Monday, 30 April 2012

Э.Мөнх-Очир: Тэсрэх бодисыг мэргэжлийн байгууллага нь хариуцна


Уул уурхайн салбарын эрчимтэй хөгжилтэй зэрэгцэн тэсэрч, дэлбэрэх бодисын хэрэглээ жилээс жилд нэмэгдэх болжээ. Монгол Улс 2008 онд л гэхэд 2860 гаруй тонн тэсрэх бодис, 167 мянган тонн аммиакийн шүүг импортолж авсан дүн мэдээ байна. Гэхдээ энэ дүн мэдээ хууль хяналтын байгууллагуудад харилцан адилгүй бүртгэгдсэн байдаг аж. Өөрөөр хэлбэл, Эрдэс баялаг, эрчим хүч, Сангийн яамнаас тэсэрч, дэлбэрэх бодисын зөвшөөрлийг өнөөг хүртэл өгч байжээ. Тиймээс ч Э.Мөнх-Очир нарын УИХ-ын гишүүд Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулснаа өчигдөр УИХ-ын даргад өргөн барилаа. Төсөл санаачлагч Э.Мөнх-Очир гишүүнээс цөөн зүйл тодруулсан юм.
-Хуулийн төслийн гол үзэл санаа нь юу вэ?
-Өнөөдрийг хүртэл Монгол Улсад тэсрэх бодистой холбоотой асуудлыг мэргэжлийн байгууллага нь биш Сангийн яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам хариуцаж иржээ. Лиценз олголтын хэмжээнд ойлгож байсан нь эргээд хяналт сулрах, хилээр нэвтэрч байгаа тэсрэх бодисын хэмжээг нарийвчлан гаргах гээд аюулгүй байдалтай холбоотой зүйлүүд орхигдсон байна. Эдгээрийг зохицуулахаар төсөл санаачилсан юм.
-Тэсрэх бодисын хэрэглээ ямархуу байна вэ?
-Үнэхээр задгай байна. Намайг дүүрэгт ажиллаж байхад нэг зочид буудал дэлбэрч байсан юм. Хяналт сул байсан болохоор хэн ч хариуцлага хүлээгээгүй. Эзэн нь ч олдоогүй. Ийм байдал даамжирвал терроризм, үндэсний аюулгүй байдлын асуудал хөндөгдөнө. Тиймээс хүчний байгууллагуудын тавих хяналтыг нарийвчлан зохицуулж өгөхөөр төсөлд тусгасан.
-Хүчний байгууллага гэхээр хаана хариуцуулна гэсэн үг вэ?
-Ер нь Батлан хамгаалах яамны харьяа байгууллага байх болов уу. Яагаад гэвэл, Ашигт малтмалын газарт тэсэрч, дэлбэрэх бодистой холбоотой мэргэжилтэн ойрын хэдэн жил бэлтгээгүй. Байгаа боловсон хүчиндээ тулгуурлах хэрэгтэй болохоор Батлан хамгаалах яам хамгийн хялбар зохицуулалт болно.
-Хариуцлагын талаар төсөлд тусгасан уу?
-Хэлэлцүүлгийн явцад нарийн ярих нь зөв биз ээ. Өргөн барьсан хүний хувьд ийм хариуцлага тооцно гээд тоочоод байх хэрэггүй байх. Мэдээж төсөлд тодорхой саналууд бий.
Ч.Сансар
2010 оны 3-р сарын 24, Лхагва гариг
Үндэсний шуудан

No comments:

Post a Comment