Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай ярилцав.
-Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүссэний 100 жилийн ойг тохиолдуулан танай яам Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-тай хамтран Олон улсын бага хурал Улаанбаатар хотноо зохион байгууллаа. ЕАБХАБ-ыг манай уншигчдад товч боловч танилцуулна уу?
-ЕАБХАБ нь Европ, Америк, Ази тивийн 56 улсыг нэгтгэсэн, бүс нутгийн хамгийн том байгууллага юм. 1975 онд Хельсинкийн төгсгөлийн баримт бичигт Европын 33 орон, АНУ, Канад улсууд гарын үсэг зурснаас хойш "хүйтэн дайн" дуусаж, ЗХУ болон хуучин ХБНСЮУ задарч, Европ, Азийн улс төрийн газрын зураг ихээхэн өөрчлөгдөж, шинэ тулгар улсууд үүссэн нь ЕАБХАБ-ын хүрээг өргөжүүлэн тэлсэн бөгөөд 2006 онд Монтенегро улс элссэнээр өдгөө тус байгууллага 56 оролцогч улстай болоод байна. ЕАБХАБ нь бүс нутгийн хэмжээнд зэвсэгт мөргөлдөөн, хямрал байдлаас урьдчилан сэргийлэх, зохицуулах, хямралын дараах сэргээн босголтыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг.Тус байгууллага аюулгүй байдлын асуудлыг цэрэг-улс төрийн, эдийн засаг байгаль орчны ба хүний гэсэн гурван орчинд авч үздэг, зэвсэглэлд тавих хяналт, итгэлцэл, аюулгүй байдлыг бэхжүүлэхээс эхлэн хүний эрх, ардчиллыг бэхжүүлэх, эдийн засгийн хөгжлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах, олон улсын гэмт хэрэг, терроризмтэй тэмцэх зэрэг өргөн хүрээтэй асуудлуудаар зөвлөлддөг, нийтийн зөвшилцөлд тулгуурлан шийдвэр гаргадаг юм.-Монгол Улс ЕАБХАБ-ын үйл ажиллагаанд хэдийнээс ямар статустай оролцох болсон бэ?
-2004 оны арванхоёрдугаар сард Софи хотноо болсон ЕАБХАБ-ын Сайд нарын Зөвлөлийн XII хуралдаанаар Монгол Улс тус байгууллагын хамтын ажиллагааны Азийн тав дахь түнш орон нь болсон. ЕАБХАБ нь дэлхийн бусад бүс нутаг, улс орон, бүс нутгийн болон олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллах бодлого баримталж, НҮБ, Европын холбоо (ЕХ), НАТО, Европын Зөвлөл болон бүс нутгийн бусад байгууллагатай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа бөгөөд эдүгээ Япон, БНСУ, Тайланд, Афганистан, Монгол зэрэг Азийн таван орон, Алжир, Египет, Израиль, Иордан, Марокко, Тунис гэсэн Газрын дундад тэнгисийн зургаан орон болон Австрали улстай хамтын ажиллагааны түншийн харилцаа тогтоон ажиллаж байна. Азийн орнууд 1990-ээд оны эхэн үеэс ЕАБХАБ-тай яриа хэлэлцээ хийж эхэлсэн бөгөөд Япон 1992 онд түнш орны статустай болсноос хойш 1994 онд БНСУ, 2000 онд Тайланд, 2003 онд Афганистан, 2009 онд Австрали тус тус хамтын ажиллагааны түнш орон болжээ.-Энэ байгууллагатай хамтран ажиллах нь Азийн Монголд ямар ач холбогдолтой вэ?
-Монгол Улс ЕАБХАБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоноор тус байгууллагын хүрээнд хуримтлагдсан арга туршлагаас суралцаж байгаа юм.Тухайлбал цэрэг улс төрийн аюулгүй байдлын хүрээнд хямралыг урьдчилан сэргийлэх, зохицуулах, ил тод байдлыг хөхүүлэн дэмжих, итгэлцлийг бэхжүүлэх, эдийн засаг, байгаль орчны хүрээнд эдийн засаг, байгаль орчны зохистой бодлого боловсруулах, ЕАБХАБ-ын бүс нутагт аюулгүй байдлыг бататгах, хүний аюулгүй байдлын хүрээнд: хил хамгаалах, хүний наймаа, терроризм зэрэг зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, сонгогчдын боловсрол, хүйсийн болон цөөнхийн тэгш эрх, сайн засаглал, хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө зэрэг манайд сонирхолтой олон чиглэлийг энд дурдаж болно. Тус байгууллагаас зохиож буй арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцох нь Европын улсууд, олон талт хамтын ажиллагааны байгууллагуудтай ойр дотно хамтран ажиллахад түлхэц үзүүлэх болно. Түүнчлэн бидний хамтын ажиллагаа нь Европын Холбооны гишүүн улсуудын баримталдаг стандарт, ерөнхий зарчим, хэм хэмжээг өөрийн оронд нутагшуулах ерөнхий чиг хандлагатай нийцэж байна-Хамтын ажиллагааны түнш орны хувьд Монгол Улс ЕАБХАБ-тай хамтран 2007 оны зургадугаар сарын 12-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо "Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага болон түүний Азийн түнш орны хооронд хамтын аюулгүй байдлыг бэхжүүлэх нь" сэдэвт бага хурал зохион байгуулж байсныг санаж байна. Энэ хурлаас гарсан шийдвэр хэр хэрэгжиж байна вэ?
-Тэр бага хурлаар манай улстай холбоотой цаашид авч хэрэгжүүлж болох арга хэмжээний талаар тодорхой зөвлөмж, санал гаргасан. Үүндээ манай шинжээчдийг аюулгүй байдлын чиглэлээр болдог ЕАБХАБ-ын бүс нутгийн хурал, семинар, сургалтын хөтөлбөрт түлхүү оролцуулах, ЕАБХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар болон бусад төвд манай шинжээчдийг дадлагажуулах зэрэг ажил хийхээр тусгасан юм. 2009 оны дөрөвдүгээр сарын 20-22-нд Улаанбаатар хотноо Төв болон Зүүн Азийн хүрээлэн буй орчны аюулгүй байдлын өнөөгийн болон хэтийн төлөв: Улаанбаатар Шинэ Хелсинк болох уу" сэдэвт бага хурлыг Стратегийн судалгааны хүрээлэн, Маршаллын төв хамтран зохион байгуулах заалт ч мөн дээрх зөвлөмжид тусгагдсан билээ. Эдгээр заалт хэрэгжсэн.-Монгол Улс, ЕАБХАБ-ын харилцаанд сүүлийн жилүүдэд ямар томоохон ахиц гарав. Хамтран ямар арга хэмжээ зохион байгуулав?
-ЕАБХАБ-тай хамтран 2010 оны хоёрдугаар сарын 9-10-ны өдөр Хүний наймааны эсрэг шинжээчдийн олон улсын бага хурлыг өөрийн оронд амжилттай зохион байгуулсан. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Вена хот дахь НҮБ-ын төвд 2010 оны гуравдугаар сарын 9-нд айлчлах үедээ ЕАБХАБ-д зочилж тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга М.Бришамботой уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцсан. Мөн 2010 оны XII сард Астана хотноо зохион байгуулсан ЕАБХАБ-ын дээд хэмжээний VII уулзалтад Монгол Улсыг төлөөлж УИХ-ын дэд дарга Г.Батхүү нар оролцсон болно. Дашрамд дурдахад Казахстан, Кыргызстан, Тажикстан, Узбекистан улсууд 1992 оны нэгдүгээр сарын 30-нд тус байгууллагад оролцогч орноор нэгдэн орсон бөгөөд Казахстан улс Евроазийг хамарсан аюулгүй байдлын нэгдмэл орон зайг бий болгох, аюулгүй байдлын нэг стандарт тогтоох зорилтыг дэвшүүлээд байгаа юм.-Манай улс тус байгууллагад гишүүнээр элсэх эсэх тухайд Та ямар бодолтой байна вэ?
-2011 оны хоёрдугаар сард батлагдсан Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд гуравдагч хөрш орнуудтай харилцах талаар тусгасан. Нөгөө талаар манай Засгийн газраас дэвшүүлсэн ЕХ-ны гишүүн улсуудын баримталдаг стандартыг нутагшуулах зорилт бидний хамтын ажиллагаанд нийцэж буй талаар би дээр дурдсан. Эдгээр зорилтын үндсэн дээр манай улс тус байгууллагад оролцогч орноор нэгдэн орох асуудлыг судалж шийдвэрлэх нь зүйтэй гэж боддог.-Өнөөдөр (өчигдөр) өндөрлөсөн Бага хурлаар чухам ямар асуудлуудыг авч хэлэлцэв. "ЕАБХАБ-2011-Монгол Улс" олон улсын энэ Бага хурал маань "Аюулгүй байдлын асуудалд цогцоор хандаж, нийтлэг сорилтуудыг шийдвэрлэхэд ЕАБХАБ -түүний Азийн түнш улсуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь" гэсэн сэдэвтэй юм байна шүү дээ...
-Бага хурал нь гурван салбар хуралдаантай болсон, мөн "Афганистан улсын чадавхыг бэхжүүлэх: Дипломат албыг бэхжүүлэхүй" сэдэвт семинарыг хурлын хүрээнд зохион байгууллаа. Эхний салбар хуралдаан үндэстэн дамнасан аюулыг зогсоох хамтын хүч чармайлтыг бэхжүүлэх нь сэдвээр болсон. Энэхүү салбар хуралдаанд, мансууруулах бодисыг хууль бусаар хил дамнуулан тээвэрлэх тэр дундаа Афганистан улсыг онцлон үндэстэн дамнасан аюулыг зогсоох хамтын ажиллагааг сайжруулах, Зүүн Ази дахь цэргийн ил тод байдлыг бэхжүүлэх болон олон талт аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг сэдвийг хөндөн хэлэлцлээ. Хоёр дахь салбар хуралдаан Тээвэр болон эрчим хүчний аюулгүй байдлын асуудлаар олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь гэсэн сэдэвтэй байв. Гурав дахь хуралдаан Бүх талын аюулгүй байдлыг хангахад хүний эрх, үндсэн эрх чөлөө болон хуулийн хэр хэмжээний үүрэг сэдвээр болсон. Энэхүү хуралдаанд Ардчилсан засаглалыг дэмжих зорилгоор харилцан туршлага судлах, Хүний эрх, эрх чөлөөг дэмжих зорилгоор туршлага судлах зэрэг сэдвийг хөвдөн хэлэлцсэн болно. Бага хуралд оролцогчдод зориулж үндэсний язгуур урлагийн тоглолтыг сонирхуулсан нь манай зочдын сэтгэлд ихэд нийцсэн байх гэж бодож байна. Эцэст нь хэлэхэд Монгол Улсад үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөсний 100 жил, Ардын хувьсгал ялсны 90 жилийн ойн өмнө зохиогдож байгаа олон улсын энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын нэр хүнд, гадаад бодлогыг орчныг улам өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.-Энэ хуралдаанд хаанахын ямар төлөөлөгчид оролцов?
-ЕАБХАБ-ыг тэргүүлж буй Литва улсын Гадаад хэргийн дэд сайд Эвалдес Игнатавичус, ЕАБХАБ-ын Азийн түнш орнуудын зохицуулагч Казахстан улсаас тус байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Каират Абдахманов, ЕАБХАБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын албаны захирал Паул Фритч нар болон гадаадын 50-иад төлөөлөгч, дотоодын холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцсон.Р.Жаргалант
2011 оны 5-р сарын 25, Лхагва гариг
Өнөөдөр
No comments:
Post a Comment