Monday, 30 April 2012

Э.Мөнх-Очир: Тэсрэх бодистой мэргэжлийн байгууллага нь харьцахгүй байна


Манай улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж буйтай уялдаж тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эрэлт хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж, цаашид улам өсөх хандлагатай байгаа. Тухайлбал зөвхөн 2008 онд л гэхэд 2860 гаруй тонн тэсрэх бодис, 167 мянган тонн аммиакийн шууд гаднаас оруулж иржээ. Тэсрэх бодисын хяналт ийнхүү алдагдаж, улс орны аюулгүй байдал, хүрээлэн буй орчинд ноцтой үр дагавар учруулж болзошгүй нөхцөл бүрдсэн байна. Тиймээс УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир, Р.Амаржаргал, Я.Батсуурь, Х.Жекей, Ц.Шинэбаяр, З.Энхболд нар Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийж УИХ-д өргөн барьжээ. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очироос тодрууллаа.
-Хуулийн төслийн гол зохицуулалт юу вэ?
-Монгол Улсад тэсэрч дэлбэрэх бодистой харьцаж байгаа хуулийн зохицуулалт нь мэргэжлийн байгууллагад биш, Сангийн яам, ЭБЭХЯ буюу лиценз олгох түвшинд хамаарч ирсэн байна. Хилээр орж ирж буй тэсрэх бодист эргээд тавих хяналт байхгүй. Тэсрэх бодистой харьцаж байгаа хүмүүсийн техник хэрэгсэл, аюулгүй байдалд тавих хяналт, зохицуулалт байхгүй юм.
Тэсрэх бодистой холбоотой мэдээллийг ЭБЭХЯ, Сангийн яам хариуцдаг ч цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналт, онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын дүн мэдээтэй зөрдөг, мэдээ, тайланг харилцан солилцох тогтолцоо бүрдээгүй, энэ чиглэлээр орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад тавих хяналт сул байна. Тийм учраас эдгээрийг зохицуулахаар хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулсан.
-Тэсэрч,  дэлбэрэх бодисын хэрэглээ манайд задгай байгаа юу?
2005 онд бид нэг дүүрэгт ажиллаж байхад зочид буудалд тэсрэх бодис дэлбэрсэн. Түүний эзэн ч олдоогүй, хариуцлага үүрэх хүн ч байхгүй нэг байрны тал дэлбэрээд өнгөрсөн. Тэгэхээр энэ асуудлыг ярихгүй байвал цаашдаа маш их cөрөг үр дагавартай юм. Терроризмын аюул, үндэсний аюулгүй байдлын асуудалтай холбогдох учраас хүчний байгууллагын хяналтыг тавих талаар хуулийн төсөлд оруулж өгсөн.
-Хаана харъяалуулж ажиллуулах нь зүйтэй гэж үзэж байгаа вэ?
-Батлан хамгаалахын яамны харъяа байгууллагуудад харъяалах нь зүйтэй гэж үзэж байгаа. Өмнө нь Ашигт малтмалын газрын харъяанд байхад сургалт хийгдээгүй. Цаашдаа энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх асуудлыг БХЯ шийдэх ёстой.
-Тэсрэх бодистой холбогдуулан хариуцлага тооцох ямар саналууд оров?
-Тодорхой саналууд байгаа. Гэхдээ үүнийг хуулийн хэлэлцүүлгийн явцад илүү тодруулах байх.
2010 оны 3-р сарын 24, Лхагва гариг
Өглөөний Сонин

No comments:

Post a Comment