УИХ-ын гишүүн Г.Занданшатартай ярилцлаа.
Ирэх сарын 5-7-ны өдрүүдэд Төрийн ордонд «Монгол Улсын эдийн засгийн
форум-2012» зохион байгуулагдана. Энэ сэдвийн хүрээнд Гадаад харилцааны сайд
Г.Занданшатартай ярилцлаа.-Энэ удаагийн эдийн засгийн форумын онцлогийг юу гэж харж байна вэ?
-Зөв замаар будаа тээвэл Монгол Улс эдийн засаг үсрэнгүй хөгжлийн гараан дээр ирээд байна. Буруу замаар будаа тээвэл бужигнаж, бужигнаж хоосон ч хоцорч магадгүй энэ үед «Монгол Улсын эдийн засгийн форум-2012» зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Улстөрийн намууд «Ард түмний хөгжлийн хөтөлбөр-2031» зэрэг ирээдүйн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж, хэлэлцүүлж байгаа үетэй давхцан зохион байгуулагдаж байгаагаараа энэ удаагийн форум онцлог юм. Гэхдээ ирээдүй алсыг харахаас гадна өнөөдрийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх нь юу юунаас чухал. Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ гэдэг. Өнөөдрийн тулгамдаж байгаа ажилгүйдэл, ядуурал, орлогын ялгаа, авилга, хээл хахууль зэрэг хөгжлийн тушаа чөдөр болж буй асуудлуудыг яаж устгах вэ гэдэгт голлон анхаарна.-Монгол Улс ардчиллын замаар явсан 20 жилийн хугацаанд сайн, муу үр дүн аль алийг нь үзлээ. Тэгэхээр өнөөдрийн хувьд сайн талаас нь цухас дурдвал?
-Манай улсын өрсөлдөх чадавх өсөж байна гэж хэлж болно. 2010 оны байдлаар өрсөлдөх чадварын үзүүлэлтээрээ 142 орноос 96-д орсон. Улс орныг хөгжлийн түвшнээр нь таван бүлэгт хуваадаг уг тайланд манай улс хүчин зүйлсэд тулгуурласан эдийн засагтай гэсэн ангиллаас шилжиж, үр ашигт тулгуурласан эдийн засагтай болсон гэж дүгнэсэн байна. Дэлхийн улс орнуудын хөгжлийн түвшинг харьцуулдаг стандарт үзүүлэлтүүдийн нэг болох нэг хүнд оногдох орлогоор дунд орлоготой орнуудын тоонд орсон. Дэлхийн банкнаас Монголын нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 2010 оны байдлаар 2051 ам.доллар, нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 1865 ам.долларт хүрсэн гэдгийг баталсан.-Дээрх байдлаас үүдэн манай гадаад харилцааны эдийн засгийн чиг хандлага өөрчлөгдөх нь ойлгомжтой. Салбар хариуцсан сайдын хувиар их олон зүйл хэлэх байх даа?
-Тэгэлгүй яах вэ. Монгол Улс зээл тусламжид дулдуйддаг бус харин эдийн засгийн түншлэлийг хөгжүүлэх замаар, эдийн засгийн чадамжаа бэхжүүлэх олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгох, дэлхийн бусад оронтой харилцан ашигтай арилжаа худалдаа хийх, түншлэл тогтоох харилцаанд шилжиж байна. Гадаад харилцаагаа зээл тусламжийн биш, аюулгүй байдал, эдийн засгийн нүдээр харах шаардлагатай-Эдийн засгийн чиг хандлагаа тодорхойлно гэдэг том амжилт гэж ойлгож болох уу?
-Тийм. Эдийн засгийн чиг хандлагаа тодорхойлоод ирэхээр байгалийн баялгийг хэрхэн ашиглах, хуваарилах талаар үндэсний зөвшилцлийг бий болгох шаардлагатай. Үүнд улстөрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд. иргэдийн ойлголтыг нэг мөр болгож, уул уурхайн салбарын тогтвортой байдлыг хангах, улмаар улс орны эдийн засаг, аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна.-Тэр хэмжээгээр гадаад худалдааны өнөөдрийн байдалд өөрчлөлт орж, сайжрах нь дамжиггүй шүү дээ?
-Өнөөдөр дэлхийн 138 улс оронтой 10 орчим тэрбум ам.долларын худалдаа арилжаа хийж байгаа боловч худалдааны баланс алдагдалтай, экспортын гол нэрийн бүтээгдэхүүн нь голдуу түүхий эд байна. Тиймээс сайн гэж хэлэхгүй. Түүхий эдээ боловсруулж, нэмүү өртөг шингээн гаргах нь бидэнд ашигтай. Ашигтай ажиллахын тулд аж үйлдвэр, боловсруулах үйлдвэр, эрдэс баялаг, хүнд, жижиг, дунд үйлдвэрийн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй.-Нэн түрүүнд хийх шаардлагатай ажлаа чухам юунаас эхлэх ёстой вэ. Та бол манай томоохон эдийн засагчдын нэг шүү дээ?
-Төлөвлөлт, төлөвлөгөө чухал. Тийм ч учраас Монгол Улсыг 2031 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийг боловсруулсан. Энэхүү хөтөлбөрт баялгийн менежментийн тухай бүлэг орсон. Тухайлбал, «Байгалийн баялгийг хэрхэн ашиглах, хуваарилах талаар үндэсний зөвшилцөл»-ийн санаачилгыг гаргаж, улс төрийн бүх нам, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн ойлголтыг нэг мөр болгож, уул уурхайн салбарын хөгжлийн тогтвортой байдал улмаар улс орны эдийн засаг, аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх хөрөнгийн хуримтлалын сан бий болгож, тодорхой хэсгийг иргэдэд хувь болгон эзэмшүүлэх хэрэгтэй.-Тодорхой алхам гэж юуг хэлээд байна вэ?
-Стратегийн ордуудад суурилсан төсөл, аж ахуйн нэгжид төрийн эзэмших хувьцааг авах эрхийг хэрэгжүүлэх ёстой. Хөгжлийн хувьд дорой байгаа улс орнуудад дэлхийн нийтийн эрх ашгийн төлөө төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар Монгол Улсын гадаад харилцааг өргөжүүлэх юм. Хоёрдугаарт авилгын эсрэг төр, хувийн хэвшил, гадаад дотоод хөрөнгө оруулагчид, нийт бизнес эрхлэгчид нэгдэх естой. Авилга өгч, асуудлыг шийддэг биш, харин үр ашигтай, монгол хүнд хэрэгтэй хөрөнгө оруулалтын асуудал нь шийдэгддэг байх юм. Энэ асуудлын талаар авилгаас ангид байхын тулд төр, хувийн хэвшил, хөрөнгө" оруулагчид ямар үүрэгтэй байх тухай энэ удаагийн эдийн засгийн форум дээр яригдана.-Ойрын жилүүдэд Монгол Улс уул уурхайн салбараас ихээхэн орлого хуримтлуулж, эдийн засаг тогтмол өсөлттэй байх талаар судлаачид ярьж байна. Энэ талаар таны санал бодлыг сонсъё?
-Уул уурхайн баялаг тухайлбал, нүүрс, зэс, жонш, алтны олборлолт, экспорт ойрын жилүүдэд огцом нэмэгдэж, манай улсын эдийн засгийн өсөлт дунджаар 15 хувьтай байхаар тооцоо судалгаа гарсан. Гэхдээ эдийн засгийн өсөлт нь нийгмийн хөгжил, хүний хөгжилд шууд нөлөөлдөг байх нь чухал гэдгийг олон нийт хэлэлцэн тунгааж байна. Хувийн хэвшил олсон орлогоо нийгмийн сайн сайхны төлөө зарцуулдаг байх, компанийн сайн засаглал, нийгмийн хариуцлагын бодлогоор Монголын баялгийг борлуулж, ашиг олсныхоо төлөө буцаад зөвхөн өөрсдийн ажилчдын төлөө бус орон нутаг болон нийт ард иргэдийн төлөө зарцуулдаг байх асуудлыг дараа жич ярих томоохон сэдэв болгон үлдээе.
Нийтлэлч
Д.Баяржаргал
Эх сурвалж
Өглөөний сонин
Д.Баяржаргал
Эх сурвалж
Өглөөний сонин
2012 оны 2-р сарын 29, Лхагва гариг
No comments:
Post a Comment