УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очиртой
цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Танар сонин юу байна даа. Тавантолгой, төмөр замын асуудлаар маргаан ид өрнөж байна. Төмөр замын асуудлаар УИХ-аар ярьж, шийдвэр гаргасан биз дээ. Эсвэл үгүй юм уу?
-УИХ-аар Тавантолгойд төмөр зам тавина, төмөр зам тавихдаа ингэж хийнэ гэдгээ тодорхойлчихсон шүү дээ. Түүний дагуу ажил явах ёстой. Гишүүд ярилцаж шийдээд, ийм байх нь зүйтэй, ингэвэл эдийн засгийн хувьд өгөөжтэй гэдэг шийдвэрээ гаргасан. Тодорхой зүйлүүд бий. Түүнийхээ дагуу явах ёстой.Тавантолгойд төмөр зам тавьж л таарна.-Салбарын сайдаар ажиллаж байсан Х.Баттулга хэнд ч мэдэгдэхгүйгээр нууц гэрээнд гарын үсэг зурсан гэх мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд гаргаж, Хэрэг эрхлэх газрын дарга харсан, үзсэн гэдгээ баталсан. Засгийн газрын мэдэгдэл ч бас гарлаа. Аль нь үнэн юм бэ?
-Яг тэр гарын үсгийг зурах үед Ерөнхий сайд Солонгост айлчилж байсан. Би айлчлалын бүрэлдэхүүнд явсан. Тиймэрхүү зүйл зурагдаж байна гэдгийг би лав сонссон. Бусад хүн ч гэсэн сонсч байсан болов уу. Юу нь нууц байсан юм бол.-Гэрээний нууц, нууц бишийг яаж тодорхойлж байгаа, ямар үндэслэлтэй гэдгийг олон хүн сонирхож, асууж байгаа шүү дээ. Яагаад нэг нь нууц гэж яриад, нөгөө нь нууц биш гээд байгаа юм бол?
-Нэг байгууллага гэрээ хийгээд явж байсан. Түүнийг нь нэг нөхөр гэнэт олж хараад "Энэ чинь ийм гэрээ юм уу, нууц юм биш үү" гээд цацчихсан байх. Би тэгж л харж байна. Тэр нөхөр өөрийнхөө ажлыг хий л дээ, хүний хийж байсан зүйл рүү юуг нь өнгийгөөд байгаа юм бэ. Тийм биз.-Ц.Нямдорж сайд "Нууц гэрээ байгуулсан нь улс оронд хохиролтой" гэж мэдэгдсэн. Үнэхээр тийм бол тэр нь манай улсын аюулгүй байдал, тухайлбал гадаад бодлогод ямар үр дагавар авчрах юм бол?
-Би нэг зүйлийг хэлмээр байна. Юу гэхээр, энэ чинь үүргээ хүлээгээд Засгийн газрын гишүүн хүн өөрийн нэгжээр дамжуулан үйл ажиллагаагаа явуулж байсан зүйл шүү дээ. Дэд сайд нь ажил үүргээ гүйцэтгэж байсан, удирдлагын бусад хүн ч ажлаа хийж явсан. Юу нь сонин, юу нь нууц байгаа юм бэ. Тухайлбал, өнөөдөр Т.Ганди сайдын гарын үсэг зурсан гэрээнүүдийг бүгд мэдэхгүй биз дээ. Засгийн газар нь хийгээд үүрэг өгчихсөн. Тэр нь ямар учиртай гэрээ гэдгийг өнөөдөр хэн мэдээд байгаа юм.Ц.Нямдорж сайдын хийсэн гэрээнүүд ч гэсэн байгаа.
Хятадад айлчлаад гэрээ хийгээд ирсэн биз дээ. Тэр гэрээнүүдийг нь би өнөөг хүртэл олж үзээгүй байна. Бодлогын хувьд гэрээ байгуулах ёстой, зурах ёстой гэдгийг бүгд мэдэж байдаг. Түүнээс биш "тодорхой мэдээд байдаггүй. Х.Баттулгын зурсан гэрээний хувьд юу нь нууц байсан юм. Улсын нууц учраас нууц гээд байгаа юм уу, зурчихаад далд хийчихсэн гэрээ юм уу. Түүнийг нь мэдэх ёстой байх. Ингэж бодож байгаагаас биш би тэр гэрээг нь мэдэхгүй. Сонин, телевизээс л тэр мэдээллийг авч байна.-Маргаж, мэтгэлцээд байгаагаас биш хэн ч энэ тухай тодорхой зүйл ярихгүй байна шүү дээ?
-Бүх сайд, дарга нар гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нартай ажлаа ярьж байхдаа Монгол Улсад төмөр зам барих тухайд ингэж хөрөнгө оруулъя, тэгж ажиллая гэсэн нэгдсэн бодлоготой байх ёстой. Түүнээс биш нэг сайд нь ярьж, нөгөөдүүл нь уядаг байж таарахгүй.-Ц.Нямдорж сайд "Х.Баттулга нууц гэрээ хийж Тавантолгойг гацаасан" гэж байгаа. Гэтэл Х.Баттулга нь "Тавантолгойг эзэмшдэг 20 гэр бүл энэ асуудалд хамаатай" гэж мэдэгдсэн. Аль нь бодитой юм бол?
-Тавантолгойн ажил эхнээсээ л гацсан шүү дээ. Яагаад гэвэл, сууриасаа буруу явсан учраас тэр.-Яагаад буруу болчихсон юм бол?
-Тавантолгой гэдгээ ярих учиртай болохоос тэр дотор байгаа хэдэн компанийг дэмжчихээд, ард түмний өөрсдийнх нь хөрөнгийг хөдөлгөхгүй байж таарахгүй. Тийм биз. Тэгж яривал, Тавантолгойд хийх ёстой олон ажил удаашралтай, хийгдэхгүй удсан гэдэг нь хэнд ч тодорхой байгаа. Түүнийг улстөржүүлээд л тэгсэн, ингэсэн гээд бүлтрээд байх хэрэггүй шүү дээ.-Тавантолгойгоос хувьцаа олгоно, эсвэл нэг сая төгрөг бэлнээр өгнө гэсэн сонголтыг иргэдэд тулгаж байгаа. Энэ шийдвэрт иргэд сэтгэл дундуур байна. Энэ талаар юу хэлэх вэ?
-Тэр мөнгийг өгөх боломж байгаа юу гэвэл байна. Тийм бололцоо өмнө нь байсан уу гэвэл байсан. Гагцхүү энэ ажлыг чин сэтгэлээсээ эхлүүлж, Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулж ажил болгоод мөнгө, төгрөг олгох юм хийсэнгүй. Өнөөдөр Тавантолгой гэдэг нэрийг худалдаж мөнгө олоод, түүнийгээ ард түмэнд тараах гээд байгаад сэтгэл дундуур байна.- Тавантолгой, төмөр зам, нууц гэрээ гэх асуудлууд эцэстээ шороон замаар нүүрс зөөдөг хүмүүсийн эрх ашиг зөрчигдсөнөөс үүдэлтэй гэсэн хардлага байна?
-Би тэр үед Тавантолгойн замын байдалтай газар дээр нь очиж танилцсан. Аюулгүй байдал, эрүүл ахуйн наад захын шаардлагыг хангасан юм тэнд байхгүй. Үнэхээр маш хүнд нөхцөлд хүмүүсийг ажиллуулж байсан. Тэгж болохгүй шүү дээ. Эхлээд замаа тавих ёстой. Түүний дараа үйл ажиллагаагаа явуул гэсэн шаардлага тавьж байсан. Зам хаах шийдвэр гаргасан нь зөв байсан шүү дээ.-Тавантолгой дахь хувь хүмүүсийн ашиг сонирхол улс төрд өрнөж буй өнөөдрийн үйл явдлыг тодорхойлж байна гэдэгтэй та санал нийлэх үү?
-Би ч гэсэн тэгж бодож байна. Хувийн сонирхол орчихсон гэж харж байгаа.-Үүнээс үүдэж» АТГ, хууль, шүүхийн байгууллагаар олон асуудлууд сөхөгдөх бололтой?
-Тэр хүмүүс хэрхэн учраа олох нь надад хамаагүй.-Засгийн газрын гишүүд Ухаа худгаас хамааралтай байранд амьдардаг, зарим нь түүнийгээ зарж худалдсан гэсэн баримтууд дэлгэгдлээ. Ард түмэн амьдрах гэж аргаа барж, орон сууцны зээл авахад орлого нь хүрэхгүй бачимдаж байхад сайд нар тийм байдалтай байна гээд л?
-Ухаа худгаас хамааралтайдаа биш л дээ. Засгийн газрын гишүүд тийм байранд сууж байгааг бүгд мэдэж байгаа шүү дээ.Түүнийг л яриад байгаа. Тэгэхээр сайд дарга нар тийм байранд яагаад сууж байгаагаа тайлбарлаад өгчихнө биз дээ. Л.Гансүх сайд л гэхэд иймэрхүү асуудлаар баахан шүүхдсэн. Түүнтэй адил шүүхдэж ч болно шүү дээ.- Танай тойргийн тухай асуугаад авъя. Булганд том мөнгөний уралдаан явж байгаа гэх юм. Мөнгө өгөхгүй бол сонгохгүй гэдэг болчихсон юм биш үү, булганчууд?
-Нуух юм алга. Өнөөдөр улс төрийг бохирдуулж, завааруулж байна гэдэг асуудлыг хаа, сайгүй ярьж байна. Үүний нэг тод жишээ нь манай Булган аймагт бий. Би өнгөрсөн намраас хойш тойрог руугаа яваагүй. Цүнх барьсан баахан нөхдүүд тэнд мөнгө тарааж яваа сурагтай байна. Мөнгө тарааж яваа хүмүүстэй зэрэгцэж очихоор "Та яах гэж явна, мөнгө өгөхгүй юм уу" гэх юм. Зарим нь утсаар асууж байна шүү дээ. Ийм зүйлд оролцдог нь би биш. Нутгийнхнаа хуурч, мөнгө амлаж гаръя гэж хэзээ ч бодохгүй. Би тэр нутгийн хүү юм байгаа биз дээ. Нутгийнхаа тухай ярьж, өөрдсийнх нь төлөө яаж ажиллах вэ гэдгээ л ярина. Түүнээс биш "Намайг дэмжээд өгөөч, май мөнгө" гэхгүй. Би нутгийнхандаа талархаж явдаг. Намайг дэмжиж, түшсэн Түүнийх нь ачаар УИХ-ын гишүүний албыг хашиж, өөрсдийнх нь төлөө ажил хийгээд сууж байна.Та миний өрөөнд орж ирээд сууж байна.
Таны өмнө би намынхантайгаа уулзаж, мөн аймаг, орон нутгийнхаа асуудлыг ярьж байлаа. Манай нутгийнхны намайг хий гээд явуулсан ажил энэ. Орон нутаг руугаа хийсэн ажлынхаа тайланг байнга явуулж байгаа. Жил болгон ингэж явуулдаг. Саяхан сүүлийн тайлангаа хэвлээд явууллаа. Удахгүй очиж иргэдтэй уулзана. Би мөнгө, төгрөг амлаж чадахгүй. Ядарсан, зүдэрсэн, туслалцаа гуйсан ганц нэгэн хүн байдаг. Тэдэнд дэмжлэг үзүүлэх асуудлаар сангийнхандаа болоод гадаад, дотоодын байгууллагад ханддаг. Үүгээрээ би дэмжиж, тусалж байгаа. Түүнээс өөрөөр цүнх барьчихаад горилж яваа нөхдүүд шиг 24 цаг мөнгө амлаж, тарааж явахгүй. Өнгөрсөн баасан гаригийн үдээс хойш Булганд очсон нөхөр л гэхэд бүтэн сайн өдрийн орой хүртэл мөнгө амласаар байгаад ирж байна шүү дээ.-Тэгж болохгүй гээд хууль гаргасан биш бил үү?
-Харин наадахыг чинь асуумаар байгаа юм. Тэндээс сонгогдсон хоёр гишүүн аймаг орон нутаг, бүх сумтайгаа холбогдоод хийж ирсэн ажлыг ар хударгаар очоод " Би хийлгэсэн юм. Наадах чинь манай салбарын ажил" гээд ярьж явааг юу гэж ойлгох вэ. Ийм л байна. Ер нь өнгөрсөн намраасБулганы ард түмнийг энэ мэтээр басамжилсан, мөнгө тараасан хүн олон гарч ирлээ. Миний хувьд нутгийнхантайгаа уулзаж, ярилцсаны эцэст сонгуулийн асуудлыг ярина гэж бодож байгаа.
Нийтлэлч
Ч.Үл-Олдох
Эх сурвалж
Зууны мэдээ
Ч.Үл-Олдох
Эх сурвалж
Зууны мэдээ
No comments:
Post a Comment