Monday, 30 April 2012

Э.Мөнх-Очир: Аавынхаа нэрийг гурав худалдана уу, 30 худалдана уу хэнд хамаатай юм бэ


УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очиртой ярилцлаа.
-УИХ-аар саяхан “Нарантуул”-ын гүүрэн гарцын асуудлыг хэлэлцлээ. Таны хувьд энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Би гүүрэн гарц барихыг дэмжиж байгаа.
-Ямар учраас дэмжиж байна?
-Ер нь ийм юм аа. 1986 онд ЗХУ-ын мэргэжилтнүүд Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд хотын тойрог замуудыг байгуулах ажлыг тусгаж оруулсан байдаг. Бага тойруугийн зам хэдийнэ шийдэгдчихсэн. Харин дунд тойргийн асуудал яригдаж байгаа. Хүмүүсийн мэддэгээр Тээврийн товчооноос хойшоо Баруун дөрвөн зам, Гандангийн урдуур тойроод Баянбүрдийн уулзвар хүрнэ. Түүнээс АНУ-ын Элчингийн наад талын гүүр хүртэл яваад Туул Жинпан, Зүүн дөрвөн зам хүрээд одоо яригдаад байгаа "Нарантуул"-ын гүүрэн гарцаар гарч Япон хорооллын дундуур явж Олимпийн хороогоор дайрч Цагаан хаалга руу холбогдоно гэсэн үг. Хотод томоохон тойрог байгуулах нь төвийн түгжрэлийг сааруулдаг ач холбогдолтой. Японы JICA-гийн судалгааны байгууллагууд энэ асуудлыг гаргаж ирсэн байдаг. Тиймээс гүүрэн гарц барих нь зүйтэй юм байна гэж үзсэн. Үүнийг би тодорхой мэдэж байсны хувьд дэмжиж байгаа юм шүү. Улаанбаатар хотын аль ч захын дүүргээс нөгөө зах руу явахад заавал төвөөр дайрахгүй байх бололцоог гүүрэн гарц олгоно.
-УИХ-ын чуулганаар энэ асуудлыг хэлэлцэх үед эсэргүүцэж байсан Н.Батбаяр гишүүн дээр очоод та түүнийг үг хэлүүлээгүй шүү дээ. Түүнийг лоббидоогүй гэж үү. Гүүрэн гарц барих нь таны лоббины ажил юм биш үү?
-Н.Батбаяр гишүүнийг лоббидсон гэж үү. Би өөрөө гүүрэн гарц барих асуудлын цаад ач холбогдлыг мэдэж байгаа учраас л тэгсэн хэрэг.
-"Нарантуул"-ын гүүрэн гарц барих ажлын гүйцэтгэгч ць танай хамаатан садангийн компани гэсэн хардлага байна?
-Надад ганц л ах бий. Тэр маань хуулийн зөвлөх хийдэг юм. Харин хоёр дүү маань Америкт сурч байгаа. Одоохондоо компани байгуулж амжаагүй яваа. Надад байшин барилга барьдаг садан төрөл байхгүй.
-Гүүрэн гарцыг барихад 21.7 тэрбум төгрөг шаардлагатай гэж байгаа. Хичнээн төгрөг шаардлагатай нь ил болсон юм чинь гүйцэтгэгч компанийн нэр ч хэдийнэ тодорчихсон юм биш үү?
-Үүнийг ёстой мэдэхгүй. Зураг төслийг нь хийсэн газар л мэдэх байх. Уг нь намайг хотын менежер байхад энэ мөнгө арай бага байсан. Гэхдээ мэдээж зураг төслийг нь хийгээд хэдэн төгрөг шаардлагатай болохыг тооцоолж гаргасан биз. Намайг ерөнхий менежер байх үед аливаа барилгын зураг төслийг хийсний дараа түүндээ тааруулж тендер зарладаг байсан юм шүү. Тухайн үед би зураг төсөл нь гараагүй байна гээд санхүүжилт нь орж ирсэн 50 гаруй төслийг гүйцэтгэж чадахгүй гээд буцааж л байсан. Тэгэхэд хүмүүс "Яаж байгаа юм бэ. Мөнгө нь ороод ирчихсэн байхад" гэж хэлж л байлаа. Зураг төсөл нь хийгдсэний дараа төсөв нь батлагддаг зарчмыг энэ үеэс мөрдөж эхэлсэн гэхэд болно шүү.
-Гүүрэн гарц барих мөнгөний хэмжээ нэмэгдэж магадгүй юм уу. УИХ-аар дахин хэлэлцэх үү?
-Дахин хэлэлцэх ойлголт байхгүй.
-Магадгүй "Нарантуул"-ын гүүрэн гарц барих ажил удаашраад Маршалын гүүрийн жишээг давтах юм биш биз дээ. Ийм тохиолдолд хэн хариуцлага хүлээх вэ?
-Тендер зарлаж хяналт тавьж байгаа байгууллага хариуцлага хүлээнэ шүү дээ. Аливаа ажлыг зөв хийхэд нь дэмжлэг үзүүлэхгүй, хааж боох хэрэггүй. "Нарантуул"-ын гүүрэн гарцыг Японы тусламжаар хийж байгаа шүү дээ. Хариуцлага тооцохын тулд тендерийнхээ нөхцөлийг сайн тавьж өгөх шаардлагатай. Гүүрийг хэдий хугацаанд барьж дуусгах вэ, хэрэв хугацаандаа амжихгүй бол ямар алданги тооцох вэ гэдгийг нь тодорхой зааж өгөх хэрэгтэй. Түүнээс биш төсвийн мөнгө авч гэрээ хийчихээд сүүлд нь "Мөнгөө өгчихвөл хийнэ шүү дээ" гээд. Маршалын гүүрэн дээр оччихоод том том ярьж болохгүй л дээ. Хүн авсан мөнгөнийхөө хэмжээнд ажлаа хийх хэрэгтэй.
-Хоёулаа арай өөр сэдэв рүү оръё. Та намынхаа үе тэнгийн залуусаас нэг л хол хөндий, ганцаардмал харагддаг...
-Яагаад ч юм их олон хүн бужигнасан зүйлд оролцох тун дургүй. Ганцаараа байх дуртай. Магадгүй миний амьдралын хэв маяг байж болох юм. Гэхдээ надтай нийлдэг хэдэн хүн бий. Тэдэнтэйгээ хамт байх дуртай. Би ер нь өөрөө шүүмжлэгч талын хүн л дээ. Зарим зүйлтэй үнэхээр санал нийлдэг. Гэхдээ л нэг дутагдалтай зүйлийг нь олж харчихаад байдаг юм. Магадгүй намайгэнэ байдал маань хүмүүсээс жаахан холдуулдаг байх л даа.
-Таныг ааваасаа тэс өөр зантай гэдэг...
-Аав бол өөр шүү дээ. Миний аав олон түмний дунд сайн сайхан явсан хүн. Магадгүй аавтайгаа харилцдаг хүмүүсийн саарыг нь олж хардаг байсан нь намайг ийм болгосон байж ч мэднэ.
-Аливаад шүүмжлэлтэй ханддаг зангаасаа болоод генсектэйгээ нударга зөрүүлээд авсан тал байна уу?
-Хэвлэлээр шуугиад өнгөрсөн зүйлийн талаар дахин яриад яахав дээ. Зодолдоогүй гэдэг нь тодорхой.
-Гэхдээ та хоёрын хооронд юу ч болоогүй гэвэл бас худлаа биз дээ?
-Бид хоёр маргалдсан нь үнэн. Цаашид ч маргалдах асуудал олон гарах байх. Ажлын төлөө нэгнээ шүүмжилж яагаад болохгүй гэж. Энэ бол эрүүл үзэгдэл шүү дээ. Яахав маргалдах явцад муу үг хэрэглэх тохиолдол гардгийг би хүлээн зөвшөөрнө. Үүнийгээ өөрөө ч буруутгадаг. Засах юмсан ч гэж хичээж байна. Би өөрийгөө ганцаараа ийм зантай, сонин хүн юм болов уу ч гэж бодож үзсэн. Гэхдээ надтай адил хүн олон байдаг юм билээ.
-Та нам дотроо хэний фракцид ордог вэ?
-С.Баярынх л гэж боддог. Чухам тэр хүн намайг юу гэж боддог юм бол. Ер нь фракц гэдэг чинь бүлэглэхийг хэлдэггүй. Нэг хүний явуулж байгаа бодлогыг дэмжиж нэгдэхийг хэлдэг юм шүү дээ. Гэтэл манайхан дандаа эсрэгээр нь ойлгож ярьцгаадаг. Лоббидох ч өөр асуудал. Үүний учрыг мэдэхгүй хүмүүс янз бүрийн юм ярьдаг юм.
-Та Булганаас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон байх аа. Гэхдээ сайн аавын нэрээр гарч ирсэн гэх яриаг сонсоод танд юу бодогддог вэ?
-Миний аав ийм хүн байсан гэж би нэг ч удаа ярьж байгаагүй. Надтай уулзаж учирч байсан хүмүүс мэднэ дээ. Харин намайг сайн зүйлийн төлөө явахад "Энэбишийн хүүхэд байж ингээд байхдаа яадаг юм" гэж дарахыг оролддог л юм. Тэгэхэд нь би "Миний аав та нар шиг байгаагүй юм шүү" гэдэг. Намайг муулж гоочлох болохоороо Энэбиш гэдэг нэрийг ашигладаг. Би яагаад өөрийнхөө хүчээр дээшээ гарч болохгүй гэж. Би өөрийн гэсэн үзэл бодолтой хувь хүн шүү дээ. Амьдралаа өөрийнхөөрөө зохиогоод л явна. Мэдээж сонгуульд нэр дэвшихдээ Энэбишийн Мөнх-Очир гэж явах нь тодорхой биз дээ. Аавтайгаа авахуулсан зургаа тавих нь ойлгомжтой шүү дээ. Тэгээд ч ер нь аавынхаа нэрийг гурав худалдаж байна уу, 30 худалдаж байна уу хэнд хамаатай юм бэ.
2009 оны 1-р сарын 12, Даваа гариг
Өдрийн сонин

No comments:

Post a Comment