Г.Занданшатар сайдын өргөн барьсан энэхүү хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр үдээс хойш хэлэлцэж УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ.
Стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд гурван жилийн нүүр үзэж байна. Уг төсөл хэлэлцүүлгийн шатандаа удааширч байгаа тул Г.Занданшатар, Ө.Энхтүвшин, Н.Ганбямба, Н.Батбаяр, С.Бямбацогт, З.Алтай нарын нэр бүхий гишүүд дээрх хуулийн төслийг шинэчлэн өчигдөр дахин өргөн барилаа, Ингэхдээ хуулийн төслийн үндсэн үзэл баримтлалыг хэвээр үлдээж, Засгийн газрын саналыг нэмж тусгажээ. Мөн стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ ямар байхыг зохицуулсан заалт оруулсан байна. Үүнд гадаадын улс орны төрийн оролцоотой хөрөнгө оруулалтад их багаас нь үл хамааран зөвхөн Засгийн газар зөвшөөрөл олгох, гадаадын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг тодорхой хувиас дээш гарсан тохиолдолд Засгийн газар зөвшөөрөл олгож байхаар хуульчилжээ. Түүнчлэн стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид Монголын талын хувь эзэмшил 51-ээс дээш байх заалт тусгасан гэнэ. Шинэчлэн өргөн барьсан төслийн талаар УИХ-ын гишүүн Г.Занданшатараас зарим зүйлийг тодруулав.
-Өмнө өргөн барьсан хуулийн төслөө дахин шинэчилж өргөн барих ямар шаардлага байсан юм бэ?
-Стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийг гурван жилийн өмнөөс УИХ-ын дэгийн дагуу хэлэлцээд, судлаад явж байгаа. Анх өргөн барихдаа Засгийн газрын саналыг аваагүй. Засгийн газар саналаа сүүлд ирүүлсэн юм билээ. Хэлэлцүүлгийн явцад Засгийн газрын саналыг тусгах гэхээр нэлээд урт хугацааны хэлэлцүүлэг өрнөх гээд байсан. Тиймээс аль болох хугацаа товчлох үүднээс засгийн газрын саналыг төсөлдөө тусгаад, мөн Н.Батбаяр гишүүний ахалсан ажлын хэсэг болон Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн гаргасан олон саналыг нэгтгээд дахин өргөн барьж байна. Ингэс-нээр ажлын хэсэг олон дахин хуралдахгүйгээр хуулийн төслийг нэг мөр цэгцэлж байгаа учир хууль харьцангуй хурдан батлагдах боломжтой болж байгаа. Энэ асуудал дээр намын бүлгүүд, байнгын хороо болон ажлын хэсгүүд урьдчилан нэгдсэн ойлголцол, зөвшилцөлд хүрсэн-Хуулийн төслийг ингэж хурдан батлах гэж байгаа нь "Саусгоби сэндс" компанийг тойрсон асуудалтай холбоотой юу?
-Энэ бол аль нэг компанид зориулж гаргах гэж байгаа хууль биш. Монголын зах зээлдэх экспортын гол нэрийн бараа бүтээгдэхүунийг бид дэлхийн зах зээл дээрх үнээр борлуулахыг хүсч байна. Тиймээс энэ хууль экспортын бараа бүтээгдэхүүнд худалдан авагч юм уу, худалдагчийн монополь тогтоох, энэ нь эдийн засаг, ард түмний амьдрал, Монгол Улсын төсвийн болон татварын орлого, аж ахуйн нэгжүүдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхөөс сэргийлэх зорилготой.-Стратегийн ач холбогдолтой салбар, аж ахуйн нэгж гэдэг томъёололд юу юу багтаж байгаа вэ?
-Стратегийн ач холбогдолтой салбар гэж Монгол Улсын эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй салбаруудыг тодорхойлсон. Өргөн утгаараа мэдээлэл харилцаа, уул уурхай хүнсний үйлдвэрлэл гэх мэт салбараас гадна дотор нь нарийвчилж тэсрэх дэлбэрэх бодис болон химийн хорт бодис үйлдвэрлэх, түгээх аж ахуйн нэгж, хүн амын 50-иас дээш хувьд дамжуулах үйл ажиллагаа явуулдаг телевиз, радио, уран, газрын тос, газрын ховор элемент, алт, зэс, нүүрс зэрэг Монгол Улсын экспортын гол нэрийн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, байгаль орчин, экологи, усны нөөцийн олборлолт, хот суурин газрын усан хангамж гээд устай холбоотой үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд гэх мэтийг хамруулна. Нийт 16 салбарыг стратегийн ач холбогдолтой гэж тодорхойлсон. Мөн 100 тэрбум төгрөгөөс дээш зах зээлийн үнэлгээтэй нийт компаниуд стратегийн ач холбогдолтойд тооцогдоно.-Манай уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт нээлттэй. Та бүхний өргөн барьсан энэ хууль батлагдсанаар гадаадын хөрөнгө оруулалтад хандах төрийн бодлого өөрчлөгдөх нь гэж ойлгож болох уу?
-Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт нээлттэй, чөлөөтэй. Бидний өргөн барьсан хуулийн төсөл бол гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах, хориглох тухай агуулгатай биш юм, Гэхдээ Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа Монгол Улсын эрх ашигт нийцсэн, экологи, байгаль орчинд сөргөөр нөлөөлдөггүй, ард түмний эрх ашигт нийцдэг байх ёстой. Гадаадын хөрөнгө оруулалт нь үндэсний томоохон үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, Монгол Улсын экспортын зах ззэлийн үнийг унагадаггүй байх ёстой. Өнөөдөр манай нүүрсний экспортын зах зээлийн үнэ дэлхийн зах зээлийнхээс доогуур байна, Үйлдвэрлэгчийн, худалдан авагчийн монополь тогтвол, тэдний үнэлгээ зах зээлийнхээс хэт доогуур бол Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй. Бид дэлхийн зах зээлийн үнээр түүхий эдээ борлуулахыг хүсч байна. Зөвхөн түүхий эд борлуулдаг биш боловсруулдаг, ажлын байр бий болгодог, үүнийх нь ашгийг ард түмэн тэгш хүртдэг байх ёстой. Нөгөө талаас Монгол Улсад орлогын хэт тэгш бус байдал бий болж байна. Гадаадын хэдхэн хөрөнгө оруулагч, Монголын цөөн хувь нийлүүлэгчид томоохон уул уурхайн лицензүүдийг эзэмшсэнээр цөөн хэсэг хэт баяжаад, олонхи нь баялгийн үр ашгийг хүртэж чадахгүйгээс орлогын хэт ялгаа үүсч байна. Энэ нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлж, баялгийн хараал гэдэг нь бий болох аюултай. Энэ асуудлыг тодорхой хэмжээгээр зохицуулахад бидний өргөн барьсан хуулийн зорилго оршиж байгаа.Г.Занданшатар сайдын өргөн барьсан энэхүү хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр үдээс хойш хэлэлцэж УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ.
Нийтлэлч
Г. Сонинбаяр
Эх сурвалж
Үндэсний мэдээ
Г. Сонинбаяр
Эх сурвалж
Үндэсний мэдээ
2012
оны 4-р сарын 25, Лхагва гариг
No comments:
Post a Comment