Monday, 30 April 2012

Э.Мөнх-Очир: Н.Энхбаяр даргад хэрэггүй ээ гэж хэлсэн


УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очиртой ярилцлаа.
-Та хамгийн сүүлд талбай дээр өлсгөлөн зарлаж байсан хүмүүсийг эргэж очоод тэднээр магтуулаад байгаа харагдсан...
-Үгүй ээ. Булган аймгаас ирсэн хүмүүс дотор хоёр эмэгтэй байсан юм. Тэр хоёр дээр очоод "Эрүүл мэндээ бод оо" гэж хэлсэн. Өлсгөлөн зарлаад байгааг нь эсэргүүцээгүй. Гол нь өлсгөлөн зарласан хүний бие эргээд сэхэл авахдаа муу байдаг учраас санаа зовсон. Тэднээр магтуулаад байх ч юу байхав. Тэртэй тэргүй Батцогтоос бусдыг нь би танина шүү дээ.
-Өлсгөлөн зарлагчдыг өчигдөр шөнө албадан тараачихлаа?
-Энэ буруу л юм боллоо доо. УИХ-ын дарга захирамж гарган ажлын хэсэг томилоод хамтарч ажиллахаар яриад эхэлтэл эмчилж байна гэсэн нэрээр тэднийг цагдаагийн хүчээр ингээд тараачихдаг нь буруу. Г.Уянга нялх хүүхэдтэй хүн байж өлсгөлөн зарлаад суухад нь дургүй хүрч л байсан. Гэхдээ тэр хүнд ямар нэгэн сонирхол байгаа учраас ингээд яваад байна. Түүнийг нь сонсох ёстой байсан. Ер нь тэдний өлсгөлөн зарласан явдал анхнаасаа зохимжгүй харагдаад байсан. Хийе хийе гээд байгаа хэрнээ яаж хийхээ ярихгүй. Нэг хүнийг жишээ болгоё л доо. Жаргалсайхан гэж нийтлэл бичээд явдаг хүн бий. Тэр юм болгоныг эсэргүүцдэг. Тэгсэн хэрнээ арга барил нь юу вэ гэдгийг өрдөө ярьдаггүй нөхөр. Үнэндээ энэ хүн төрийн ажил хийгээд улсад татвар төлж  байв уу. Үгүй гэдгийг нь би мэдэж байна. Тэгэхээр өөрчлөлтөө өөрөөсөө эхлэх ёстой.
-Хөрөнгө оруулалтын газрын дарга байсан биз дээ?
-Хэн тэр үү. Мэдэхгүй мэдэхгүй.
-Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөний зохион байгуулсан жагсаалын ард хуучин Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд М.Энхсайхан нар байгаа юм биш үү?
-Аливаа зүйлийн ард заавал нэг хүн байдаг шүү дээ. Яагаад буруу гэж. Н.Энхбаяр  ч байсан, М.Энхсайхан ч байсан буруу нь юу байгаа юм бэ. Тэд хэдэн хүнийг зохион байгуулаад хамтдаа тэмцье гээд явж байгаа бол хамаа алга. УИХ-ын ард ч гэсэн хэн нэгэн байгаа шүү дээ. Хувьсгалт нам, Ардчилсан нам гээд л. МАХН-ын ард бас удирдлагууд нь бий. Тиймээс миний хувьд тэр сонин биш.
-Ар талд нь байгаа хүмүүсийн хүслээр энэ хөдөлгөөнийхөн анх зорьж байсан зүйлээсээ няцсан нь хүмүүст таалагдсангүй гэж бодогдохгүй байна уу?
-Юу нь буруу гэж. Өмнө нь трактор гинжлээд Сүхбаатарын талбай дээр Сэлэнгийнхэн ирсэн. Тэд юуны төлөө явж байсан юм бэ. Газар тариалангаа хөгжүүлэх олон шаардлагыг бодлого боловсруулж, шийдвэр гаргагчдад тавьж байсан. Тэгвэл шийдвэр гаргагчдын дунд Э.Бат-Үүл өөрөө байсан биз дээ. Гэтэл яагаад заавал тэр хүмүүсийг талбайд авчирч, тракторыг нь гинжилсэн юм бэ. Ийм байсныхаа төлөө Э.Бат-Үүл өнөөдөр ардын баатрын тэмдэг зүүгээд явж байна шүү дээ. Гэтэл одоо суулт зарлаад байгаа хүмүүсийн ард 90 мянган хүний гарын үсэг байгаа. Монголын хаана ч очиход "1.5 сая төгрөгөө өг" гэсэн хүмүүсийн нэхээс байгаа. Үүнтэй хэн ч маргахгүй. Ийм хүмүүсийг Монголын 2.6 сая хүнийг төлөөлөхгүй" гэж хэлнэ дээ. 100 хүн хоёр сая хүнийг төлөөлөхгүй юм бол тэднийг хэн төлөөлөх юм бэ. Үнэндээ нэг хүн ч ард түмэн шүү дээ. Гэтэл америкчууд нэг ч гэлтгүй иргэнийхээ төлөө улс орноороо тэмцдэг. Сингапурт ганц машин эвдсэн хүүхдийг шүүхээр шийтгэнэ гэхэд тэд яалаа даа. "Манай иргэнийг шийтгэхээ болиоч" гээд Ерөнхийлөгч нь бичиг бичиж байсан. Харин манайх иргэн нь мафийн золиос болж дэлбэрчихээд байхад тоохгүй байгаа биз дээ.
-Гэхдээ энэ жагсаал цуглааныг дэвэргэвэл долдугаар сарын 1, цаашилбал Киргизид болсон нөхцөл байдлыг давтахгүй гэх баталгаа байхгүй шүү дээ?
-Үүнийг заавал дэвэргэх хэрэг юу байгаа юм. Киргизийн нөхцөл байдлыг мэдэхгүй байна. Би оюутан байхдаа киргизүүдтэй амьдарч байсан. Тэд овог аймаг, хот суурин, жалгаараа хуваагддаг хар тамхичид. Киргизид ард түмэн эрх чөлөөнийхөө төлөө дайтаагүй. Хар тамхины зохион байгуулалттай наймааны төлөө байлдсан. Үүнийг Монголтой харьцуулж, хольж хутган бичиж болохгүй шүү дээ.
-Сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд болж өнгөрсөн бас нэг үйл явдал бол танай намын Бага хурал. Хурлаар танай нам шийдвэрлэх асуудлаа бүрэн шийдсэн гэж бодож байгаа юу?
-Ер нь шийднэ гэсэн асуудлаа шийдчихлээ. Тэр нь Их хурлаар ярих зүйлээ товлочихсон. Миний хувьд энэ л чухал. Түүнээс биш дарга солигдсон уу, үгүй юу гэдэг нь ерөөсөө сонин биш. Нэг лидер гарч ирээд намыг гоё болгох тухай асуудал байхгүй. Лидер гэдэг зүйл чинь тэс өөр. Тэр нь одоо болтол гарч ирээгүй байхгүй юу.
-Танай намын жинхэнэ лидер гарч ирээгүй гэж үү?
-Одоохондоо гарч ирээгүй.
-Та Бага хурлын дараа зодоон хийсэн гэв үү. Харин танай намын удирдлагууд "Э.Мөнх-Очир зодоон хийчихлээ гэдэг. Гэхдээ хэзээ ч батлагддаггүй" гэж байна лээ...
-Ц.Батбаяр мэднэ, би мэднэ, хажууд байсан хүн мэднэ, зодоон болоогүй. Цагдаагийн газраас Э.Мөнх-Очир зодоон хийгээгүй гэсэн лавлагаа гаргасан байгаа. Ер нь сонинд зургаа тавиулаад Мөнх-Очир намайг зодсон гээд яриад явдаг залуус бий. Ингэж ярилцлага өгчихөөд надаас мөнгө авч байсан. Тэгээд залилангийн хэргээр цагдаад байцаагдахдаа "Шүдээ эмчлүүлэх мөнгө авах гээд Э.Мөнх-Очирыг гүтгэсэн юм аа" гээд мэдүүлэг өгсөн байдаг. Ердөө ийм шантааж байдаг юм шүү дээ.
-Ер нь таны зодоон хийсэнтэй холбоотой тэр батлагддаггүй ярианууд ийм шантааж байдаг гэж үү?
-Ердөө тийм. Э.Мөнх-Очир гэдэг хүн "Сайд болъё ч гэдэг юм уу, намд орж ажиллаж үзье гээд ил тод ярьчихаар Тэр болохгүй шүү" гээд намайг хүчиндэгч, зодоонч, архичин болгож хувиргадаг сонирхол байхыг үгүйсгэхгүй.
Ер нь би Туркт сурч байх үед тэнд байсан оюутнуудыг цуглуулж уулзъя гэж бодож байгаа. Ингэхдээ сэтгүүлчдийг дуудна. Намайг Туркт байхдаа хүчингийн хэрэг үйлдсэн, хутга тулгаж хүн алах гэж байсан, дээрэм тонуул хийсэн гэж хэвлэлээр дандаа бичдэг. Тиймээс тэр хүмүүсээс үүнийг асуу. Хамаа алга. Тэдний дунд надад гомдож явдаг хүн байхыг үгүйсгэхгүй. Оюутны амьдралд юу ч тохиолдож болно шүү дээ. Ний нуугүй ярихад би хүүхэд байхдаа Сүхбаатар дүүргийн цагдаад гурав, дөрвөн ч удаа шалгуулж байсан. Чулуугаар байлдаж цонх хагалдаг байсан Тэглээ гээд би өнөөдөр яах юм бэ. Түүнээсээ ичиж амьдрах юм уу. Яахав "Багадаа дүрсгүй, тэнэг байж дээ л" гэж боддог. Харин хулмалзаад өөрийн үзэл бодлоосоо ухарч чадахгүй. Одоо би намынхаа Xянaлтын ерөнхий хороонд хандаж "Манай намын гишүүд нэгийгээ удаа дараа захиалгаар хэвлэлд зодоон хийсэн гэж бичүүлж байна" гэсэн гомдол гаргана.
-Ерөнхий   нарий бичгийн дарга У.Хүрэлсүх та хоёр МАХН-ын залуучуудын байгууллагын  бодлого  чиглэлийн талаарх үзэл бодлоосоо болж зөрчилддөг. Та энэ байгууллагыг ямар байгаасай гэж боддог вэ?
-Улс төрийн намын дэргэдэх залуучуудын байгууллага намынхаа үзэл бодлыг сурталчилж, эгнээндээ хүн элсүүлэхийн төлөө явдаг бай ёстой гэж үздэг. Залуучууд ирээд манай намын байранд үнэгүй лекц сонсч, баримтат кино үзэж, хэлний сургалтад хамрагдаж байгаасай гэж боддог. Ингэж байж олон нийтэд хайрлуулна шүү дээ. Харин манай хэд болохоор цөөхөн хэдэн хүн нэгдээд намынхаа төлөө хүчтэй тэмцье гэдэг байхгүй юу. Намайг ингэж хэлэхээр "Мөнх-Очир дандаа ингэж байдаг юм" гэдэг. Энэ нь хурцадсаар У.Хүрэлсүхтэй жинхэнэ маргаандаа хүрсэн. Манай нам харин одоо арай өөр болж байна. Шинэ намын байр ард түмний өргөө болно гэсэн. Хуучнаар бол намын төв байранд очиход гэтэж алхаад, чанга ярьж болдоггүй байсан. Ийм байж болохгүй л дээ. Сахилга бат байх ёстой. Гэхдээ тэр нь ямар хэмжээнд вэ гэдэг хязгаартай, тодорхой түвшинтэй байх учиртай. Нам дотор өрсөлдөөн байх ёстой. Гэхдээ одоогийнх шиг нэгийгээ сонин хэвлэлд элдвээр бичүүлээд байх ёсгүй. Намын нэгдсэн шийдвэр гарах хүртэл гишүүд хоорондоо маргалдаж болно. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг байх нь зүйн хэрэг. Харин олонхиороо гаргасан шийдвэрийн . дараа ганцаарчилсан тоглолт хийлгүй, намын эрх ашгийг боддог байх хэрэгтэй. Хэдийгээр би эсэргүүн нэр зүүх гээд байгаа ч юм шиг ааш авир гаргадаг ч гэлээ цагаа тулахаар намын сахилга батад баригдаж явдаг хүн шүү.
-Бага хурлын өмнөхөн жигүүрийнхэн намын удирдлагаа шүүмжилж мэдэгдэл гаргасан. Гэвч жигүүрийнхэн голдуу албан тушаалд дэвших гэж элдэв шүүмжлэл гаргадаг гэх болжээ. Та юу гэж бодож байна?
-Хэн тэднийг албан тушаалд тавьсан юм бэ. Нам өөрөө тэднийг албан тушаалд томилчхоод эргээд баалаад байж болохгүй биз дээ. "Та нар жигүүр гэж ярьж явцгааж байгаад ажил аваа биз дээ" гэж хэлж болохгүй шүү дээ. Аль нэг яамны төрийн нарийн бичиг, татварын дарга хийж байгаа хүмүүс тэнд жаргаад сууж байгаа юм уу. Харин ч том ялд уначихаад явж байгаа шүү дээ. Харин өнөөдрийн жигүүрийнхэн шүүмжлэгч биш санал гаргагч байгаач гэдгийг би үргэлж хэлдэг.
-МАХН-ын ахмад, залуу үеийнхний хооронд харилцаа нэг л өөр байдаг юм шиг санагдаад байдаг. Ахмад үеийнхэн нь коммунист арга барилаа хаяж чадаагүй ч гэх нь бий?
-Үгүй ээ, Тэдэнд дадлага туршлага бий. Харин одоогийн парламентад аль нэг компанийн захирал орж ирчихээд компанийнхаа үзэл бодлоор аливаад хандаад байдаг. З.Алтай гишүүн цалин нэмэх тухай асуудалд хандахдаа бичиг цаас солих гэж бөөн гай ч гэх шиг юм яриад байгаа. Юу гэсэн үг юм бэ. Тэр хүн хэзээ ч өөрөө тэр бичиг цаасыг сольж байгаагүй, түүнийг нягтлан нь хийж байгаа биз дээ. Үүнийг З.Алтай ахад би шууд хэлнэ. Эдийн засгийн талаас нь бодохгүй сэтгэлийн бангаар яриад байж болохгүй. Харин хүмүүс мэддэг зүйлээ ярьж болно. Түүнийг коммунизм гэж ойлгож болохгүй. 1990 онд өөрчлөлт хийх гээд явж байсан залуус одоо 50 нас хүрчихээд хуучнаа санагалзаад. “Дөчин мянгадад тэгж байсан, ингэж байсан" гээд байгаа биз дээ. Тэр чинь хөгширч байгаагийн шинж. Харин өнөөгийн хөгжлийн гацаа бол манай удирдлага.
-Одоогийн   удирдлагуудыг хэлээд байна уу?
-Үгүй ээ. Үе үеийн дарга нарыг ярьж байна. Тэд дарга болохоосоо өмнө ийм зүйл хийнэ гэсэн том хүсэл эрмэлзэлтэй байдаг. Гэвч тэднийг хүссэн суудалдаа хүрээд санаснаа хийх гэхээр хавчиж хяхдаг хүмүүс гарч ирдэг. Тэд хаана байдаг вэ гэхээр дээд биш дунд шатанд байдаг. Коммунист үзэл санаа гэдэг чинь үнэндээ энэ дунд шатныханд байгаа. Яамдын бодлого хариуцаж байгаа дунд шатны албан тушаалтнуудад залуу хүн ховор байдаг. Ихэвчлэн мэргэжилтнүүд гэсэн сайхан зангиатай, монголоор бичиж чаддаггүй залуус бий. Тэднээс "яагаад монгол хэлээ мэддэггүй юм бэ" гэж асуухаар өөдөөс "Би гадаадад төгссөн байхгүй юу" гээд том юм ярьдаг. Тэднийг ийм байлгах сонирхол дарга нарт нь ч байдаг. Үүнийг задалж өөрчлөх ёстой. Хийх ёстой юмаа зоригтой хийж чадахгүй бол ямар ч удирдлага сайн ажиллахгүй. Үнэхээр саад болоод байгаа зүйлээ эсвэл цавчаад замаа чөлөөлөөд өөрийнхөөрөө ажиллах зоригтой байх ёс-той. Төр засаг нь өөрөө дунд шатны хүнд сурталтай албан тушаалтнууддаа цэвэрлэгээ хийж чадах хэрэгтэй. Намайг анх дүүрэгт очиход Тамгын газрын дарга гэж нөхөр яг ийм арга барилтай байсан. Юм хийе гэхээр л "Наадах чинь болохгүй. тэр бүтэхгүй" гээд гээдийгээд хөмсгөө  зангидаад суудаг байсан. Тэгэхээр нь би “Чи боль боль яв” гэсэн. Ингээд өөрийнхөөрөө багаа бүрдүүлээд бүгдийг зоригтой хийж эхэлсэн дээ, Харин доод шатанд солио хийгээгүй, дунд шатны илжирсэн үзэлтэй нөхдүүдийг ингэж гаргасан. Тэгэхэд манай залуус "Том бөглөө авч амьсгаа авах шиг боллоо" гэж байсан юм шүү. Би үүнийг С.Батболд сайдад хэлсэн.
- Тэгсэн юу гэж байна?
-"Юу" гэж байна лээ.
-Та намын жирийн гишүүний хувьд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, намын хуучин дарга С.Баяр хоёр аль нь сайн удирдагч байсан гэж боддог вэ?
-Н.Энхбаяр даргыг гэртээ сайхан амраад байж байхад нь би "Та тийм дарга байсан" гээд ярих утгагүй шүү дээ. Тэр хүн яах гээд байгаа юм. Дахиад дарга болох гээд байгаа юм уу.
-Тийм юм биш үү. Нийгэмд болоод байгаа зүйлүүдийн ард түүнийг л байгаа гэх юм?
-Тийм зүйл байхгүй байх аа. Түүнд би "Та ингэж хэрэггүй ээ" гэдгийг нь хэлсэн. Haм гэдэг намаараа яваг. Та зүгээр өөрийн ажлаа хий гэх хэлсэн.
-Хэзээ?
-Бид БНСУ хамт явсан шүү дээ.
-Тэгвэл С.Баяр даргын хувьд?
-Том зорилтууд нь биелээд явж байгаа. Энэ тухайгаа өөрөө намын Бага хурал дээр хэлсэн. Энэ бүх зүйл би болоосой билээ гээд л ... Өө нээрээ санаснаас Ж,Батзандан "билээ" гэж ярьдаг болчихсон байна лээ.
-Тийм үү?
-Сүүлийн үед зурагтаа ярьж байгааг нь сонссон чинь тэгж байна лээ. Тэнэг хүн биш учраас юмаа мэдэж ярьдаг Хүний юмыг уншдаг болсон байхгүй юу цаадах чинь.
Я.Мөнгөнцэцэг
2010 оны 4-р сарын 16, Баасан гариг
Өдрийн сонин

No comments:

Post a Comment