Сүүлийн үед анхаарал татаад байгаа цөмийн хаягдал болон
ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурцтай холбоотой асуултад Гадаад
харилцааны сайд Г.Занданшатар хэвлэлийнхэнд доорхи хариултыг өгсөн юм.
-АНУ-ын Дэд ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Монголд цөмийн хог хаягдал булшлах тухай ярилцана гэх яриа байгаа. Энэ хэр бодит мэдээлэл вэ?
-АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байдений айлчлалын үеэр цөмийн
хаягдлын талаар гэрээ үзэглэхгүй. Хоёр улсын Засгийн газрын хүрээнд ч ийм
асуудал яригдаагүй.
-Цөмийн хаягдлыг Монголд булшлах талаар яриа дэгдээд удаж байна. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ талаар яагаад албан ёсны хариулт өгөхгүй байгаа юм бэ?
-Засгийн газар, ГХЯ байр сууриа удаа дараа илэрхийлсэн.
АНУ-ын ЭСЯ-ны вэб сайтад албан ёсны мэдэгдэл ч гаргасан. Монголд цөмийн хаягдал
байрлуулах хорио-той гэдгийг ч хэлж байгаа. Цөмийн хаягдлыг Монголд булшилна
гэдэг нь огт үндэслэлгүй яриа. Засгийн газрын байр суурийг өдөр тутам илэрхийлээд
байх шаардлагагүй гэж үзэж байна.
-Б.Хурцыг Германы талд шилжүүлэхээр болсон гэсэн мэдээлэл байна. Ер нь өнгөрсөн хугацаанд ГХЯ Б.Хурцыг аврахын тулд юу хийв?
-Гадаад харилцааны дэд сайд Б.Болороор ахлуулсан ажлын хэсэг
жил орчим ажилласан. Тэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажилласан гэж
үзэж байгаа. Олон улсын гэрээ эрх зүйн туршлагатай өмгөөлөгч нарыг ч авч
ажиллууллаа. Мөн Ерөнхий сайд, Шадар сайд, Гадаад харилцааны сайд нараас Их
Британийн талд захидал илгээж, олон улсын яриа хэлэлцээр уулзалтуудын үеэр
холбогдох орнууд сайд нартай уулзаж, дипломат арга хэрэгслүүдийг ашиглаж үзсэн.
Энэ бол олон улсын эрх зүйн хувьд амаргүй асуудал.
-Б.Хурцыг Германы талд шилжүүлж байгаатай холбоотойгоор Ажлын хэсгийг ХЗДХЯ-нд шилжүүлж байгаа гэсэн мэдээлэл байна?
-Хэдийгээр Б.Хурцыг Германы талд шилжүүлэх шийдвэрийг
гаргасан ч ГХЯ иргэнээ суллуулан авах тал дээр үргэлжлүүлэн ажиллаж байна.
Ажлын хэсгийг ХЗДХЯ-нд шилжүүлээгүй. Харин ажлын хэсгийг өнгөрөгч баасан гаригт
шинэчлэн байгууллаа. Өмнө нь үүнийг эрүүгийн хэрэг биш, дипломат статустай
иргэнийг баривчлан саатуулсан нь олон улсын гэрээ эрх зүйд нийцэж байгаа эсэх
асуудлаар шүүх дээр мэтгэлцээн явж байсан. Венийн конвенцоор бол томилогдсон
дипломат ажилтан нь суугаа орондоо болон тухайн орондоо очих, дамжин өнгөрөхдөө
дипломат ямба эдэлнэ гэж заасан байдаг.
Нэг ёсны халдашгүй дархан байдал эдлэх хуультай.
Харин дипломат ажилтнаас бусад хүн өөрөөр хэлбэл, Элчин
сайдын яаманд ажиллаж байгаа, байнгын төлөөлөгчийн газарт ажиллаж байгаагаас
бусад хүн дипломат ямба эрх эдлэхгүй гэсэн ойлголтын хүрээнд Английн шүүх
асуудлыг авч үзэж ирсэн. Одоо бол асуудлыг Эрүүгийн хэргээр авч үзэхээр болсон.
Тиймээс эрүүгийн чиглэлээр мэргэшсэн, герман хэлтэй, өмгөөлөгч хуулийн
мэргэжилтнүүдийг Ажлын хэсэгт оруулж байгаа юм.
-Таван толгойн төсөлд Япон, Солонгосыг оруулсангүй гэсэн шүүмжлэл гарсаар байгаа. Энэ нь улс хоорондын харилцаанд нөлөөлөх үү?
-Таван толгойн төслийн сонгон шалгаруулалтын асуудал эцэслэн
шийдвэрлэгдээгүй байна. Энэ төслийг Монгол Улс, ард түмэнд ашигтайгаар хэрэгжүүлэх
нь зөв. Баян харамчаас баялгийн хараал үүсдэг. Таван толгойг хөрөнгө
оруулагчидтайгаа харилцан ашигтай хэлбэрээр хамтран ашиглах нь манай Засгийн
газрын бодлого юм. Солонгос, Японыг сонгон шалгаруулалтаас хассан тухай ямар
нэг шийдвэр гараагүй.
Нийтлэлч
Г.Даваа
Эх сурвалж
Ардчилал сонин
Г.Даваа
Эх сурвалж
Ардчилал сонин
2011 оны 8-р сарын 22, Даваа гариг
No comments:
Post a Comment