УИХ-ын гишүүн
Э.Мөнх-Очиртой ярилцлаа.
-Ерөнхийлөгч МАН-ын сайдуудын томилгоон дээр улс төрийн өнцгөөс шүүмжлэлийн байр суурь баримталж байна. С.Батболдын Засгийн газар болохоос Ц.Элбэгдоржийн Засгийн газар биш шүү дээ?
-МАН-аас томилж байгаадаа биш ямар хүмүүс томилох гэж байна вэ гэдэг дээр Ерөнхийлөгчтэй зөвшилцдөг хуультай юм чинь хэлэх нь зөв. Мэдээж, боломжгүй гэж үзэж, хаалт хориг тавих нь бүрэн эрхийнх нь асуудал. Гадуур уур амьсгал ямар байгаа вэ гэдгийг нам дотроо ярих нь бас өөр асуудал. Зөв хүнээ олж тавьсан уу гэдэг ч юмуу.Зарим тохиолдолд шаардлагатай хүнээ шуудхан хэлээд, өрсөлдүүлэх нь зөв байдаг.
Энэ нь бол удирдлагын гаргах шийдвэр. Удирдлагын гаргасан шийдвэрийг Удирдах зөвлөл ч тэр, намын бүлэг ч санал хураалтаар тодорхойлчихсон шүү дээ. Ерөнхийлөгчийн хувьд өнгөрсөн хугацаанд болж байсан үйл явдлуудтай холбоотойгоор асуудлууд чинь шийдэгдсэн үү гэж л асуусан. Тэр нь ямар байдлаар бусдад туссаныг хэлж мэдэхгүй.-Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжсэн гэж үү. МАН-ын гишүүн гэхэд намын жанжин шугамаасаа гажсан хариулт өгөөд байна уу?
-Яагаад болохгүй гэж. Жишээ нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг сонгогдсон тойргийнхоо нэг сумынхны амьдрах нөхцөлийг нь бүрдүүлээд өгчихөөсэй гэж бодоод хэлснийг зүйтэй гэж бодож байна. Түүнээс Засаг дарга нь тэнд цианит аваачаад хаячихсан юм байхгүй л дээ. Түүнийг нь хорьж, хаах ёстой байсан мэргэжлийн байгууллагууд нь юугаа хийж байсан юм бэ.Засаг дарга нь мэдээж иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог хангах хэрэгтэй.
Тэгэхээр асуудлыг их өргөн харах ёстой. Тухайн үеийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ очиж ажилласан. Ямар сайндаа Эрүүл мэндийн сайд нь тэр чигээрээ бэлгийн замын халдвар авсан байна гэж хэлээд онигоонд орж байсныг мартаагүй. Тиймээс асуудлыг тэр үеийн сайд нартай ч ярих ёстой.-Тийм болохоор Хонгорын асуудлыг Эрүүл мэндийн сайд асан С. Ламбаагаас асуух ёстой байсан юм биш үү. Хэтэрхий улстөржөөд?
-Ерөнхийлөгч Хонгор суманд асуудал байна гэдгийг гаргаж тавилаа. Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа «Үгүй шүү дээ. Улсын дунджаар бараг өвчин байхгүй. Хүн үхэхгүй байгаа юм биш үү» гэж байнгын хорооны хурлын үеэр хэлж байсан. Тэгэхээр Ерөнхийлөгчийн асуулт улстөртэй холбоогүй болов уу.-Энэ тал дээр таны бодол ийм байдаг юм байна. Ингэхэд танай намын бүлэг дотор сайд болж чадаагүй хүмүүс нэлээд бухимдалтай, буцлаад яваа сурагтай?
-Буцлаад байгаа хүмүүс бий гэж сонссон. Буцалж л байг.-Та ч сайдад нэр дэвшсэн. Бухимдаж, буцлахгүй байна уу?
-Ний нуугүй хэлэхэд сайд болъё гээд гүйсэн юм надад алга. Ер нь томилогдвол хийж чадна гэж хэлсэн. Тэгээд ч миний сонирхож, чадна гэсэн салбарын томилгоо яригдаагүй учраас чадна гэж хэлээгүй. Батлан хамгаалахын сайдад миний нэрийг салхиар хийчих шиг болсон. Бүлэг дээр найман хүний нэрийг уг албан тушаал дээр дэвшүүлж байна л гэсэн. Ер нь найман хүний нэрийг дэвшүүлдэг нь ч ямар учиртай юм. Энэ талаар юу гэж бодож байна гээд асуухаар би нэрээ татлаа л гэчихсэн. Болъё гэсэн хүсэлтэй хүмүүс нь өрсөлддөг юм байгаа биз. Сайд болъё гэж бодоогүй хүний нэрийг дэвшүүлчихдэг. Дараа нь нэрээ татахаар ийм хүмүүс дэвшээд больчихлоо гээд манай бүлгээс мэдээлж байдаг нь мангарын дээд мангар байхгүй юу.-Бүлгийн дарга хариуцлагагүй мэдэгдэл хийчихсэн болж таарах гээд байна уу?
-Хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Би дэвшинэ гээд санал хэлсэн биш. Тэр бүхнийгээ ч гадагшаа цацаж байх шаардлага ч байхгүй. Болъё гээд гаслаад, цовхчоод байгаа хүмүүс нь хэлэх хэрэгтэй шүү дээ. Дэвшсэн шүү, одоо гомдоод явж байгаа юм гээд хэлж болно. Нөхдийнхөө дэмжлэгийг аваагүй мөртлөө зохион байгуулалтад орсон гэж яриад явж байгаа хүн ч байна. Тэгвэл уучлаарай, зохион байгуулалтад орсон гэж яриад байгаа хүн өчигдөрхөн л зохион байгуулалтад ороод байнгын хорооны дарга болсон байж таарах уу. Удирдах зөвлөл байнгын хорооны дарга гэхээр зохион байгуулалтаар яваад болоод байдаг. Тийм юм гэж байдаггүй л байхгүй юу.-Ерөнхий сайд УИХ-ын гишүүн Ч.Улааныг Сангийн сайд болгоно гэж амалчихаад, Удирдах зөвлөлдөө битгий дэмжээрэй гэж хэлсэн юм уу. Намын дарга хүн ингэж хударгагүй загнаж болохгүй биз дээ. Тийм ч болохоор сайд болоогүй гомдогсдын арми танай нам дотор хүрээгээ тэлээд байгаа юм биш үү?
-Ерөнхий сайдыг тэгж үг хэлэх үед та хажууд нь үг байсан юм уу?-Үгүй ээ. Гэхдээ танай намынхан дотор иймэрхүү яриа байгаа учраас танаас тодруулж байгаа юм?
-Хажууд нь байгаагүй л бол ор үндэслэлгүй зүйл бүү ярь. Тэгж яриад байгаа хүмүүс ч гэсэн Ерөнхий сайдын хажууд нь байсан болж таарах гээд байна уу. Үгүй шүү дээ. Өнөөдөр УИХ-ын гишүүн Ч.Улаанд С.Батболд дарга тэгж хэлснийг хэн нотлох юм бэ. Би С.Батболд даргатай зөндөө уулзаж, ярилцаж байсан. Ярьсандаа л байдаг хүн. Хэзээ ч тэгнэ, ингэнэ гэчихээд ар хударгаар нь тэг гэж бусдад даалгавар өгдөг хүн биш.-Та намын даргаа хамгаалаад байна уу?
-Хамгаалсан юм алга. Тэгж хэлэхгүйг нь сайн мэдэж байна.-Яагаад. Та түүнийг тийм сүрхий мэдэхээр ойр дотно нөхөрлөдөг гэж үү?
-Үгүй.-Танай нам доторх «Элсний-13» сэргэж, С.Батболдын эсрэг фракц, бүлэглэл сайдуудын томилгооноос болоод бий боллоо. МАН дотроо хагаралтай байгаа учраас Ерөнхий нарийн бичгийн даргаа дэвшүүлэн зайлуулж байгаа гэдэг дээр ямар хариулт өгөх вэ?
-Би УИХ дахь намын бүлгийн хурал, Удирдах зөвлөл дээр хийсэн мэдээллийн дагуух зүйлийг л мэднэ. Тэнд юу яригдсан бэ гэж сонирхоод байвал хариулж болно шүү дээ. Маш тодорхой. Өөрөөр хэлбэл сонгууль ойртож байна. Ерөнхий нарийн бичгийн дарга Засгийг" газартайгаа холбогдож ажиллана. Ажлаа уялдуулна. Цуг албан тушаал хашина гэсэн.-МАН удахгүй хуралдах Бага хурлаар Ерөнхий нарийн бичгийн даргынхаа томилгоог хийнэ гэгдэх болсон нь ямар учиртай юм бэ?
-Тийм зүйл ярихгүй. Харин шинэ хаших албан тушаалыг л ярих болов уу.-Намын дүрэмдээ Ерөнхий нарийн бичгийн дарга орон тооных байна гэж заачихсан биз дээ?
-Дүрмэндээ орон тооных байна гэж заачихсан. Түүнийг нь яаж гаргах вэ гэдэг гаргалгааг нь гаргана. МАН-ын ээлжит Их хурал хуралдана. Их хурлаараа өөрчлөлт оруулж, орон тооны бус байж болох ч юм бил үү. Энэ сэдэв чинь үеийн үед яригддаг зүйл. Намын нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга томилогдох бүрт яригддаг зүйлс л дээ.-Ерөнхий нарийн бичгийн даргын томилгооны нэрс яригдаад эхэлчихсэн нь ямар учиртай юм бэ?
-Өнөөдөр У.Хүрэлсүх гэж Ерөнхий нарийн бичгийн дарга байна. Сонгуулийг удирдана, хариуцлагыг хүлээнэ гээд хэлчихсэн. Яагаад тэр хүнийг солих гээд зүтгээд байгааг ойлгохгүй байна. Явж л байг гэж бодож байна. 2000-2001 онд манай аав нас бартлаа энэ албан тушаалыг хашиж л байсан биз дээ. Нэг жил байж болсон юм чинь тавхан сар хийчихэд яагаад болохгүй гэж.-Ерөнхий нарийн бичгийн даргаа дэвшүүлэн зайлуулж байна гэдгийг юу гэж тайлбарлах вэ. Өөрөөр хэлбэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх намын даргаа унагах гэж нэр бүхий дөрвөн гишүүнээр гарын үсэг зуруулаад бүтээгүй шүү дээ. Одоо өөрөө тэр Засгийн газартаа орж ажиллах гэж байна?
-Тэр бүхнийг мэдэхгүй юм байна.-Тийм болохоор л МАН-ын дарга С.Батболд түүнийг Тэргүүн шадар сайд гэдэг албан тушаалаар дэвшүүлэн зайлуулж байгаа биш үү?
-МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг дэвшиж байна гэж харахгүй байна. Намын Ерөнхий нарийн бичгийн даргын эрх мэдлийн хүрээ Тэргүүн шадар сайд гэдэг «панаалтай» түр зуурын суудал хоёрын ялгаа шал өөр. Тэгэхээр дэвшээд байгаа юм алга.-Ерөнхий сайд яагаад намын бодлого зангидагч хүнээ Тэргүүн шадар сайдаар томилж байгаа юм бэ?
-Сонгуульд ялахын тулд.-Ерөнхий сайд Ерөнхийлөгчийн зөвлөгөөг дагахгүй юм. Сайд нараа бүгдийг нь гаднаас бүрдүүлэх ёстой байсан юм биш үү?
-Зовлонтой шүү дээ. Чи ч гэсэн «Элсний-13» бий боллоо гэж яриад сууж байна. Тэр «Элсний-13» чинь бүгд л сайд болохыг хүсэж байгаа. Мөн Ерөнхийлөгчийн хэлснээр бүгдийг гаднаас авахаар «Элсний-13» биш «Элсний-44» болох гээд байна.Тэр хүнд чинь зовлон байна. Ганцхан хүн албан тушаалын томилгоог шийдээд байгаа юм биш. Зовлонтой асуудлууд өч төчнөөнөөрөө бий.-Хэдхэн сарын дотор сайд болохыг мөрөөдсөн хүмүүс танай нам дотор чамгүй олон байна. Зарим нэг нь дургүйцлээ ил тод илэрхийлж байна шүү дээ?
-Манай нам дотор мөрөөдсөн мөнгөн хонхнууд зөндөө л байна. Төрийн ордны хонгилоор дүүрэн хангинаад байгааг харж л байгаа биз дээ.Шинээр сонгогдох хүмүүст сэтгэл ханамжтай байна уу?
-Болж чадах нь болог л дээ. Харин болж чадаагүй нь юу гэж далдаганаж, энэ тэрүүгээр гүйгээд байгаа юм бэ. Миний хувьд гаднаас орж ирж байгаа хүмүүст ярих юм алга. Гишүүн бай-гаа гурван хүнийг нь ямар хүн, хэн бэ гэдгийг ч бид шүүхгүй. Тэртэй тэргүй бусадтайгаа адилхан өрсөлдөөд гарч ирсэн. Чи тийм байсан уу гэж ярих ямар хэрэг байгаа юм бэ. Өнөөдөр ний нуугүй хэлэхэд ард түмнээс сонгогдоод ороод ирчихсэн учраас чадвартай, чадваргүй гэж шүүх эрх бидэнд байхгүй. Ерөнхий сайд нам доторх блансыг барья. Хүчний тэнцвэрийг хангахын тулд өөртэй нь нэг танхимд ороод ажиллаж чадах хүмүүсээ сонгох нь ойлгомжтой. Тэр утгаараа сонголтоо хийсэн болов уу. Түүнээс зун, намаржингаа ажлыг нь хийлгээгүй нөхрийг танхимынхаа гишүүн болгох хэрэг байх уу. Нэг танхимд орчихоод л дүнхүү яриагаа ярина шүү дээ. Хэн тийм хүнтэй ажиллахыг бодох вэ дээ.-Тийм учраас л УИХ-ын гишүүн Ц.Батбаяр Батлан хамгаалахын сайдад нэр дэвшээд дэмжлэг аваагүй хэрэг үү?
-Огцруулъя гэж ярьж явчихаад сайд болъё гээд Ерөнхий сайд дээр орохоор гайхна биз дээ. Ерөнхий сайд ч гэсэн танхимдаа авахгүй нь ойлгомжтой. Хангалттай санал авсан ч шийдэх эрх нь намын Удирдах зөвлөл рүү явчихсан.-Энэ мэтээр л Ерөнхий сайд өөрийнхөө эсрэг хүчнийг бага багаар бүрдүүлж эхэллээ. Сайдын томилгооноос болоод дахиад л Засгийн газрыг огцруулах асуудал тавигдахыг үгүйсгэхгүй шүү дээ?
-Үеийн үед л намын даргынхаа эсрэг босдог байсан. Бүх түүхийн хугацаанд намын даргыг сольё гэдэг гурван хүн байсаар л ирсэн. Гагцхүү хоншоор нь хүрэх үү гэдэг асуудал бий.
Нийтлэлч
Б.Туяацэцэг
Эх сурвалж
Өглөөний сонин
Б.Туяацэцэг
Эх сурвалж
Өглөөний сонин
No comments:
Post a Comment