Monday, 30 April 2012

Э.Мөнх-Очир: “Миний тухай ярихад намын удирдлагууд бүгд байх ёстой” гэж хэлээд гарсан


УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очирыг "Ярилцах танхим "-даа урилаа. Түүнийг "УИХ-ын Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны дарга болсноосоо хойш "амаа үдүүлсэн " гэх яриа гараад байсан. Энэ удаа түүнтэй цаг үеийн асуудлаар ярилцсан юм.
-"Ус" гэдэг фракци байгуулах гэж байгаа гэж байсан. Яагаад таг болчихов оо?
-Ерөнхийдөө "Ус" лобби групп байгуулъя гэж ярьж байгаа. Дэлхий нийтийн хэмжээнд энэ сэдэв хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Тиймээс Монгол Улсынхаа хэмжээнд урьдчилсан байдлаар дуу хоолойгоо хүргэе гэсэн юм. Тухайлбал, усны хамгаалалтын асуудал, зохистой хэрэглээний талаар шийдвэр гаргах түвшинд ярьдаг, асуудлыг шийдвэрлэдэг лобби групп дутагдаад байгаа юм. Энэ л үүднээс дээрх санааг гаргасан. Энэ группт УИХ-ын гишүүдээс илүү эрдэмтэд, практик дээр ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүс түлхүү ороосой гэсэн хүсэлтэй байгаа. Энэ талаар албан ёсны хэвлэлийн бага хурал хийж зарлах санаатай байна.
-Гэхдээ УИХ-ын гишүүдийг лобби групптээ түлхүү оруулна биз дээ?
-Санаа нийлсэн хэдэн гишүүнийг лобби групптээ оруулах хүсэл байна. Гэвч энэ усны асуудал чинь яваандаа нэлээд ашиг сонирхлын зөрчил үүсгэх юм шиг байна шүү. Тухайлбал, нутаг нутгаараа талцаж байгаад л өөрсдийн харьяа нутгийнхаа газарт байдаг усан санг хамгаална гэж зүтгэх хандлага гаргах жишээтэй. Тэгэхээр тэр олон ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах талаар түлхүү ажиллах хэрэгтэй болж байгаа юм.
Тиймээс энэ лобби группын үйл ажиллагаа зөв эхлээсэй гэж бодсоны үндсэн дээр асуудлыг хойш тавьж байгаа юм.
Мөн энэ лобби группт мэргэжлийн эрдэмтэн судлаачдыг түлхүү хамруулна гэж шийдсэн. Яагаад гэвэл улстөрчид усны талаар ярихад өөрсдөө юу ч мэдэхгүй байж "Усны урсацыг өөрчлөх, хааж боох нь зөв, буруу" гээд олон зүйл ярьдаг. Тухайлбал, Дөргөн, Тайширын усан цахилгаан станцыг анх байгуулахад олон шүүмжлэл гаргасан. Харин өнөөдөр эдгээр станц хэвийн горимоор ажиллаж байна. Үүнийх нь дараа "Би ч ийм төсөл боловсруулна" гээд гүйж л байна. Тиймээс л устай холбоотой ямар нэгэн төсөл хэрэгжүүлэхэд эрдэмтдийн оролцоо чухал, тайлбар хэрэгтэй гээд байгаа юм. Гэхдээ мэдээж УИХ-ын гишүүд ч энэ лобби группт байх ёстой л доо.
-Томилгооны өмнөхөн таны нийлээд байсан гишүүд орно гэж ойлгож болох уу. Тухайлбал, Д.Балдан-Очир, Н.Ганбямба, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва ч юмуу?
-Тодорхой гишүүдтэй усны асуудлын талаар ярьж байгаа боловч яг "Лобби группт орооч" гэсэн хүсэлтийг тавиагүй байгаа. Ер нь энэ лобби группт нэгдэх УИХ-ын гишүүд аливаа асуудлыг өргөн хүрээнд харж чаддаг, жижиг зүйлтэй зууралддаггүй, том асуудлыг олж харж чаддаг гишүүд байсан нь дээр байх л гэж бодож байгаа. Одоогоор яг энэ, тэр гишүүн гээд нэр заагаад хэлчих хэмжээнд ярьсан зүйл алга.
-Гэтэл зарим хүн таныг "Байнгын хорооны дарга болчихсон юм чинь одоо юу гэж дуугарах вэ" гэсэн яриа гаргаад байсан. Үнэхээр тийм зүйл байгаа юм уу?
-Албан тушаалаар амаа таглуулна ч гэж юу байх вэ. Тэгээд ч байнгын хорооны дарга гэдэг бол албан тушаал биш. Хариуцлага л нэмэгдэж байгаа асуудал. Хариуцлага нэмэгдэхийн зэрэгцээ хийх ажил маань нэмэгдчихэж байгаа юм. Тиймээс лобби групп байгуулах асуудлаа анхаарч чадахгүй яваад байгаа нь үнэн. Түүнээс арай ч тэгж бодож, хэлж болохгүй байх аа.
-Энэ сарын 1-нд Эх орончдын өдөр тохиосон. Ардын намынхан МАХН-тай энэ өдрийг булаацалдаж өнгөрүүллээ. Та энэ үйл явдлыг юу гэж харж байна?
-Ийм асуудал үүсгэх нь утгагүй зүйл. Ялангуяа бид "эргэж ноцох" гэдэг муухай асуудлыг болих хэрэгтэй гэдгийг эртнээс л хэлж байсан хүмүүсийн нэг нь би. Н.Энхбаяр даргатай МАХН-ын гишүүд ч гэсэн Монгол Улсын иргэн. Тиймээс энэ намтай зууралдаад байх хэрэг байна уу. Хамтрах газар нь хамтраад, хамтрахгүй газар нь хамтрахгүй л байх хэрэгтэй шүү дээ. Улс төрийн намууд бүгдээрээ л улс эх орны төлөө ажиллана гэсэн зорилготой. Тиймээс өөрсдийн гэсэн ажлаа дор бүрнээ хийгээд явсан нь дээр гэж хэлмээр байна. Энэ байдлаараа яваад байвал "Анхны долоогийн хоёр нь манай намынх байсан. Гурав нь танай намынх байсан" гэж ярьж мэдэх нь байна шүү дээ. Ийм байж болохгүй учраас үүсээд байгаа нөхцөл байдлыг байгаагаар нь л хүлээж авсан нь дээр юм болов уу.
-"Сонгууль холбоотойгоор агентлагуудын өөрсдийн хүнээ дөхөөд ирэхтэй чухал гэсэн дарга  нарт зүтгүүлж байна" гэсэн шүүмжлэлд танай намынхан өртөөд байгаа. Тухайлбал, сонгуулийн ажилд хамгийн их үүрэгтэй оролцох ёстой Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар намын нарийн бичгийн дарга асан Л.Амарсанааг томилуулсныг"Сонгууль будилаантуулах эхний алхмаа хийж байна" гэж сөрөг хүчин шүүмжилж байгаа. Энэ талаарх таны бодол?
-Цөөн хүн амтай манай улсад төрийн албыг бэхжүүлэх асуудлыг тэс өөрөөр ярих ёстой байгаа юм. Улс төрийн нам гэдэг бол зүгээр нэг төрийн бус байгууллага биш. Сонгуульд ялчихаад улсыг удирдан зохион байгуулах хэмжээнд ажилладаг бүтэц. Тиймээс улс төрийн намуудад туршлага бүхий хүний нөөцүүд хадгалагдаж байдаг юм. Нам ялалт байгуулсан тохиолдолд хэрэгжүүлэх шатанд хүний нөөцөд байгаа мэргэжлийн түвшний хүмүүсээсээ томилуулах санал өгөх нь энгийн л үзэгдэл. Төрийн албаны тухай хуулиар ч гэсэн тодорхой ажил хийсэн туршлагатай хүнийг төрийн албаны хүний нөөцөд оруулахыг нь зөвшөөрдөг. Тэгэхээр Л.Амарсанаа яг л энэ журмын дагуу томилогдсон. Өөрөө ч гэсэн ажил хүлээж авсныхаа дараа "Зургаа ч хүрэхгүй сарын дотор иргэний ухаалаг үнэмлэх хэвлэж, тараана гэдэг амар ажил биш" гэж байсан. Хоёр жилийн хугацаанд хутгасан бантанг нь энэ хүн л очиж цэгцлэх гэж оролдож байна шүү дээ. Миний харж байгаагаар улстөржихөөс илүү ажлаа хийж чадна гэсэн үндсэн дээр л Л.Амарсанааг томилсон гэж үзэж байгаа. Энэ хүнийг би хувь хүнийх нь хувьд сайн мэддэг учир уг ажлыг улстөржүүлэлгүй хийж чадна гэж итгэж байна. Тэр хүн Улсын бүртгэлийн ерөнхий газрын ажлыг сайжруулна уу л гэхээс муутгахгүй нь лавтай. Ардчилсан намынхан энэ томилгоон дээр олон зүйл ярьж байсан л даа. Хэрэв тэрэн дээрээ тулах юм бол төрийн албанд байж байгаад Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажилд орсон хүмүүсийн талаар болон 1996 онд Ардчилсан холбоо эвслийнхэн сонгуульд ялалт байгуулчихаад хэрэгжүүлэх шатны ажилд хэдэн хүнийг хаанаас томилж байсныг нь харвал өнөөдрийнхтэй л ижилхэн дүр зураг харагдана.
-Та Л.Амарсанаа даргад итгэж байгаа юм байна. Гэтэл иргэний ухаалаг үнэмлэх олгох асуудал нэлээд бүрхэг байна шүү дээ. Зургаадугаар сарын 21 гэхэд олгоно гэж байгаа ч бодит байдал дээр энэ нь боломжгүй юм шиг ээ?
-Энэ их хэцүү л дээ. Тиймээс энэ асуудал дээр нэлээд анхаарч ажиллах хэрэгтэй. Би ч гэсэн үүссэн асуудлыг байнгын хорооныхоо хурал дээр ярилцаж, анхаарал хандуулах нь зөв гэж бодож байгаа. Яагаад гэвэл энэ бол Монгол Улсын аюулгүй байдалтай холбоотой юм.
-Долоодугаар сарын 1-тэй холбоотой хэргийн хүрээнд цагдаагийн хурандаа нарыг шүүх хурал болох гэж байгаа. Энэ шүүх хуралд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил, УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан нарыг гэрчээр дуудсан. Үүнийг цагдаагийн удирдлагуудыг аврах ажиллагааны нэг хэлбэр гэж байгаа. Харин та юу гэж харж байна вэ?
-Шүүхээс дээрх хүмүүсийг гэрчээр ирэх ёстой гэсэн л бол тэд шүүх хуралд очих ёстой. Түүнээс биш цагдаагийн хурандаа нарыг хамгаалах гэж байгаа нэг арга энэ тэр гэдэгт би тайлбар өгөх ёстой хүн нь биш л дээ. Үүнд миний хувийн бодол ч хамаагүй.
-УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнөхөн УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингэхдээ иргэдэд "Тавантолгойн ордын хувьцааг ав эсвэл сая төгрөг бэлнээр нь ав" гэсэн сонголт үлдээсэн. Энэ бол танай намынхнаас оруулж ирсэн төслийн санаа. Та үүнийг зөв сонголт байсан гэж бодож байна уу?
-Ний нуугүй хэлэхэд нэгэнт л жонхуу хутгасан юм чинь Ардчилсан намынхан амлаж байсан нэг сая төгрөгөө ард түмэнд өгөх ёстой. Манай намынхан ч амласан 1,5 сая төгрөгөө ард түмэндээ өгөх ёстой гэж би хувьдаа боддог. Амласан биз дээ. Амласан л юм чинь өгөх ёстой шүү дээ.
-Төсөвт тийм бололцоо байхгүй шүү дээ?
-Тэгвэл амлалтаа биелүүлэх боломжийг бүрдүүлж ажиллаагүй л байхгүй юу. Хариуцлагагүй байна. Тиймээс хариуцлага тооцох ёстой. Угтаа бол ингэж л ярих ёстой. Гэтэл өнөөдөр юу ярихаа мэдэхгүй бүгд жонхуунд хутгалдаад амаа үдүүлчихсэн юм шиг худлаа яриад байх юм. "Ардчилсан намынхан бүхэл бүтэн гурван жил хамтарсан Засгийн газарт орж ажилласан. Амлалтаа биелүүлэх боломж байсан уу, байсан" гэж ард түмэн ярих ёстой байхгүй юу. Манай намынхнаас ч гэсэн амласан мөнгийг нь нэхэх ёстой. Хамтарсан Засгийн газар байгуулаад жонхуу хутгасан болохоор хоёр намын амлалт жонхуу болох ёсгүй. Нэг дээр нэгийг нэмэхээр хоёр л болдог. Түүнээс биш нэг дээр 1,5-ыг нэмэхээр 1,5 гардаггүй л байхгүй юү.
-Танай намаас Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Ц.Гарамжав Булганд нэр дэвшихээр горилж байгаа сураг дуулдсан. Танай намын удирдлагууд намынхаа гишүүдтэй ганцаарчилж уулзаж, хаана нэр дэвших саналтай байгааг нь асуусан гэсэн. Та уулзалтын үеэр юу гэж хэлсэн бэ?
-Уулзалт болсон л доо. Намайг ороход намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх байгаагүй. Намын дарга С.Батболд, бүлгийн дарга Ө.Энхтүвшин хоёр л байсан юм. Тиймээс би "Миний асуудлыг ярихын тулд удирдлагын түвшнийхэн бүгд байсан нь дээр байх аа" л гэж хэлээд гарсан. Тэгэхээр миний хувьд одоохондоо уулзалт болоогүй байна. Удахгүй уулзах байх. Ер нь би Булганд нэр дэвших сонирхолтой байгаагаа цухуйлгасан.
-Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нэлээд асуудал үүсгээд байгаа. Хоёр нам санал хуваагдчихаад байгаа энэ байдлаараа бол дээрх хуулийг шинэчилж амжихгүй ч байж магадгүй гээд байна. Таныг харахад ямархуу дүр зураг ажиглагдаж байна вэ?
-Энэ асуудал нэлээд зовлон дагуулж байна. Юу бодож суугаад УИХ-ын болон Орон нутгийн хурлын сонгуулийг хамт явуулна гээд баталчихсан юм бэ. Үүнийг л ойлгохгүй байгаа юм.
-Хоёр сонгуулийг зэрэг явуулах техник, тоног төхөөрөмжийн боломж бүрдэнэ гэж тухайн үед бодсон юм болов уу?
-Одоо бидний маргаад байгаа техник, тоног төхөөрөмжөө бүр-асуудлыг тухайн үед буюу 2008 онд яриад бүх зүйлээ тодорхой болгочих ёстой байсан. Үүнийхээ дараа "Хоёр сонгуулийг зэрэг явуулна" гэж хуульдаа тусгах байсан юм. Уг нь зэрэг явуулах бололцоотой л доо. Гэхдээ хэрэгжүүлэх механизм нь байхгүй байна. шүү дээ. Ний нуугүй хэлэхэд энэ асуудлыг хэвлэлийнхнийг оролцуулалгүйгээр ярих ёстой. Хэвлэл харахаараа зарим хүн "донгио" болчих юм.
-Энэ байдлаараа бол сонгууль хойшлогдож магадгүй гээд байсан?
-Тийм юм болохгүй биз дээ. Ажлын хэсгүүд гарцаа хайж, асуудлаа хэлэлцэж л байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Нийтлэлч
Р.Сарангоо
Эх сурвалж
Улс төрийн тойм сонин

No comments:

Post a Comment