УИХ, ЗГ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар
улсын сайн малчдын шагналыг гардуулах үед нь цөөн хором ярилцсан
юм.
-Хөдөөгүүр явж байхад малчид ямар санал хүсэлтийг голчлон тавьж байна вэ?
-Улирч байгаа туулай жил монгол түмний хувьд өгөөж буянаа хайрласан сайхан жил боллоо. Монгол Улсын хэмжээнд эдийн засаг 20 хувиар өслөө. Монголын ард түмний амьжиргааны гол их үүсвэр болсон мал сүрэг өслөө. Баянхонгор аймгийн хувьд ч гэсэн мал сүрэг таван төрлөөрөө өссөн байна. Туулай жил маш сайхан жил байлаа. Малчидтай уулзаад явж байхад Засгийн газарт цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар олон санал хэлж байна. Нэгдүгээрт малчдын хөдөлмөр бид нар шиг өглөө 09.00 цагаас орой 18.00 цаг хүртэл ажилладаггүй.Өвлийн хүйтэн, аагим халуун, аадар бороо, цасан шуургатай байсан ч малчид малынхаа дэргэд явж байдаг хүмүүс.
Мал гэдэг бол үнэн хэрэгтээ хувийн өмчөөс гадна монголын баялаг юм. Албан хаагчид жилийн 52 долоо хоног, 365 хоногийн 104 хоногт нь амарч байдаг. Бас 21 хоногоос доошгүй хугацааны ээлжийн амралт авдаг байхад малчин хүнд ийм амралт байдаггүй. Хавар болохоор мал төллөдөг. Үүнээс харахад малчдын насжилт богино болсон нь харагдаж байгаа. Үүндээ тулгуурлан малчдын голлон тавьж байгаа асуудал бол 60 нас хүрээд тэтгэвэр тогтоолгоод нэгээс хоёр жил тэтгэврээ аваад л нас барьж байна. Ер нь тэтгэврийн насыг наашлуулах арга байна уу, гэсэн санал тавьж байна.-Улсын төсөвт мөнгө нь суугдчихсан сая төгрөгийг дөрвөн сард олгоно гэсэн яриа байдаг. Энэ хэр бодитой вэ?
-Сая төгрөгийн хувьд улсын төсөвт яг тоог нь гаргаад тэтгэвэр авч байгаа 60-аас дээш насны эрэгтэй, 55-аас дээш насны эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг өгөх мөнгө суусан.-Ард иргэдэд хувьцаа олгоно гээд байгаа. Энэ тухай таниас хариулт,тодруулга авмаар байна?
-Энэ хувьцаа бол Таван толгой, Оюу толгой гэсэн томоохон орд газрын хувьцаа учраас үнэ нь байнга өсөж байна. Түүнийг гадаад, дотоодод хөрөнгийн бирж дээр энэ тавдугаар сарын 1-нээс Лондонгийн хөрөнгийн бирж дээр хувьцаа нь арилжигдаад ирэхээр шууд үнэлгээ нь өсөөд иргэд бэлэн мөнгөтэй болох нөхцөл нь бүрдэх юм. Тийм учраас иргэдэд сонголт үлдээж байна. Хүмүүс нэг сая төгрөгийн хувьцаагаа хадгалаад ногдол ашиг аваад дараа нь үнэ нь өсөхлөөр 1.5 сая, хоёр сая төгрөгийн үнэтэй тэр хувьцаатай байх уу, аль эсвэл бэлэн мөнгө болгох уу гэдэг хоёр сонголтыг хэвээр байлгая гэж 39 дүгээр тогтоолд зааж өгсөн. Үүнээс шалтгаалж энэ асуудал гацаад байгаа юм. Яагаад ингэж байна гэхээр нэг асуудал нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хоёр сая 500 мянган төгрөг авах гээд байна шүү дээ. Яагаад гэвэл 500 мянган төгрөгөө өгсөн. Дээр нь сая төгрөгөө өгч байна. Үндсэндээ энэ хүмүүс илүү авах гээд байна. Тийм учраас ахмад настнууд 500 мянгынхаа хувьцааг авах, үгүй бол бэлэн мөнгө авах тал дээр л маргаан үүсээд байгаа юм. Хувьцаа бол хуучин ягаан ногоон тасалбар биш. Цаанаа Тавантолгой, Оюутолгойн "Эрдэнэс МГЛ" компанийн хувьцааг эзэмшиж байгаа учраас нэг сая төгрөгийн үнэлгээ нь өсч ногдол ашиг авч байх юм. Дараа нь хоёрдох зах зээлдээ бэлэн мөнгөөрөө шууд борлогдоно. Яг өнөөдөртөө энэ мөнгийг бэлнээр өгөх мөнгө байна уу гэхээр байхгүй. Баялаг бол байж байна. Харин үүнийг эргэлтэнд оруулах хэрэгтэй. Энэ асуудал хэлэлцэгдээд шийдвэрлэгдэхээр дөрвөн сарын 1-нээс энэ мөнгө олгогдоно.-Улсын сайн малчны шагнал гардуулж явах үед танд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
-Баянхонгор аймгийн мал сүрэг таван төрлөөрөө өссөн үзүүлэлттэй байгаа нь сайн хэрэг, сайхан амжилт. Эцэг Өвгөдөөсөө малч, амьдралын арга ухаан, өв уламжлал, монгол соёлыг өвлөн үлдэж байгаа хүмүүс бол яахын аргагүй сайн малчид. Олон залуу малчдыг сургаж байна. Сайн малчин айлын хотонд, гэрт нь ороод ирэхэд дулаахан, цаанаа л нэг өвөрмөц сайхан байдаг. Монгол ухааныг өвөлж залгуулж явааг нь төр засаг үнэлэн сайн малчдыг тодруулж, цолыг нь Засгийн газрын гишүүд хуваарилагдан гэрт нь олгож байна. Баянхонгор аймгийн сайн малчдынхаа цолыг МУ-ын Ерөнхий сайдын ХХАА-н бодлогын зөвлөх Л.Элдэв-Очир бид хоёр гардууллаа. Энэ жил өнөтэй сайхан өвөл болж байна. Мал сүргийн нуруу нь тэнийсэн сайхан хавар, зун болох байх гэж бодож байна. Малч хүн гэдэг малаа таних ухаан, дэлхийтэй, байгальтай харьцах ухаан, од эрхсийг таньж мэдэх, цаг агаарын байдлын цаашдын төлвийг ч хэлж байдаг. Ардын өв уламжлал, ёс заншлыг хадгалж байгаа учраас хүнсний аюулгүй байдлыг давхар хангаж, ард иргэдийг эрүүл хүнсээр хангаж байгаа хүмүүс бол малчид юм. Тийм учраас монголын төр засаг малчид руугаа анхааран томоохон бодлого зорилтуудыг сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж зохих үр дүнд хүрч байна.-Цаашид монголын бэлчээрийн мал аж ахуйн бодлого чиглэл хэрхэн өөрчлөгдөх бол?
-Ер нь бэлчээрийн мал аж ахуй гэдэг нь өөрийн онцлогтой, зөвхөн монголд л байгаа аж ахуй юм. Эрдэмтэн судлаачдын хэлдгээр бэлчээрт 2000 гаруй төрлийн өвс ургамал байгаагаас 500 гаруй нь эмийн ургамал гэдэг. Эндээс үзэхэд бэлчээрийн мал гэдэг өөрөө ямар зүйлээр хооллож байна вэ гэдэг нь ойлгомжтой. Ийм учраас экологийн цэвэр мах, сүү үйлдвэрлэж байгаа бэлчээрийн мал аж ахуй бол өөрийн онцлогтой цаашид дэлхийн зах зээлд гаргах брэнд, экспортын гол бүтээгдэхүүн болох ёстой. Иймээс бэлчээрийг оновчтой хамгаалах, ашиглах шаардлагууд урган гарч байна. Хүн амын болон малын тоо толгой өсөж байгаа. Ер нь бэлчээрийн мал аж ахуй хэдэн мянган жилийн турш Монгол Улсыг авч явна. Цаашид бэлчээрийн мал аж ахуй илүү өндөр түвшинд хөгжих байх гэж бодож байна даа.-Эрчимжсэн мал аж ахуй монгол орны хувьд тийм ч тохиромжтой биш байх. Таны бодол?
-Бэлчээрийн мал аж ахуй олон зуунаар монголыг тэжээж ирснийг бид бүхэн мэднэ. Цаашид Монгол орны ирээдүйг авч явах эдийн засгийн шавхагдашгүй, сэргээгдэх нөөц бол яахын аргагүй мал аж ахуй байх болно. Эрчимжсэн хэлбэрээр сүүлийн жилүүдэд нэлээд оролдлогууд хийж байна. Улаанбаатар хотыг тойрсон сүүний чиглэлийн фермүүд, туслах аж ахуйн чиглэлийн гахай, тахианы аж ахуй байна. Уламжлалт бэлчээрийн аж ахуй бол энэ хэлбэрээрээ цаашид өргөн уудам нутагтаа байх нь зохиостой. Гаднаас авчирсан сайн үүлдрийн сүүний, махны чиглэлийн үхэр бусад төрлийн мал монгол бэлчээрт идээшиж нутагшихад төвөгтэй. Тухайн орондоо өгч байгаа өгөөжөө монгол орны нутагт өгөх нь бас учир дутагдалтай. Тийм учраас уламжлалт мал аж ахуйгаа бид уламжлалт арга барилаараа хөгжүүлж явах нь зүйтэй гэж бодож байна даа. Мал хувьчилснаас хойш ХАА-д гарсан нэлээд шүүмжлэлтэй ханддаг асуудлууд бий. Сүүлийн 3-4 жилийн хугацаанд төр засгаас авч явуулж байгаа арга хэмжээний үр дүнд малчид ам сайтай дэмжиж байгаад бид талархалтай хандаж байна. Мал хувьчлалаар бий болсон гажуудлыг зас ч засварлах ажил хүмүүсийн сэтгэлд нийцэж байгаа шүү.
Нийтлэлч
П.Санаадагва /Баянхонгор/
Эх сурвалж
Нийгмийн толь
П.Санаадагва /Баянхонгор/
Эх сурвалж
Нийгмийн толь
2012 оны 3-р сарын 12, Даваа гариг
No comments:
Post a Comment