Monday, 30 April 2012

Э.Мөнх-Очир Ё.Отгонбаяр Булганд биш Улаанбаатарт нэр дэвшсэн нь дээр байлгүй


Э.Мөнх-Очир Ё.Отгонбаяр Булганд биш Улаанбаатарт нэр дэвшсэн нь дээр байлгүй

-Сонгуулийн хуульд мандатын тоог багасгаж байгаа нь орон нутгаас сонгогдсон гишүүдийн хувьд чамлалттай санагдаж байгаа бололтой?
-Өнөөдөр Улаанбаатарт төвлөрөл үүсгэж, механик нүүдэл хийдэг хүмүүс бүгд орон нутгаас ирж байгаа биз дээ. Тийм болохоор Улаанбаатарт нэр дэвшиж байгаа бол хотын иргэдийнхээ төлөө ажиллах хэрэгтэй. Хэн ч бай бүгд л Монгол Улсын иргэний төлөө ажиллах гээд байгаа шүү дээ. Ерөнхийдөө би жалга дов гэж ярих дургүй. Булган аймгийг хөгжүүлэхийн төлөө, тэнд байх ёстой гэдэг байр суурь надад бий. Тэр байр сууриараа Булган аймгийн төлөө явж байгаа гэж ойлгодог. Түүнээс Булган аймгаас өнөөдрийн байдлаар тийм гишүүн сонгогдохоор илүү хөгжинө гэсэн ойлголт байхгүй.
Гагцхүү ажлаа зөв зохицуулаад, зөв бодлогоо бариад явах юм бол ганц гишүүн байна уу, хоёр гишүүн байна уу хамаа алга.
Тэртэй тэргүй Засгийн газар дээр гарч байгаа шийд төсвийн хуваарилалт, хөрөнгө оруулалтын бодлогыг сум, баг, аймаг нь гишүүнээрээ дамжаад орж ирдэг. Энэ нь улс орноо хөгжүүлэхийн хажуугаар аймгаа яаж хөгжүүлэх вэ гэдэг дээр тулгуурлана. Тийм болохоор сонгуулийн тогтолцооны хувьд төлөөлөл багаслаа гэхгүй. Харин ч эсрэгээр нь нийслэлд нэмэгдсэн квот дээр эмэгтэйчүүдээ нэр дэвшүүлье гэж бодож байна.
-Үнэндээ Булган аймаг хоёр мандаттай байсан ч хөгжлийнхөө хувьд жаахан хоцрогдоод байгаа шүү дээ. Тэгэхээр чанарын ялгаагүй юм биш үү?
-Булган аймгийг хөгжиж чадаагүй гэдгийг юугаараа илэрхийлэх гээд байгаа юм бэ. Харин ч буруу ойлголттой байна. Өнөөдөр Булган аймаг хамгийн сайн дэд бүтцийн хөгжилтэй. Урд, хойд талаараа хар замтай. Эрчим хүч холбогдоогүй сум, баг бараг байхгүй. Булган аймгийн хөгжлийг урагшаа гаргахад завсарлуулсан нь Эгийн голын цахилгаан станцын асуудал. Эгийн голын цахилгаан станц баригдахад Монгол Улсад хэрэгцээтэй Эрчим хүчний нөөц, усан сантай болно. Харамсалтай нь барьж байгуулах шийд нь улстөрчдөөс шалтгаалаад хойшлогдсон. Тэр хавийн оршин суугчид усан сан байгуулахаар газарт орчих гээд иргэд маань дэд бүтцийн хувьд холболтгүй байсан. Асуудлыг энэ жилээс би шийдэж өглөө. Тэгэхээр манай аймаг дэд бүтцээрээ хоцроогүй гэж ойлгож болно.
-Үүнээс гадна Булган аймаг хөгжиж чадахгүй байна гэдэг үгийг та нэг бус удаа хэлсэн байх аа?
-Хоёр, гурван ч удаа ярьсан. Тэгж хэлсэн нь угтаа ажлын байр ихтэй, хөрөнгө санхүүгийн хувьд жаахан чадварлаг байгаа Орхон аймгийн хажууд манай аймгийн хөгжил саарсан гэж хэлсэн. Түүнээс хөгжиж чадаагүй гэж яриагүй. Магадгүй сургууль, цэцэрлэг,  чанартай үйлчилгээ нь соёл урлаг, спортын үйлчилгээгээ дагачихсан. Тэр утгаараа бид төвлөрөл гэдгийг яаж сааруулах вэ гэдэг асуудал гарч ирсэн. Зарим нь соёлын төв барих хэрэг байна уу гэх л байх. Уучлаарай, тэнд таван хүн байсан ч соёлын төв байх л ёстой. Өнөөдөр Монгол Улсын иргэн хэдэн хүн байсан ч төрийн үйлчилгээг авч байх ёстой. Тийм хэмжээнд бид хөрөнгө оруулалтаа бодох хэрэгтэй. Орон нутгаас нийслэлд төвлөрлийг ихэсгэлээ гэдэг. Хэрвээ орон нутагт тав тухыг нь бий болгочихвол их нүүдэл багасна. Эрүүл мэндээрээ тоглох дуртай хэн байх юм бэ.
-Гэхдээ орон нутагт иргэдийн тав тухыг хангана гээд бөхийв дэвжээ байгуулахыг хэлээгүй юм байгаа биз дээ?
-Яагаад орон нутагт бөхийн дэвжээ байгуулж болохгүй гэж.
-Энэ тал дээр шүүмжлэлтэй хандмаар санагдлаа. Тэгж мөнгө үрж байснаас дорвитой бүтээн байгуулалтад зарцуулж болоогүй юм уу. Монголчууд өсөх наснаасаа л зүлгэн дээрээ барилдаад сурчихсан. Орон нутгийн хувьд хэтэрхий хөрөнгө зарсан ажил биш үү?
-Яагаад Улаанбаатарт спорт клубүүд байгаад хөдөө орон нутагт байж болохгүй гэж. Ингэж шүүмжлэлтэй хандаж байвал тэр хүн өөрөө гажиг юм. Бүтээн байгуулалтын хувьд чамлахааргүй зүйл хийсэн. Булган аймаг өөрөө өөрөөрөө эргэлтэд орсон циклтэй, хөгжлийн бодлоготой байх ёстой. Өнөөдөр хүнд үйлдвэрүүд бий болгохгүйгээр хүнсний, аялал жуулчлал, үйлчилгээний салбар, хөдөө аж ахуй дээрээ тулгуурласан хөгжлийн гарцыг бий болгож болно. Ажлын байрууд хичнээн мянгаараа гарах вэ. Тэгээд бүтээгдэхүүнээ сум сумаар нь боловсруулах бололцоо бий. Нутгийн зөвлөл ийм л ажил хийж байна. Миний хувьд орон нутагтаа хийсэн голлох хөрөнгө оруулалт нь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг байгуулсан явдал. Нийгэмд ажлын байрны зар хичнээн их байгаа боловч ажилд нь тэнцэх хүн байхгүй боллоо. Энэ бүхэн боловсон хүчнээ бэлдэж чадаагүй төрийн бодлого  алдагдсаны  буруу.
Ажилгүй залуучуудад мэргэжил олгоод, боловсрол, мэргэжил, чадвартай боловсон хүчин болгоход алдаа гаргасан.
Бодлогоор төр алдсан. Үүнийг Булган аймагт засъя гэж хийсэн миний зүтгэл дахин хэлэхэд МСҮТ-ийг байгуулсан явдал. Өнөөдөр хөдөө аж ахуй, газар тариалан дээр тулгуурлаад хосолсон тэр хэмжээний шинэ технологийг эзэмшсэн боловсон хүчин байхгүй. Тэр боловсон хүчинг бэлдэж өгч байна. Өнөөдөр Булган  аймгийн МСҮТ-д Хөвсгөл, Орхон, Архангайгаас хүүхдүүд ирж суралцаж байна гэдэг зөвхөн манай аймгийн  хөгжил биш тэр бүсийн  хөгжлийг бид тодорхойлж чадаж байгаагийн илэрхийлэл шүү дээ.
-Таны хувьд тийм байдаг юм байна. Тэгвэл хөдөөнөөс сонгогдсон гишүүд олонхоороо түрий барьж «Монгол мал» хөтөлбөрийг батлуулсан. Өдгөө олигтой хийсэн ажилгүй мөнгө үрэгдүүлсэн газар л боллоо?
-Санаачлаад ажил хэрэг болгож байгаа хүний хувьд «Монгол мал» хөтөлбөр маш сайн ажил болсон. Монгол мал» хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлж байгаа хүмүүс зөв зохицуулалтыг хийх үүрэгтэй. «Монгол мал» хөтөлбөрийн тухайд гүн гүнзгий бодож чадахгүй байгаа бол үүний талаар битгий шүүмжилж ярь л даа. Ойлгодог хүмүүс нь ажил болгох гээд үзье. УИХ-аас баталсан «Монгол мал» хөтөлбөр өнөөдөр махны төрлийн үхэр сүргийг бий болгоё гэсэн бодлого гар гаад явж байна.
Энэ цөм сүргүүдэд тулгуурлаад мал аж ахуйг хөгжүүлнэ.
Манай аймгийн хонд талын сумд Сэлэнгэ мөрнөө дагаад маш сайхан тариалангийн бүстэй. Энэ тариалангийн бүсэд мал аж ахуй яаж хөгжих юм бэ. Тэнд мал ахуй фермийн аж ахуйгаар явах ёстой. Урагшаа уламжлалт арга барилаар бэлчээрийн аргаар, голд нь аль алийг нь хослуулна гэх жишээгээр. Энэ бүхэнд ажлын байр бий болж, бүгд түүхий эдээ борлуулдаг биржийг улсын бодлогоор зохицуулаад зөв газар нь тавиад явах хэрэгтэй. Ер нь тэгээд ч УИХ-ын гишүүд ажлаа хийгээд  хөрөнгө оруулж л байдаг. Гагцхүү зангидах гол газар нь нутгийн зөвлөл. Тэр ч утгаараа сүүлийн үед нут гийн зөвлөлийг Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл гэж ярьдгаа болих  цаг  болсон. Бид улсын хэмжээнд байгаа булганчууд нутаг руугаа яаж зөв харах юм бэ гэдгээ тодорхойлж,нутгийн зөвлөлийн бүтцийн асуудлыг өөрчилдөг юм уу гэсэн бас бодол байна. Нутаг орныхоо нэрийг гаргаж байгаа хүмүүс нь ажил,мэргэжил,бусад чадвараараа бүх юмаа дайчилж дэмжлэг үзүүлээсэй. Нутгийн зөвлөл гэдэг сайн дурын байгууллага биш. Дэмжлэг авдаг байгууллага болгох юмсан гэдэг бодолтой байна.
-Нутгийн зөвлөлийн дотоод зохион байгуулалтад өөрчлөлт хийе гэж ярилаа. Гэтэл нутгийн зөвлөл нэрийн дор нэр дэвших сонирхолтой улстөрчид шургалчихдаг. Энэ байдлыг хэрхэх вэ. Жишээ нь БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр чамлахааргүй хөрөнгө оруулалтыг Булганд хийх болжээ. Олны яриагаар нэр Булган аймгаас нэр дэвшинэ л гэнэ?
-Ерөөсөө л Булган аймгийн нутгийн зөвлөл сайн ажиллаад байгаатай холбоотой. БСШУ-ы сайд Ё.Отгонбаярын хувьд нутгийн зөвлөлийн боловсрол хариуцсан дэд дарга шүү дээ. Ё.Отгонбаяр нэр дэвшихгүй байлгүй дээ.
-Энэ таны л бодол. Гэхдээ боловсролын салбарын хөрөнгө оруулалт танай аймаг руу түлхүү хэрэгжих болсон нь үнэн биз дээ?
-Булган аймагт хөрөнгө оруулалт ихээр хийгдэж байгаа нь сайн байна шүү дээ. Сонгогдсон гишүүд нь ч төсөвт сайн тусгуулдаг. Бас орон нутагт юу шаардлагатай байгаа талаар нутгийн зөвлөлөөс зааварчилгаа авдаг. Нутаг руугаа хөрөнгө оруулалтыг зөв хуваарилдаг.Гарсан төсвийн багцаас сайд нар хөрөнгө оруулалт хийлгэдэг.Хардлагын гажиг тогтолцоо биднээс салахгүй юм. Бод л доо.Дурын нэг сайд төрийн мөнгөөр өөрийнхөө PR-ыг хийж байна гэж хардаж яриад байх юм.Эсвэл ирэх сонгуульд Ё.Отгонбаяр сайд нэр дэвшинэ гэж хэлсэн юм уу. хувьдаа тэгж хэлээгүй байх гэж бодож байна. Тэгээд ч энэ бүх бүтээн босголт энэ тэр чинь дурын сайдын өөрийнх нь хийж байгаа ажил биш. Татвар төлөгчдийн мөнгөөр төрөөс хийж байгаа ажил гэдгийг ялгаж, салгах хэрэгтэй.
-Сайдын хийж байгаа гэдгээр иргэдэд ойлгогдоод байгаа юм биш үү. Тийм тайлбар дагалдаад байна?
-Хэн тэгж тайлбарлаад байгаа юм бэ. Өнөөдөр УИХ төсөв баталдаг. Баталсан төсвийг нь аваачиж сайд багцаар нь тарааж үйл ажиллагаа явдаг юм. Хөрөнгө оруулалт хийнэ. Зардлыг нь гаргана. Ийм л процесс гэдгийг захын хүн мэднэ.
-Өнөөдөртөө таны байр суурь гэж ойлгож болох уу. Гэхдээ л шинэ Сонгуулийн хуулиар Булганд нэлээд өрсөлдөөн дагуулна даа?
-Би тэгж харахгүй байна.
-Яагаад?
-Одоо хоёр гишүүн байхад гурав дахь хүн өрсөлдөнө гэж байхгүй. Хэрвээ нэг мандаттай болсон тохиолдолд хоёр гишүүний нэг нь дэвших болно.
-Намаас шинэ хүнийг дэвшүүлэх ёстой гээд БСШУ-ы сайд Ё.Отгонбаярыг нэр дэвшүүлбэл яах вэ?
-Нам арай ч тийм хувилбар гаргахгүй байх. Хэрвээ тэгвэл Улаанбаатар хотод нэр дэвшсэн нь дээр байлгүй. Энэ олон багш Боловсролын яамны харьяанд байдаг гэдэг утгаараа нэр дэвшвэл илүү. Бод л доо. Булган аймагт хэдэн сургууль байна. Тэгэхээр хаана хичнээн боловсролын салбарын байгууллагууд байна гэдгийн ялгааг эрх биш нам харчхаж чадалгүй дээ.
-БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр нэр дэвших нь бараг л тодорхой юм биш үү?
-Төрийн ажлаа хийж байгааг нь зарим хүн нэр дэвшихийн тулд өөрийнхөө юмыг хийлээ гэдэг манайхны буруу ойлголт нь давамгайлдагтай холбоотой. Үнэн хэрэгтээ тэр бүхэн Булган аймгийн нутгийн зөвлөлөөс явуулсан бодлого ажлыг хийж байгаа төрийн сайд хүн шүү дээ.
-Байнга л Булган аймагт ажиллах юм байна шүү дээ. Орон нутагт анхаарлаа хэтэрхий хандуулаад байгаа юм биш үү?
-Байнга ч гэж болохгүй л дээ. Тэр хүн ажлаа л хийж явна. Өнгөрсөн амралтын өдөр Булган аймагт Спортын ордон нээхэд хамт байсан. Тэгээд Сайхан сумын цэцэрлэгийн нээлтийг хийхээр явсан.
-Булганыхан будлиантай,будаан дээрээ зодоонтой гэдэг.Сонгууль дөхөхөөр нэлээд ширүүхэн зүйл болно доо?
-Миний хувьд хэлдгээ хэлчихлээ. Булганыхан будлиантай ,будаан дээрээ зодоонтой гэдэг үгийг байнга хэрэглэдэгээ болих хэрэгтэй.
Нийтлэлч
Б.Туяацэцэг
Эх сурвалж
Өнөөдөр сонин

No comments:

Post a Comment