Monday, 30 April 2012

Э.Мөнх-Очир: Огцруулах гэж байгаагаа Л.Гансүх сайдад хэлэхэд инээж байна лээ


-БОАЖ-ын сайд Л.Гансүхийг огцруулахаар Ерөнхий сайдад бичиг хүргүүлэхээр болсон гэсэн. Ямар үндэслэлээр Л.Гансүх сайдыг огцруулах гээд байгаа юм бэ?
-Л.Гансүх сайдыг огцруулах асуудал удахгүй яригдах байх. Би Гансүх сайдтай биечлэн уулзаж энэ талаар хэлсэн. Сүүлийн 10 гаруй жил Булган аймгийн ард түмнээр тоглолоо. Одоо үүнийгээ зогсоох хэрэгтэй. Ханаа байлгүй дээ.Эгийн голын цахилгаан станцын ус дүүргэх талбайг хөгжүүлэх шаардлага байхгүй гэсэн. Энэ асуудлаас болоод Ханатай сум баг болсон байх жишээтэй. Энэ багт хүмүүс амьдарч байгаа, гэтэл эрчим хүчний шугам өнөөдрийг хүртэл очоогүй л байна. Уг нь, Булган аймгийн бүх сум, баг гэрэл цахилгаантай байгаа шүү дээ. Ийнхүү төр засгийн томоохон бодлого хэрэгжихгүй байгаагаас иргэд хохирч байна.Үүнтэй яг адил Орхон гол төслөөр Булган аймгийн Хишиг-Өндөр, Орхон, Могод сумын нутагт цахилгаан станц барина гэсэн. Дээрх цахилгаан станцын асуудлыг аль хоёр гурван жилийн өмнө л ярьж байсан. Одоо болтол энэ ажил хийгдээгүй. Гансүх сайд дээрх асуудлыг шийдээгүй.Үнэн хэрэгтээ Гансүх сайд юм хийгээгүй л байхгүй юу.Түүний ажлын өрөөний нэг ханаар нь дүүрэн Орхон гол төслийн зураг өлгөөстэй бий. Гол ажлаа хийгээгүй сайдад энэ ажлаа үргэлжлүүлэн хийх шаардлага байна уу.Иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс энэ мэт төслийн талаар цаашдаа ч би ярих болно.
Эрдэнэт үйлдвэр байгуулагдах үед Булган аймгийн иргэдээс тодорхой саналууд ирж байсан.Тухайн үеийн нам, засгийн тэргүүнүүд ийм ийм зүйл хийнэ гэсэн амлалт өгч байлаа.Түүнчлэн үйлдвэрийн зүгээс ч гэсэн Булган аймагт ийм ийм бүтээн байгуулалтын ажил хийнэ гэсэн байдаг юм билээ. Энэ бүхнийг ч гэсэн эргэн харах нь зүйтэй байх. Зэс хайлуулах үйлдвэрийг Орхон аймагт барих бололцоо байхгүй. Эрдэнэтэд барина гэж хууль санаачлагчид оруулж ирсэн. Эрдэнэтэд барина гэдэг нь Булган аймгийн нутаг дэвсгэрт барина гэсэн үг шүү дээ.Тиймээс энэ асуудлыг ч гэсэн сайтар ярилцах хэрэгтэй байгаа юм. Зэс хайлуулах үйлдвэрийн ойр орчимд хүн амьдрах боломжгүй байдаг. Энэ бүх асуудлыг сайтар тооцож үзэх хэрэгтэй болов уу.
-Та Л.Гансүх сайдтай биечлэн уулзсан гэсэн. Юу гэж байна?
-Бид хоёр уг нь хуурай ах дүү хоёр л доо. Гансүх сайдад таныг огцруулахаар бичгээ Засгийн газарт өгөхөөр болсон гэдгээ хэлсэн. Инээж л байна билээ. Миний хувьд ажлаа явуулъя л гэж байгаа болохоос хувь хүний асуудлаас болж ийм зүйл гаргаж тавиагүй.
-Огцруулах хүсэлтээ хэзээ тавих вэ?
-Эхлээд Ерөнхий сайдад асуулга тавина.Тэгж байгаад болно доо.
-АН-ынхан Д.Зоригт сайдыг огцруулах асуудлыг тавьсан. Үүний дараа МАН-ынхан Л.Гансүх сайдыг суудлаас нь унагахаар ярих боллоо. Магадгүй АН-ынхан Д.Зоригт сайдыг огцруулах асуудал хөндсөн болохоор танайх барьцаа болгож Л.Гансүх сайдын асуудлыг оруулж ирсэн юм биш байгаа гэсэн хар төрөөд байна л даа?
-Ийм зүйл байхгүй ээ. Шударга хэлэхэд Засгийн газарт ажлаа хийж байгаа сайд байна, хийхгүй байгаа нь ч бий. Сайд нарын ажлыг хийлгэх үүрэг бидэнд байгаа шүү дээ.
Э.Мөнгөнбаяр
2011 оны 6-р сарын 20, Даваа гариг
Ардчилал

No comments:

Post a Comment