УИХ-ын
гишүүн Э.Мөнх-Очирыг "Ярилцах танхим"-даа урилаа.
-Таныг
экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай хамт БНСУ-д ажиллаж байгаад ирлээ гэж сонссон.
Чухам ямар ажлаар явсан юм бэ?
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын УИХ-ын
даргад тавьсан хүсэлтийн дагуу, мөн Монгол-Солонгосын парламентын бүлгэмийн
даргын хувиар албан ёсны хэд хэдэн уулзалтад оролцоод ирлээ. Энэ нь юуны өмнө
БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ким Хен О даргатай уулзсан, Түүнчлэн Солонгос
Монголын парламентын бүлгэмийн дарга, Эдийн засгийн байнгын хорооны дарга Жэн
Жан Сон гишүүн, нөлөө бүхий том фракцийг толгойлдог Пак генералын охин гэж
ярьдаг Пак Гын Хэ гишүүн, Гадаад байдал, аюулгүй байдал, эв нэгдлийн байнгын
хорооны дарга Пак Жин нарын томоохон байнгын хороодыг ахалдаг хүмүүстэй
уулзсан.
-Гол
нь энэ уулзалт Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр айлчилж байна
гэсэн хаягтай байсан нь олны анхаарлыг гарцаагүй татсан. Яагаад ингэж мэдээлэх
болсон юм бол?
-Яагаад, хаанаас ингэж мэдээлснийг
ёстой мэдэхгүй. Миний бодлоор манай намын дотоод нөхцөл байдал, улс төрийн
хүрээнийхний болон УИХ, Засгийн газрын хоорондын харилцаанаас болоод илүү акцент
өгсөн юм болов уу.
-Ноён
Н. Энхбаярт Солонгосын тал хэр ач холбогдол өгч байв?
-Миний хувьд бол байдаг л ажлын
айлчлал болсон.
-Уулзалтын
сэдэв, гол үр дүн юу байсан бэ?
-Солонгосын бизнесийн хүрээнд нөлөө
бүхий "Finansial time" сонины урилгаар явсан. Тус сонины харилцагч
270 гаруй бизнесийн төлөөлөл ирсэн. Н.Энхбаяр "Монголын өнөөгийн байдал,
улс төрийн нөхцлийн талаар лекц уншсан. Мөн Солонгосын бизнесмэнүүд болон тэнд
сурдаг монгол оюутнуудтай уулзалт хийх зэрэг ажилтай байсан. Би дээр хэлсэн
албан ёсны гурван уулзалтад ороод л ирсэн.
-Хүмүүс
таныг Н.Энхбаяртай хамт явсан гэхээр хардаж байгаа байх. Би ч гэсэн хардаж
байна. Та Н.Энхбаяртай Солонгост хамт байхдаа МАХН-ын дотоод асуудлаар юу
ярьсан нь сонин байна л даа. Учир нь тэр намын дарга руугаа давшиж, довтолсон
олон ярилцлага өгсөн. Түүнд намын дарга болох сонирхол бий шүү дээ?
-Мэдээж нэг намын хоёр хамт явсан
болохоор намын даргын асуудлыг хөндөж яриагүй гэвэл худлаа болох байх. Тиймээс
би шууд хэлсэн. "Та бол МАХН-ын нэрээр олон жил төрийн өндөр алба хашлаа.
Энэ намын төлөө миний л мэдэхийн амьдралынхаа хорь гаруй жилийг зориулсан. Одоо
намаа сайн дэмжиж өгөх хэрэгтэй" гэсэн дээ.
-Гэнэт
маргааш намын Их хурал хуралдаж, намын даргад Н.Энхбаяр нэр дэвшвэл та түүнийг
дэмжих үү?
-Яг өнөөдрийн байдлаар бол би
Н.Энхбаярыг дэмжихгүй. Яагаад гэвэл тодорхой хэмжээгээр намын удирдлагууд ажлаа
хийж байна. Ерөнхий сайд, намын дарга, намын Ерөнхий нарийн бичгийн дарга,
нарийн бичгийн дарга нар бүгд ажлаа хийгээд л явж байна шүү дээ. Тиймээс
Н.Энхбаяр өнөөдөр "Би намын дарга болъё" гээд ороод ирвэл
"Уучлаарай, бид энд тодорхой зорилт, мөрийн хөтөлбөртэй, ажлаа хийж байгаа
хүмүүс. Энэ ажлаа дуусгах ёстой" гэж хэлнэ. Үүнийг би Н.Энхбаярт өөрт нь ч
хэлсэн.
-Ямар
нэг байдлаар эсэргүүцэхгүй байна уу?
-Үгүй. Би зүгээр л саналаа хэлсэн юм
чинь.
-Өнөөдөр
/өчигдөр/ МАХН-ын дарга С.Баяр ирнэ гэсэн мэдээлэл гарч байсан. Таны бодлоор
С.Баяр ирснээр юу өөрчлөгдөх бол?
-Үнэнийг хэлэхэд би өнөөдөр төрийн
ажлаа хийж байгаа болохоор улс төрийн асуудалд төдийлөн ач холбогдол өгөхгүй
байгаа. Албан тушаал хөөсөн, янз бүрийн ашиг сонирхолд хөтлөгдсөн хүмүүс л
үүнийг илүү сонирхож байгаа байх. Би Саяхан Тэсэрч дэлбэрэх бодисын тухай хууль
өргөн барьсан. Одоо Галт зэвсгийн тухай хуулийн төслийг бэлтгэж байна.
-Улс
төрийн тогтвортой байдлыг хүсвэл С.Баяр намын даргын ажлаа өгвөл С.Батболдод л
өгөх ёстой гэсэн бодолтой хүн танай намд цөөнгүй. Та үүнтэй санал нийлэх үү.
Засгийн газар ажлаа хийж чадаж байна уу, С.Батболд хувь хүний хувьд намын
даргын албыг авахад бэлэн үү?
-Хүмүүс янз бүрээр ярьж байгаа.
Миний хувьд С.Баяр даргын биеийн байдал ямар байгааг л яг үнэнээр нь мэдмээр
байна.
-Та
огт мэдээлэлгүй байгаа гэж үү?
-С.Баяр даргатай утсаар ярьсан. Ирэх
хугацааг нь мэдэж байгаа. Ирэхээр нь уулзана, зөвлөнө. Яагаад гэвэл би одоогийн
энэ улс төрдөө С.Баяр гэдэг хүнийг дагаж яваа. Дэмжиж ч байгаа. Хэрэв тэр хүн
маань эрүүл мэндийн байдлаасаа болоод ч юм уу, ямар нэг байдлаар зөвхөн УИХ-ын
гишүүн байя гээд намын даргын ажлаа өгөх саналаа намынхандаа гаргавал би
С:Батболдыг дэмжье гэж бодож байгаа. Ерөнхий сайдаар ажиллаж байгаа энэ хүн
өнөөдөр МАХН-ын зорилгыг биелүүлэхийн төлөө бүхнээ зориулж байгаа шүү дээ. Цаг
хугацаа нь ирнэ. Ний нуугүй хэлэхэд С.Батболд сайдаас бусад хэн нь ч юм бэ,
М.Энхболд дарга ч тэр, бүгд залуу байна. Бүгдэд нь цаг нь ирнэ.^Хэр^эв тухайн
асуудал яригдаад эхэлбэл шууд л хэлнэ. "М.Энхболд дарга аа, та С.Батболд
даргыг дэмжээч ээ. С.Батболд дарга та намын даргын ажлыг аваад бодитой юм
хийгээч ээ" гэж. Өнөөдөр Монголын ард түмэн МАХН-аас ганцхан зүйлийг хүсч
байна. Улс орны төлөө, хүмүүсийн төлөө ажиллаач гэдгийг л хүсээд байгаа. Бидний
хэн дарга, цэрэг байх нь ард түмэнд падлий байхгүй. Би бол бүр ч падлийгүй
байгаасай гэж хүсдэг. Улстөрчид хоорондоо улс төрөө ярьдаг, ард түмэнд тэр нь
ажилд нь садаа, амьдралд нь гай болохгүй байх ёстой. Ийм л улс төрийн төлөө
явах ёстой.
-Таныг
намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхтэй зодолдсоныхоо дараа
тодорхой хэмжээний гэмтэл авсан. Энэ талаар шүүх эмнэлгээр явж байгаа гэсэн
мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?
-Би эмнэлгээр огт яваагүй. Эмнэлэгт
үзүүлж амжаагүй. Тэгж явах бодол ч алга. Маргаан болсны дараа намайг ямархуу
байдалтай байгаа бол гэж олон хүн харахыг хүссэн, асуусан. Би онцын айхавтар юм
болоогүйг баталж, ямар байгаагаа харуулах гэж, бас ажлаа хийнгээ долдугаар
сарын нэгний үймээний талаарх хэлэлцүүлэгт оролцож олонд
"харагдсан". Надад одоо тэр талаар ярих юм байхгүй.
-Одоо
таны биеийн байдал эрүүл мэнд хэвийн үү?
-Зүв зүгээр байгааг та харж байна
шүү дээ.
-Тэгвэл
У.Хүрэлсүхтэй эвлэрсэн, харилцаа хэвийн байгаа гэж ойлгож болох уу?
-Бид хоёр яах вэ дээ /инээв/. Гэхдээ
би олон жил янз бүрээр л бичүүллээ. Бараг ажрахаа байчихсан даа Ер нь Засгийн
газар огцрох, солигдох мэтийн улс төрийн хөдөлгөөнтэй үеийг угтаж, эсвэл албан
тушаал, томилгооны өмнө нэгнийгээ намнадаг ийм жишиг тогтчихоод л байгаа юм.
Намын даргьн асуудал яригдах гэж байна. Энэ үеэр намын ерөнхий нарийн бичгийн
дарга залуусаас хэнийг дэмжих вэ гэдэг нь их сонирхол татаж байгаа. Тийм учраас
энэ хоёр хүн хамт байвал юунд хүрэх бол гэдгээс айж байгаа хүмүүс бий.
Сагачихвал өөрсдөө юунд хийхээ ч тооцоолчихсон байгаа. Тэгэхээр шуудхан хэлэхэд
У.Хүрэлсүх бид хоёрыг болж өгвөл хоп байгаасай, хоорондоо муу байгаасай гэдгийг
хүсч мөрөөдсөн хүн зөндөө байна. Тэдний л дундаас нэг, хоёр хүн тэгж бичүүлсэн
байх
-Оюутолгойн
гэрээний Техник, эдийн засгийн үндэслэлийг авч хэлэлцсэн Эрдэс баялгийн
зөвлөлийн хуралд та оролцохдоо ямар байр суурьтай байв?
-Ямар ч байсан ухрах газар байхгүй.
Олон талаас нь ярьж байгаад УИХ-аар батагзан. Гэхдээ эргэж харах зүйлүүд бий.
Ний нуугүй хэлэхэд би иргэний хөдөлгөөний зарим хүнтэй уулзсан. Урьд нь Засгийн
газар, сайд, холбогдох хүмүүсийн хариуцсан асуудал гэсэн байдлаар хандаж
байсан. Ингээд олонтаа давтаж яригдаад байгаа болохоор иргэний хувьд, УИХ-ын
гишүүний хувьд сонирхоод очиж ярилцлаа. Үнэхээр дуу хоолойгоо гаргахгүй бол
болохгүй юм байна гэж ойлгоод өчигдөр / уржигдар/ Аюулгүй байдал, гадаад
бодлогын байнгын хорооноос гарсан ажлын хэсэгт орох хүсэлтээ албан ёсоор
тавьсан. Ингэж ажлын хэсэгт хүсэлтээрээ орсон нь ганцхан зорилготой. Энэ нь
Оюутолгойн гэрээг гацаах, болиулах, ухраах биш харин Монгол Улсад яаж ашигтай
болгох вэ гэдгийг ярилцъя. Харахад тов тодорхой зүйлүүд байна. Ус, тогтоосон
нөөц нь ул суурьтай үндэслэлтэй байгаа. Гэтэл яагаад олон тоннын зөрүү гараад
байгааг "Айвенхоу Майнз Монголиа Инк" компанийнхантай ч ярих
хэрэгтэй. Засгийн газрын гишүүд ч зөв ойлгож ажилламаар байна.
-Та
ч гэсэн энэ гэрээг буцаах ёстой гэсэн байр суурьтай байгаа юм уу?
-Үгүй. Тэгж ойлгосон хүн нэг бус
байгаа бололтой. Урагшаа, гэхдээ зөв явуулах ёстой. Жишээ нь, уг гэрээг
хэлэлцэж эхлэхэд усны асуудлыг би хамгийн анх тавьж байсны хувьд энэ талаар
эргэж харах хэрэгтэй гэсэн саналтай байгаа. Зарим хүний яриад байгаа шиг гүний
усны дэлхий дээрх хамгийн том нөөц олдчихлоо гэж "бүлтрэх" хэрэггүй л
дээ. Хамгийн том нөөц нь далай байдаг биз дээ. Тэр тусмаа говьд тийм нөөц байна
гэж ярьж болохгүй. Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ямар хэмжээний нөөцийг
ашиглаж болох, болохгүйг тогтоосон байдаг. Гүний ус чинь өөрөө ашигт малтмал
юм. Түүнийг авч ашигласнаар байгаль орчинд нь ямар өөрчлөлт орох, сөрөг нөлөө
нь юу байх гээд олон талаас нь бодож ярих хэрэгтэй. Үүнийг л хэлсэн. Түүнээс
биш "болохгүй ээ, ус нь хүрэхгүй юм байна" гэж судалгаагүйгээр
эсэргүүцээгүй. Усны газраас манай ажлын хэсэгт ирүүлсэн бичигт энэ талаар сайн
судалгаа хийжээ гэсэн байгаа. Үнэхээр сайн судалгаа хийсэн. Тэгвэл энэ
судалгаанд уг ордыг ашигласан эхний таван жилд 110 мянган тонн хүдэр
боловсруулахад хүрэлцээтэй байгаа боловч үйлдвэрлэлийг цаашид үргэлжлүүлэн 150
тонн хүдэр боловсруулах хэмжээнд очиход усны нөөц хангалтгүй болно гэсэн байгаа
юм. Тиймээс Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл болон Д.Зоригт сайдад "Энэ
хурлыг хойшлуулж өгөөч" гэсэн бичиг өгсөн. Дөрөвдүгээр сарын 6 хүртэлх
арав гаруй хоногийн дотор ярилцъя. Үнэхээр тэгж ус нь хүрэлцэхгүй байгаа бол
усныхаа хэмжээнд тааруулж таван жилээр ч юм уу техник эдийн засгийн үндэслэлээ
хийе л дээ гэсэн санал тавьсан юм. Тэгэхгүй худлаа болж байна, таарч
байна гэж худлаа ярих хэрэггүй. Биднийг хуурах гээд байгаагийн гол шалтгаан нь
хурдан л уг ордыг эргэлтэд оруулчихъя гэсэн ганц хоёр хүний санаа байна гэж би
ойлгож байна.
-Хурдал
гэсэн шахалтыг улстөрчид үзүүлээд байгаа юм биш үү?
-УИХ-ын гишүүд хувь хүмүүсийн зүгээс
ямар санал хэлснийг мэдэхгүй. Ажлын хэсгийн зүгээс хуулийг мөрдөж ажиллуулна
гэсэн хатуу байр суурьтай байгаа.
-Та
өнөөдөр /өчигдөр/ болсон Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурал дээр
бухимдаж, хурлыг тараахаар оролдсон гэсэн мэдээлэл ирсэн?
-Би тэр хуралд оролцохдоо нэг юманд
л их харамссан. Ажлын хэсгээс бичиг өгчихөөд байна. "Та бүхэн энэ бичигт
албан ёсны хариугаа өгөөд, зарим зүйлийг нягталж, хурлаа хойшлуулаач" гэж
би хэлсэн. Тэгэхэд "УИХ бидний ажлыг мэддэггүй юм. Бид хуралддагаараа
хуралдана" гэж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дарга Оюунбаатар хэлсэн.
Монгол Улсын Их Хурал, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноосоо
ажлын хэсэг гаргаад шалгаж, дүгнэлтийг нь гартал хурлаа түр хойшлуулаач гэж
байхад ийм хариулт өгч байгаа нь УИХ-ыг үл хүндэтгэсэн хэрэг. Эрдэс баялгийн
зөвлөл өөрөө хууль зөрчин хуралдаж байгаа. Яагаад хойш уг зөвлөл гурван сарын
дотор асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байх ёстой. Зургадугаар сарын 17-нд анх
өргөдөл өгсөн. Гэтэл гурван сарын хугацаа нь хэдийнэ хэтрээд, арванхоёрдугаар
сард буцаасан. Өнөөдөр хэдэн билээ? Үүнийг л хэлсэн.
-УИХ-ын
гишүүдээс та ганцаараа очсон юм уу?
-Ажлын хэсгийн ахлагч Ш.Сайхансамбуу
гишүүний даалгавраар би ажлын хэсгийн хүсэлтийн хариуг авах гэж очсон. Би
"тар" гээгүй. Хуулийнхаа хүрээнд хэлэлцээч л гэсэн шаардлага тавьсан
юм. Бас нэг заваан юм нь Эрдэс баялгийн зөвлөлийн хурал дээр 3-4 залуу архи
үнэртүүлээд хуралд оролцож байсан. Төрийн байгууллагын байранд, төрийн
асуудлаар хуралдаж байхад тэгж болохгүй. Би өөрөө төрийн албанд ажиллаж байсны
хувьд дургүйцэж байгаагаа тэдэнд ч шууд хэлсэн.
-Оюутолгойн
гэрээг яаран батлах, ордыг ашиглаж эхлэхэд улайрсан хамгийн том ашиг сонирхол
нь сонгуулиар амласан иргэн бүрийн 1.5 сая төгрөг байсан гэдгийг та хүлээн
зөвшөөрөх үү. Үүнээс болж Техник эдийн засгийн үндэслэл нь түүхий байхад гэрээг
баталсан шүү дээ?
-Тийм ээ. Уг нь бид тэгж хэлээгүй л
дээ. Биднийг сонгуульд нэр дэвшээд тойрогтоо очсон байхад, араас очоод,
сонгууль дуусахын өмнөхөн хийсэн ажил шүү дээ. Нэгэнт намын шийдвэр ингэж
гарсан болохоор бид хэрэгжүүлэх ёстой. Гагцхүү зөв хэрэгжүүлэх ёстой. Улс орон,
ард түмнээ хохироож, амлалтаа биелүүлдэг байж болохгүй.
-"Алтандорнод
Монгол"-ын шүүх хурал дээр Монголын Засгийн газар ялагдах нь бараг
тодорхой болчихоод байна. Үүнд зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан
татварын хуулийг баталсан парламент ямар нэг хариуцлага хүлээх үү гэсэн
асуултыг иргэд тавих боллоо. Хууль санаачлагчид, лобби бүлэг ийм асуудалд яаж
хандах бол?
-Гэрээнд гарын үсэг зурсан хүмүүс
асуудалд хариуцлагатай хандаж, араа бодож, зөв хийдэг байх ёстой.Миний бодлоор
хүн эх орноо, гэр бүлээ, нэр хүндээ бодно уу хамаагүй. Хамгийн гол нь аливаад
итгэл үнэмшлээрээ хандах сайхан. Үнэхээр өөрөө зөв гэж бодсоор байгаад хийсэн
бол алдахад хүртэл "уг нь миний л зөв байсан юм даа" гэж бодоод
өнгөрдөг шүү дээ. Би өөрөө гольфийн талбайн асуудал дээр тэгж алдсан хүн. Шүүх
буруу гээд нотолчихоор би алдсан болчихоод байгаа юм. Тэгсэн мөртлөө дотроо
"Би зөв л юм хийсэн дээ" гэж бодоод байдаг. Энэ бол хожил. Сэтгэл
хангалуун хийгээгүй, нөлөөнд автаагүй, мөнгө тоолоогүй. Нөлөөнд орох, дарамтлуулах
бол яах вэ. Нэр хүнд л унана биз. Мөнгө тоолсон бол гутамшиг.
-Таны
сүүлийн үед санаачилсан хуулийн төслүүд анхаарал татаж байгаа. Яагаад тэсэрч
дэлбэрэх бодис, галт зэвсгийн тухай хуулиудыг санаачлахаар яаравчлах болов?
-Маш чухал ач холбогдолтой гэдэг нь
ойлгомжтой. Өнгөрсөн он жилүүдийг бодвол өнөөдөр тэсэрч дэлбэрэх бодистой
холбоотой их хэмжээний харилцаа үүсчихээд байна. Өмнө нь улсын бөгөөд
мэргэжлийн байгууллага, хүмүүс харьцдаг байсан. Сүүлийн үед хэт задгайрч, ашигт
малтмал, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн байгууллага
олширлоо. Хилийн хяналтыг чангалах шаардлагатай байна. Жишээ нь 2004-2009 онд
зөвхөн дэлбэрэлттэй холбоотой 32 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь манай орныг
терроризмд өртөх магадлалтай орны тоонд ч бүртгэгдэхэд хүргэж ч болох юм. АНУ,
Орос, Хятад гээд том гүрнүүдийн ЭСЯ-д байна. Тэр орнуудын удирдагчид айлчилж,
дэлхийн анхаарлыг татах боллоо. Гэтэл аюулгүй байдлаа хангах хууль эрх зүйн
зохицуулалтгүй байж болохгүй. Тиймээс дээрх хуулиудыг санаачилсан.
Тоймч У.Оргилмаа
2010 оны 3-р сарын 26, Баасан гариг
Улс төрийн тойм
No comments:
Post a Comment