Sunday, 29 April 2012

Г. Занданшатар: “Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ”


УИХ-ын гишүүн Г.Занданшатартай ярилцлаа
Гадаад харилцааны яамнаас өчигдөр “Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа: Монгол Улс ба түнш орнууд” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү уулзалтын зорилго нь манай улсын худалдааны түнш орнуудтай хийж байгаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид улам хөгжүүлэх явдал аж. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Г.Занданшатараас цөөн асуултад хариулт авлаа.
-Уулзалтын үр дүн нь юу байх бол?
-Энэ жил Гадаад харилцааны яаманд хоёр чухал ой тохиож байна. Юун түрүүнд орчин үеийн дипломат алба буюу Гадаад харилцааны яам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Мөн Монгол Улсад худалдааны салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ой болно. Манай улсад орчин үеийн худалдааны салбарыг 1921 оноос хөгжсөн гэж үздэг. Тиймээс энэ сарын 17, 18-ны өдрүүдэд Монгол Улсад худалдааны салбар үүсэж, хөгжсөний түүхэн ойг тэмдэглэнэ. Үүний хүрээнд удахгүй худалдааны салбарын үндэсний зөвлөлгөөнийг зохион байгуулахаар ажиллаж байна. 
-Энэ хүрээнд ямар арга хэмжээ зохион байгуулах вэ?
-Үүгээр худалдаа эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээл, эдгээрийг шийдвэрлэх, орчин үеийн төлбөр тооцооны систем рүү шилжих талаар ярилцах болно. Мөн манай яамнаас санаачлан Гадаад худалдааны тухай багц хуулийн төслийг боловсруулан Засгийн газарт өргөн барьж, батлуулсан байгаа. Удахгүй УИХ-д өргөн барина. Үүнтэй уялдуулан төрөөс худалдааны тухай баримтлах бодлогын баримт бичиг, экспортыг дэмжих үндэсний хөтөлбөрийг Засгийн газарт өргөн барьсан. Ер нь жижиг зах зээлтэй манай улс урд, хойд хоёр том зах зээл рүү бараа бүтээгдэхүүнээ борлуулах учиртай. Тиймээс  экспортыг дэмжих үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Нийтлэлч
Ц.Энхцэцэг
Эх сурвалж
Улс төрийн тойм сонин
2011 оны 11-р сарын 16, Лхагва гариг

No comments:

Post a Comment