавьж, томоохон компаниудыг ард иргэдийн тусын тулд тодорхой хариуцлагатай ажиллах чиглэлээр тохиролцоонд хүрч чадсан.
-БНХАУ-д Монголын цөөнгүй тооны иргэд ял эдэлж байгаа. Хоёр улс хооронд ялтан солилцох талаар тодорхой түвшинд гэрээ яригдсан. Энэ гэрээ хэдийд хүчин төгөлдөр болох вэ?
-Айлчлалын үеэр худалдаа засаг, соёл боловсролын салбаруудад харилцан ойлголцож, тодорхой олон асуудалд санал  солилцлоо. Үүнд тодорхой гэмт хэрэг үйлдсэний улмаас Монгол Улсын 101 иргэн БНХАУ-д ял эдэлж байна. 34 иргэн хар тамхины хэргээр ял эдэлж байгаа буюу шүүхээр хэрэг нь шийдэгдэхээр хүлээгдэж байгаа. Иргэд маань нэг талаас гэмт хэргийн золиос болох, бас санаатай санамсаргүй хэлбэрээр хар тамхи зөөвөрлөж яваад гэмт хэрэгт холбогдох асуудлыг таслан зогсоох, гэмт хэрэгтэй тэмцэх, иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  асуудлыг хамтарч зохион байгуулахаар боллоо. Гэмт хэрэгт өртсөн иргэдийн асуудлыг ч харилцан ярилцана. Ялтан шилжүүлэх гэрээг ойрын хугацаанд соёрхон батлах, урагшлуулах талаар ярилцсан. Мөн хууль хяналтын байгууллагууд хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр тодорхой хамтын ажиллагааг ярилцлаа.
-БНХАУ-аас олгож байгаа 400 сая долларын буцалтгүй тусламжаар хоёр төсөл хэрэгжүүлэхээр болсон. Энэ нь ямар төсөлд зарцуулагдахаар болсон бэ?
-БНХАУ-ын талаас 370 сая юанийн тусламж өгөхөөр өмнө нь амласан. Үүнийг ямар зүйлд зарцуулж, хэрэгжүүлэх вэ гэдэг талаас нь ярилцаж үндсэндээ тохиролцлоо. Ерөнхий боловсролын дунд сургууль барьж байгуулах, Нисэхээс Улаанбаатар хотын хооронд хурдны авто зам барихад 370 сая юанийн буцалтгүй тусламжийг ашиглахаар тохиролцсон.
БНХАУ-аас хөнгөлөлттэй 300 сая долларын зээлийн асуудлыг хөнгөвчилж, 500 сая долларын ажлыг хурдавчилж, үүнээс 200 сая долларыг нь мах сүүний үйлдвэр барьж байгуулахад зориулан зээл олгоход чиглэгдэнэ.
Зээлүүдийн үр ашгийг бодитой хэрэгжүүлэх, асуудлаар тодорхой оруулахаар судалж байгаа. Энэ чиглэлээр Монгол Улсаас мах махан бүтээгдэхүүн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох чиглэлээр тохиролцоонд хүрлээ. Эрүүл бүс, өөрөөр хэлбэл эрүүл бүс гэж тогтоосон хэсгүүдээс монгол малын мах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох боломж цаашдаа бүрдэнэ гэж ойлгож болно.
Нийтлэлч
Б.Туяацэцэг
Эх сурвалж
Өглөөний сонин
2012 оны 1-р сарын 17, Мягмар гариг

No comments:

Post a Comment