УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир
УИХ-ын хоёр чуулганы хооронд
сонгууль угтсан улстөржилт дээд цэгтээ хүрээд байна. Энэ үед улстөр тойрсон
зарим асуудлаар болон бусад сэдвээр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын
байнгын хорооны дарга Э.Мөнх-Очиртой ярилцлаа.
-Хамтарсан
Засгийн газрын сайд асан Х.Баттулга олон сайдыг АТГ-т шалгуулахаар хандлаа. Нэг
танхимд хамтран ажиллаж байсан хоёр хүний толхилцоон улам л өндөр авсаар ийм
байдалд хүрэв. Энд улсын нууцын асуудал ч хөндөгдөж байгаа. УИХ-ын Аюулгүй
байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын хувьд үүнийг хэрхэн харж байна
вэ?
-Тэд ингэж хэвлэл мэдээллээр янз
бүрийн юм ярьж байхын оронд асуудлаа манай байнгын хороонд ир гэж байгаа. Бид
байнгын хороон дээр асуудлыг нягтлаад үзье л дээ. Нууцын асуудал хөндөгдсөн бол
нягталъя, байхгүй бол тэрийг нь ил ярья, чөлөөтэй шүү дээ. Өөрөөр хэлбэл,
УИХ-ын гишүүдийн баталж өгсөн бодлогын хүрээнд ажил нь явж уу, үгүй юу гээд
буруу, зөвийг бид шүүгээд өгье. Одоохондоо баримтыг нь хүлээгээд байна.
-Тэгвэл
маргалдагч талуудын хэнийх нь зөв юм бэ. Та энэ бүхнийг оюун бодолдоо шүүн
тунгааж үзэв үү?
-Х.Баттулга төрийн сайд байсан хүн.
Сайд хүн танхимын зарчмаар л ажиллах ёстой гэдгийг захын хүн ч ойлгодог. Гэтэл
мань хүн ЗТБХБ-ын сайд гэсэн албан тушаалаа ашиглаад ганцаараа “Хятадын төмөр
зам” компанитай Тавантолгойн асуудлаар нэг санамж бичигт гарын үсэг зурчихсан
юм билээ. Засгийн газрын танхимын сайд хүн энэ мэт асуудлыг Засгийн газартаа
танилцуулах ёстой. Гэтэл танилцуулалгүйгээр дур мэдэн ийм үйлдэл хийсэн нь яалт
ч үгүй л буруу юм билээ.
-Өмнөх
сонгуулиудын үед С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг илрүүлэх гэх зэрэг
өнөөдрийнхөөс арай өөр сэдвээр улстөрждөг байсан. Өнөөдөр бол долдугаар сарын
1-ний хэрэг сонгуулийн гол хөзөр болж, цагдаагийн хэдэн дарга нарыг яллуулахаар
зарим нь улайрч байх шиг. Зарим нь цагдаагийн дарга нарыг хүн буудсан хэргээр
яллах юм бол анх уг хэрэг явдлын эхийг тавьсан, өдөөн турхирсан этгээдүүд,
улстөрчдийг бас шийтгэ гэж байна. Энэ асуудлаар байр сууриа илэрхийлэх үү?
- Уг хэрэг явдалд нэг хүнийг
яллахдаа асуудлын гол нь байна гэвэл түүн шиг гэнэн юм байхгүй. Зарим улстөрчид
тэр хэрэг явдал бол Монголд тохиолдсон хамгийн их эмгэнэл, ёстой нэг харамсмаар
байсан даа гээд л матрын нулимс унагах юм. Ингэж яриад байх шаардлага байхгүй.
Тухайн үеийн нөхцөл байдал тийм юманд түлхсэн, нэгэнт болоод өнгөрсөн л үйл
явдал. Тэр үед би ингэдэг байж, тэгдэг байж гээд яриад байх хэрэггүй. Гагцхүү
хэн нь хэний амийг буудаад хороочихсон бэ гэдэг асуудал л яригдах ёстой.
Улстөрийнхөн, хөдөлгөөнийхөн, ард түмэн буруугаа шүүгээд нэгнийгээ барьж шоронд
хийх гээд яваад байх юм бол эцэс төгсгөлгүй асуудал үргэлжилнэ. Эцэстээ ард
түмэн хохироод үлдэнэ. Тиймээс бид өнөөдөр хуулийн байгууллагынхныг хурдан
шуурхай хэргийг илрүүл гэж шахах ёстой.Түүнээс биш “Чи даалгавар өгсөн, чи
буудсан. Эсвэл би даалгавар өгөөгүй, чи энийг даалгавар өгсөн гэчихээч дээ” гэсэн
байдлаар бие биеэ яллаад байх шаардлагагүй юм. Тийм учраас хуулийн байгууллага
хөндлөнгийн нөлөөнд авталгүй бүх зүйлийг нь цэгцлээд шүүх хурлаа нээлттэй хийх
ёстой.
-Ирэх
зун, сонгуулийн дараа дахиад үүн шиг үйл явдал болох вий гэлцэн зарим нь түгших
боллоо. Хэрвээ долдугаар сарын 1-нийх шиг хэрэг явдал дахин давтагдвал...?
-Үгүй, тийм юм болохгүй байх. Манай
ард түмэн ийм сөргөлцсөн хурц байдлаар асуудалд хандаж болохгүй юм байна
гэдгийг ухаарч ойлгосон нь ойлгомжтой. Тухайн үед тэр олон сайхан залуус
үзээгүй юмандаа л татагдчихсан хэрэг болов уу гэж би боддог. Өнөөдөр хүн болгон
хүүхэд залуустаа хэлж ярьж ойлгуулах хэрэгтэй. Олныг хамарсан ийм юманд битгий
оролцож байгаарай, үр дагавар нь маш аюултай гэдгийг л ойлгуулах ёстой.
-Хаврын
чуулганы завсарлагаар ямар ажил амжуулав. Гишүүдийн олонхи нь тойрогтоо
ажиллаж, сонгогчдодоо тайлангаа танилцуулж байна. Таны хувьд...?
-Миний өөрийн хуулийн зөвлөх,
туслахууд ажлын тайланг маань тойргийн өрх бүрт хүргэхээр явсан. Өрх бүрт
хүрчихсэн байх гэж би бодож байна. 2008-2011 онд, дээр нь 2012 онд хийсэн,
хийхээр төлөвлөсөн ажлууд ч багтсан байгаа. Бодлогын хувьд бид 2012 оны төсөвт
орон нутагтаа хийгдэх хөрөнгө оруулалт,бүтээн байгуулалтын ажлуудад
шаардлагатай санхүүжилтийг тусгаж өгсөн шүү дээ. Тэгэхээр 2008- 2012 оны
хооронд Их хурлын гишүүн миний тойрогтоо болон нийт улс орны хэмжээний бодлогод
хэрхэн анхаарч ажилласаныг илтгэх тайлан гэсэн үг. Хийсэн ажлын минь тайланг
сонгогч олон түмэн ч хүлээж байгаа учир хүртээмжтэй байхыг бодолцож, 16 мянган
өрхөд хүргэн ажиллаж байна.
-Булган
аймагт тулгамдсан асуудал юу байдаг бол. Тэдгээрийг шийдэх ямар арга зам байна
вэ?
-Булганд Монгол Улсын бусад
аймгуудад тулгамдаж байгаатай яг л адилхан асуудлууд бий. Ажилгүйдэл, аж
үйлдвэржүүлэх шаардлага, иргэдийн амьжиргааны төвшинг дээшлүүлэх гээд л ... Энэ
бүх асуудлыг Их хурал, Засгийн газар, орон нутгийн засаг захиргаатай хамтран
шийдвэрлэхийн төлөө л би ажиллаж байна. 2001 оноос хойш миний бие төрийн
байгууллагад анхан шатнаас нь ажиллаж, ард иргэдийнхээ төлөө өөрийн чадах
бүхнийг хийсэн гэж өөрийгөө тоож явдаг. Тэгэж явсаар булганчуудынхаа дэмжлэгээр
төрийн энэ өндөр албанд ирсэн. Харьцангуй залуу хүний хувьд хамаагүй ихийг хийж
амжуулжээ, бас төрийн албанд туршлага сууж, ёстой л ид хийж бүтээх насандаа
ирсэн байна гэж хувьдаа бас дүгнэлт хийж байгаа. Үүнийхээ төлөө өөртөө баярлаж
байгаа. Ер нь зөвхөн нэг тойргийн гишүүн бус, нийтээрээ хамтраад, мөн аймаг,
орон нутгийн төр, засаг захиргааны удирдлагууд ойлголцож, аливаа ажлаа дэс
дараалалтай хийвэл нэг том юманд хүрч болдог юм байна гэдгийг өнгөрсөн
хугацааны туршлагаасаа харж байна.
-Танай
тойрогт намаас тань нэр дэвших хүсэлтэй цөөнгүй хүн байх шиг. Тэдний тухайд юу
хэлэх вэ?
-Сая би тойрогтоо тайлангаа
тараачихлаа. Удахгүй би өөрөө биечлэн очно. Иргэдтэйгээ уулзалтууд хийнэ. Тэр
үедээ нутгийнхаа олноос “Би та бүхний итгэлийг хүлээж чадсан уу” гэж шударгаар
асууна. Та нар маань намайг дахиж дэмжих үү, үгүй юу гэж бас тодруулна. Тэгээд
намайг дэмжиж байгаа хүмүүсийн тоог гаргаж ирнэ. Үүнийхээ дараа нам дээр намын
нэрийг унагасан, эсэх, цаашид дэмжлэг авах уу, үгүй юу гэдгийг тодруулна.
Тойргоор маань машин унаад давхиад байгаа нөхдүүд бол хоёр талтай. Тэр нутгаас
сонгогдчихсон хоёрын хоёр гишүүн чинь эхлээд дуугарах ёстой биз дээ.
Дуугараагүй байхад нь намайг дэмжээрэй гээд энд тэнд очоод, чихэр боов өгөөд
байгаа хүмүүсийн хувьд энэ бол тэдний өөрсдийнх нь асуудал.
Эх сурвалж
Ардчилал сонин
Ардчилал сонин
No comments:
Post a Comment