Monday, 30 April 2012

Э.Мөнх-Очир: Ажил дөнгөж эхэлж байхад улайран эсэргүүцээд байх нь зохимжгүй биз дээ


УИХ-ын гишүүн Э.Мөнх- Очиртой уулзаж ярилцлаа.
-Та хамтарсан Засгийн газрын бэлтгэлийг хангах МАХН-ын ажлын хэсгийн гишүүн. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн ямархуу байдлаар байгуулагдах нь вэ?
-Ажлын хэсэг дээр одоогоор бүтэц, бүрэлдэхүүний тухай албан ёсоор ярьж эхлээгүй. Гагцхүү Засгийн газрын зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлд ажиллаж байна. Ерөнхийдөө ганц хоёр тоон дээр л ярилцах үлдсэн. Хоёр намын мөрийн хөтөлбөр дээр ажиллаж буй учраас ойлголцох, нэгдэх асуудал байна. Хувь хүний хувьд Засгийн газрын бүтэц данхар байхыг хүлээн зөвшөөрмөөргүй байгаа юм. Үнэхээр хөгжлийн төлөө явж буй бол төрийн механизмүүд хүчтэй ажиллах шаардлагатай. Бидэнд асуудал их бий. Гагцхүү салбар бүрт цомхон, чадварлаг боловсон хүчинтэй л байх нь чухал. Түүнээс бус яамны олон, цөөн нь асуудал бус. Харин ч дэд бүтэц гэж данхайлгаж байхаар эрчим хүч, аялал жуулчлал гэж салгаж чиглэл бүрээр нь ажиллуулах хэрэгтэй. Зам тээврийн салбарын дараа аялал жуулчлалыг тавиад байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ аялал жуулчлалаа дагаад зам тээвэр хөгжих хамааралтай. Дэлхийн олон оронд аялал жуучлалын салбараас олох орлого дотоодын нийт бүтээгдэхүүний жин дарах хэсгийг бүрдүүлдэг. Улаанбаатар хотод эрчим хүчний асуудал ямар байгаа билээ. Мөн нөхөн сэргээгдэх болон цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар ярьж байна. Тиймээс хөгжлийн амин судас болсон асуудлыг шийдэхийн тулд, салбар бүрээр нь бодлогыг хэрэгжүүлэхийн тулд ийм яамдууд байхыг үгүйсгэхгүй. Харин Хууль зүй, дотоод хэргийн яамны хууль зүйн чиглэлийн асуудлыг тусад нь салгаж, Ерөнхий сайдын дэргэд хуулийн асуудал хариуцсан агентлаг байгуулж болно. Дотоод хэргийн яам бол чухал. Хүчний байгууллагуудын төлөвшил бол чухал. Өнгөрсөн долдугаар сарын 1-ний үйл явдал хүчний байгууллагын үйл ажиллагаа ямар төвшинд байгааг харууллаа. Тиймээс төрийн бодлогоор хүчний байгууллагуудын үйл ажиллагааг дэмжихийн тулд Дотоод хэргийн яам байгуулан ажиллах илүү оновчтой болов уу.
-Тэгэхээр дээрх ажлыг төрийн бодлогын Xэмжээнд хэрэгжүүлэхэд яамдын тоо нэмэгдэх нь ээ дээ?
-Тодорхой хэмжээгээр нэмэгдэхээс аргагүй. Шадар сайдын тоо нэмэгдэнэ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын тоог ч нэмэх тухай ярьж байгаа. Зөвхөн нам дотроо л санал солилцож байна. Миний хувьд хэрэг эрхлэх газрын даргыг нэмэх шаардлагагүй гэж бодож байна.
-Шадар сайдын орон тоог нэмэгдүүлэх ямар шаардлага байгаа юм?
-Хамтарсан Засгийн газар байгуулахад хоёр талаас тэнцүү төвшний сайдууд гарч ирнэ л дээ. Эрх мэдлийн тэгш хуваарилалт гэдэг агуулгаар хоёр талаас Шадар сайд байх асуудал яригдаж байгаа. Гэхдээ зөвхөн санал гэдгийг онцлоё. Эцсийн хувилбар биш.
-Хамтарсан Засгийн газрыг байгуулахын эсрэг байр суурьтай хүмүүс манай улсыг одоо үсрэнгүй хөгжлийн босгон дээр ирээгүй хэмээн ярьж байна. Ард түмний амьдрал тээр доор байхад яаж үсэргэх гээд байгаа юм гэх зэргээр ярих юм?
-Эсэргүү зүйл ярьж буй хүмүүс юу ч гэж ухаж төнхөж болно шүү дээ. Ц.Элбэгдорж гишүүн "таван хүн алуулчихлаа, 500 цагдаа зодуулчихлаа" гэж ярьж байна. Цагдаагийн байгууллага буруу зөвийг нь ялгах гээд ажиллаж байна. Гэтэл бурууг хэн нэгэнд чихэх, бүхнийг бараантуулах сонирхол л эсэргүүцэгчдийн толгойд байна. Эсрэг дуугарах цаг гэж бий. Эсрэг дуугарч, нэг юмны төлөө тэмцэж байсан тэмцлийг үргэлжлүүлэн олноороо эвсэж нэгдээд шийдэх гэж байхад бас л эсрэг дуугараад байх нь утгагүй л байхгүй юу. Харин энэ үед цөөнхийн байр суурийг баримтлаад нэг зорилгынхоо төлөө хамтарч ажиллах ёстой. Үйл ажиллагааг шүүмжлэх ёстой, буруу зүйл үүсвэл тэмцэх ёстой. Ажил дөнгөж л эхлэж байхад улайран чичлээд л эсэргүүцээд байх нь зохимжгүй биз дээ.
-Парламентын гаднаас шүүмжлэх амархан. Дотор нь ороод ажиллахаар хүнд гэдэг. Та анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдлоо. Сонгогчдынхоо төлөө нэн тэргүүнд юу хийх гэж байна?
-Би чинь шүүмжлэх, дутагдлыг хайх дуртай хүн шүү дээ. Парламентад сонгогдохын тулд ингэж яваагүй. Шүүмжилнэ, буруу зүйл байвал тэмцэнэ. Гагцхүү шүүмжлэл зөв л байх ёстой гэж боддог. Өөрөөр хэлбэл, шүүмжлэл ажлыг урагшлуулахаас бус хойш чангаахгүй л байх ёстой. УИХ бүрдээд тангаргаа өргөсний дараа гишүүд тойрогтой очдог уламжлалтай. Сая УИХ-д гацаа үүсээд ихэнх гишүүд явж амжаагүй байгаа байх. Миний хувьд амралтын өдрүүдээр хальт очоод ирлээ. Засгийн газар бүрэлдсэний дараа УИХ-ын хэлэлцэх асуудал бол төсвийн тодотгол. Тодотгол хэлэлцэх үеэр ярих юм байгаа. Аймгийн Тамгын газар, захиргаанаас санал авсан. Түүн дээрээ л түшиглэж ярина.
-УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаанд Та ямар хуулийн төслүүд санаачлах вэ?
-Одоохондоо санаанд ганц хоёр асуудал байна. Орон нутгийн сонгуулийн хуулийг эргэж харах хэрэгтэй. Засаг захиргааны нэгж, удирдлагын асуудалд өөрчлөлт хийх хэрэгтэй юм гэж бодож байна. Мөн Галт зэвсгийн тухай хуулийг эргэн харах нь зүйтэй. Долдугаар сарын нэгний үеэр гудамжинд явж буй жирийн иргэд биеэ хамгаалах ямар ч боломжгүй байсан. Энэ үеэр олон хүн бэртгэж гэмтсэн. Тиймээс Галт зэвсгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, хувь хүнд амь нас, эд хөрөнгөө хамгаалах эрхийг нь бүрдүүлж өгөхийн тулд галт зэвсэг ашиглах боломжийг хуульчилж өгөх нь зүйтэй байх.
-Орон нутгийн сонгууль удахгүй болно. Төрийн албан хаагчид сонгуульд өрсөлдөхөд шаардлага өндөр болж байгаа. Та орон нутгийн нэгжид ажиллаж байсан хүний хувьд хуулийн энэ өөрчлөлтөд хэрхэн хандаж байна вэ?
- Энэ заалт бол зөв. Ирэх жилийн нэгдүгээр сарын нэгнээс төрийн албан хаагчид намын харъяалалгүй болж байгаа. Түүнээс гадна Орон нутгийн ИТХ-ыг байнгын ажиллагаатай болгохын тулд хуульчлах хэрэгтэй гэж бодож байна. Ялангуяа нийслэл, аймгийн ИТХ байнгын ажиллагаатай байх нь дээр юм. Харин баг, хороонд ИНХ байх шаардлага байна уу, үгүй юу.
-МАХН-ын зүгээс сайд нараа хэрхэн сонгох тухай намын ажлын хэсэг дээр ярилцсан уу?
-Манай намд боловсон хүчнийг шилж, сонгох, хариуцлага тооцох, дэвшүүлэх журам бий биз дээ. Түүнийгээ л баримтлах ёстой. Хамтарсан Засгийн газарт ажиллаж чадах чадварлаг хүнийг олж томилохоос бус урьд нь ажиллаж байсан, байгаагүй гэх зэрэг өөр шалгуурууд хэрэггүй. Мөн УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн гишүүдийг жилийн дотор төрийн албан тушаалд томилох ёсгүй. Хариуцлага гэж бий. Ерөнхий сайд өөрөө багаа бүрдүүлэх учраас түүний эрх мэдлийн асуудал. Гэвч бид зөвлөж, хэлж ярих ёстой байх.
А.Заяа
2008 оны 9-р сарын 14, Ням гариг
 Vip76

No comments:

Post a Comment