Monday, 30 April 2012

Э.Мөнх-Очир: Хүүхэд насаа өнгөрүүлсэн Москва сэтгэлд дотно санагддаг


Төрийн залуухан түшээдийн нэг Э.Мөнх-Очир 2008 оны сонгуулиар аавынхаа төрсөн нутгаас нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Түүний хүүхэд насны нэгээхэн хэсэг ОХУ-ын нийслэл Москва хотод өнгөрчээ. Дүүргийн Засаг даргаас эхлээд хотын ерөнхий менежерээр дэвшин ажилласан. “Би Үндэсний дэвшилт холбоонд гишүүнээр элсээд О.Дашбалбар гуайгаас үнэмлэхээ гардан авч байлаа. Хожим 1993 онд Үндэсний дэвшилт холбоо одоогийн АН-тай нэгдэхэд гишүүний үнэмлэхээ буцаагаад өгчихсөн. Тухайн үед тэдний ярьдаг байсан ардчилал хэрэгжээгүй. Аав минь бурхан боллоо. Дараахан нь би МАХН-ын гишүүнээр элссэн. Сонин хэвлэлээр элдвээр бичих тохиолдол цөөнгүй. Анх “Саранд хуцсан гөлөг” гэж бичүүлснээ мартдаггүй юм” хэмээн хүүрнэх эл эрхмийг “76-гийн нэг” буландаа урилаа.
-Та Галт зэвсгийн тухай хуулийн төсөл боловсруулаад байна гэсэн. Юу болсон бэ?
-Ажлын зав чөлөөгөөр Галт зэвсгийн тухай хуулийн төсөл дээр нэлээд нухацтай ажиллаж байгаа. Судалгаа хийх асуудал бий. Сүүлийн үед Хүний хөгжил сан, Улаанбаатарын утааны асуудап зэрэг ажлын хэсгүүдэд орж ажиллалаа.
-Тойргийнхоо багш нарт УИХ-ын гишүүний цалингаа өгнө гэсэн тань их содон сонсогдож билээ. Амласнаараа цалингаа өгч байгаа юу?
-Тухайн үед Засгийн газар багш нарын урамшууллыг хасна, эмч нарын цалинг бууруулъя, зардлаа багасгая гэж байсан. Түүнийг л эсэргүүцсэн санаа юм. Тэгээд ч амласныхаа дагуу тойргийнхоо багш нарт гишүүниихээ цалинг сумдаар нь дэс дараатайгаар өгөөд явж байна.
-Гишүүдийн тойрогт 500 сая төгрөг хуваарилсан. Тойрогтоо тодорхой хөрөнгө оруулалт хийсэн болов уу. Энэ жил тэрбум төгрөг хүртлээ өссөн нь нэлээд шүүмжлэл дагууллаа?
-Аливаа тойрогт төсөвт тусгах боломжгүй шийдвэрлэх тулгамдсан асуудлууд бий. Гишүүдийн мөнгө гэж ярихаас илүүтэй тухайн орон нутгийн хөгжлийн санд байх ёстой гэж боддог. Тойрогт мөнгө өгөх нь зөв боловч гишүүдийн нэрээр гэж хаягладаг нь буруу. Гэхдээ зарцуулалтыг УИХ-ын гишүүн биш орон нутгийн удирдлагуудын саналаар хэрэгжүүлэх нь зохимжтой байх. Үүний дагуу хуваарилагдсан мөнгииг Иргэдийн хурал нь хуралдаад шийдвэрлээд явахад болохгүй зүйлгүй. Арга нь буруугаас л гишүүний мөнгө энэ тэр гээд холион бантан болоод байгаа юм.
-Хэсэг гишүүн санаачлаад “Шинэ Улаанбаатар” түр хороо байгуулахаар болжээ. Гэтэл таны нэр тэр дунд алга. Хотын тухай ярьдаг, хотын, төр захиргааны байгууллагад ажиллаж байсан хүн яагаад ороогүй юм бэ?
-Улаанбаатар хотын асуудлыг ярьдаг, мэддэг хүмүүс нь орхигдоод хотын тухай буруу зөрүү ойлголттой хүмүүс нь Түр хороо байгуулахаар санаачлаад явж байна. Уг нь Түр хороо байлгах шаардлагагүй. Яахав нэгэнт санаачилсан юм гээд дэмжиж байгаа. Харин Улаанбаатарын бодлого өөр юм. Арван жилээр хотын ерөнхий төлөвлөгөөг батлаад ирсэн. Гэтэл газар олголт буруу байна гэх зэргээр ярьснаар хотын асуудал шийдэгдэхгүй. Үнэхээр л хотын төлөө гэсэн юм бол Түр биш Дэд хороо байгуулах хэрэгтэй. Дэд хороо байнгын ажиллагаатай байж монголын хот Сүх сум суурин газрын хотжилтын асуудлыг хариуцдаг байх ёстой. Цаашлаад бодлогын том асуудал болж өргөжих ёстой юм. Иргэдийг хөдөөд нь тогтвор сууршилтай байлгахын тулд дэд бүтэц, сууриншлийг бий болгох учиртай. Үүний төлөө ажиллах хэрэгтэй. Түүнээс биш хөдөөнөөс хотод шилжиж ирсэн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх тухай ярих нь шилжилт хөдөлгөөнийг багасгах арга биш.
-Та дүүргийн Засаг дарга, хотын ерөнхий менежерээр ажилласан. Өвөл болохоор л утааны асуудал яригдах юм. Хөрөнгө мөнгө бага хуваариллаа гэлцдэг. Тэмцэж буй арга нь утаагүй түлш, зуух гэсхийгээд зогсдог. Ингэж нийслэлийн агаарын бохирдлыг бууруулна гэдэгтэй санал нийлдэг үү?
-Агаарын бохирдолтой утаагүй түлш, зуухаар эсвэл сэргээгдэх эрчим хүч ашиглах байдлаар тэмцэх худлаа л болно. Намайг дүүргийн Засаг дарга байхад Мянганы сорилтын сангийнхан гэр хорооллыг чинь үзье гэж ирсэн. Би уулан дээр дагуулж гарч гэр хорооллын ерөнхий төрхийг харуулаад дүүргийн Засаг даргын хувьд утааг багасгах талаар ийм санал бодолтой байна гэж хэлж танилцуулсан. Ерөөсөө л гэр хороололд цэвэр бохир ус болон дулааны шугам, гэрэл цахилгаан, замын асуудал гэсэн дэд бүтцийг шийдвэрлэж өгөх ёстой л доо. Хэдэн арван тэрбум төгрөгөөр барьсан орон сууцны хороололд гэр хорооллын эгэл борхон амьдралтай хүмүүс байр худалдан авч орж чадахгүй нь тодорхой. Засгийн газар хэдэн барилгын компанийн барьсан орон сууцыг худалдаж авах эсвэл борлуулах гээд байгаа ч юм шиг л ноцолдоод байдаг. Дзд бүтцийг оруулаад өгвөл аяндаа иргэд өөрийнхөө боломжоор байшин сууцаа барьж эмх цэгцэнд нь оруулаад хаягжилт нь хүртэл тодорхой болно. Утаагүй зуух, түлш түр зуурын л ажил. Цаашид улсын хэмжээнд хотжилтын бодлогыг тодорхой болгох хэрэгтэй. Галт зэвсгийн хуулийн төслийн дараа эл чиглэл рүү түлхүү анхаарч ажиллана. “Монгол мал” хөтөлбөр яригдаж эхэлсэн. Мал сүргийг эрүүлжүүлснээр зах зээл сайжирна, боловсруулах үйлдвэрүүдтэй болно. Д.Балдан-Очир гишүүн энэ чиглэлд их зүтгэл гаргаж байгаа. Миний хувьд ч дэмжиж ажиллана. Хот, хөдөөг ингэж хөгжил дэвшлээр нь үйлдвэрлэл, бүтээгдэхүүнээр нь холбох хэрэгтэй.
-Та Буудлагын холбооны ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай. Холбоогоо өргөжүүлэх талаар ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ. Олимп, дэлхийн тэмцээнээс буудлагынхан медаль хүртэх, шагналт байр эзлэх нь бараг тогтмолжсон шүү дээ?
-Буудлагын холбоо хуучнаар Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн хуучин байранд ажилладаг. Нэг хэсэгтээ гайгүй ч цаашид байр сав, талбай, техник хэрэгслииг улам сайжруулах шаардлагатай байгаа юм. Тамирчид нь ур чадвар өндөртэй. Гэтэл бэлтгэл хийх байр сав, тоног төхөөрөмж нь дэлхийн жишгээс хол хоцорсон дүр төрхтэй. Түүнчлэн зөвхөн спортын буудлага гэхгүйгээр нийтийн спорт болгон хөгжүүлмээр байна. Төрөл зүйлийг нь ч нэмэгдүүлэх боломжтой. УИХ-ын гишүүний хувьд Засгийн газарт буудлагын холбоогоо шинэ байртай, болж өгвөл олон улсын тэмцээн зохион байгуулах зориулалтын цэнгэлдэхтэй болгох саналыг уламжлах хүсэлтэй яваа.
-Буудлагынхны буу, сум нь хил гаалиар орж ирэхгүй хугацаа алдлаа. Тэмцээний бэлтгэл тасрах нь гэсэн яриа их гардаг. Эдгээр бэрхшээл нэг үеийг бодвол гайгүй болсон уу?
-Хэвээрээ. Хуульд спортын зориулалтаар буу, сум оруулах тухай заалт байхгүй. Нэг л дэлгүүрээр дамжуулж оруулж ирэхээр нь авдаг. Тэр дэлгүүр жилдээ ганц удаа захиалга өгдөг. Бээжингийн олимпод оролцохоор Финляндын дэлхийд алдартай үйлдвэрт сум захиалсан. Гэтэл дэлгүүрийнхний захиалсан сумны тоо нь гүйцсэн гээд оруулаагүй. Аль 2008 оны эхэнд сум захиалаад авч чадахгүй байсаар олимпийн наадам өнгөрсөн. Иймэрхүү бэрхшээл бий. Одоо тэр захиалсан сумаа аваад дараагийн тэмцээн наадамд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна. Тэмцээн сургалтад ашигласан сумныхаа хонгиог тоо дугаараар нь цагдаагийнханд буцааж тушаадаг. Бидний буу, сумны зовлонг цагдаагийнхан ойлгодог, дэмждэг юм. Гэхдээ хуульд тодорхой заалт оруулах ёстой.
-Таны хүүхэд нас Москвад өнгөрсөн гэдэг. Хүүхэд насны олон сайхан гэгээн дурсамж байдаг болов уу. Түүнээсээ хуваалцахгүй юу?
-Зарим хүн гайхдаг юм. Улаанбаатарт төрсөн, тэгсэн атлаа Булганых ч юм шиг, бас Москвад хүүхэд насаа өнгөрүүлсэн байдаг гэж. Манай өвөө олон улсын байгууллагад ажилладаг байлаа. Ингээд эмээ, өвөө дээрээ ирж очно. Хоёрдугаар ангид орох жил аав Москва руу томилогдсон. Дахиад Москвад очиж зургадугаар анги хүртлээ суралцсан. Нутагтаа ирж аравдугаар ангиа төгсөөд дахиад сургуульд очсон. Ээж орос хэлтэй. Манай гэрийн номын сангийн бүх ном орос. Орос ном уншиж, орос сургууль, орос сургалттай сургуульд суралцаж өссөн. Монголдоо тусгай 23 дугаар сургуульд байсан.
-Москвад очиход сэтгэлд нэг л дотно байна биз?
-Хүүхэд насаа үдсэн, тоглож өссөн газар хүн бүхэнд л дотно байдаг. Сургууль руу алхдаг, тоглож гүйдэг байсан газраараа тойроод явахад сэтгэлд өег. Гэхдээ Москва хүйтэн болчихсон байна лээ. Биднийг 1980-аад онд Москвад очиход ээж Москва хүйтэн болчихож, 1960, 1970-аад оны үед ямар сайхан дулаахан байсан билээ гэж ярьдаг байв. Одоо очиход юун 1980 он бэ. Тэс өөр хүйтэн. Би хичээлдээ дугуйгаар их явдаг байсан. Сайхан санагддаг юм.
-Хүүхэд наснаасаа эхлээд үерхсэн орос найзууд бий байх. Тэдэнтэйгээ уулзаж холбоотой байдаг уу?
-Ангийнхаа орос найзуудтайгаа холбоотой байдаг. Интернэтээр байнга харьцдаг. Манай амьдарч байсан гудамжинд оросын нэр нөлөө бүхий алдартай хүмүүс амьдардагсан. Москва хотын захиргааны байрны ойролцоо. Москва голынхоо дагуу л даа. Сүүлийн үед Москвад очиж амжаагүй.
-Нийслэлд цөөнгүй жил ажилласан атлаа УИХ-ын сонгуулийн үеэр яагаад нийслэлээс биш Булган аймгаас нэр дэвшсэн юм бэ?
-Булган аймагт манай намаас нэр дэвших боломжтой 7-8 хүн байсан. Нутгийн ах нар маань ярилцаад намайг Булган аймагт нэр дэвшүүлэхээр санал нэгдсэн байсан. Тэгээд санал болгосон. Мөн аавын минь төрсөн нутаг учраас бас өөрөө ч нэр дэвших сонирхол төрсөн. Сэтгэлийн дуудлагаар гэх үү дээ. Үүнийгээ ч намынхаа дарга, удирдлагуудад хэлэхэд дэмжсэн.
-Нутгийн ах нар гэхээр хэн хэн байх вэ?
-Нутгийн ах олон шүү дээ. /инээв/ УИХ-ын гишүүн асан Ч.Раднаа, Л.Жавзмаа, Ж.Гүррагчаа гээд үргэлжилнэ. Ах нар гээд цуглуулбал олон.
Д.Дамдиндорж
2009 оны 12-р сарын 12, Бямба гариг
Үнэн

No comments:

Post a Comment