Sunday, 29 April 2012

Г.Занданшатар: Транзит тээвэрт хөнгөлөлт үзүүлэх хүсэлтийг Вэнь Зябао даргын айлчлалаар дахин хөндөнө


БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнъ Зябао маргааш манай улсад айлчлахаар ирнэ. Энэ айлчлалтай холбогдуулан Гадаад харилцааны сайд Г.Занданшатараас зарим асуултад хариу авлаа.
-Вэнь Зябао даргын айлчлал маргааш эхлэх гэж байна. Засгийн газар энэ айлчлалаас ямар үр дүн хүлээж байгаа вэ?
-Ерөнхий сайд С.Батболдын урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао зургадугаар сарын 1, 2-нд манай улсад албан ёсны айлчлал хийх юм. Уг айлчлал БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын 16 жилийн дараа Монгол Улсад хийж байгаа айлчлал гэдгээрээ онцлогтой. Тиймээс ч манай тал энэ айлчлалд өндөр ач холбогдол өгч байна. Монгол, Хятадын хооронд уламжлал болж тогтсон дээд, өндөр хэмжээний айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг хадгалахад зохих хувь нэмэр болох нь эргэлзээгүй. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлвийн талаар болон хамтын ажиллагааны асуудлыг хөндөнө. Тухайлбал дээд, өндөр хэмжээнд хэлэлцэж тохирсон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны зарим асуудлыг ажил хэрэг болгох, олон улсын болон бүс нутгийн харилцааны асуудлаар санал солилцох болно. Түүнчлэн айлчлалын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн арав орчим гэрээ, хэлэлцээр байгуулна. Ерөнхийд нь дүгнэж хэлбэл, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал нь Монгол, Хятадын харил-цаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, эдүгээ хүртэл ярилцаж байгаа хамтын ажиллагааны төсөл, арга хэмжээг ажил хэрэг болгоход чиглэгдэнэ.
-БНХАУ манайд далайд гарцгүй орны хөнгөлөлт эдлүүлдэг үү. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр энэ асуудал хөндөгдөж байсан. Вэнь Зябао даргын айлчлалын үеэр эцэслэх үү?
-Далайд гарцгүй манай орны хувьд транзит тээврийн асуудал нэн чухал юм. Бид хоёр хөршөөрөө дамжин далайд гардаг. Иймд манай тал БНХАУ, ОХУ-тай дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээрийг байгуулахаар яриа, хэлэлцээ хийж байна. Монголын тал дээд, өндөр хэмжээний айлчлалын үеэр Хятадын нутаг дэвсгэрээр хийж буй транзит тээвэрт Хятадын талаас хөнгөлөлт үзүүлэх, түүнчлэн далайд гарах боомтын тоог нэмэгдүүлэх талаар хүсэлт тавьж байна. Хятадын тал энэ асуудалд нааштайгаар хандаж, холбогдох яриа хэлэлцээг идэвхтэй явуулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Хятадын Ерөнхий сайдын айлчлалын үеэр манай талаас энэ асуудлыг дахин хөндөхөөр төлөвлөж байгаа.
-Хоёр орны гадаад худалдаа ямар төвшинд байгаа вэ?
-Хятад улс манай худалдааны хамгийн том түнш. 2009 онд хоёр орны худалдааны эргэлт 1.92 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнээс экспорт 1.39 тэрбум ам.доллар, импорт 531 сая ам.доллар болсон байна. Энэ нь манай улсын экспортын 73, импортын 24 хувийг эзэлж байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа эдийн засаг, нийгмийн бүхий л салбарыг хамран амжилттай хөгжиж ирлээ. Үүнийг илтгэх олон тоо баримтыг дурдаж болно. Энэ хугацаанд хоёр талын хоорондын худалдааны хэмжээ 19 дахин, үүний дотор манайхаас гаргаж буй экспортын хэмжээ 18 дахин, БНХАУ-аас авч буй импортын хэмжээ 21 дахин нэмэгдсэн байна. БНХАУ-аас Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалт сүүлийн найман жилийн турш бусад орныг тэргүүлж байна. 2009 оны байдлаар БНХАУ-ын 2.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай 4927 аж ахуйн нэгж бүртгэгджээ. Хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн дөрвөн жилд 3.7 дахин, хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийн тоо дөрөв дахин нэмэгджээ.
-Уул уурхайн томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай зэрэгцэн худалдааны салбар өргөжих нь тодорхой байна. Энэ салбарт хамтарч ажиллах талаар ямар нэгэн асуудал хөндөгдөж байгаа юу?
-Уул уурхайн томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдон хоёр талын хоорондын худалдааны хэмжээ нэмэгдэх нь гарцаагүй. Иймд худалдааны нөхцөлийг сайжруулж, тарифын болон тарифын бус хориг саадыг багасгах чиглэлээр бид үргэлжлүүлэн ажиллах ёстой. "Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрт худалдааны түнш орнуудтай чөлөөт худалдаа, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах зорилт тусгагдсан бөгөөд энэ нь экспортыг дэмжих, худалдаан дахь тарифын болон тарифын бус саад тотгорыг багасгах, далайд гарцгүй байдлаас үүдэлтэй үр дагаврыг саармагжуулах, далайд гарах гарц эрэлхийлэхэд чухал ач холбогдолтой. Аливаа чөлөөт худалдааны хэлэлцээр нь оролцогч талуудын нарийн судалгаа, харилцан тохиролцоо, хэлэлцээний үр дүнд бий болдог баримт бичиг. Энэ утгаараа нарийн судалгаа хийгээгүй нөхцөлд аль нэгэн оронтой ийм хэлэлцээр байгуулах нь ашигтай, ашиггүйн талаар ярих нь учир дутагдалтай юм. Тухайн чөлөөт худалдааны хэлэлцээрт хамааруулах бараа, бүтээгдэхүүний жагсаалт болон үйлчилж эхлэх хугацааг ч талууд хэлэлцээний явцад тохирох учиртай. Иймээс чөлөөт худалдааны хэлэлцээр нь бүх барааны тарифыг гарын үсэг зурсан цагаас шууд тэглэх ойлголт бас биш юм. Манай тал хэлэлцээр байгуулах боломжийг тус тусдаа судлан дүгнэлт гаргах нь зүйтэй гэсэн байр суурь баримталж байна.
-БНХАУ-аар дамжин далайд гарахдаа бид ямар хөнгөлөлт эдэлж байгаа вэ?
-Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд байгуулагдсан Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрт чөлөөтэй дамжин өнгөрөх тээврийн тухай оруулсан заалтаас өөр олон улсын хэмжээнд дагаж мөрдөх далайд гарцгүй оронд олгох хөнгөлөлттэй холбогдсон хууль эрх зүйн орчин байдаг-гүй. Өөрөөр хэлбэл, далайд гарцгүй орон гэдэг үндэслэлээр хоёр хөрш орны зүгээс манай гадаад худалдаа болон олон улсын тээвэрт тусгайлсан хөнгөлөлт үзүүлдэггүй.
-Таны Хойд Солонгост хийсэн айлчлалын үеэр далайд гарах шинэ гарцын талаар хөндөгдсөн. БНХАУ-ын тал энэ асуудалд ямар нэгэн байр суурь илэрхийлсэн үү.
-БНАСАУ-д айлчлах үеэрээ би далайд гарах шинэ гарцын талаар Хойд Солонгосын талтай ярилцаж, газар дээр нь очиж танилцсан. Хятадын талтай далайд гарах гарцыг нэмэгдүүлэх асуудлаар өндөр, дээд хэмжээний уулзалтын үеэр хөндөж ярьсан, Хятадын тал ч энэ асуудлаар үргэлжлүүлэн ярилцахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Саяхан манай Ерөнхийлөгч БНХАУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд Хятадын Жилийн мужид зочилж, энэ асуудлыг судалсан. Далайд гарах гарц, боломжийг нэмэгдүүлэх бас нэг оновчтой хувилбар гэж үзэж байна.
-Хоёр орны хооронд ялтан шилжүүлэх хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгаа. Вэнь Зябао даргын айлчлалын хүрээнд хөндөгдөх үү?
-Ялтан шилжүүлэх хэлэлцээ байгуулахаар хоёр тал хамтран ажиллаж яриа, хэлэлцээ явагдаж байна. Манай талаас анх уг гэрээний төслийг гардуулсан бөгөөд одоогоор Хятадын тал хариу төслөө ирүүлээгүй байна. Гэхдээ энэ чиглэлийн хамтын ажиллагаа нэгэнт явагдаж эхэлсэн гэж хэлж болно. Хоёр талын хэлэлцээ байгуулагдаагүй ч гэсэн манай тал Хятадад ял эдэлж буй иргэдээ шилжүүлэн авах алхмаа хийж эхэлсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Өнгөрсөн оны аравдугаар сард анхны хүнийг шилжүүлэн авсан бөгөөд тухайн үед хэвлэл мэдээллээр гарч байсан. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн айлчлалын үеэр манай талаас дээрх гэрээг байгуулах асуудлыг хөндөж ярихаар төлөвлөж байгаа.
Н.Энх
2010 оны 5-р сарын 31, Даваа гариг
Vip76

No comments:

Post a Comment