УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очиртой
ярилцлаа.
-Хаврын чуулганы завсарлагаанаар ямар ажил амжуулав аа?
-Хаврын
чуулган завсарлах гэж байхад Туул, Сэлбэ голын талаарх төслөө гишүүдэд
танилцуулаад, тайлбарлаад дэмжих хэрэгтэй гээд гүйгээд байсан даа би. Тэр
төслөө дэмжүүлэх гэж нэлээд хөөцөлдлөө. Нийслэлийн айл өрхүүд ширүүхэн бороо
орохоор усанд автаад өч төчнөөн төгрөгийн хохирол амсдаг. Хохирлыг барагдуулах,
нурж эвдэрсэн гүүр, замыг засах гээд улсаас ч их хэмжээний хөрөнгө зарцуулж
байна. 2009 онд л гэхэд 26 хүн үерт автаж амь насаа алдсан байна. 3000 хүн
хохирол амссан гэсэн тооцоо гарсан байна лээ. Тиймээс хүчтэй ширүүн бороо
ороход ус хаанаас түрж орж ирдэг, хэдэн метр секундын хурдтай байх гээд
нарийвчилсан судалгааг мэргэжлийн хүмүүсээр хийлгэж Туул, Дунд гол, Сэлбэ голоо
даган ус зайлуулах далан, байгууламж, усан сан барихаар төсөл боловсруулсан
байгаа.
Үерийн усны уналтыг хүртэл мэргэжилтнүүд тогтоосон.
Уулнаас
хүчтэй урсч орж ирж байгаа усыг тусгай санд хуримтлуулж тунгаан шүүх зэрэг
үерийн хамгаалалтын байгууламж барих юм. Газрын хөрсөн дээрх хамаг бохир
зүйлийг үерийн ус угаагаад урсдаг учир бохирдол ихтэй байх нь мэдээж. Тиймээс
голын хажуугаар барьсан далангаар урсгаж цэвэрлэх байгууламжид цэвэрлэнэ. Мөн
түүнчлэн голуудын ойр орчмыг тохижуулна. Тэнд нийслэлийн иргэд ая тухтай амарч
зугаалж байг. Энэ бэлэн төсөл дээр ТЭЗҮ-ийг гаргаад хийж эхлэх л хэрэгтэй
байгаа юм. Энэ төслийг хэрэгжүүлэх хөрөнгийг ирэх оны төсөвт тусгахыг
дэмжүүлэхээр төслөө бариад гишүүдэд танилцуулсан маань үр дүнд хүрч байна.
Нийтдээ 36 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан. Манай намын удирдлагууд УИХ дахь
бүлгүүдийн дарга нар ч дэмжсэнд баяртай байгаа. Холбогдох яамд руу хөрөнгийг
төсөвт тусгаж өгнө үү гээд бичгээ илгээчхээд л сууж байна даа. Эхний ээлжид
таван тэрбум төгрөг гаргаснаар тооцоо төсвийг нь хийгээд ажлаа эхлүүлэх юм.
Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар Альянс төвийн хуульчдыг оролцуулан төсөл боловсруулж байна.
Одоо
мөрдөж байгаа хуулиар бол төр, орон нутгийн өмчийн харилцааг зохицуулсан байдаг
боловч агаар, газрын хэвлий, ус, түүхийн дурсгалт зүйл зэрэг нийтийн өмчийг
хэрхэн хамгаалах, энэ өмчид халдсан, бохирдуулсан бол ямар хариуцлага тооцох
зохицуулалт бараг байхгүй байна. Тиймээс дээрх хуульд нэмэлт өөрчлөлт оруулж
Ерөнхий сайдын дэргэд олон нийтийн зөвлөл байгуулах заалт оруулахыг зорьж
байгаа. Энэ мэт иргэдэд л хэрэгтэй зүйл хийхээр ажиллаж байна.
-Энэ зун улс төр унтаа байсангүй. Та энэ талаар мэдээлэл ихтэй байгаа байх?
-Улс төр
яаж өрнөж байгаа талаар мэдээлэл муутай байгаа. Хоёр нам нэгдээд ажиллах гэж
байгааг сонин хэвлэлээс л уншлаа.
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёрын нэгдлийг хэлж байна уу?
-Тиймээ.
Бүх намууд эх орныхоо төлөө хамтраад ажиллаасай гэж боддог. Гэхдээ энэ хоёр хүн
одоо болоо ш дээ.
-Яагаад?
-Одоо
энэ хоёр хүн юу ярих гээд байгаа юм. Хоёулаа намын дарга, хоёулаа Ерөнхий сайд
байлаа. Нэг нь бүр улсын Ерөнхийлөгч байсан хүн шүү дээ. Эрх мэдэлтэй, байсан
үедээ одоо ярьж байгаа зүйлээ хийж байхгүй яасан юм.
-Ерөнхийлөгч асан алдсан алдаагаа ухаарч, өглөө болгон шинэчлэгдэж байгаа гэж ярилцлагадаа хэлсэн байсан. Тэгээд л ард түмнийхээ төлөө их зүйлийг хийхээр зорьж байгаа юм биш үү. Тийм хүнийг одоо боль гэж болохгүй биз дээ?
-Тийм
үү. Үнэн юм болов уу даа. (инээв) Хэрвээ тэгж ухаарч байгаа бол бид нарыг
дуудах хэрэгтэй. Очироо миний хүү нааш ир, ах нь ингэж алдаж байлаа, ийм зүйл
дээр ингэж болохгүй, энэ алдаагаа зас гээд зөвлөж л баймаар даа. Гэтэл тэр хүн
хар ном хэвлүүлнэ гээд явж байна гээ биз дээ. Түүндээ хэний тухай бичих гээд
байгаа юм. Сонин, сайтуудад дээр гарсан мэдээг уншаад иймэрхүү сэтгэгдэл
төрснөө л ярьж байгаа юм шүү.
-МАНАН-г зайлуулж, Шинэ Монголын төрийг цогцлоон урлана гэж илтгэл тавьж байсан. Хоёр нам ялзраад байгаа болохоор улс төрд орохгүй байж чадахгүй байгаа ч юм билүү дээ?
-Өөрсдийнхөө
бий болгосон зүйлээ хараад дургүй нь хүрээд байгаа юм байлгүй дээ.
-Таныг улс төрд орж ирэхэд Н.Энхбаяр дарга дэмждэг байсан юм биш үү?
-Намайг
сайн мэдэхгүй байх аа. Тийм том хүмүүс мань мэтийг тоохгүй байлгүй.
-Сүүлийн үед МАН-ын гишүүдээс МАХН руу нүүр буруулах гишүүдийн тоонд таныг оруулаад, нийслэлийн намыг хороог надад өгөхгүй бол Н.Энхбаяр дарга руу явлаа гэж айлгаж байна гэсэн мэдээлэл гарсан болохоор л асуусан юм аа?
-Тэгээсэй
гэж хүссэн хүмүүс зөндөө байсан биз. Э.Мөнх-Очир явчихвал МАН дотор орон зай
гарч мэднэ, тэгвэл түүнийг нь эзэлж авъя гэсэн хүн л тийм утгагүй яриа
дэгдээсэн байх аа. Би МАН-даа л байна.
-Хөдөө амарч байхад нэгэн настай хүн МАХН-ыг чинь нөгөө Сүхбаатар жанжин маань байгуулсан юм гэнэ лээ, энэ намдаа л саналаа өгнө гэж ярьж байхтай дайралдсан. Би хоёр намын батлахтай болчихлоо. Аль нь жинхэнэ нь вэ гэх хүмүүс цөөнгүй. Энэ төөрөгдөл сонгуулиар МАН-ынхныг хэцүүдүүлэх байх аа?
-Нөгөө
нэг Сүхбаатарынхаа гэнэ үү. Ингэж ярьж болохгүй шүү. Алдаа болно. Сүхбаатар
жанжин нам байгуулснаасаа гадна Монголын түүхэнд маш том гавьяа байгуулсан хүн
юм шүү. Ахмадууд тэгж төөрөлдөж байж болох юм. Гэхдээ манай намынхан сайн
тайлбарлаад өгөхөд хөдөөгийн өвгөд ухаантай хүмүүс учраас учир начрыг нь
дорхноо олчихно оо. Өө ийм учиртай юм байна гээд ахмадууд маань ойлгоод бидний
духан дээр үнсэнэ дээ.
Би үүнд итгэлтэй байна.
Сэтгүүлчид
та нар түүнд санаа зовсны хэрэггүй ээ. Хуучин батлахыг дурсгал болгож үлдээхээр
бид ярьж байгаад шийдсэн. Яагаад гэвэл гишүүд намын батлахаа гардаж авах үедээ
сайхан дурсамж үлдсэн л байгаа. Надад ч тийм дурсамж бий. Би Н.Энхбаяр даргаас
анх намд элсээд батлахаа гардаж авч байсан юм. Их л баярлаж сайхан сэтгэгдэл
төрж байсан юм даг. Н.Энхбаяр дарга чи энэ намын гишүүн шүү гэж батлах өгсөн
атлаа одоо наад намаасаа гар, наашаа хүрээд ир гэвэл утгагүй биз дээ.
-Танд сонгуулийн өмнө манай нам яаран нэрээ сольж гэсэн бодол төрдөг үү?
-Манай
нам 2012 оны сонгуульд оролцохдоо шинийг сэдэж орохоор зориглосныг буруутгах
аргагүй. Хааяа жаахан яарчихав уу даа гэсэн бодол төрдөг л юм. Гэхдээ одоо
яахав дээ, айвал бүү хий гэдэг биз дээ.
-АН-ынхан М.Энхсайханыг МҮАН байгуулахад тоохгүй л байгаа биз дээ. МАН-ынхан өөрсдөө асуудлыг дөвийлгөөд тоох тусам томорсон гэвэл санал нийлэх үү?
-Удирдах
зөвлөлийн л хийж байгаа ажил.
-МАН-ынхан дотроо хөлөө жийлцээд байна уу даа. Хү, Сүгийн тэмцэл хурцадлаа гэсэн мэдээлэл сүүлийн үед гарах болж?
-Би энэ
зун, намар улс төр гэж явсангүй, тэгж хүмүүстэй ч уулзаагүй болохоор юу ч
мэдэхгүй байна. Хоёр, гурван хоногийн өмнөөс л байнгын хороодын хуралд суухаар
л ирж байгаа. Ирц бүрдээгүй гээд хуралдаан болохгүй л байна.
-Намын нэр хүнд унаад байгаа үед Онц их хурлаа хийж намын даргаа өөрчилье гэж ярилцаад байгаа юм биш үү?
-Манай
намын рейтинг унаад байгааг хэн нотлоод байгаа юм.
-Хамгийн нуруутай судалгаа гаргадаг Сант маралын судалгаагаар тиймэрхүү дүр зураг ажиглагдаж байна лээ?
-Уучлаарай.
Ер нь Монголын судалгааны байгууллагуудад итгэхэд бэрх шүү дээ. Сант марал
бодит судалгаа хийдэг гэдгийг ёстой мэдэхгүй юм байна. Би хувиараа судалгаа
хийлгэдэг. Багш, залуучуудыг дайчлаад бодит судалгаа хийлгэхэд харин ч манай
намын рейтинг өндөр, тэргүүлсэн хэвээрээ байна лээ.
-Хамтарсан Засгийн газар хэр ажиллаж байна гэж боддог вэ?
-Засгийн
газар удаан тааруухан ажиллаж байгаа. Аль хэдийнэ төмөр замаа бариад дуусгасан,
тавдугаар цахилгаан станцаа бариад эхэлсэн.
Таван толгойд баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулчихсан байхаар хугацаа өнгөрөөд байна. Хажууд нь хувийн хэвшлийнхэн бүтээн байгуулалтыг яаж хурдан хийж байна. Гэтэл гүйцэтгэх засаглалын “гарууд” хамраа ухаад сууж байж болохгүй ээ.
Таван толгойд баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулчихсан байхаар хугацаа өнгөрөөд байна. Хажууд нь хувийн хэвшлийнхэн бүтээн байгуулалтыг яаж хурдан хийж байна. Гэтэл гүйцэтгэх засаглалын “гарууд” хамраа ухаад сууж байж болохгүй ээ.
-Дарханд нефтийн үйлдвэр барья гэсэн саналыг Засгийн газар дэмжээгүй байна. Бас Эрдэнэтэд зэс хайлуулах үйлдвэр барих асуудлыг хойшлуулж байгаа бололтой?
-Эрдэнэтэд
зэс хайлуулах үйлдвэр барихыг дэмжихгүй байгаа. Тэнд үйлдвэр барих газар байхгүй.
Д.Дамба-Очир л Эрдэнэтэд үйлдвэр бариулна гэж далдганаж байгаад надад амаа
таглуулсныг та нар хараа биз дээ. Булган аймаг үйлдвэр барих газар өгөхгүй ээ
гэж хэлсэн юм.
-УИХ-ын гишүүн зөвхөн сонгогдсон тойргийнхоо асуудлыг шийдэхийн төлөө л асуудалд хандаж болохгүй биз дээ. Та хэтэрхий явцуурч байгаа юм биш үү?
-Ямар
муухай мушгисан асуулт асуудаг юм бэ. Би Булган аймгаас сонгогдсон гишүүн ч
Улаанбаатар хотыг хөгжүүлэхийн төлөө санаачилгатай ажиллаж байгаа гэдгээ бардам
хэлнэ. Уг нь бол Булган аймгийн нутаг дэвсгэрт Эрдэнэт үйлдвэрийг барина, төмөр
замаар холбож өгнө, тийм сургууль, цэцэрлэг барьж байгуулна гэж амлачихаад зах
зээлийн нийгэмд шилжсэн гээд больчихсон юм. Тэгээд Булган хот хөгжлөөрөө
хоцорч, зам харилцаа ч хөгжихгүй, хүмүүс нь Эрдэнэт рүү нүүцгээх болсон юм.
Харин сүүлийн жилүүдэд байдал өөрчлөгдөж буцаад Булган маань хөгжиж байна. Зэс
хайлуулах үйлдвэр барих нь хүсээд байхаар зүйл биш. Эргэн тойрны 40 км-ын
радиуст хүн амьдрах нөхцөлгүй болдог. Тиймээс оросууд нутагтаа барихгүй байгаа байхгүй
юу даа. Энэ мэт цаана нь өчнөөн учир шалтгаан бий. Байгаль орчныг
бохирдуулахгүй байх талаас нь анхаарч тооцоо судалгаатай хандах ёстой.
Дамба-Очир мэтийн нөхдүүд энэ мэт асуудлыг тооцохгүй, олон долоон юм яриад
байгаа юм. Нэг хуралдаан дээр дургүй хүрээд би түүнийг дуугай бай, тэнэмэл юм
чинь гээд хэлсэн.
-Тэнэмэл байхдаа яадаг юм. Хүнийг тэгж болохгүй байлгүй дээ?
-Дамба-Очир
Эрдэнэтийн ч хүн биш. Тэнд л ажиллаж баахан мөнгөтэй болсон хүн. Одоо тэнд
байгаа хамаг хөрөнгөө зараад хотын хүн болсон шүү дээ, цаадах чинь. Эрдэнэт
хотод төрсөн, өссөн хүн бол байгаль орчин, хүний эрүүл мэндэд муу нөлөөтэй
гэдэг талаас нь бодно оо доо.
-Сонгуулийн уур амьсгал ч орж байна. Нэр дэвших тойргоо хувааж аваад байгаа сурагтай. Та Булганаасаа л дахин нэр дэвших уу?
-Тэгнэ
ээ.
-Та тойргоосоо шахагдаад байгаа юм уу?
-Намайг
БСШУ-ны сайд Ё.Отгонбаяртай тойрог булаацалдаж байгаа гээд бичээд байх юм. Чи
яасан бэ гэж хүмүүс над руу утасдаж л байна лээ. Би тэр хүмүүст Отгонбаяр
Булган аймгаар явж ажиллах нь зөв өө. Би явж ажилла гэж хэлсэн юм гэдэг. Би
нутгийн зөвлөлийн дарга. Нутгийн зөвлөлийн дэд бүтэц хариуцсан захирал нь
Төрийн нарийн бичгийн дарга Бат-Эрдэнэ. Түүнийг нутгаараа явж зам харгуйг харж,
янзал гэж хэлдэг. Отгонбаяр нутгийн зөвлөлийн боловсрол хариуцсан дэд дарга.
Энэ хүн сургууль, цэцэрлэгээр явж байдалтай танилцах хэрэгтэй шүү дээ. Миний
даалгавраар тийш түлхүү явж ажиллаж байгаа гээд л ойлгочих.
-Та Ё.Отгонбаяр сайдыг Булганд ажиллаж байхад нь уулзаад зайл гэж хашгирсан юм биш үү?
-Яалаа
гэж дээ.
-Булган аймагт нэг намаас хоёр л хүн нэр дэвшиж таарах байх. УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл гишүүн та хоёрын нэг нь л зайгаа тавьж өгөхөөс аргагүй болж мэдэх юм?
-Отгонбаяр
сайд Булганд дэвшье гээд бодохоор л бид хоёр жийгдэх хэрэг үү. Нам дэвшүүлэх ч
юм уу, үгүй ч юм уу. Гэхдээ бид хоёр булаалгадаг хүмүүс нь биш л дээ.
-Та залуу хүн юм чинь нийслэлээс дэвшихэд болохгүй юу байхав, тийм ээ?
-Би
яахаараа явах ёстой гэж. Нутаг гэдэг чинь өөр байдаг юм. Дураараа дух царайлаад
очсон болгоныг хүлээж авдаггүй юм, за. Тойрог булааж авбал авна л биз. Тэгвэл
би нутгийнхандаа муу нэртэй л байгаа юм байлгүй. Асуудалд бухимдахаа больсон
шүү дээ, би.
-Нас намба, туршлага суугаад уу?
-Дургүй
хүрэхээрээ дүрсхийдгээ болиод байгаа. Тайван талдаа болж байгаа гэх үү дээ.
Дүрсхийж уурладаг зангаасаа болж улсын, нутгийн, хотын төлөө олон зүйлийг хийж
чадалгүй цаг алдаж байгааг ойлгосон. Дүрсхийх тусам бололцоогоо алддаг юм
байна. Эвтэйхэн яриад эхлүүлчих зүйлийг би очиж маргаж байгаад хойшлуулсан, цаг
алдсан зүйл гарсан. Тухайлбал, Туул, Сэлбэ голын талаарх төслийг эрт эхлүүлсэн
ч байх байсан юм билүү. Тэр үед Тэрбишдагва гишүүнтэй маргалдаж байхаар Тэбэ ах
аа яах уу гэж яриад гарцыг хайсан бол гэж бодох болсон. Энэ зун хүмүүст хийх
зүйлээ зөв ойлгуулж, зураг төслийг нь сайтар танилцуулж, иргэдэд ийм хэрэгтэй
гээд эв зүйгээр хэлэхэд дэмжээд 36 гишүүн гарын үсгээ зурлаа шүү дээ. Хүчээр
биш эвээр үзэх нь илүү үр дүнтэй юм гэдгийг ойлгоод нударгаар, хэл амаар
асуудлыг шийдэх гэдэг омголон зан маань өөрчлөгдөж байгаа. Өөрийн чинь хэлдгээр
туршлага ч сууж байгаа юм байлгүй.
-Тантай ярилцлага хийвэл нэг зүйлийг асууна даа гэж боддог байлаа. Таны аавыг хоолонд хордсон энэ тэр гэсэн яриа байдаг. Хүү нь л үнэнийг хэлэх байх?
-Өнөөдөр
нас барсан өдөр нь. Харвасан юм аа. Харин харвах нөхцөлд хүргэсэн хүн бий. Тэр
хүнээс би хариугаа авна гэдгээ хэлчихье.
Нийтлэлч
Д.Доржпагма
Эх сурвалж
Өдрийн сонин
Д.Доржпагма
Эх сурвалж
Өдрийн сонин
No comments:
Post a Comment