Sunday, 29 April 2012

Г.Занданшатар: Азийн эдийн засгийн интегралчлалд өндөр ач холбогдол өгнө


НҮБ-ын Ерөнхий ассамблейн 66 дугаар чуулганд Гадаад харилцааны сайд Г.Занданшатар оролцож байгаа. Уг чуулганы үндсэн хэсэг арванхоёрдугаар сарын сүүлч хүртэл үргэлжлэх бөгөөд түүнд оролцох Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүнээр томилогдон ажиллах юм байна. Түүнтэй зарим асуудлын талаар ярилцав.
-Азийн хамтын ажиллагааны хэлэлцээ гэж байгууллагын уулзалт болсон. Энэхүү байгууллага нь хэзээ бий болсон юм бэ?
-Энэхүү байгууллага Ази тивийн орнуудын улс төр, эдийн засаг, соёл олон нийтийн хамтын ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Ерөнхийдөө Азийн улс орнуудын түншлэлийг идэвхжүүлж, бэхжүүлэх зорилготой. Үүсэн байгуулагдсанаасаа хойш арав дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа. Өнгөрсөн онд Иран Улс тус байгууллагыг тэргүүлэн ажилласан. Харин энэ жил Кувейт Улс даргалахаар болж сонгогдпоо. Удахгүй буюу ирэх сард Азийн хамтын ажиллагааны байгууллагуудын дээд хэмжээний уулзалт болохоор товлогдсон байгаа.
-Хамтын ажиллагаа хэр хөгжиж байгаа бол?
-Европын орнууд нь хэд хэдэн дайны нүүр үзсэн, томоохон улс гүрнүүдээс бүрддэг шүү дээ. Мөн Европын холбоог ч байгуулан нэгдсэн нэг мөнгөн дэвсгэрттэй болж, хил хязгаарын зарчмаа халж, эв нэгдлийн томоохон жишээг үзүүлж байна. Харин азид иймэрхүү хамтын ажиллагаа, нэгдмэл байдал дутмаг байна гэж хэлж болно. Гэхдээ огт байхгүй гэж хэлж болохгүй юм. Одоогоор АСЕМ болон бусад байгууллагууд дөнгөж хөгжлийнхөө замд яваа. Азийн хамтын ажилла-гааны хэлэлцээ гэж байгууллага нь улс орнуудын улс төр эдийн засгийн хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх чиглэлд чухал үүрэг гүйцэтгэх юм. Мөн соёл хүмүүнлэг, сан бий болгоход маш чухал үүрэг гүйцэтгэх байгууллага гэж үзэж байгаа.
-Зөвхөн уулзалт төдийгөөр харилцан ярилцаад өнгөрдөг юм шиг харагдлаа. НҮБ-ын чуулгантай адил тодорхой сэдэв хөндөн ярилцдаггүй хэрэг үү?
-Мэдээж хэрэг ярилгүй яахав. Ганцхан уулзалт, ярилцлага болоод өнгөрөхгүй. Өнөөдөр болсон уулзалтаар Азийн хамтын ажиллагааны байгууллагын байнгын ажиллагааны механизмын талаар ярилцсан байгаа. Мөн нарийн бичгийн дарга нарын газрыг бий болгох ёстой гэж үзсэн. Цаашлаад эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд Азийн хөгжлийн банк, олон улсын санхүүгийн байгууллагатай хамтарч ажиллан хэрхэн зөв, эерэг үр дүн гаргах талаар ч ярилцлаа, Ерөнхийдөө дэлхийн нийтийн санхүү, эдийн засгийн хямралын энэ үед Азийн улс орнууд өртөхгүй байж, эдийн засгаа хөгжүүлэх нөөц бололцоотой. Тиймээс эдийн засгийн интегралчлалыг хэрхэн өсгөх талаар мөн санал солилцсон.
-Кувейтэд болох дээд хэмжээний уулзалтаар чухам ямар асуудал хөндөх бол?
-Дээр дурьдсан санхүүгийн чиглэлээр хэрхэн хамтарч, Азийн улс орнуудын эдийн засгийн чадавхийг хэрхэн нэмэгдүүлэх талаар ярих болно. Тодруулж хэлбэл, Азийн эдийн засгийн интегралчлалд нэлээн өндөр ач холбогдол өгч хуралдах байх.
-Та Тайландын гадаад хэргийн сайдтай уулзалт хийсэн байгаа. Энэ талаараа товчхон мэдээлэл өгөхгүй юү?
-Монгол Улсын Ази дахь түнш, эртний сайн харилцаатай улсуудын нэг нь. Зүүн өмнөд Азийн хамтын нийгэмлэгийн гишүүн орон. Зохион байгуулж буй үйл ажиллагаануудад ч маш идэвхтэй оролцож ирсэн. Ер нь, Тайландтай худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хөгжүүлэхэд ихээхэн бололцоотой гэж үздэг. Тухайлбал, хөдөө аж ахуйн, боловсрол, аялал жуулчлал, уул уурхайн салбарт хамтран ажиллахаараа санал солилцож байна. Иргэний нисэхийнхэн, төрийн албан хаагчид маань техникийн туслалцаагаар тус улсад сургалтанд суудаг. Олон хүн хамруулсан тоо бий. Тус улсын Засгийн газрын зардлаар 38 албан хаагчийг сургасан байгаа. Цаашид монгол оюутнуудыг зуун хувийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж өгөх асуудлыг тавьж байна. Үүнээс гадна хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах асуудлын талаар хоёр улсын Засгийн газар гэрээ байгуулахаар төслөө бэлэн болгочихоод байгаа. Монгол Улс АОХН-ийг тэргүүлэх хугацаанд бүс нутагт ардчиллыг хөгжүүлэх, туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллах юм.
-Нээлттэй засаглалын түншлэл байгууллага нээлтээ хийлээ. Үүсэн байгуулагдах хуралдаанд оролцсон улс орнууд дөрвөн чиглэлээр үүрэг хүлээхээр болж. Манай улс ч үүнд нэгдсэн болохоор ямар үүрэг хүлээж, юу биелүүлэх ёстой вэ?
-Энэхүү санаачлагад нэгдэн орох асуудлыг манай яамны  зүгээс Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэн, дэмжлэг авсан. Уг байгууллагыг бий болгох санаачлагыг дэлхийн найман улс орны төрийн тэргүүнүүд гаргасан байгаа. Анх АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама үүнийг санаачилсан. Ардчилал яагаад бэрхшээлтэй учирч, уналтад ордог вэ гэсэн асуудал гарч ирж байгаагаас үүдэн дээрх байгууллагыг бий болгохоор санаачилсан юм билээ. Дээрх нөхцөл байдал үүсэх гол шалтгаан нь нээлттэй ил тод байдал алдагдсанаас юм. Мөн авлига, хээл хахууль газар авах ч хамаатай. Тиймээс ардчиллыг дэмжих зорилгоор гаргаж тавьж байна гэж ойлгож болно. Ерөнхийдөө манай улс нь Засгийн газар болон аль ч шатандаа хэрэгжүүлж болох дөрвөн үндсэн зорилтыг хүлээн авлаа. Тодруулбал, хээл хахуулийг арилгах, мэдээллийн ил тод байдлыг хангах асуудал монголд хангалттай биш байна гэсэн шүүмжлэл байнга гардаг. Үүнийг арилгахын тулд олон улсын санаачилгад нэгдэж үүрэг амлалт авснаараа гадаад болон дотоод талаасаа нээлттэй ил тод байдлыг хөхиүлэн дэмжих бололцоотой гэж үзсэн хэрэг. УИХ, Засгийн газар нь нээлттэй байж, шийдвэр гаргахаасаа өмнө оролцогч, сонирхогч талуудын саналыг авдаг байх нь чухал. Жишээлбэл, иргэдийн амьжиргаатай холбоотой асуудлаар Тэмдэгтийн хураамжийн тухай хууль гарсан. Гэтэл иргэн хүн компани аж ахуйн нэгжийн зөвшөөрөл авах гээд очиход өмнөхөөсөө ч илүү мөнгө өгөхөөр болчихсон байгаа. Үүнийг иргэд мэдээгүй нийгмийн зарчимд нийцэхгүй юм. Цаашид төсөв, хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлууд ч ил тод байх ёстой.
-Хэчнээн улс орон  нэгдэн ороод байна?
-Энэхүү байгууллагад 76 улс нэгдэн орох бололцоотой гэж үзсэний нэг нь Монгол Улс юм Үүнээс ч илүү өргөжих байх.
Эх сурвалж
Ардчилал сонин
2011 оны 9-р сарын 23, Баасан гариг

No comments:

Post a Comment