Monday, 30 April 2012

Э.Мөнх-Очир: Байгалийнхаа онгон төрхөд хүрэхгүйгээр хөрөнгөжиж болно


-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн талаар зарим гишүүд “Амьдралд хэрэгжихгүй, мөрөөдлөө цаасан дээр буулгасан байна” хэмээн ярьж байна. Харин таны бодлоор?
-Ний нуугүй хэлэхэд, дэлхийн эдийн засгийн хямралыг манай улс хэрхэн, яаж давах, мөн ард түмэнд амласан амлалтуудаа ямар арга замаар биелүүлэх вэ гэдэг асуудал гарч байгаа юм. Харин эдгээр асуудлыг Засгийн газар мөрийн хөтөлбөртөө хэрхэн тусгах нь хүндхэн болоод байна. Тэгээд ч өнгөрөгч УИХ-ын хуралдаанаар гишүүд ярьж байгаад уг мөрийн хөтөлбөрт тусгасан зарим асуудлыг хассан нь нүдээ олсон алхам болсон. Тэгэхгүй бол дахиад л хий хоосон амлалт болох байлаа. Хамгийн гол нь байгаа хөрөнгө мөнгөндөө тохируулан аятайхан шиг юм хийгээсэй гэж бодож байна. Үнэнийг хэлэхэд, манай улсын эдийн засгийн бодит байдал хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэг үгтэй утга дүйцээд байгаа даа.
-Ашигт малтмалын тухай хуулийн төсөл дээр УИХ-аас ажлын хэсэг томилогдон ажиллаж эхэлсэн. Тэгэхээр ажлын хэсэг энэ салбарт хэд хэдэн хуулийн төслийг нэгтгэн ганцхан хууль батлуулахаар зэхэж байгаа. Таны хувьд аль хувилбар нь ард түмний амьдралд илүү өгөөжтэй гэж бодож байна вэ?
-Ашигт малтмалын ашгаас ард түмэнд хүртээнэ гэдэгтэй санал нийлдэггүй. Учир нь манай улс ямар Арабын орнууд шиг ухсан газар бүрээсээ нефть юүлэх биш дээ. Харин газрын баялагаа ухаж хөрөнгөжих гэж үйл тамаа үзэхийн оронд уг газар дээр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх мөн одоо байгаа зарим боломжтой салбаруудыг өргөжүүлэхэд анхаарч ажиллах нь зөв юм. Ингэснээр байгалийнхаа онгон төрхөд гар хүрэхгүйгээр бидэнд хөрөнгөжих бололцоо байгаа гэж боддог.
-Монголбанк энэ онд инфляцийг барина гэж амлаж байсан боловч инфляци хоёр оронтой тоонд хүрлээ. Үүнтэй холбогдуулан УИХ-аас уг банкинд шалгалт хийж, хариуцлага тооцох тухай зарим гишүүд ярьж байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Энд яриад байх юм алга. Төв банкны зүгээс мөнгөний бодлого барих болон хийх ёстой ажлаа амжуулсан. Тэгээд ч дэлхийн эдийн засаг хямралд орсон ийм хэцүү үед шүү дээ. Гэхдээ манай улсын эдийн засаг тэр хямрал руу нь хэлтийсэн үү, үнэхээр дотоодын салбаруудаа хумих шаардлага байгаа ч юм уу даа. Мөн арилжааны банкуудын олгож байгаа зээлийн хэмжээг хязгаарлах үндэслэл бий юу гэдэгт би эргэлзээд байгаа юм л даа. Яагаад гэвэл олгогдож байгаа зээлийн эргэлт нь тодорхой хэмжээний дараа ашиг өгдөг юм. Тиймээс энэ асуудлыг төрөөс зохицуулах нь буруу.
-Арилжааны банкуудад хөрөнгө суурилуулах нь хэр оновчтой алхам бэ?
-Арилжааны банк дампуурна гэсэн ойлголт байхгүй. Хөрөнгө суурилуулна гэдэг нь тус банкинд мөнгөө хадгалуулсан иргэдийн хадгаламжийг хамгаалж байгаа хэрэг. Нэг үгээр хэлбэл, гадны нөлөөнөөс гэх үү дээ.
-Уучлаарай, гадны нөлөө гэдгээ тодруулахгүй юу?
-Дэлхий даяар хямралд орчихлоо гээд амтай бүхэн нь яриад байна шүү дээ. Тэгээд ч энэ асуудлыг Засгийн газар зохицуулчих бүрэн боломжтой. УИХ-аар хэлэлцээд байх шаардлагагүй л дээ. Уг нь иймэрхүү эрсдлээс хамгаалах хөрөнгө Засгийн газрын хэтэвчинд байдаг юм.
-Дэлхийд эдийн засгийн хямрал нүүрлээд байгаа өнөө үед Монголбанк инфляцийг нэг оронтой тоонд хүргэх зорилт тавиад байгаа. Энэ нь хэр боломжтой юм бол?
-Холбогдох салбаруудын үйл ажиллагааг сайжруулж, хөрөнгийн эргэлтийг цаг алдахгүй хийгээд орлогын түвшинг дээшлүүлсэн тохиолдолд энэ нь хэцүү асуудал биш. Тэгэхэд төрийн механизм дэндүү хөшүүн хойрго юм. Яахав би өөрөө захиргаанд ажиллаж байсан хүний хувьд энэ талаар мэднэ. Улсын төсөв хэлэлцэх бүхэнд л иймэрхүү хүндрэл гардаг нь нууц биш. Тэгэхээр энэ бүхний механизмыг өөрчлөх цаг нь аль хэдийнэ болсон. Нэг үгээр хэлбэл, ажлаа хурдан амжуулах чадвартай “сийрэг толгой”-нууд хэрэгтэй гэсэн үг.
-Улсын төсөв дахиад л үрэлгэн болчихлоо гэх хүн цөөнгүй байна. Үүнтэй та санал нийлэх үү?
-Үнэнийг хэлэхэд, орлого олох асуудал дээр дутуу анхаарсан төсөв болсон. Мөн зарлагаа хумина гэж амтай бүхэн нь ярьсан боловч үнэн хэрэгтээ юу ч өөрчлөгдсөнгүй.
2008 оны 11-р сарын 18, Мягмар гариг
Нийгмийн толь

No comments:

Post a Comment