Sunday, 29 April 2012

Г.Занданшатар: Гишүүдийнхээ нөөлгөөр орон нутгийг авна гэсэн улс төрийн бодлого тэдэнд байна


УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай ярилцлаа
УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай ярилцлаа. Тэрбээр Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгууль, төрийн хууль тогтоох байгууллагын сонгууль хоёр бол засаглал хуваах онолын хувьд тэс өөр асуудал хэмээн үзэж байна.
-УИХ-ын Сонгуулийн тухай хууль Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсгэчихлээ. Хэрэв цэц шинээр батлагдсан Сонгуулийн хуулийг Үндсэн хууль зөрчсөн гээд дүгнэчихвэл яах вэ?
-Маргаан үүсч байгаа сэдэв нь шороотой бөх туг тойрдоггүй буюу сонгуулийн дүнгээр ялагдсан ч намынхаа авсан саналаар 28 нэр дэвшигч гишүүн болох боломж байгаа юм. Өөрөөр хэлбэл пропорционалиас мажоритар руу гулсана гэж бидний хэлээд байгаа заалт л даа. А жагсаалтаар 48 нэр дэвшигч тойрог тойргоосоо сонгогдчихно. Харин Г жагсаалт гэж дахин гаргана. Түүнд ялагдсан гишүүдийг бүгдийг нь санал авсан хувиар нь жагсаах юм. Тэндээс хамгийн өндөр хувийн санал авсан 28 нэр дэвшигч дээр намын авсан саналыг нэмээд УИХ-ын гишүүн болгоно гэж байгаа. Конкурст ороход “халаасны оноо” гэж байдагтай адил гэсэн үг. Ингэж гулсах нь Монгол Улсын Үндсэн хуулийн УИХ-ын гишүүн шууд сонгогдоно гэсэн заалттай зөрчилдөж байна гэж үзээд Цэц дээр маргаан үүсгэчихээд байна. Энэ их маргаантай асуудал.
-УИХ-ын сонгуулийн тухай хууль Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсгэчихээд байна. Гэтэл Орон нутгийн сонгуулийн тухай хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж чадахгүй байсаар намрын болон ээлжит бус чуулганыг хаасан. Энэ хуулийн хувь заяа юу болж байна вэ?
-УИХ болон Орон нутгийн сонгуулийг хамт хийвэл хамгийн багадаа улсын хэмжээнд 30 мянга гаруй хүн өрсөлдөх тооцоо гарч байгаа. Ийм бололцоо техникийн хувьд байна уу. Монгол төрийн хууль тогтоох байгууллагын сонгууль гэдэг маш хариуцлагатай зүйл. Хэрэв ямар нэгэн маргаан, будилаан үүсвэл гарах сөрөг үр дагавар нь дэндүү их. Ард нийтийн санаа сэтгэлийг зовоож, төр тогтворгүй болох, улсын аюулгүй байдлыг хөндөнө. Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгууль, төрийн хууль тогтоох байгууллагын сонгууль хоёр бол засаглал хуваах онолын хувьд тэс өөр асуудал. Тэр байтугай төвлөрөл саарсан, иргэд өөрсдөө эрхээ эдэлдэг, ардчилал өндөр хөгжсөн улсуудын орон нутгийн засаг захиргааны байгууллага нь сонгуулиа хэзээ явуулахаа өөрсдөө шийддэг. Гэтэл манайд бүхнийг төрөөс хүчилж хийх гээд байгаа нь онолын хувьд маргаантай асуудал дагуулж байна. Яагаад гэвэл орон нутгийн удирдлага аль болох төрөөс хараат үйл ажиллагаа явуулах боломжоор хангагдах ёстой. Гэтэл хоёр сонгуулийг хамт хийчихээр нутгийн өөрөө удирдлагын байгууллага нь УИХ-ын дагавар юм шиг, ямар нэгэн хараат байдлыг үүсгэж байгаа юм. Мөн Үндсэн хуультай зөрчилдөнө. Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх барих хугацаа дөрвөн жил гэж заадаг. Хэрэв хоёр сонгуулийг хамт хийвэл арваннэгдүгээр сард бүрэн эрх нь дуусах ёстой хүмүүсийн эрхэд УИХ халдаж байгаа хэрэг болно.
-Ардчилсан намынхан хоёр сонгуулийг заавал хамт хийх гээд байгаа шалтгааныг та юу гэж харж байна?
-Тус намынхан сонгуулийг хамт хийж мөнгө хэмнэнэ гэсэн тайлбарыг хийж байгаа. Гэхдээ би үүний цаана улс төрийн зорилго бий гэж хардаж байна.
-Ямар зорилго юм бол?
-Ер нь Ардчилсан нам орон нутгийн сонгуульд амжилт үзүүлээд байдаггүй. Мөн орон нутгаа анхаардаггүй гэсэн шүүмжлэл байнга явдаг. Тиймээс хоёр сонгуулийг хамт хийвэл УИХ-ын гишүүдийнхээ нөмөр нөөлгөөр амжилт үзүүлнэ гэсэн зорилго, бодлого байна гэж харж буй.
-Ээлжит бус чуулганы төгсгөлд Ардчилсан намын бүлгийн ахлагч Орон нутгийн сонгуулийн тухай хуучин хуулиа хэрэгжүүлэх шаардлагыг Ерөнхий сайдад тавьсан. Тэгэхээр хаврын чуулганаар Орон нутгийн сонгуулийн хуулийг хэлэлцэхгүй гэсэн үг үү?
-Хэлэлцэж таарна. Яагаад гэвэл хэрэгжүүлэх боломжгүй хуулийг яаж хэрэгжүүлэх юм бэ. Тухайлбал, УИХ болон орон нутгийн сонгуулийг хамт явууллаа гэхэд хуулиуд хоорондоо олон заалтаар зөрчилдөнө. Ганцхан жишээ дурдахад УИХ-ын сонгуулийг зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ажлын өдөр явуулна гэсэн бол орон нутгийнх нь амралтын өдөр байхаар заасан. Сонгууль хоёр өөр өдөр болж таарах нь. Мөн нэг нь саналын хуудсыг автомат машинаар тоолох бол нөгөөх нь хуучны хайрцгаар санал аваад гараад тоолох системтэй. Дээрээс нь сонгуулийн үеэр сонгогчдын саналыг татах зорилгоор элдэв арга хэмжээ зохион байгуулж, бэлэг сэлт өгөх нь УИХ-д нэр дэвшигчдэд хаалттай бол орон нутагт нээлттэй байх жишээтэй. Энэ мэт олон асуудлаас болоод хоёр сонгуулийг хамт явуулах эрх зүйн боломж, чадамж Засгийн газарт байхгүй. Хоёрдугаарт, хуулийн биелэлтийг Ерөнхий сайд хариуцдаг ч бүгдийг нь биш. Статистикийн хуулийг гэхэд УИХ-ын харьяа байгууллага хэрэгжүүлдэг. Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх субьект нь Монголбанк. Гэтэл УИХ-аас баталсан бүх хуулийн хэрэгжилтийг Ерөнхий сайд хангаж, тайлангаа тавь гэдэг байдлаар Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэхийг шаардаад байна.
-Тэгвэл Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх субьект нь хэн юм бэ?
-Сонгуулийн хуулийг Засгийн газар биш СЕХ хэрэгжүүлэх ёстой. Харин түүний зохион байгуулалтыг хангах, туслах асуудал Засгийн газарт байж таарна. Сонгуулийн тойрог хэсгийн хороо байгуулах гэх мэт асуудал нэг намын Засгийн газар биш СЕХ, бүх ард түмний хяналтын системээр хийгддэг.
-Нэгэнт намууд тохиролцож чадсангүй. Одоо ямар нэгэн дундын хувилбар гэж байх уу?
-Дундын хувилбарыг Ардын намаас санал болгосон. Гэхдээ харамсалтай нь хүлээж аваагүй.
-Ямар хувилбар юм бол?
-Нийслэл, аймгийг хамт явуулаад, сум хороодыг тусад нь хийе гэсэн санал байсан. Хадмын сэтгэлийг бодоод жирэмсэн болчихлоо гэдэг шиг асуудал бүр дээр буулт хийж, зохицож шийдвэр гаргахыг зорьж байна шүү дээ.
-Ардын намын гишүүн аймгийн Засаг дарга нарыг АТГ шалгаж эхэллээ. Эндээс харахад танай нам орон нутгийн сонгуульд ялагдах юм биш үү?
-Тааж сураглахаас илүү бодитой судалгаан дээр үндэслэж ярих хэрэгтэй. Хийсэн судалгаануудаас харахад МАН-ын рейтинг харин ч өндөр байгаа. Хөдөө хотод ялгаагүй. Хамгийн сүүлийн судалгааны дүнгээр манай нам 3-4 хувиар илүү байсан. Тэгэхээр Ардын намын рейтинг АТГ-т шалгагдаж байгаа ганц хоёр хүнээс хамаардаг зүйл биш нь харагдаж байна.
-АТГ аймгийн Засаг дарга нарыг онилох болсон шалтгааныг та юу гэж бодож байна?
-Аймгийн Засаг дарга нарыг шалгаж байгаа нь улс төрийн зорилгогүй байгаасай гэж хүсч байна. Ер нь ажил хийж байгаа хүмүүст дандаа шүүмжлэл ирж байдаг. Зүгээр сууж байгаад нь алдаа оноо аль нь ч байдаггүй шүү дээ. Зөвхөн шүүмжлэгчийн байр сууринаас ханддаг. Юмыг хар талаас нь харахыг хүсвэл дандаа л тийм байна. АТГ-т дуудагдана гэдэг гэм буруутай гэсэн үг биш. Монгол Улсын Үндсэн хуульд шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гэдэг зарчимтай. Хэнийг ч шалгаж болно.
-Цахим үнэмлэхийг одоо хүртэл хэвлэж эхлээгүй байна. Үүний бурууг ч Ардын нам тэр дундаа Ц.Нямдорж сайдад тохсон мэдэгдлийг хийлээ. Үүн дээр ямар тайлбар хэлэх вэ?
-Эцсийн дүндээ сонгуулийг яаж элдэв будилаангүй явуулах вэ гэж бодож байгаа нь МАН. Цахим үнэмлэхийн асуудлыг Засгийн газар болон бүлгийн хуралдаан дээр сонссон. Тэд үнэхээр ажлаа хийгээгүй юм билээ. МАН, эсвэл Иргэний бүртгэлийн газар ажлаа хийгээгүй юм биш. Н.Алтанхуяг сайдын үед цахим үнэмлэхийг хэвлэх эрхийг тендергүйгээр авсан “Бодь” групп ажлаа хугацаандаа гүйцэтгээгүй.
Нийтлэлч
Б.Энхжаргал
Эх сурвалж
Өдрийн шуудан
2012 оны 3-р сарын 21, Лхагва гариг

No comments:

Post a Comment