Monday, 30 April 2012

Э.Мөнх-Очир:”Ард түмнээ сонсъё” аяны брэнд нэрийг өмчлөх эрх Н.Алтанхуягт байхгүй


УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очиртой ярилцлаа.
-МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийн томилгоог байнгын хороогоор хэлэлцэх үеэр АН-ынхан улстөрийн албан тушаалтнуудыг нэрсийг дэвшүүллээ гэж шүүмжилсэн. Харин та энэ үеэр тэдэнд тохирох хариултыг өгчихлөө. Аль аль нь ингэж улстөржих шаардлага байна уу?
-Хэн хэнд нь тодорхой баримтлах зарчим гэж байх ёстой. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдэд  улс төрч дэвшүүллээ гэж АН-ынхны ярьж байгаа нь УИХ-ын гишүүн асан Д.Одончимэд, АН-аас Б.Батбаяр хоёрыг хэлсэн бололтой. Мэдээж зөвхөн МАН-ынх гэж цоллохоос илүү үнэхээр тэгж харж байгаа бол. Хэн хэн нь УИХ-ын гишүүн байсан. Мөн төрд сайдаар ажилласан. Тэр утгаар нь АН-ынхны саналыг дэмжиж байна. УИХ-ын гишүүн байсан биз дээ гэдэг утгаар нь ярьсан.
-Түүнээс улстөрийн өнцгөөс нь хараагүй хэрэг үү?
-Намын харьяаллыг харж хэлээгүй. Нэгэнт л АН-ынхан тэгж үзэж байгаа бол бид ч гэсэн тодорхой хариулт өгөх нь зүйн хэрэг биз дээ. Тэгээд ч АН-ын шийдлийг зөв гэж үзэж байна. Яагаад гэвэл ийм зарчим барьж байгаа л бол бүгд түүнийгээ дагах ёстой. Үндсэн зарчмаараа явцгаая л даа. Улстөрчдийг оруулахгүй гэж байгаа бол оруулахгүй байх хэрэгтэй. Нэгэнт л төрийн бус байгууллага олон нийтийн байгууллага гэдэг юм чинь тэр энэ нам гэж улстөржилгүй, бүгдээрээ ойлголцоод дэвших ёстой хүмүүсийг нь оруулж ирэх нь зөв. Түүнээс АН-ынх болохоор Баабарыг дэвшүүлэхгүй гэсэн асуудал огт байхгүй.
-Энэ тэр гэж намын харьяалал ярихгүй ч АН-ынхан хэтэрхий улстөржих боллоо. Сүүлийн жишээ Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга Л.Амарсанаагийн томилгоог мушгин гуйвуулж, мэдэгдэл хүртэл гаргасан. МАН төрийн албаны шал-галт аваагүй хүнийг шууд томилж байгаа нь буруу юм биш үү?
-Төрийн албаны шалгалт үеийн үед янз бүрийн томилгоонд байсаар ирсэн. Шалгалтаар тэнцсэн төрийн албан. хаагч нь тодорхой ажлуудад томилогддог хууль дүрэмтэй. Энэ удаагийн томилгоо ч хууль дүрмийн дагуу болсон. Эмзэглээд, улстөржөөд байх шаардлага алга. Гол нь хүндээ байна уу гэдэг талаас нь АН-ынхан харж, яриад байх шиг байна. Төрийн алба хашиж байсан чадварлаг боловсон хүчин. Өнөөдөр АН ч бай, өөр бусад нам ч бай олонх болсон тохиолдолд намынхаа хүнийг л төрийн албанд томилно.
-Гол нь Л.Амарсанаа гэдэг хүнийг томилсонд биш. МАН сонгуулийг будлиантуулах гэж намын нарийн бичгийн даргаа томилсон нь зохион байгуулалттай үйл ажиллагаа. Тэгэхээр сонгууль дөхсөн үед энэ томилгоо шуудхан улстөрийн өнцгөөс харагдаж байгаа бололтой?
-Харин ч Л.Амарсанаа даргыг энэ албыг цэгцлээд гайгүй болгох юм болов уу гэж харж байна. Яагаад гэвэл Л. Амарсанаа дарга асуудлыг улстөржүүлэхгүй, төрийн ноён нуруутай, аймаг орон нутагт Засаг даргаар ажиллаж байсан хүн. Тиймээс аль нэг нам гэж туйлшрахгүй төрийн хүн гэж үздэг. Тийм учраас төрийн ажлыг зөв тэнцвэртэй явуулна гэдэг үүднээс уг томилгоог хийсэн.
-Төрийн хүн гэж тодорхойллоо. Магадгүй МАН-ын сайн гишүүний хувиар энэ тодорхойлолтыг хэлээд байгаа юм биш үү. Түүнээс шалгарсан төрийн сайн ажилтан гэж хэлээгүй бололтой?
-Сайн ажиллаж чадах чадвар бий гэдэг талаас нь хэлж байна. Тэгээд ажлаа муу хийнэ гэж хэн шүүмжлээд байгаа юм бэ.
-АН-ынхан шүүмжилж байна. Намын Удирдах зөвлөлөөр яригдаад шуудхан томилгоо хийж болохгүй шүү дээ?
-АН-ынхан манай намын нарийн бичгийн даргыг шүүмжлэх нь дурын хэрэг. Бид ч гэсэн тэднийхнийг шүүмжилдэг л байсан. Энэ маргаан төгсөшгүй. Уг албанд хэн ч гарсан чичлүүлж л таарна.
-Ингэхэд МАН яагаад УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийг зэрэг явуулах боломжгүй гэх юм. Нэгэнт Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар ингэж тохирчихоод одоо эргэж буцах ямар шаардлага байгаа юм бэ?
-Үүнийг олон сонгуульд орсон хүмүүс янз янзаар харж байгаа байх. Дийлэнх сонгуульд АН-ынхан ялагддаг учраас зохион байгуулалтаас болоод ялагдаад байна уу гэж байнга ярьдаг шүү дээ, хөөрхийс. Би орон нутгийн болон бусад сонгуулийн бас бус зохион байгуулалтад оролцож байсны хувьд маргаан их гардгийг мэднэ. Тийм болохоор манай намын яриад байгаа үндэслэлүүд бодитой болоод ирнэ.
Үнэхээр АН-ынхан тэгтлээ санаа зовж байгаа л бол орон нутгийн сонгуулийн хуулийг хэлэлцээд, болохгүй зүйлийг нь өөрчилье гэж ярих хэрэгтэй.
Нэгэнт өөрчлөлт хийе гэж байгаа бол шүү дээ. Түүнээс өнөөдөр хоёр сонгуулийг цуг явуулна, үгүй бол бид хуралдаа суухгүй гэх зэрэг асуудал гарахгүй байлгүй дээ. Өөрсдөө ч сайн ойлгож байгаа. Тийм л сүрхий юм бол яаж өөрчлөх юм бэ, тэрийгээ ярь л даа. Болохгүй бол салгахаас өөр арга байхгүй. Хамгийн наад захын жишээ хэлэхэд гадаадад сууж байгаа монголчуудаас яаж орон нутгийн сонгуулийн дүнг нэгэн зэрэг авах юм бэ. Өнөөдөр хаана бүртгэлтэй хэн гэдэг сонгогч гэж үзэх юм бэ. Гэх мэтчилэн зовлонтой асуудлууд бий. Бас цагийн ялгаа байна.
-Өнгөрсөн даваа гарагийн бүлгийн хурлаар танай намын хэсэг гишүүд намаасаа гарах тухайд яриа яригдсан юм уу?
-Тэр талаар сонсоогүй юм байна. Хэвлэлээс уншсан мэдээлэл төдийхөн байна даа.
-Тиймэрхүү зүйл яригдсан гэдгийг гишүүд өөр зуураа ярилцаж байна. Ер нь яагаад ийм байр суурийг танай намын тэр гишүүд илэрхийлэх болсон юм бол?
-Энэ асуултыг ярьсан гэж байгаа хүмүүсээс нь тодруулчих хэрэгтэй. Миний хувьд хэн нэгэнтэй ийм зүйл яриагүй, сонсоогүй байна. Мэдээгүй хүний өмнөөс бодоод, зөв буруу гэж тайлбарлах ямар шаардлага байгаа юм бэ.
-Танай нам дотроо хагаралдаантай байгаагийн нэг илэрхийлэл юм биш үү?
-Тэгж бодохгүй байна. Ер нь аливаа маргаан мэтгэлцээн бол тухайн нам эрүүл байгаагийн нэг илэрхийлэл. Манай нам аливаа шийдвэрийг гаргахдаа олонхоороо ярилцаж, мэтгэлцэж гаргадаг. Маргаан мэтгэлцээн байж л байдаг. Тэгээд ч бүх асуудал бүгдэд зэрэг таалагдана гэж байхгүй.
-Сүүлийн үед МАН хөгшчүүлээ дарах хандлагатай. Зарим хэсгийг нь ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх зэргээр дотооддоо зөрчилдөөнтэй асуудал байгаа юм биш үү?
-Хөгшчүүлийг шахна гэж юу хэлээд байгаа юм бэ. Өнөөдөр жишээ нь намайг нэр дэвшүүлэхгүй гэж ярьж л байна.
-Яагаад?
-Булган аймагт нэр дэвших магадлалтай 10 гаруй хүний нэр яригдахад миний нэр байхгүй байх жишээтэй. Тэгэхээр би өөрийн чинь хэлээд  байгаа шиг тийм хөгшин болчихоод шахагдаад байгаа хэрэг үү.
-Албан ёсны зохион байгуулалттай үйл ажиллагаа биш биз дээ?
-Ямар ч байсан сонгуульд нэр дэвших магадлалтай улстөрчид гэдэг таамаглалд оруулаагүй байна билээ.
-Намын шийдвэр гэж үү. Ингэхэд танай намын үүр хуралдаагүй биз дээ?
-Намын шийдвэр хаана ч гараагүй. Үүрүүд ч хуралдаагүй. Хаа байсан юм бэ, болоогүй. Зай ч байна, лай ч байна.
-УИХ-ын гишүүн Р.Раш МАН-ыг МАХН-тай нэгдэх талаасаа ярилцвал ямар вэ гэж ярьж байсан. Нэгдэх сонирхол танай намын мэр сэр гишүүдэд байгаа бололтой?
-Мэдэхгүй. Би энэ асуудлыг харахдаа МАХН-ынхантай УИХ-ын гишүүн Р.Раш биш өөр хэсэг бүлэг хүмүүс очиж уулзаад байгаа юм биш үү.
-Өөр хүмүүс гэдэгт «Элсний-13» буюу экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын дэмжигчдийг хэлээд байна уу?
-Үгүй ээ. Удирдлагын хэмжээнд юм биш үү.
-Удирдлагын түвшинд гэдгээ тодотгохгүй юу?
-Магадгүй, нэг үзэл бодолтой, цуг явж байсан намууд яагаад сонгуульд эвсэж орж болохгүй гэж. Болно шүү дээ.
-Саяхан хуралдсан Бага хурлаараа танай нам хөгжлийн хөтөлбөр гэж ярилаа. Энэ бол биелшгүй үлгэр хэмээн АН-ынхан егөөдөөд байна. Хөгжлийн мод гэж ярьж байснаа төд удалгүй хүн төвтэй хөгжил гэж яриад эхэлсэн нь ард түмний тархийг угааж байна гэж шүүмжлэл, дагуулаад байна шүү дээ?
-Ард түмний тархийг угаахдаа биш. Монгол Улсын эдийн засаг өдөр ирэх тусам хөгжөөд байна. Тэр тооцоо судалгааг хийж байгаа хүмүүс аль талаас нь хараад шинжлэх ухааны дүн шинжилгээг, нарийн тооцоо судалгааг хийсэн л байж таарна. Гагцхүү хаана очих гээд байна вэ гэдгийг л гүйцэтгэх засаглалд байгаа сайд, дарга нар тооцоо хийж байгаа харж үзэж байгаа. Мэдээж яамдууд манай хөгжил тийм хэмжээнд очих юм гэдэг зүйл яриад байх шиг байна. Тэртэй тэргүй үүнийг хийх л болно. Нэг нам тийм бодлого гаргалаа. Тэр  нь  ингэлээ.  Үсрээд л мянгуужингиин үлгэр гэнэ биз. Яадаг юм бэ. Цагтаа манай аавыг Мянганы зам барина гэж санаачлаад ярьж байхад тухайн үед юу гэж байлаа. Мянгуужингийн үлгэр гэж хичнээн баалсан билээ дээ.
-Сонгуулийн шоу гэдгийг хүлээн зөвшөөрөх үү?
-Сонгууль бүхэн шоу шүү дээ. Шоу бүхний цаана аливаа нэг бодлыг ард түмэнд зөв болгох гэж явдаг. Гагцхүү тэрийгээ хэрэгжүүлж чадах уу, үгүй юу гэдэг л чухал. МАН өдий хүртэл хэдэн арван жил ярьсан зүйлээ хэрэгжүүлээд явж ирснийг ард түмэн сайн мэднэ. Тэр утгаараа хөгжлийн хөтөлбөрийг МАН хийж чадна. Хийнэ гэж зорилтоо дэвшүүллээ. Дэвшүүлж байгаа байгаа зүйлсийг нь ард түмэн тунгааж шүүх хэрэгтэй. Тэгээд улс орныг ингэж хөгжүүлэхийг зорих нь зөв үү үгүй юу гэдэг шийдвэрт ард түмэн сонголтоо хийнэ. МАН-ыг энэ бүхнийг хийж хэрэгжүүлж чадна гээд дэмжих юм бол бид хүчээ нэгтгээд хийнэ шүү дээ.
-АН-ынхан МАН-ыг «Ард түмнээ сонсъё» аяныг өөрсдөөсөө хуулбарласан ч гэдэг. Өөрөөр хэлбэл МАН дандаа АН-ын хийж байгаа үйл ажиллагааг хуулбарлаж, нэрийг нь өөрчилдөг гэдгийг юу гэх үү?
-Харин хэн нь хуулбарладаг байж болох вэ. «Ард түмнээ сонсъё» гэдэг аяныг зохион байгуулж, 21 аймгаар уриалга гаргаад явж байхад ар хударгаар нь АН-ын дарга Н.Алтанхуяг Оюуны өмчийн газарт очоод «Ард түмнээ сонсох аян»-ыг өөрийнхөө нэр дээр бүртгүүлчихсэн явж байна. Тэгэхээр юу гэж ойлгож болох уу.
-Яагаад. Та түүнийг нь нотлох юм уу?
-Тийм баримт бий. Тэгэхээр хэн нь хуулаад хэн нь хэнийхээ араас яваад байгаа юм бол. Үүнийг ялгаж салгах л хэрэгтэй. Хамтарсан Засгийн газарт Тэргүүн шадар сайд байсан хүн иргэний бүртгэл мэдээллийн газрыг хариуцаж байхдаа МАН-ын «Ард түмнээ сонсох аян»-ы брэнд нэрийг авсан байна шүү дээ. Хэн нь шударга, хэн нь шударга биш вэ гэж ярих нь сонин болж ирж байгаа биз.
-Тэгэхээр АН-ын ҮЗХ-ны гишүүдийн гаргасан мэдэгдлээр бол МАН сонгууль будлиантуулах биш АН-д боломж байсан байна шүү дээ?
-Байлгүй яах вэ.
-Танай намыг хардах утгагүй биз дээ?
-Тэртэй тэргүй энэ бол Засгийн газрын бүтцийн байгууллага. Хүссэн мэдээллээ авах боломж өч төчнөөн байж л байлаа. Гэнэтхэн өнөөдөр нойрноосоо сэрчихээд бахирч гарах юм. Инээдтэй л байхгүй юу. Харин ч тэгж их хардаад байгаа юм бол АН-ын дарга Н.Алтанхуягаас ямар учраас тэр нэрийг өөрийнхөө нэр дээр бүртгүүлж авсан юм бэ гэдгийг асуух хэрэгтэй.
Нийтлэлч
Б.Туяацэцэг
Эх сурвалж
Өглөөний сонин

No comments:

Post a Comment