Monday, 30 April 2012

Э.Мөнх-Очир: Н.Энхбаяр, М.Энхсайхан нар “улстөрчийн зөвлөх” гэсэн газар ажиллуулах хэрэгтэй


УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очирыг “Ярилцах танхим”-даа урилаа.
-УИХ-ын нэр бүхий гишүүд “УИХ-ын 57 ду­гаар тогтоолыг зөрчин Оюутолгойн Хөрөнгө оруу­лалтын гэрээг үзэглэсэн” хэ­мээн Засгийн газрыг буруутгаж, дуу хой­лоогоо нэгтгэж буй. Таны хувьд тэдний энэ үйлдлийг юу гэж харж байгаа вэ?
-Хувь нь өнөөдөр ийм байна, маргааш тийм байна гэдгийг нь сонирхдоггүй. УИХ Засгийн газарт гэрээ хийх эрхийг нь өгсөн үү гэвэл өгсөн. Үүний дагуу Засгийн газар гэрээгээ, ажлаа хийгээд л явсан. Миний яриад байгаа нэг зүйл бол том төслүүдийн хэрэгжилттэй холбоотой ажиллах нөхцөл, Монгол ажилч­дын хувь, усны хан­гамж, Монгол болон гадны мэргэжилтнүүдийн ца­лин­гийн зөрүү зэрэг юм. Ха­рин Оюутолгойн хувийн та­лаар тооцоо судалгаа хийсэн хүмүүс нь ярьж байгаа биз дээ. Гэхдээ эдгээр хүмүүс бодитой тооцоог гаргаад “Энэ байна” гээд өгөх ёстой байхгүй юу. Гэтэл өнөөдөр ийм зүйл алга. Миний хувьд бүтээн байгуулалтын ажил юу болж байна гэдгийг л хардаг. Хамгийн гол нь усны хангамжийн асуудал бий.
-“Оюутолгойн бүтээн байгуулалтын 50 хувийг хийчихсэн” гэж Эрдэс баялаг, эрчим хүчний сайд мэдэгдсэн шүү дээ?
-Ашигт малтмалыг олох нь л бүтээн байгуулалтын 50 хувь болно. Бүтээн байгуулалт гэдэг бол байгууламж, хот нь сүндэрлэж, хүн амьдрах боломжтой болсон нөхцөлийг хэлнэ. 50 хувь нь бэлэн болчихсон гэж байгаа бол өнөөдөр хүмүүсийн амьдрах нөхцөл бүрдчихсэн, гэр бүл, үр хүүхэдтэйгээ очоод амьдарч  болох орчин бүрдсэн байх ёстой. Тэнд нь сургууль, цэцэрлэгтэй болсон гэсэн үг. Гэтэл үнэн хэрэгтээ тийм юм одоо алга байна. Мөнгө хайгаад явж буй компаниудын ашиг олох нөхцөлийнх нь 50 хувь бүрдчихсэн болохоос биш бүтээн байгуулалт гэдэг үүднээс 50 хувь нь бий болоогүй байгаа. Техникийн, бүтээн байгуулалтын, хүмүүсийн амьдралыг сайжруулах зэрэг олон асуудлын 50 хувийг ярьж болох юм.
-Тавантолгойн гэрээг Оюутол­гойн гэрээтэй адил замхрах гэж байна гэх яриа бий. Арай ийм байдалд хүрчих юм биш биз?
-Үүний ард улс төр л яваад байна гэж харж байна. Түүнээс биш Тавантолгой замхрах нь ч юу юм.
-Тавантолгойн хувьд хойд, урд хоёр хөрштэйгээ хамтрах нь яах аргагүй зөв гэж байгаа. Үүнтэй санал нийлэх үү?
-Хойд, урд хөршүүд маань өөрсдийнхөө санал, хүсэлтээ илэрхийлсэн. Тэр хүслийг давж ажил явуулна гэдэг худлаа биз дээ. Хар ухаанаар бодоход л нүүрсийг төмөр замаар Орос, Хятадын аль нэгээр дамжиж л тээвэрлэнэ. Тиймээс энэ талаар урд, хойд хөрштэйгээ ярих хэрэг гарна. Гагцхүү их үү, бага уу эсвэл гурав дахь, дөрөв дэх, тав дахь талтай ярилцах уу гэдэг асуудал байна. Бид анх тав дахь тал байвал зүгээр юм уу гэж ярьж байсан шүү дээ. Ийм хэмжээнд очих юу, үгүй юм уу гэдгийг Засгийн газар санал болго, бид сонсмоор байна.
-Хамтарсан Засгийн газар хамтраад үр дүнтэй ажиллаж чадав уу. Дорвитой ажил хийсэнгүй гэж ярих хүн олон байгаа учир ингэж асууж байна?
-Хамтарсны үр дүн гарсан. Гэрээ яаж хийсэн нь хамаагүй томоохон ордуудыг хөдөлгөж, хамтарсныхаа үр дүнд УИХ ч баталж чадсан. Одоо үүнээс цааш ажил хийх ёстой. Хамтраад л, нялуураад байх шаардлагагүй. Нэг, нэгийгээ шүүмжилж, хяналт тавиад ажиллах хэрэгтэй. Би ингэж л ярьдаг.
-Тэгэхээр Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарах цаг нь ирлээ гэх гээд байна уу?
-Энэ л байхгүй юу. Хамтарч байх хугацаа нь болчихлоо. Тиймээс ажлаа хийе, дүгнүүлэх цаг ч ирлээ.
-Нөгөө талаас Ардын нам, Ардчилсан нам хамтарсан чигээрээ ажлаа хийж болохгүй гэж үү?
-Хамтарсан Засгийн газар хамтраад шийднэ гэсэн асуудлаа бүрэн шийдээгүй байгаа учир “боломжгүй” гэж ярьж болохгүй. Ажиллаж болно. Гэхдээ миний хэлээд байгаагаар хамтарсан Засгийн газарт байсан, байгаагүй Ардчилсан нам үүргээ гүйцэтгэх ёстой. Сайдууд нь засагт ажиллаж, парламентад суугаа цөөн гишүүн нь шүүмжлэлийнхээ байр суурь дээр хатуу зогсох хэрэгтэй. Түүнээс биш сайд нарынхаа аманд орчихоод юу ч хийхгүй, дуугүй яваад байж болно гэсэн үг биш. Эдийн засгийн томоохон асуудлаас илүү хууль эрх зүйн орчноо сайжруулах талаар ярьж байгаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай  яриа   ч бий. Эдгээр асуудлаа шийдэхгүй бол “боль” гээд байгаа юм. Шахаж буй л ухаантай.
-Хоёр намын бүлэг сонгуулийн тогтолцоон дээр тохиролцож чадахгүй байсаар өнгөрсөн хаврын чуулганыг завсарлуулж, УИХ-ын ажлыг цалгардуулсан. Харин энэ удаа намрын чуулганаар Сонгуулийн  тухай хуулийг хам­гийн эхэнд хэлэлцэхгүй бол Ард­чилсан нам завсарлага авах тухай яриа байна. Тэгэхээр чуулган эхэлмэгц ажил зогсчих юм биш байгаа?
-Шахаж буй нь завсарлага аваад, хойшлуулах зорилго агуулаагүй. Ажлаа хийгээд яв. Болохгүй байгаа асуудлаа ярь. Нэг ажлын хэсэг болохгүй байвал түүнийгээ задлаад өөр хүмүүс оруулж болно. Ёс юм шиг хэдэн хүнийг ажлын хэсэгт оруулчихаад нөгөө хэд нь бантан хутгаад явахгүй бол дорно сольчих хэрэгтэй. Ер нь Сонгуулийн тухай хуулийг ярилцахдаа ийм системээр явбал ялна, ялагдахгүй гэдэг байдлаар хандаж болохгүй.
-Одоогийн байдлаар ялна, ялахгүй гэдэг байдлаар л хандаад байгаа шүү дээ?
-Харин ингээд байгаа юм уу, хаашаа юм. Ажлын хэсэг дээр чухам юу яриад байгааг би мэдэхгүй байна. Ямар ч байсан ганц, хоёр тоон дээр мөргөлдөж, тойргийн тооны хувиар ярих юм. Ер нь ийм хувилбараар явбал энэ нам нь унана гэсэн баталгааг хэн өгөөд байгаа юм. Аль ч улс төрийн хүчин эх орон, ард түмнийхээ төлөө ажиллаж чадаж л байвал иргэд хүндлээд явна. Чадахгүй бол ямар ч тогтолцоо хэрэггүй. Ялагдсан хүн нь ялагдлаа хүлээдэг байх нь их чухал.
-Гэхдээ ялагдлын цаана будилаан, булхай орлоо гэдэг үг заавал хавчуулагддаг болсон. Үүнийг хэрхэн шийдвэрлэх ёстой юм бол?
-Энэ бол харьцангуй зүйл. Сонгуулийн ямар ч тогтолцоо байсан ингэж ярьж болно. Миний ойлгож байгаагаар тогтолцоондоо бус улстөрч, намын төлөвшилд байх шиг байна.
-Үндсэн хуульд нэмэлт өөрч­лөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсэг ажиллаж байна. Энэ тухайд?
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой. Би гарын үсэг зурсан байгаа.
-Уг хуульд УИХ-ын 76 гишүүнийг 99 болгож тоог нь өсгөх асуудлыг тусгахаар хуулийн төсөл санал авах түвшинд яваа?
-Ийм шаардлага байгаа эсэхийг  сайн мэдэхгүй юм. Тиймээс үүн дээр нь гарын үсэг зурсангүй. Харин Засгийн газрын гишүүдийн квот, нийслэлийн эрх зүйн талаарх зарим асуудлыг бол дэмжиж байгаа.
-УИХ-ын 76 гишүүнээ яая гэж байхад 99 болгох шаардлагатай юм болов уу?
-Тоог нэмснээр аливаа нөлөөллөөс ангид байна гэж ярьдаг. Би үгүй гэж боддог. Учир нь одоогийн 76 гишүүн өөрсдийгөө нөлөөлөлд оролцох бололцоотой гэж үзээд байгаа юм уу. Утгагүй биз дээ. Тийм болохоор тооны хувьд өөрчлөлт оруулах шаардлага байна уу даа. Хүн амын өсөлт, тойргийн өөрчлөлт, нийслэлийн механик өсөлттэй холбоотойгоор тойрог нэмэгдвэл магадгүй юм. Манайхаас олон 300, 400 хүнтэй парламентад лобби ордог. Энэ бол эрүүл асуудал. Нөлөөнд орно гэдгийг эрүүл талаас нь харвал байх хэрэгтэй. Төмөр замын асуудлыг хэлэлцэж байхад урагшаа, зүүн тийшээ тавина гээд л хоёр хуваагдаж байсан. Манайхан үг хэрэглэхдээ их буруу хэрэглэдэг. Лобби гэдэг уг нь гоё үг ш дээ. Тэгсэн хуйвалдаан гэдэг утгаар л манайхан ярьдаг.
-Тэгвэл хоёр танхимтай парламент байх хэрэггүй гэж бодож байна уу?
-Үүнийг Су.Батболд гишүүн ярьж байгаа. Түүний л санал болгож буй хувилбар. Харин би хувьдаа энэ талаар бодож үзээгүй.
-МАХН-ын дарга Н.Энхбаяр “Ардын намын гишүүдтэй нэгдэхэд бэлэн” гэх утгатай зүйл хэлсэн удаатай. Түүний энэ үйлдэл улстөрч хүний хувьд байж болох хувилбар уу?
-Тийм л байсан юм бол яах гэж гарсан юм. “Гарсан чигээрээ яв л даа. Юу хийгээд эргэж харж, надад нэг юм өгчихвөл би та нар дээр очно” гэх хэрэггүй.
-Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх Н.Энхбаяртай хэд хэдэн удаа  уулзсан гэх яриа бий?
-Ерөнхий нарийн бичгийн дарга бол их түвэгтэй ажил шүү дээ. Боловсон хүчин, намын өдөр тутмын ажил, гадаад харилцаа, зөвшилцөл зэрэг олон асуудлыг хариуцдаг. Сонгууль ойртож байгаа учир У.Хүрэлсүхэд хэцүү байгаа нь тодорхой. Зөвхөн Н.Энхбаяр гэхгүй Ардчилсан, Ногоон гээд бусад бүх намтай л уулзах хэрэгтэй. Тиймээс Н.Энхбаяртай уулзах нь зөв. Би Н.Энхбаяр даргыг ном бичээд явах байх гэж бодсон. Тэгсэн чинь МАХН байгуулаад л гараад ирлээ. Тэгээд сонгуулийн өмнө хар ном гаргана гэсэн. Иймэрхүү зүйл хийх хэрэггүй. Битгий эргэж ноц л доо. Энэ бол хамгийн муухай. Намайг байхад Ардын намынхан миний бөгсийг цайтал долоосон гэх зүйл ярих юм. Ийм юмыг ярианы сэдэв болгож, заавал ярих ёстой юм шиг аашилж болохгүй. МАХН сонгуульд оролцох гэж байгаа бол гуравдагч хүчний байр сууринаас орох хэрэгтэй.
-МАХН, МҮАН-тай эвссэн. Нэг үгээр хэлбэл Н.Энхбаяр, М.Энхсайхан нар хамтарна гэсэн. Энэ хоёр нийлээд ямар нэгэн зүйл хийх вий гэж хардах хүмүүс байдаг?
-Үндэсний шинэ нам байхдаа юм хийж чаддаггүй. МҮАН болохоороо ажил хийдэг гэж хэн хэлсэн юм. М.Энхсайхан өөрчлөгдөөгүй шүү дээ. М.Энхсайханыг Ерөнхий сайд байхдаа зоригтой алхам хийсэн гэдгийг бид мэднэ. Хүний хувьд чадвартай. Харин улстөрчийн тухайд одоо болсон байх аа. Үе нь өнгөрсөн.
-Таныхаар Н.Энхбаяр, М.Энхсайхан нар Монголын улс төрд хэрэггүй гэх гээд байна уу?
-Хэрэггүй биш. Харин одоо сайхан зөвлөх үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй. “Улстөрчийн зөвлөх” гэсэн хаягтай газар нээчихээд хоёулаа суугаад зөвлөгөө өгөх хэрэгтэй. Ний нуугүй хэлэхэд Н.Энхбаяр, М.Энхсайхан  нар хоёр өөр нам удирдаад сонгуульд оролцож байсан хүмүүс. Гэтэл нэгдлээ гэхэд хэн ч инээнэ биз дээ. Энэ хоёр ер нь ямар бантан хутгах гээд байна вэ гээд л. Магадгүй өвөрмөц зүйл гарч мэдэх юм. Харин манай намын хувьд сонгуульд оролцдогоороо оролцоно. “Манай зарим гишүүн би МАХН-д орно” гэж айлгадаг болж. Тэгвэл зайл л даа. Ямар ч зовлонгүй шүү дээ.
-УИХ-ын гишүүд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зо­ригтыг огцруулах асуудлыг гурав дахь удаагаа хөндөх гэж байх шиг байна. Ингэхэд Д.Зоригт сайд үнэхээр болохоо байчихаад байгаа хэрэг үү?
-Гөвж байх хэрэгтэй нэг хүн байдаг шүү дээ. Тэрүүгээр нь л Д.Зоригт тодорчихгүй юу. Тэр хүн болгонтой нийтэч биш, өөрийнхөөрөө байх дуртай хүн. Гэтэл үүнд нь зарим гишүүн дургүй байдаг юм байгаа биз. Үе, үеийн парламентад сайд болчихоороо гишүүдийг тоохгүй байна гэсэн яриа байдаг. Гэвч гишүүнээс сайд нь хэд дахин илүү ажил хийдэг. Ажлаа хийх үедээ хэн нэгэн гишүүний залгасан утсыг аваагүй, уулзъя гэхэд нь “дараа болъё” гэсэн нь бага, багаар явсаар байгаад том сонирхолтой нэгдээд асуудал үүсгээд байгаа хэрэг. Хувь хүний асуудал бий, том зүйл хөөж байгаа хүн ч байгаа байх. Д.Зоригтыг гөвье гэж байгаа бол хаа хүртэл гөвөхийг нь харъя. Д.Зоригт аль хүртэл тэсэхийг үзье. Бас л гоё жүжиг шүү дээ.
Эх сурвалж
Улстөрийн тойм

No comments:

Post a Comment