УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Намын харьяалалтай болгоны толгойн өвчин болсон, нэр дэвших эрхмүүдийн анхаарлыг татаж байгаа сэдвээр яриагаа эхэлье гэж бодлоо. Сонгуулийн жилийн эхэнд намын тань рейтинг ямар байгаа вэ. Та юу гэж бодож байна?
-Рейтинг тогтоох судалгааны тухайд миний хувьд хийсэн юм алга. Тэр талаар нэг их бодсонгүй. Тийм зав, боломж ч олдсонгүй. Тэгээд ч сонгуулийн хуулиар нэгдүгээр сарын 1 -нээс хойш иймэрхүү судалгаа энэ тэр хийж болохгүй гэсэн биз дээ. Ний нуугүй хэлэхэд, яг хууль батлагдсаны дараа "Хүүе, хаая юмаа хийж амжаагүй байна шүү дээ. За яахав тухайн үед нь хууль журмынх нь дагуу явъя" гээд л өнгөрсөн. Тэгэхээр надад албан ёсны судалгааны дүн, энэ тэр алга. Иргэдтэй уулзаж, яриа хөөрөөг нь сонсож байснаа дүгнээд хэлэхэд манай намын рейтинг харин ч гайгүй юм уу гэж харж байна. Миний хувьд ч тойрогтоо боломжийн нэр хүндтэй байгаа гэж бодож байгаа шүү /инээв/. Аливаа зүйлийн рейтинг юугаар тодорхойлогдох вэ гэдгийг өргөн далайцаар нь бодож үзэх хэрэгтэй гэж боддог. Энэ утгаар Ардын намын рейтинг гайгүй байгаа гэж харж байгаа юм. Хүмүүс манай намыг "Та нар төрийн ажлыг тулхтай, суурьтай явуулж байна" гэж ярьж байна. Мэдээж, хувь хүмүүстэй холбож байж болох юм. Тэр нь хэн, хэн гэдгийг яриагүй. Ямар ч байсан нэг талаас нь сайн гэж үнэлээд байх шиг.Орон нутагт томилолтоор явж байхад, тойргийнхоо иргэдтэй санал солилцоход иймэрхүү зүйл ярьж байна лээ. Араас нь захиж хэлж байгаа үг зөндөө байна.
Та нар ийм зүйлийг анхаараарай, хүн ардынхаа төлөө хийх зүйлээ бодож хийгээрэй гэх мэтээр захиж байна. Ер нь янз бүрийн амлалтуудыг хязгаарлах хэрэгтэй гэж иргэд хэлсээр байгаа.Ард, иргэд биднийг "Тэнгэрийн хүмүүс"гэдэг болчихож. Тийм учраас "Жаахан доошоо буугаач", "Ард түмэндээ ойртооч" гэж байна. "Хаа хамаагүй ажлын байр бий болгож, бэлэн зэлэн юмаар угжих биш, төлөвлөгөөтэй ажиллах ёстой" гэж шүүмжилж байна. Өнөөдөр төр, засгаас сайн сайхан юм хийж байгаа гэж хэчнээн хэлж, зарлаад,тэр нь ард түмнийхээ амьдралыг өөд татаж чадахгүй бол хэрэггүй биз дээ. "Загас барьж өгөх бус яаж барих аргыг нь зааж өг" гэдэг үгийн үнэ цэнийг бид тунгааж үзэх хэрэгтэй юм. Гол нь хүнд, амьдралд нь хэрэг болох юм хийх хэрэгтэй байна. Өнөөдөр хэдэн мянгаар ажлын байр бий болголоо л гэнэ, Оюутолгой, Тавантолгойн сургалт гээд зөндөө ажил болж л байна. Гэхдээ хэн ч байсан хүн болж төрснийх ажил, хөдөлмөр эрхэлж, түүнийхээ үр шимийг хүртэж, энэ амьдралаас аз жаргалыг олж авч байх ёстой биз дээ. Төр, засгаас зарлаад байгаа олон үзүүлэлтийн цаана монгол хүн жаргаж байна уу гэдгийг харахаар хараахан биш байна. Эхлээд хүн ардаа ажлын байртай, гэр бүл бүхнийг цатгалан, хангалуун болгочихоод та нар улс оронтой холбоотой, бодитой юмаа ярь гэж иргэд хэлж байна. Ард иргэдийн амьдралынхаа төлөө ярьж, хэлж байгаа үг үнэн шүү дээ.-Та намынхаа нэр хүндийг гайгүй байгаа гэж бодох нэг хэрэг. Өнөөдрийн нөхцөл байдлаас үзэхэд Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Засгийн газрын Тэргүүн шадар сайдаар нэр дэвшлээ. "Нам нэрээ солиод сонгуульд ялагдвал хариуцлагыг би хүлээнэ" гэж олон нийтийн өмнө амлаж байсан хүн хариуцлагаас зайлсхийж, сайдын суудал руу зүтгэж байгаа нь намынх нь нэр хүнд муу, ирэх сонгуульд явцгүй болчихсон юм байна гэсэн ойлголт төрүүлж байгаа юм биш үү. Энэ талаар юу хэлэх вэ?
-Би тэгж харахгүй байгаа. Тэргүүн шадар сайд гэдэг чинь ажил хийх гэж очиж байгаа биз дээ. Ажлаараа зангидаж, манлайлах гэж байгаа юм болов уу гэж ойлгож байна.-Хамтарсан засаг тарснаар ор гарсан сайд нарын суудалд МАН өөрийн гишүүдийг томилж байна. Таны нэр хүртэл сайдад яригдаж байсан байхаа?
-Миний нэр хэвлэлүүдэд гарсныг харсан.-Боловсон хүчний бодлого, хүний нөөцийн асуудлыг хуйвалдааны журмаар явуулж байна гэсэн шүүмжлэл багагүй гарсан. Сурснаар дулимаг, боловсрол нимгэн хүмүүс сайд болох нь гэсэн яриа ч дуулдаж байна. Энэ талаар ямар байр, суурьтай байна?
-Манай нам боловсон хүчний нөөц муутай биш шүү дээ. Харин томилгоо нь яаж явчихав гэдгийг ярих ёстой байх. Томилогдсон хүмүүсийн тухайд ярих учиртай. Гэхдээ хэн ч, юу ч ярьж байсан тухайн салбартаа очоод, ямар ажиллаж байгаагаа эхлээд харуулах хэрэгтэй. Дараа нь харин чаддаг, үгүйд нь үнэлгээ өгье. Түүнээс би шөнө өдөр тэр хүмүүсийг ажил хийж чадахгүй гэж хэн мэдэж хэлээд байгаа юм, чадна гэж бас хэн мэдээд байгаа юм. Мэдээж, олуулаа хэлэлцсэн юм чинь ямар нэгэн дүгнэлт гаргасан байж таарна. Олон хүн өрсөлдсөн. Тэр дотроос гарч ирж байгаа юм чинь чадна гэж бодож байгаа биз. Ер нь тэгээд нэр дэвшинэ гэдэг чинь өөрийгөө бүрэн болчихжээ, би чадна гэж бодсон хэрэг биз дээ. Түүнээс биш нэг хүн дэвшүүлчихээр "Намайг дэвшүүлчихсэн юм чинь би яахав дээ" гэх юм уу, "Дэвшүүлсэн учраас би азаа үзсэн юм аа" гэж байж болох уу. Өөрөө дуртай даа, чадна гэж бодсон учраас нэрээ татахгүй үлдсэн юм байгаа биз дээ.-Та хэрэв Батлан хамгаалахын сайд болсон бол өөртөө итгэлтэй байсан уу?
-Батлан хамгаалахын салбарыг яаж авч явах ёстой вэ гэсэн ойлголт надад бий.-Сайд болчих юмсан гэж бодож байв уу?
-Болчихъё гэж бодоогүй.-Яагаад?
-Батлан хамгаалах том салбар шүү дээ. Тэнд хийх ёстой бодлогын олон зүйлийг хэрэгжүүлэх ёстой. Батлан хамгаалах гэхээр арми гэдэг үгээр өнгөц, богинохон ойлгож болохгүй. Улс орны зэвсэгт хүчний асуудал гэдэг амин чухал юм.-Зарим хүн сайд болохоор ихээхэн зүтгэж мөнгө, төгрөг тараасан ч гэнэ үү, янз бүрийн юм сонсогдож байна?
-Өө тийм үү. Баян хүмүүс яахаа өөрсдөө мэдэх хэрэг шүү дээ.-Та нэгэн пагт АН-ын сайд нарыг "Өөрсдөө дуртайдаа өвөрт гүйж орж ирчихээд, зайлцгаа" гэж хөөж байсан. Хөөгөөд байхад гараагүй хүмүүс өнөөдөр өөрсдийнхөө хүслээр засгийн хаалгыг хаачихлаа. Та алгаа ташиж байна уу, эсвэл амаа барьж байна уу?
-Би хэлдгээ хэлчихсэн шүү дээ. Тэдэнд хийх юм байсан. Түүнийгээ хийчихсэн. Тийм болохоор л гарч байгаа. Уг нь тэднээр хийлгэх шаардлагагүй л байхгүй юу. манайхан. Тэд биш бид АН-ныг Засгаас гаргах ёстой байсан юм. Даанч хугацаа алдчихлаа. Одоо АН-ынхан гарчихлаа, үлдсэн хугацаа богино. Улс төрийн сонгуульд орохоос өмнө юу хийж, амжуулахаа манайхан даруйхан шийдэж, хийх ёстой.-Ирэх сонгуульд дахиад хамтарна гээд байх юм МАН,АН?
-АН тэгж горьдох хэрэггүй байх.-2012 онд Булганаас нэр дэвших горилогчдын урт жагсаалт гарсан байна лээ. Та тэндээс нэр дэвших үү. Тойргоо солиогүй биз дээ?
-Нэг юм анзаарагдаад байгаа. Тэр нь юу вэ гэвэл, 2004 оноос хойш ер нь Их хурлын гишүүн болчихвол яадаг юм гэсэн хүн олон болчихсон. Тэгэхээр Их хурлын гишүүн гэдэг өөрөө хэн юм бэ гэсэн асуулт гарна. Их хуралд орно гэдэг уг нь хүн болгоны бодоод байгаагаас өөр ойлголт юм. Уг нь дуулдаг нь дуугаа дуулаад, барилддаг нь бөхөө барилдаад явмаар юм. Улстөрд бэлтгэгдсэн, шат шатанд ажиллаад үзчихсэн, хуулиуд нь амьдралд яаж буухыг ойлгочихсон хүмүүс УИХ-д ороосой гэж би хүсдэг. Гэтэл манайхан залуучуудаа дэмжье гээд л хөөрцөглөөд байдаг. Тэд өнөөдөр ажлаа хийх ёстой болохоос биш энэ төвшинд суух нас нь ч , туршлага нь ч болоогүй.-Нэг асуулт байна. Та Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгын хэвлэлээр болон ҮЗХ-ныхоо хурлаар илэрхийлсэн байр, суурийг харсан байх. Зам, барилга, бүтээн байгуулалтын салбарт хийх олон ажлыг шийдвэр гаргах төвшинд чөдөрлөсөн учраас урагшилсангүй гэж ярьж байгаа. Замын асуудлаар нэлээд ярьдаг, бүтээн байгуулалтын тухайд ч байр, сууриа илэрхийлдэг гишүүний хувьд та ямар дүгнэлт хийж байгаа вэ?
-Би АН-ын ҮЗХ-ны шууд нэвтрүүлгийг телевизээр харсан. Х.Баттулгын яриад байгаа зүйлүүдийг би мэдэхгүй шүү дээ. Засгийн газар юм шийдэж өгөөгүй гэж байна лээ. Тэгэхээр Засгийн газрын хуралдааны шийдвэрийг би яаж мэдэх вэ. УИХ бол салбарын асуудлыг хангалттай шийдвэрлэж өгсөн. Мөнгө санхүү, олон улсын байгууллагын дэмжлэг туслалцаа гээд зөндөө юм шийдэж өгсөн. Хотод зах зухаасаа хэрэгжиж байна. Удаашралтай байгаа нь үнэн. Тиймээс яаравчлах шаардлага бий. Ялангуяа нийслэлд орон тоо, бүтцийн хувьд нэмэгдсэн ч ажлынх нь хурд нэмэгдсэнгүй.-Ардын нам генсекийн эрэлд мордсон гэх юм. Энэ үнэн үү?
-Эрэлд гараад яахав дээ, боловсон хүчин мянга, мянгаараа байхад.-Дараагийн Ерөнхий нарийн бичгийн даргаар Я.Содбаатарыг томилох сураг байна?
-Магадлалтай.-Тэгж үзэх үндэслэл нь юу вэ?
-Ер нь У.Хүрэлсүх даргын хийж байсан ажлыг дандаа л өвлөж авч байдаг хүний хувьд Содоог хамгийн магадлалтай гэж үзэж байна.-АН-ын дарга Н.Алтанхуяг намаа удирдахын зэрэгцээ, Тэргүүн шадар сайдын албыг хашиж бай-сан. Танай намын дүрэмд юу гэж заасан байдаг вэ?
-Манай намын дүрмээр бол тийм боломж байхгүй. Гэхдээ хурлаар шийдэх байх. Миний хувьд намын Ерөнхий нарийн бичгийн дарга хийчих хүн манай намд захаас аван бий. Гэхдээ тэр хүн сонгуульд менежерээр ордог учраас нам ямар нэгэн шийдэл заавал гаргах ёстой.
Нийтлэлч
Ч.Үл-Олдох
Эх сурвалж
Зууны мэдээ
Ч.Үл-Олдох
Эх сурвалж
Зууны мэдээ
No comments:
Post a Comment