Monday, 30 April 2012

Э.Мөнх-Очир: Нохой жилтэй арслангийн ордныхон хоосон явдаггүй


Энэ удаагийнхаа улс төржөөгүй ярианы зочноор УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очирыг урилаа. Монголчуудад одоо бохир улс төрөөс тэс өөр,шинэ зүйл хэрэгтэй гэснээр бидний яриа эхэлсэн юм.
-Яриагаа аавын тань тухай сайхан түүхээр эхлүүлье. Та аавынхаа үлгэр дуурайллаар улс төрд орж ирсэн үү?
-Тийм ээ. Мэдээж шүү дээ. Хүмүүс улс төрийн тогоо гэж ярьдаг. Би аавынхаа ачаар улс төрийн тогоонд буцалж буй бүхнийг харж, ойлгож, мэдэрч өсжээ. Тиймээс ч улс төрийг сонирхож, бага багаар ярьсаар УИХ-ын гишүүн болтлоо явлаа. Энэ бүхэнд маань аавын үлгэр дуурайл их байлгүй яах вэ.
-Залуу хүнд бодсон юм их байх. Юуг хийж, бүтээчихсэн үедээ зорилго маань биелчихлээ гэж үзэх бол?
-Миний хүсэл мөрөөдөл бол Туул, Сэлбэ голын орчныг сэргээх. Мөн улс төрийг цэвэр болгох юм.
-Та урлаг, спортод хэр элэгтэй хүн бэ. Буудлагын спортын холбооны ерөнхийлөгч гэхийг бодоход энэ спортыг сонирхдог байх нь?
-Тийм ээ. Урлагт их дуртай. Баянзүрх дүүргийн Засаг дарга байхдаа УДЭТ-т нэг ложа бүтэн жилээр нь гэрээ хийж авчихаад хүмүүсээ урьдаг байлаа. Би ямар ч авьяасгүй хэрнээ урлагт хайртай хүн л дээ. Спортод арай дүйтэй. Хүүхэд байхдаа буудлагын спортоор хичээллэдэг байсан л даа. Одоо над шиг 40 гарсан хүн спортоор хичээллэх гэж юу байх вэ. Харин дуртай, дэмждэг гэвэл илүү онох биз. Миний хувьд зүгээр буудлагын спортыг дэмжиж л явна.
-Та ан гөрөөнд дуртай юу?
-Дуртай.
-Хамгийн сүүлд хэзээ анд мордов?
-Бараг сүүлийн хоёр жил анд явсангүй. Өнгөрсөн зун найзуудтайгаа голын эрэг дээр амарч, загас барьсан юм байна.
-Хамгийн сайхан хийморьтой ан хэзээ хийсэн бэ?
-2000 онд юм уу даа. Насанжаргал сайд, аав, тэдний найзуудыг дагаад Сэлэнгэ рүү явсан юм. Томчуултай явсан болохоор ан хийнэ ч гэж нэг их бэлтгээгүй. Хоёр сум өвөртөлчихсөн, дайзгүй буу барьчихсан явжээ. Ингээд машинд хэвтэж байтал унтчихаж. Гэтэл гэнэт "гахай" гээд л дуу болоод явчхав. Нүдээ нээгээд хартал өнөө гахай нь яг миний хажууд явж байна. Тэгэхээр нь гараараа буугаа цэнэглээд л сумаа тавьчихлаа. Гэтэл харин, оночихсон байдаг байгаа. Тэр л ёстой хийморьтой ан байсан.
-Байгаа онох ч бас их кайф биз?
-Анчин хүн байгаа онох байтугай амьдралд авъя гэснээ авчих ч бас том кайф шүү дээ.
-Нэгэнт ан, гөрөөнд дуртай юм чинь буу, хутга цуглуулдаг байлгүй?
-Цуглуулнаа. Хэдэн буу бий, бас хэдэн хутгатай. Гэхдээ аливаа зүйлийг төрөлжүүлж цуглуулахаар хөрөнгө их ордог шүү дээ. Надад бол гарт эвтэйхэн, төмөр сайтай, бүснээсээ зүүхэд ташаанд тээг болдоггүй хутга л хэрэгтэй. Надад энгийн хэрнээ хэрэглэхэд хамгийн эвтэйхэн нэг хутга бий. Түүндээ их дуртай. Чехээс авсан юм. Цуглуулган дунд ааваас минь үлдсэн хоёр буу бий. Үүнийгээ хамгийн эрхэм гэж бодож, хайрлаж, хадгалдаг юм. Анд мордохдоо ч авч явахаас хайрлаад, гэртээ үлдээчихдэг.
-Цуглуулганд мөнгө зарцуулах дургүй хүн юм аа даа?
-Яахав, хүмүүс хэдэн саяын үнэтэй морь, уран зураг цуглуулдаг шүү дээ. Ийм цуглуулганд хэтэрхий их мөнгө ордог байх гэж боддог. Тансаг эдлэлийн хобби бол надад хийрхэл юм шиг харагддаг. Монголчууд тэгтлээ их үнэтэй бүтээл хувьдаа эзэмших цаг нь болоогүй. Морь ч гэсэн хорхойгоо дарах төдий л зүйл. Тэр их мөнгийг ямар замаар ч олсон юм билээ.
-Тэгэхээр та буу, хутга худалдаж авахдаа их мөнгө гаргадаггүй гэсэн үг үү?
-Буу бол өөр шүү. Тансаг эдлэл биш. Би10 мянган ам.доллараар  буу худалдаж авахдаа хэзээ ч харамсахгүй. Улс, орон бүрт гайхамшигтай дархчууд сайхан хийцтэй хутга урладаг л даа. Гэхдээ би тэгтлээ их мөнгө зарцуулдаггүй.
-Машин, техник хэр сонирхдог вэ?
-Машин бол миний бас нэг "өвчин" шүү.
-Хамгийн сүүлд ямар машин авав?
-Би ер нь хотын зориулалттай машин унадаггүй. Хотын түгжрэлд гацаж байхаар алхчихдаг. Харин хамгийн сүүлд "Ланд круйзер 200" авсан. 4D мотортой. Сайхан унаа шүү.
-Тэгвэл брэндэд хэр их мөнгө зарцуулдаг вэ. Брэндийн үнэтэй хувцсаар гоёх үе зөндөө гарна биз?
-Үгүй ээ. Надад брэнд хувцас байхгүй. Ер нь, брэнд гэж хошуурдаг хүмүүст дургүй. Хэтэрхий их тансаглаад эхлэхээрээ хүмүүсийн бодож, сэтгэх нь хүртэл хомс болчихдог. Би өмсөх хувцсаа өөрөө л сонгоод худалдаад авчихдаг.
Харин сонголт муутай, хөгшин стильтэй гэж эхнэртээ зэмлүүлээд байгаа шүү.
Хувцсаа хааяа Монголын дэлгүүрүүдээс авчихдаг юм. Монголын дэлгүүрүүд бараагаа агуулахдаа хэр ч удаан хадгалдаг юм, бараг лангууныхаа цаана элэгдчихдэг юм шиг ээ. Аваад өмсөхөөр төд удалгүй элэгдээд дуусчихдаг. Тийм болохоор Монголоос хувцас авахаа болиод гадаадад томилолтоор явахдаа л хувцсаа авчихдаг болсон. Мартсанаас, парламентын гишүүдийн өмд хамгийн түрүүнд элэгдээд дуусчихдаг, хүрэм л үлддэг юм. Олон хуралд дарааллан суусаар өмд тэсдэггүй элэгдчихдэг байх аа.
-Та ер нь хэдэн төгрөгтэй болчихвол "За даа, би ч мөнгөгүй болчихлоо" гэж бодох вэ?
-Мэдэхгүй. Энэ тухай бодож үзээгүй юм байна.
-Та мөнгөгүй болж үзээгүй хэрэг үү?
-Нохой жилтэй, арслангийн ордныхон хоосон явдаггүй юм гэсэн. Тэр үнэн байх. Мөнгөгүй явж үзээгүй ээ. Дээрээс нь буурлын буян байна шүү дээ. Яахав, мөнгөгүйн тухай оюутнууд л боддог байх. Оюутан байхдаа л "Яаж нэг хоолны мөнгөтэй болъё доо, яаж метронд суугаад эмээгийндээ оччих билээ" гэж боддог байлаа. Эмээгийндээ, найз нөхдийндөө очиж хоол буудчих санаатай их л явдаг байж. Түүнээс хойш мөнгөнд тэгтлээ их санаа зовж явсангүй. Одоо залуучууд яаж мөнгөтэй болох вэ гээд л  шаналах юм.  Би  хэлмээр санагддаг юм, мөнгө хэзээ ч хүний амьдралд тийм чухал биш ээ гэж. Түүний оронд боловсролдоо л санаа зов. Тэр байтугай, хамгийн баян хүн хүртэл дэргэдээ хамгийн өндөр боловсролтой хүмүүсийг авчирч ажиллуулдаг биз дээ.
-Баяжих хэрэггүй байх нь. Тэгвэл баян хүмүүс мөнгөө юунд зарцуулах гэж ингэж их мөнгө цуглуулдаг гэж бодож байна?
-Өөртөө биш музейд юм худалдаж авах хэрэгтэй. Эсвэл аль нэг цэцэрлэгт хүрээлэнг сайхан тохижуулаад өгчих хэрэгтэй. Хүний амьдрал богинохон. Юу ч хийж амжаагүй байхад л амьдрах хугацаа дуусчихдаг. Хүн яах гэж амьдардаг гээч. Үр хүүхдээ үлдээх гэж, тэдэнд сайн сайхан амьдрал өвлүүлэх гэж л амьдардаг. Мөнгөтэй хүмүүсийг би буян үйлдээсэй гэж боддог. Буяных нь хариу өөрт нь биш юм гэхэд үр хүүхдэд нь ирнэ.
-Та тэгвэл их буян үйлддэг байх нь?
-Боломжоороо буян үйлдэхийг л хичээдэг.
-Эрийн чимэг морь гэдэг. Заримдаа үнэтэй машинаараа гангарах залуус ч бий. Тэгвэл таны бодлоор эр хүнийг юу хамгийн их чимдэг бол?
-Ямартай ч, хулгар чих биш. Уужуу тайвуу ухаан, тэвчээр л их чимдэг болов уу?
-Та өөрийгөө хэр уужуу гэж боддог вэ?
-Их хичээж байна. Өөрийгөө их дардаг болсон. Яахав, өмнө нь нас залуу омголон байсан л байх. Дээрээс нь намайг адалсан хүмүүст гоморхсон зүйл ч байсан. Гэхдээ одоо бол их хичээж байна.
-Хэн нэгэнтэй гар зөрүүлсэн тухай үе үе л шуугьдаг?
-Худлаа, тэр чинь шал худлаа. Намайг хүмүүст буруу харагдуулах гэсэн хэсэг хүмүүсийн явуулга. Ер нь, ганц би ч гэлтгүй хүн дургүй хүргэвэл эхлээд биш юм гэхэд зөрүүлээд гар хүрчих нь яагаад буруу гэж. Байх л асуудал.
-Гишүүд хуралдаа суухгүй, ирц хүрэхгүй байна гэж шүүмжилсэн. Ингэхэд, та хүнийг хэлэлтгүй    өөрөө  ч хурал тасалдаг нэгэн?
-Би ийш тийшээ  томилолтоор явахдаа тэдэнд хэлдэггүй юм. Тэгээд л хурал тасалдаг гишүүн шиг харагдсан байх. Түүнээс биш Улаанбаатарт байх үедээ хурлаа огтхон ч тасалдаггүй шүү. Ялангуяа, төсөв хэлэлцэх үед заавал хуралдаа суух ёстой. Ингэж төсвөө манахгүй бол хааш нь ч цацчих юм билээ.
Нийтлэлч
Б.Мөнхзаяа
Эх сурвалж
Ардчилал сонин

No comments:

Post a Comment