Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай төслийг санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах боломж байдаггүй юм уу?
-Гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах агуулга бүхий төслийг УИХ-д өргөн барьсан. Хэлэлцэх эсэхийг нь УИХ шийдчихээд байгаа. Харамсалтай нь тодорхой шалтгааны улмаас хойшлоод байна. Одоо харин энэ төслийн хэлэлцүүлгийг эрчимжүүлэх шаардлага бий болоод байна.-Энэ хууль батлагдвал уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах бүрэн боломжтой гэсэн үг үү?
-Зөвхөн уул уурхайн салбар төдий-гүй бусад олон салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохистой төвшинд байлгах агуулгатай хууль юм. Батлан хамгаалах, батлан хамгаалахын салбарын үйлдвэрлэл, геологи, усны нөөц, хүнсний аюулгүй байдал, харилцаа холбоо, бүр хэвлэл мэдээллийн салбарт хүртэл гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлана. Өөрөөр хэлбэл, үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй салбар бүрт гадаадын хөрөнгө оруулалтыг хийхдээ ямар байх ёстойг тодорхой журамласан төсөл санаачлаад байгаа юм. Тухайлбал, эдгээр салбарт гадаадын хөрөнгө оруулалт таван хувиас дээш ороход ийм байна, 10-аас дээш хувийг худалдаж авбал ингэнэ гээд заачих юм. Хяналтын багцыг худалдан авахад зайлшгүй Засгийн газраас зөвшөөрөл авч, тодорхой механизмуудыг дамжуулж байж гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх ийм утгатай төсөл юм. Энэ бол үндэсний ашиг сонирхолд чухлаар тавигдаж байгаа хууль л даа. Жишээ нь, энэ хууль баталбал "Саусгоби"-г зарж байгаа өнөөдрийн уйл явдал болохгүй байх бүрэн боломжтой. Монгол Улсын баялгийг гаднын л компани зарж худалдах эрхгүй болно. Ямар ч үйлдвэрлэл явуулахгүй, нэмүү өртөг үлдээхгүй байгаа нь мэдээж Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй шүү дээ. Тэр бол Монголын баялаг.-Бусад оронд эрх зүйн ийм орчин байдаг уу?
-Астралид л гэхэд "Рио Тинто" тодорхой хувиа гадаадын компанид зарах гэтэл Засгийн газар нь хориг тавьж байсан тохиолдол бий. ОХУ бол бүр хатуу зохицуулалттай. Европын улсууд технологийн нарийн салбартаа гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэхдээ нэлээд хязгаарлалт тавьдаг. Тийм ч учраас ийм хуулийн төслийг боловсруулсан юм. Энд нэг зүйлийг хэлэхэд, Засгийн газрын хуулиар Засгийн газар танхимын зарчмаар ажилладаг. Тийм учраас би төслөөс нэрээ татаж авч нэр бүхий гишүүдээр УИХ-д өргөн бариулаад байгаа юм. Харамсалтай нь жаахан удаашралтай байна. Одоо зайлшгүй шахаж, шаардаад батлуулахыг цаг үеийн нөхцөл байдал өөрөө шахаж байна.-Хамгийн сүүлийн бодит жишээ дээр бол энэ төслийг 30 хоногийн дотор амжиж баталбал "Саусгоби"-г "Чалько"-д худалдаж байгаа явцыг зогсоож болох уу. Ийм богино хугацаанд хуулийн төслийг батлах боломж УИХ-д бий юү?
-Энэ наймааг зогсоох бүрэн боломжтой. УИХ хуулиа батлах бүрэн боломж бий. Яагаад гэвэл төслийн хэлэлцэх эсэхийг УИХ дэмжчихсэн. Хоёр хэлэлцүүлэг хийхэд хоёр долоо хоногийн л хугацаа шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хоёр долоо хоногийн дотор энэ хуулийг батлах боломж байна.
Эх сурвалж
Үндэсний шуудан
Үндэсний шуудан
2012 оны 4-р сарын 13, Баасан гариг
No comments:
Post a Comment