Sunday, 29 April 2012

Г.Занданшатар: УИХ-ын гишүүн С.Баярцогт амьдралаа мэдэж ярих хэрэгтэй


УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай ярилцлаа
-Хууль тогтоох дээд байгууллагыг сонгох цаг хаяанд ирчихээд байхад эрх баригч хоёр нам улстөржөөд тодорхой шийдэлд хүрэхгүй байна. Эцсийн дүндээ татвар төлөгчдийн мөнгөөр сонгууль хийж байгаа юм чинь хэмнэхээс эхлээд ард түмнээ бодож болдоггүй юм уу. Юм л бол аливаа асуудлыг улстөрийн өнцгөөс харах юм?
-Асуудлыг ярихын тулд хууль эрх зүйн онолын олон асуудал бий. Хэдийгээр АН-ынхан мөнгө хэмнэнэ гэж байгаа ч цаад санаа нь бас л улстөрийн зорилготой. Бүх үеийн сонгуулийг харахад АН орон нутагт амжилттай
оролцдоггүй. Үеийн үед орон нутгаа анхаардаггүй гэсэн шүүмжлэл байнга дагуулдаг. Тийм учраас УИХ-ын сонгуулийг орон нутгийнхтай хамт хийхийг илүүд үзээд байгаа хэрэг. УИХ-ын цөөн хэдэн гишүүнийхээ нөмөр
нөөлгийг дагаж орон нутгийн сонгуульд амжилттай оролцъё гэсэн бодлого.
-Харин ч орон нутгийн сонгуульд танай нам ялагдах магадлал өндөр байгаа юм биш үү?
-Аливаа зүйлийг сургаар тааж ярихаас илүү судалгаа, тооцоон дээр үндэслэн ярих хэрэгтэй. Хамгийн сүүлд явуулсан улстөрийн судалгааны дүнгээс харахад МАН-ын рейтинг хөдөө орон нутагт, хотод ч гэсэн өндөр байгаа гэдэг дүн гарсан. Бодит судалгаа шүү. Тэгэхээр МАН-ын рейтинг нэг, хоёр хүнээс ч хамаардаг биш.
-Судалгааны дүн тийм гардаг юм байж. Гэхдээ ихэнх аймгийн Засаг дарга нар орон нутгийнхаа намыг толгойлдог. Гэтэл тэдний зарим нь АТГ-т дуудагдсан байна. Тэр утгаараа орон нутагт намын нэр хүнд муу байгаа юм биш үү?
-Ер нь ажил хийж байгаа хүмүүсийг л шүүмжилдэг. Шүүмжлэгч нь тэр хэмжээнд хүртэл ажил хийж чадахгүй. Сүүдэрт байгаа хүн сүүдрээс нь харна. Наранд байгаа хүн дандаа гэгээтэй талаас нь хардаг биз дээ.
-АТГ-т дуудагдах хэмжээнд хүртэл яригдана гэдэг нь нэг талаараа намын нэр хүндтэй холбоотой. Орон нутагт танай тэр хэмжээгээр нэр хүнд нь муудаж байгаа биш үү?
-АТГ-т дуудагдана гэдэг нь тухайн хүн гэм буруутай гэсэн үг биш. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй хүнийг гэм буруутайд тооцохгүй гэсэн ардчилсан Үндсэн хуулийн зарчимтай. Хэн ч гэсэн өргөдөл гомдол өгч шалгуулж болно биз дээ. Ардчилсан чөлөөт нийгэмд бүгдээрээ амьдарч байна.
-Орон нутагт нэр хүнд сайтай байгаа юм бол МАН хоёр шатны сонгуулийг хамтад нь явуулж болохгүй юм уу. Наанадаж 130 сая төгрөг төсөв хэмнэнэ. Танай намынхан хоёр сонгуулийг хамтад нь явуулахад яагаад цааргалаад байгаа юм бэ?
-Төсөв хэмнэж байгаа хэдий ч хууль эрх зүйн хувьд 20 гаруй зөрчилтэй асуудал бий. Техникийн хувьд зохион байгуулахад хүндрэлтэй асуудлуудыг бодолцох ёстой. Бүх шатны сонгуульд өрсөлдөж байгаа 20-30 хүнийг нэг дор нь дугуйлах болж байна шүү дээ. Тэдгээрийг бүгдийг нь уншаад дугуйлна гэдэг их цаг зарах асуудал. Техникийн талаасаа ч бас бус ажил гарна. Үүнийг тоо-цохоо болъё. УИХ, орон нутгийн сонгуульд нэр дэвшиж буй 30-аад мянган хүнээс 15 мянга нь сонгуульд ялалт байгуулна.
Мөн дээр нь машин, тоног төхөөрөмж жигдрээгүй. Бүртгэлийн асуудал зуун задгай.
Ухаалаг үнэмлэхийг гүйцэтгэгч компани нь зургаадугаар сарын нэгний үед авч ирж суурилуулах юм ярьж байна.  Бид иргэний үнэмлэхээ солих  гэж  бүтэн жилийг бардаг  шүү дээ.  Гэтэл сонгууль болохоос сар хүрэхгүй. хугацаанд яаж бүх хүнд  иргэний үнэмлэх олгох гээд  байгаа  юм  бэ. Сая гаруй  сонгогчдод хүрч чадах уу гэх мэт асуудал байна. Зохион байгуулалтын хувьд машин, тэргээс эхлээд орон нутаг, сум багуудад өдөржин шөнөжин ажиллах цахилгаан эх үүсвэр,  онлайнд холбогдох боломж ямар байгаа билээ. Тэндээс яаж онлайнаар мэдээлэл авч, цуглуулах вэ гээд техник нөхцөл байдлын хувьд асуудалтай.
-Сангийн сайд асан С.Баярцогт тийм асуудал үүсэхгүй. Бид орчин үеийн мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа гэж тайлбарлаад байсан?
-Амьдралаа мэдэж ярих хэрэгтэй шүү дээ. Баянхонгор аймагт төвийн эрчим хүчний системд холбогдоогүй гурван сум байна. Сумын төв холбогдоогүй байхад багийн төв байнгын эрчим хүчтэй болно гэж юу байх вэ. Мотор тавиад аргалчихдаг юм байж. Гар утасны сүлжээ Монгол Улсад хөндлөн гулд орчихсон байлаа гэхэд онлайнаар мэдээлэл өгөх бололцоо ямар байгаа юм бэ. Монгол Улс тэр чигээрээ интернэттэй болчихсон юм уу. Бодох л ёстой.
-1990 онд дөрвөн шатны сонгуулийг интернэт битгий хэл гэрэл цахилгаан ч үгүй хийсэн. Тэгэхээр хийхгүй гэ-сэн хүн шалтаг хайдаг гэдэг л болж таарах нь дээ?
-1990 оноос хойш хүн ам өсөж, нийгэм эдийн засаг хэрхэн өөрчлөгдлөө. Сонгуульд нэр дэвшигчдийн нөхцөл байдал яаж өөрчлөгдлөө гэдгийг бодох хэрэгтэй. Би ч гэсэн 20 жилийн өмнө тийм байсан гээд тайлбар хэлж болно. Тэр үеийн төрийн тогтолцоог харьцуулаад үзэх хэрэгтэй. Хууль эрх зүйн хувьд ч өөрчлөгдсөн. Хамгийн наад зах нь сонгуульд өрсөлдөж байгаа хүний тоо хүртэл шал өөр болсон.
-Гэхдээ л танайхан хоёр сонгуулийг хамт явуулахгүй гэж багагүй шалтаг хайж байна. Тухайлбал, Иргэний бүртгэлийн газрын дарга нь танай намын хүн байсан. Энэ утгаараа иргэний ухаалаг үнэмлэхийн асуудлыг хойш татсан юм биш үү?
-Эцсийн дүндээ МАН сонгуулийг яаж будлиангүй, тайван аятайхан явуулах вэ гэж бодож байна. Түүнээс янз бүрээр ухвар мөчид харах шаардлагагүй. Иргэний бүртгэлийн асуудлыг Засгийн газар болон МАН, АН-ын бүлэг дээр нөхцөл байдлын тухай хэн хэн нь сонсож байсан шүү дээ. Үнэхээр иргэний бүртгэлийн ажил нь хийгдээгүй. Тэргүүн шадар сайдаар ажиллаж байсан Н.Алтан-хуяг ухаалаг үнэмлэх хийх компанийг нь тендергүйгээр сонгон шалгаруулсан. Тэр компани нь энэ хугацаандаа нийлүүлж чадахгүй гэж хэлээд байгаа юм биш үү. Тэгэхээр хэн нь үнэн яриад байгааг очоод асуух хэрэгтэй.
-Тэргүүн  шадар сайд ажлаа хэвийн гүйцэтгэсэн, энэ асуудал МАН-аас болж гацаанд орсон гэж тайлбарлаад байгаа юм биш үү?
-Тийм болохоор л би нэг хэлдэг. Н.Алтанхуяг дарга бас өөр зүйл хэлдэг. Хэн нь үнэн яриад байгаад хүмүүс гайхаж эргэлзэх нь ойлгомжтой. Тэгэхээр ажил авсан компаниас нь очоод асуудлынхаа үнэн мөнийг олж тогтоох хэрэгтэй шүү дээ.
-Ийм учраас л хоёр намынхан улстөржиж, хэн хэнийгээ асуудлын буруутан болгох гээд байгаа юм биш үү?
-Тэгж бодоод байгаа юм бол очоод тодруулчих хэрэгтэй. Тэр сонгон шалгаруулалт Н. Алтанхуяг сайдын үед хийгдсэн. Тендергүйгээр шалгаруулсан нь үнэн. Бусдыг нь тухайн компаниас асууж тодруул.
-Нөгөө талаар УИХ-ын сонгуулийн хууль ҮХЦ дээр асуудал үүсгэчихээд байгаа. ҮХЦ гуравдугаар сарын 27-нд асуудлыг хэлэлцэнэ шүү дээ?
-УИХ-ын сонгуулийн хуулийн 60.1 дүгээр заалтад сонгууль болохоос зургаан сарын дотор УИХ-ын сонгуулийн хуулийг батлах буюу нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно гээд заачихсан. Тэгэхээр УИХ-ын сонгуулийн шинэ хуулинд зургаан сарын өмнө өөрчлөлт оруулах эрх зүйн боломжгүй болно. Нөгөө талаас энэ заалт Үндсэн хуулинд заасан эрх мэдлийг хязгаарлах үндэслэл болохгүй юм. УИХ-ын сонгуульд өөрчлөлт орох асуудал ҮХЦ дээр Үндсэн хуулийн зарчмын дагуу хэлэлцэгдэж таарна. Тийм учраас УИХ-ын хувьд Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах боломж бага. Харин ҮХЦ-ийн эрх мэдлийг энэ хуулийн заалт хөндөөгүй гэж үзэх юм бол Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах, УИХ-ын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах боломж байгаа гэсэн үг. Үнэхээр ҮХЦ-ээс Үндсэн хууль зөрчлөө гэдэг дүгнэлт гарсан ч тэр хуулийг өөрчлөх боломж эрх зүйн хувьд байхгүй.
- Тэгэхээр УИХ ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авахгүй гэсэн үг үү?
-Цэцийн дүгнэлтийг хүлээж авч, хуулинд өөрчлөлт оруулах боломж хязгаарлагдмал болчихож байгаа юм. Цэцийн дээд шатны дүгнэлт гарсан ч хүлээж авах эсэхээс үл хамаараад цэцийн дүгнэлт хүчин төгөлдөр болох эрх зүйн үндэслэлгүй. УИХ-ын сонгуулийн эрх зүйн орчин хүндрэлтэй болно.  Нөгөө  талаас  ҮХЦ хянан үзэх хугацаагүй заалт орж байна. ҮХЦ-ийн эрх мэдлийг хязгаарлаж байгаа тайлбар бас байж болох юм.
-Цэцийн зүгээс намын нэрээр 28 нэр дэвшигчийн квот руу гулсахыг хязгаарлаж байгаа юм биш үү?
-Маргааны гол сэдэв нь «Шороотой бөх туг тойрдоггүй» буюу сонгуулийн дүнгээр ялагдсан ч жагсаалтаар 28 гишүүн УИХ-д сонгогдоно гэдэг заалтыг халж байгаа юм. Манайхны хэлдгээр гулсана гэдгийг хэлж байна. Ялагдсан гишүүдийг бүгдийг хувиар нь жагсаахад хамгийн өндөр хувь авсан нь 28-д жагсаж, намынхаа оноо хувь, намын оноогоо нэмээд хамгийн өндөр санал авч УИХ-ын гишүүнээр сонгогдохоор болж байгаа юм. Энэ нь нэг талаараа УИХ-ын гишүүн шууд сонгогдоно гэсэн хууль зүйн заалтыг зөрчиж байна гэсэн үндэслэл болоод хувирчихаж байгаа хэрэг. Энэ бол маш их маргаантай сэдэв.
-Ингэхэд хаврын чуулганаар Орон нутгийн сонгуулийн хуулийг хэлэлцэхгүй юм байна гэж ойлгож болох уу?
-Хэрэгжүүлэх боломжгүй байгаа хуулийг яаж хэрэгжүүлэх вэ. Жишээ нь хоёр сонгууль хамт явуулахад дор хаяад хэдэн арван зөрчилтэй асуудал байна. Ганц жишээ УИХ-ын сонгуулийг зургаан сарын сүүлийн долоо хоногт явуулна гэсэн бол орон нутгийн сонгуулийг амралтын өдөр явуулна. Хуулиараа хоёр өөр өдөр явуулахаар болоод байгаа юм. Хоёрт, автоматжуулсан системээр тоолно. Нөгөөх нь хуучнаараа саналын хуудсаар авна. Нэг сонгуулиар нь бүх юмыг хориглосон. Нөгөөд нь хориглоогүй. Хамт явуулбал орон нутгийн төлөөлөгчид нь дураараа мөнгө тарааж, хууль зөрчөөд, бүх юмыг будлиантуулж болно. Хуулийн цоорхойг ингэж ашиглах гэж байна. Тиймээс хоёр сонгуулийг хамт явуулах эрх зүйн чадамжгүй.
-Дундын хувилбар гаргаж болоогүй хэрэг үү?
-Дундын хувилбарыг МАН-аас санал болгосон гэж ойлгож байна. Тэр хувилбарыг харамсалтай нь хүлээж авсангүй. Нийслэл, аймгийн төвийн сонгуулийг хамт явуулъя, сум, хороодыг тусад нь гээд ч болсонгүй. Ёстой нөгөө «Хадмын сэтгэлийг бодоод жирэмсэн болчихов оо» гэдэг шиг МАН буулт хийж, аль болохоор зохицохыг бодож байгаа шүү дээ.
Нийтлэлч
Б.Туяацэцэг
Эх сурвалж
Өглөөний сонин
2012 оны 3-р сарын 21, Лхагва гариг

No comments:

Post a Comment