Monday, 30 April 2012

Э.Мөнх-Очир: Бид Засгийн газрын амлалтаар амьдраад байна


УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны уржигдрын хуралдааны үеэр гишүүдэд хандан ширүүхэн үг хэлчихээд гарч явсан. Тэрээр цаашид байнгын хорооны хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдсэн юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очироос тодрууллаа.
-Та яагаад байнгын хорооны хуралдаанд суухгүй байхаар шийдсэн юм бэ?
-Бид Засгийн газрын амлалтаар амьдраад байгаа юм. УИХ-аас Засгийн газарт тодорхой даалгавар өгчихсөн. Гэтэл Засгийн газар тэр даалгавруудын талаар ганц ч хариу өгдөггүй, хийдэг ч үгүй. Тэгэхээр УИХ Засгийн газартай холбоотой асуудлуудаа зогсоогоод хууль тогтоох ажилдаа анхаармаар байна. УИХ Засгийн газартай уралдаад эдийн засгийн асуудлуудыг ярих биш, хууль тогтоох үүрэгтэй. Тийм учраас Засгийн газрын жижиг сажиг асуудлуудыг хэлэлцэж, тэдний үгийг сонсч суух биш хөгжлийн суурь бодлогуудыг нь нэхэх ёстой. Жишээ нь Оюутолгойн нөөцийг 100 хувь баталгаажуулах ёстой. Яг нөөц нь хэдэн тонн юм, Тавантолгойн асуудалд гэхэд 100 хувь ард түмнийх гэж байгаа ч "Дайцику" гэж япон компани дотор нь явж л байдаг, Өмнөговь аймгийн иргэд мөнгө авч л байдаг. Энэ бүхнийг өөрчлөх хэрэгтэй. Өмнөговийнхон мөнгө авч байхад бусад аймгийнхан нь яагаад мөнгө авч болдоггүй юм бэ. Жишээ нь Монгол Улс Эрдэнэтээр тэжээлгэдэг хэрнээ булганчуудад яагаад хувь өгөхгүй байгаа юм. Булган аймгийн нутаг дэвсгэрээс гуйж авчихаад тухайн үедээ юу амласан юм бэ. Төмөр зам татна, дэвжинэ, дэшилнэ л гэсэн. Тэгвэл одоо яагаад ганц нь ч байхгүй байна. Энэ мэтээр жинхэнэ ажил болгох зүйлийг Их хурлын гишүүд ярьж, шаардах болохоос Засгийн газрын амыг харж болохгүй.
-Та тэгэхээр байнгын хорооны хураддаанд цаашид суухгүй гэсэн үг үү?
-Намайг байнгын хорооны хуралдаанд сууж байгаа гэж хүлээж авч болохгүй. Би саналуудаа хэлэхээс биш ирцэд бүртгүүлэхгүй. Ирц бүрдэхгүй байна гишүүнээ хуралдаа суу гэж дуудаж байна лээ. Би ирц бүрдүүлэхийн төлөө гишүүн болоогүй. Би ард түмнийхээ төлөөлөл болж чуулганы танхимд хууль батлалцах ч юм уу, УИХ-ын үндсэн ажилд оролцох гэж энд сууж байгаа юм.

Б.Урам
2011 оны 4-р сарын 14, Пүрэв гариг
Зууны мэдээ сонин

No comments:

Post a Comment