Sunday, 29 April 2012

Г.Занданшатар: Цөмийн хаягдлын талаар яриа хэлэлцээр хийгээгүй



Гадаад харилцааны сайд Г.Занданшатараас цаг үеийн зарим асуудлын талаар тодрууллаа.
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг Английн тал Германд шилжүүлэх болсонтой холбоотойгоор түүний өмгөөлөгчдийн багт өөрчлөлт оруулахаар ярьж байсан. Багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон уу?
-Өмгөөллийн баг солигдоно. Германы хууль эрхзүйгээр мэргэшсэн өмгөөлөгчид ажиллах шаардлагатай.
-Дараагийн шатанд чухам аль шүүхэд хандах нь тодорхой болсон уу?
-Засгийн газрын ажлын хэсэг ажиллаж байгаа. Албан ёсны мэдээлэл өгөх боломж алга.
-Б.Хурцын хэрэгтэй холбоотойгоор өмгөөллийн болон бусад зүйлст хэдий хэмжээний зардал гаргаад байгаа вэ?
-Одоогоор энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй.
-Цөмийн хаягдлыг Монголд булшлах талаарх тодорхойгүй мэдээлэл сүүлийн үед газар авч байна. Гадаад харилцааны сайдын хувьд энэ тухайд юу хэлэх вэ?
-Үүнтэй  холбогдох  асуудлыг Цөмийн энергийн агентлаг судлан холбогдох яамдын саналыг авч Засгийн газрын хуралдаанаас дэмжвэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулна. Ингээд УИХ-аар хэлэлцсэний эцэст эцсийн шийдвэр, байр суурь тодорхой болно.
Үүний тулд эдийн засаг, улстөр, нийгэм, байгаль орчны асуудлыг бүхэлд нь хамарсан цогц дүгнэлт гарах ёстой.
Гэхдээ энэ асуудлаар ямар нэг яриа хэлэлцээр яваагүй учраас тэдгээр мэдээлэл үндэслэл багатай. Магадгүй судлаачдын төвшинд ийм төрлийн судалгааны ажил байхыг үгүйсгэхгүй.
-Гадны хэвлэл мэдээллээс улбаатай эдгээр мэдээлэлд манай тал албан ёсны байр суурь илэрхийлсэн үү?
-Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор яамнаас холбогдох газруудад "Монгол Улсын хууль тогтоомжоор ийм үйл ажиллагаа явуулах бололцоо  байхгүй"  гэдгийг захидал  бичгээр хүргүүлсэн. АНУ-ын Эрчим хүчний дэд сайд, Японы холбогдох газруудад захидлыг албан ёсоор хүргүүлсэн. Манай талаас илэрхийлсэн албан ёсны байр суурь ийм байна.
Нийтлэлч
Б.Уран
Эх сурвалж
Монголын мэдээ
2011 оны 8-р сарын 11, Пүрэв гариг

No comments:

Post a Comment