УИХ-ын
гишүүн Э.Мөнх-Очиртой ярилцлаа.
-Ирэх
онд төсвийн хөрөнгөөр тойрогтоо ямар хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх гэж байна
вэ. Төсвийн зарцуулалтын саналыг тань харж байхад боловсрол, малын үүлдэр
угсаанд нэлээн анхаарал тавьсан нь харагдаж байсан?
-Энэ жил орон нутагтаа шаардагдаж
байсан хөрөнгө оруулалтыг хийсэн. Зарим нэг гишүүн шиг «надад тэрбум төгрөг
өгчихлөө, яахаа мэдэхгүй байна» гэж гайхаж балай юм ярьж суухгүй. Хэрэв тийм
балай юм бич гээд шаардаад, жагсаалт гаргахаасаа дургүйцээд байвал ядаж Засаг
даргадаа өгөөд тойргийнхоо замыг засуулчихаж болно шүү дээ. Миний хувьд
ХААИС-ийн харъяа МСҮТ-ийн оюутны дотуур байрны эд хогшил, биеийн тамирын заал
шинэчлэлт, сургалтын тоног төхөөрөмжийг сайжруулах, Дашинчилэн, Могод,
Хутаг-Өндөр, Орхон, Сэлэнгэ сумдад цөм сүрэг байгуулахад хөрөнгө хуваарилсан.
Тодорхой жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор сүүний цех гахайн аж ахуйг
аймгийнхаа хэмжээнд гурван сумын дунд байгуулна. Цаашид «Монгол мал»
хөтөлбөрийн хүрээнд үржлийн цөм сүрэг бүрдүүлж, сүргийн бүтцийг сайжруулах
чиглэлд анхаарна. Бодлогоор ингэх хэрэгтэйгээс худаг барих гэснээ больчихлоо
гэж ярьж сууж болохгүй л дээ. Тэгвэл УИХ-ын гишүүн гэж байгаад яах юм бэ.
Тэрний оронд зурагтаа үзээд сууж байх хэрэгтэй шүү дээ.
-«Монгол
мал»хөтөлбөрийг шүүмжилмээр байна. Ингэж улсын хэмжээнд хөтөлбөр хэрэгжүүлэхийн
оронд банкны өрөнд дарагдсан малчдадаа хандсан бодлого явуулж болоогүй юм уу?
-Малчдыг өр ширнээс гаргах асуудлыг
бодоод, бодоод олохгүй байна. Ойлгох ч үгүй байна. Хувь хүн өөрийнхөө амьдралыг
өөрөө л зохицуулах ёстой. Тэр болгон малаа банкны өрөнд тавьчихлаа, ядуурчихлаа
гээд өрнөөс нь чөлөөлөх хэцүү. Үгүй гээд хаяхаар малчдын амьжиргаа алга болчих
гээд байдаг. Энэ асуудал дээр ямар зохицуулалт хэрэгтэйг бодох хэрэгтэй. Жишээ
нь «Булган хөгжил Энэбиш сан»-г аймагтаа байгууллаа. Манай сан малтай, малгүй
нь хамаагүй барьцаагүй төсөл шалгаруулаад бичил бизнес эрхлэх мөнгө өгч орон
нутгийнхаа иргэдийг амьжиргаатай болгох тал дээр анхаардаг. Тэр хугацаанд төсөл
бичиж хөл дээрээ зогссон хүмүүс нь эргээд тэр хөрөнгөө банкны барьцаанд
тавьчихаад, мөнгөө амласан сая 500 мянган төгрөгөөсөө ав гэж хэлдэг ч хүн гарах
юм. Хүн хүнээсээ шалтгаалах юм л даа. Энэ мөнгө эргээд орон нутгийн минь
хөгжилд хэрэгтэй, буцааж төлье гэдэг сэтгэл алга байгаад хамаг учир нь байна.
Тэр бол миний мөнгө биш сангийн, тухайн сумын нутгийн зөвлөлийн ард түмний
мөнгө. Хөршийнхөө идэх хоолыг ганцаараа булаагаад авчихаж байна гэсэн үг.
Хүмүүсийн зан араншин их өөрболж дээ. Зарим нэг нь банканд өр тавьчихаад
сонгуулиар чамайг ялуулсан юм чинь таван сая төгрөг авах эрхтэй гэж хэлж байна.
Гайхахаас өөр яах билээ. Тэглээ гээд тэр хүнийг цагдаад өгөлтэй нь биш.
-Төсвийн
хуулийн хүрээнд «Шинэ Улаанбаатар» хөтөлбөрийг хотын гаралтай хэдэн гишүүд
нэлээн лоббидож оруулсан. Тодорхой ажлын хэсгүүд ч гарсан байгаа. Гэхдээ л
нөгөө асуудал болдог утаатайгаа тэмцэж чадахгүй л байна шүү дээ?
-УИХ-ын даргын тогтоолоор агаарын
бохирдлын асуудлыг шийдвэрлэхтэй холбоотойгоор 10 тэрбум төгрөгийг яаж
зарцуулсныг шалгах ажлын хэсэг гарсан. Тэр дагуу ажиллах явцад бидний хийж
байгаа ажлууд үр дүнгүй, хоорондоо уялдаа холбоогүй, хөрөнгө тарамдсан Тиймээс
л байнгын хороон дээр цаашид өргөн хүрээтэй ажлын хэсэг бий болгох, бусад
байнгын хороод уялдаа холбоотой болгох тал дээр анхаарах хэрэгтэй. Хэдийгээр
тодорхой яамд авчихдаг. Муу нэр нь хот дээр үлддэг. Хэрэгжүүлэх гэхээр мөнгө нь
хотод байдаггүй гэх мэтчилэн асуудлууд байна. Энэ бүхнийг зангиддаг хөрөнгийг
нь оновчтой нэг сувгаа гаргая. Гаргах гаргахдаа зөв төслийг нь барьж аваад ажил
болгоё. Гэр хорооллын хэсгийг үндсээр нь амины орон сууцны хороолол болгож
эрчим хүчний найдвартай эх үүсвэр, төвлөрсөн шугаманд холбож өгөх хэрэгтэй.
Газрыг нь хувьчилъя. Тэр газраа эргэлтэнд оруулахын тулд тухайн иргэн банкнаас
зээл авч амины орон сууцтай болох бололцоотой. Тэгж чадвал энэ утааны асуудал
шийдэгдэнэ. Магадгүй хэцүү амьдралтай ядуу хүмүүс нь ялгараад гарч ирнэ. Тэдний
асуудлыг халамжаар шийдэх үү, зуухыг нь өөрчлөх үү гэдгийг гарган тавих ёстой.
Өнөөдөр халамжийг бид хэтэрхий замбараагүй байдлаар хавтгайруулчихсан. Амины
орон сууцаар хангах асуудал дээр энэ байдал ялгараад гараад ирэх байх гэж
найдаж байна. Нөгөө талаас хоёр хөргөгчтэй, өнгөт телевизортой айл ядуу гэж
халамжийн гурил будаа нэхээд сууж байгааг юу ч гэмээр юм бэ дээ.
-Таныг
хотын менежер банкад хотын хөрөнгө оруулалт нэлээн хасагдаж бүтээн байгуулалт
хумигдсан гэж ярьдаг юм билээ?
-Хотын менежерийн ажлыг дөрөвхөн сар
хийсэн. Энэ хугацаанд ийм хөрөнгийг зарцуулахгүй гээд Сангийн яаманд буцаагаад
өгч байсан төслүүд олон бий. Тэр үед ганц ч зураг төсөл хийгдээгүй, үр дун нь
эргэлзээтэй олон төсөл хийж байсан. Хотын хөрөнгө оруулалтыг зогсоолоо гэдэг
шүүмж хүртэж байсан ч харахад хожсон байна шүү дээ. Үнэн хэрэг дээрээ миний
буцаасан гэгдэх төслүүд сайжирч дахин орж ирж ажил хэрэг болж л байна. Миний
үед орж ирсэн нүхэн гарц зураггүй байсан. Энэ жил сайжраад бүтээн байгуулалт
хийгдсэн байна шүү дээ. Ажлын үр дүнг удирдах шатны хүн сайн харж байж шийдэх
хэрэгтэй. Хамгийн гол нь аливаа ажил уялдаа холбоотой л байхгүй бол болохгүй.
-Сүүлийн
үед намынхаа генсектэй нударга зөрүүлсэн талаар сонин хэвлэлээр их бичих
боллоо. Үнэхээр тийм зүйл болсон уу. Энэ асуудалд тайлбар хийх цаг нь хэдийн
болсон гэж бодож байна?
-Миний хувьд хүний урманд бусдад гар
хүрч үзээгүй шүү дээ. Гэтэл хэвлэл мэдээллийнхэнд бичих сэдэв байдаггүй юм уу,
хаашаа юм бэ. Цаана чинь бичих сэдэв маш их байна. Яг үнэнийг хэлэхэд УИХ-ын
гишүүн Э.Мөнх-Очирыг У.Хүрэлсүхтэй шанаадалцлаа гээд биччихээр л манай өрөөгөөр
сэтгүүлчид шавдаг болохоос бусад үед нь тоодоггүй шүү дээ. Нийгмийн болж
бүтэхгүй, амьдралын хар бараан зүйлүүдийг яагаад олон түмэнд ил болгож бичихгүй
байгаа юм бэ.
-Гэхдээ
тэр маргаан яг юунаас болсон юм бэ. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас болсон гээд
байгаа?
-Нам доторх залуучуудын байгууллагын
үзэл бодлын зөрүүнээс болж үүссэн арван хэдэн жилийн өмнөөс үүдэлтэй маргаан
сэдэрсэн юм. Тэгээд ч маргаан Ж.Энхбаяраас биш, УИХ-ын дэд даргаас л болсон.
Зарчмын асуудал дээр санал зөрөлдсөн юм. Дахин хэлэхэд бидний дунд ямар ч
зодоон болоогүй ээ.
2009 оны 12-р сарын 18, Баасан гариг
Өглөөний сонин
No comments:
Post a Comment