Sunday, 29 April 2012

Г.Занданшатар: Орон нутгийн сонгуулийг хэзээ явуулахаа иргэд нь шийддэг зарчимтай


УИХ-ын гишүүн Г.Занданшатар
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд энэ өдрүүдэд Япон улсад айлчилж буй. Түүнийг энэ удаагийн айлчлалаар цөмийн хаягдлыг Монголд байршуулах талаар хэлцэл хийнэ гэсэн мэдээлэл тарсан. Энэ талаар болоод цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын байр суурийг сонирхлоо.
-Та Монгол Улсын гадаад харилцааны бодлогыг тодорхойлоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хооронд гарсан нэг асуудал бол Монголд цөмийн хаягдлыг булшлах нь гэсэн яриа. Энэ удаагийн Ерөнхий сайдын айлчлалыг ч тэгж хэлэх хүмүүс байна. Салбарын сайдын хувьд албаны байр сууриа илэрхийлээч?
-Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын бүх айлчлалыг   Гадаад харилцааны яам зохион байгуулдаг. Хэлэх үг, хийх хэлэлцээр, айлчлалын хөтөлбөр, ярианы сэдвийг хүртэл Гадаад харилцааны яам боловсруулж, манай яамаар дамжин хэрэгждэг.Манай яам дээр боловсрогдсон асуудал УИХ, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр орж батлагддаг. Энэ зарчмаас гадуур нэг ч асуудал явдаггүй. Энэ удаагийн Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд ийм асуудал огт яригдахгүй. Харин улс төржүүлж, сенсаци дэгдээсэн зүйл байж болох юм. Зарим хүн ажлаас халагдаж, ажилдаа хариуцлагагүй хандсаныхаа ард нуугдах, шоудах үйл явдал гаргаж байгаа нь харамсалтай. Цөмийн хог хаягдлыг Монголд байршуулна гэсэн зүйлийг гадаадын эрх мэдэл бүхий холбогдох байгууллага няцаасан. Байхгүй гэдгийг нь хэлээд өгчихсөн. Харин ийм зүйл байсан гэж үзвэл авран хамгаалсан нь Гадаад харилцааны яам болно. Энэ чиглэлээр Гадаад харилцааны сайдын зүгээс албан мэдэгдлийг хангалттай хүргүүлсэн, холбогдох хүмүүс, эрх барих дээд байгууллагуудад. Тийм учраас цөмийн хог хаягдалтай холбоотой ямар нэгэн яриа хэлэлцээр байгаагүй гэдгийг би баталгаатай хэлнэ. Харин төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачдын хүрээнд ямар нэг яриа хэлэлцээр хийхийг бид мэдэхгүй.
-Ер нь өнөөдрийн Монгол Улс дэлхийн хэмжээнд ямар хэмжээний тоглогч болж гарч ирсэн гэж та үзэж байна?
-Манай улс Дэлхийн хамтын нийгэмлэгийн идэвхтэй гишүүн орон. Номхон далайн бүс нутгийн яриа хэлэлцээрт идэвхтэй оролцогч түнш орон болж байна. Цаашдаа Монгол Улс хөгжлийнхөө энэ хурдаар явахад 2031 онд дэлхийн хандивлагч, дэлхийн бодлогыг тодорхойлоход идэвхтэй оролцогч, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус сонгуульд өрсөлдөгч улс болно. Өнөөдөр Дэлхийн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлж байгаа. Дэлхийн зарим орон Монгол Улсыг мэдэхгүй байна гэж ярьдаг байсан бол өнөөдөр дэлхий нийтийн анхаарал манай улс руу хандаад байна. Манай гадаад бодлогын чухал хэсэг нь хоёр хөрш. Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл нь хоёр хөрштэйгөө бүх чиглэлд идэвхтэй харилцаагаа хөгжүүлэхэд чиглэгдэнэ гэсэн байдаг. Хөрш хөршөө сонгодоггүй гэж ярьдаг. Тиймээс хөрш орнуудтайгаа найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлж явах нь манай улсын хувьд маш чухал. Нөгөө талаар энэ хоёр том хөршийн дэргэд байснаараа манай улсын хувьд давуу талууд бий болж байна. Асар том хоёр багана хэрмийн дунд хамгаалагдаж, асар том хоёр зах зээлийн урсгал дунд байна гэсэн үг.
-Та орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн. Олон жилийн хөдөлмөрөө мал аж ахуйд зориулсан хүмүүс өнөөдөр орон нутагтаа амьдарч байгаа. Тэдний дунд тэтгэврийн асуудлыг сөхөж ярих нь элбэг байдаг юм билээ?
-Яах аргагүй чухал сэдэв. Малчин хүн жилийн 365 хоногт хоёргүй сэтгэлээр өглөө ургах нарнаас шөнө дөл хүртэл хөдөлмөрийн хортой нөхцөлд ямар ч завгүй хөдөлмөрлөж байна. Жирийн байгууллагын албан хаагч жилийн 52 долоо хоногийн хоёр өдөр нь буюу 104 өдөр нь амарч байна. Тэгээд ажлын 12 цагтай байх жишээтэй. Гэтэл малчин хүнд ямар ч чөлөөт цаг гэж байхгүй. Өнгөц харахад малчин хүн өөрийнхөө амьдралын төлөө хөдөлмөрлөөд байгаа мэт боловч цаагуураа бол Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын манаанд зогсож байгаа баатрууд. Тиймээс бид малчдын тэтгэврийн насыг 55 болгох хэрэгтэй.
-Өмнөх сонгуулиар тантай хамт Баянхонгороос УИХ-д суусан зарим гишүүн өнөөг хүртэл тойрогтоо бараагаа харуулсангүй. Нэг нутгийг төлөөлж УИХ-д сууж байгаагийн хувьд та тэдний талаар ямар бодолтой байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Батж.Батбаярын талаар?
-Би үнэлэлт өгөхөөсөө илүү сонгосон сонгогчид нь үнэлэлтээ өгч, дүгнэлт хийх ёстой болов уу. Тэртэй тэргүй сонгогчид хэн юу хийж, хаана яаж ажилласныг мэдэж байгаа. Ардчилсан нийгэмд хариуцлага тооцдог механизм нь өөрөө сонгууль. Яахав Ардчиллаас өөр систем, тогтолцооны үед бол болохгүй байгаа нөхөрт хариуцлага тооцож, өөрсдөө шийдвэр гаргах боломжтой. Харин Ардчилсан нийгэмд амьдарч байгаагийн хувьд төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт бий. Тэр дундаа УИХ-ын гишүүнийг хариуцлагагүй ажилласан гэж үзэж байгаа бол ард түмний сонголт тэр хариуцлагыг нь үүрүүлэх учиртай. Яахав сонголт өөрөө хариуцлагатай байхыг сонгуулиас сонгуулийн хооронд бид мэдэрч байна.
-Ер нь нэг тойргоос сонгогдсон гишүүдтэйгээ хамтарч ажилласан биз дээ?
-Өмнөх сонгуулиар МАН, АН ард түмнийхээ өмнө томоохон амлалтыг өгч, чухал хариуцлагыг үүрэхээр болсон. Энэ утгаараа хамтарч ажиллалгүй яахав. Нэн ялангуяа амлалтаа хэрэгжүүлэхийн төлөө болохоосоо болохгүйгээ хүртэл хамтарч ажилласан. Болохгүй юм бас байдаг юм байна. Гэхдээ хийсэн нь хийж амжаагүйгээсээ илүү их байгаа байх аа.
-Халамжийн бодлогыг эргээд хүмүүс шүүмжлэх болжээ. Та ямар байр суурьтай байна вэ?
-Нийгмийн халамжийн тухай хуульд туссан нэг зарчим нь халамжийг оновчтой болгох явдал. Энэ утгаараа халамжийн бодлого оновчтой байх нь зүйн хэрэг. Гэтэл яг амьдрал дээр халамж хүсдэггүй хөдөөгийн иргэд тун ховор шүү. Тухайлбал, харж хандах хүнгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд түлээний мөнгө, халамжийн мөнгийг олгоё гэж шийдвэр гардаг. Ингэхээр ахмадууд надад түлшний мөнгө яагаад өгсөнгүй вэ гэсэн асуудлыг тавьдаг. Халамж хавтгайрлаа гэхээсээ илүүтэй халамжийг яагаад надад олгохгүй байна гэдэг нь хурал цуглааны ярианы гол сэдэв байдаг. 21 мянган төгрөгөөр амьдарч байгаа хүмүүс олон. Энэ мөнгө иргэдийн гар дээр очиход сумын бизнес эрхлэгчдийн ашиг орлого хүртэл нэмэгддэг. Хүн болгонд хэрэгтэй байна гэж ярьдаг. Тиймээс халамжийн бодлогыг хоёр талаас нь харах хэрэгтэй. Миний ирэх сонгуулийн мөрийн хөтөлбөрт халамжийн 21 мянган төгрөгийг заавал олгохоор тусгах хэрэгтэй гэж бодож байгаа. Хэмжээг нь 30 мянга болгоход ч болох зүйлгүй.
Харин олгохдоо нийгэмд тустай ямар нэг ажил хийснээр үнэлгээ өгч олгодог байх хэрэгтэй.
Сумандаа хэдэн мод тарьсан, эвдэрхий хашаа хороогоо зассан, ахмад настнаа халамжилсан ч юм уу ямар нэг байдлаар нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, тодорхой үйл хэрэг бүтээсэн хүмүүст халамжийн 21 мянгыг нь өгдөг байя. Энэ мөнгө хэрэггүй, нийгмийн чанартай ажил хийх шаардлагагүй хүмүүс мөнгөө авахгүй байж болно, Тэгэхээр халамж шаардлагатай хэсэг нь аяндаа ялгараад ирнэ. Нөгөө талаас нь сум орон нутаг иргэдээ энэ мөнгийг олгуулахын тулд нийгмийн чанартай ажлуудыг эрчимжүүлж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах болно. Сумаараа төмс тарина, хашаа хороогоо сайжруулна. Эцсийн дүнд нь хөдөлмөр эрхлэлт нэмэгдэнэ. Ажлын байр бий болно. Хамтын хөдөлмөрийн үр шим нэмэгдэнэ. Мэдээжийн хэрэг үнэхээр элдэв шаардлага, хэмжүүргүйгээр халамжаа авах ёстой ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь 21 мянган төгрөгөө аваад явдаг байх нь зүйтэй. Ингэж зохицуулалт хийх замаар энэ мөнгийг олгох нь нийгмийн баялгийн тэгш хуваарилалтын нэг илрэл болох учиртай. Тэгэхгүй бол одоо нэг хэсэг нь хэт баян, нөгөө хэсэг нь хэт ядуу байх хэмжүүр хоёр туйл руугаа явна.
-Одоо хэр нь МАН болоод АН УИХ-ын сонгуультай Орон нутгийн сонгуулийг хамт явуулах эсэх дээр тохиролцоонд хүрсэнгүй. Ер нь ямар байдлаар шийдэх нь зүйтэй гэж үзэж байна вэ?
-Энэ хоёр сонгуулийг нэг дор явуулах нь Үндсэн хуулийн зарчим, агуулгатай, Ардчилсан төрийн агуулгатай зөрчилдөж байгаа юм. Нэгдэж, хууль зүйн үндэслэлийн хувьд болохгүй. Үндсэн хуульд заасанчлан Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил. Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай нэг дор явуулбал бүрэн эрх нь дуусаагүй байгаа байгууллагын эрхэд халдаж, Үндсэн хуулиа зөрчсөн хэрэг болно. Бусад оронд Орон нутгийн сонгуулийг хэзээ явуулахаа иргэд нь шийддэг зарчимтай. Энэ нь төвлөрлийг шийдвэрлэж байгаагийн нэг хэлбэр. Орон нутгийн сонгуулийг тийм цаг хугацаанд, ингэж явуулах нь зүйтэй гэж УИХ-аас хэлж, шийдэх нь өөрөө төвлөрлийг бий болгож байна.
Хоёр сонгууль нэг өдөр болох юм бол УИХ-ын сонгуулиас Орон нутгийн сонгууль бүрэн хамааралтай болно.
Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх мэдэл УИХ-д шингэж хязгаарлагдана. Төрийн засаглал хуваах онолын дагуу бол орон нутгийн эрх мэдэл, төрийн төв захиргааны эрх мэдэл тусдаа байх ёстой. Энэ хоёр холилдоно. Нөгөө талаар УИХ-ын сонгуулиар уралдаан тэмцээн зохион байгуулах, мөнгө төгрөг тараах гээд маш олон зүйлийг хориглосон. Орон нутгийн сонгуулиар харин нээлттэй. Тэгээд одоо УИХ-ын гишүүдийн өмнөөс орон нутгийнхан мөнгө тарааж, болохгүй бүтэхгүй зүйлийг хийгээд эхлэнгүүт хэн ч хариуцлага хүлээхгүй болж байгаа юм. Ийм хуулийн цоорхойг ашиглаж болохгүй шүү дээ. Тэгээд ч одоо хамт явуулна гэж байгааг ардчилал хөгжсөн орнууд ардчиллаас ухарч байгаа явдал гэж үзэж байгаа. Нэг ёсондоо Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын бүрэн эрхэд халдаж байгаа хэрэг.
Нийтлэлч
Б.Чинбат
Эх сурвалж
Үндэсний мэдээ
2012 оны 3-р сарын 14, Лхагва гариг

No comments:

Post a Comment