Monday, 30 April 2012

Э.Мөнх-Очир: Би буудлагын спортдоо үнэнч


МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн спорт, олимпизмийг хөгжүүлэхэд үлэмж хувь нэмэр оруулж яваа хүмүүсийг өнгөрсөн баасан гаригт “Olympic house”-д хүлээн авч уулзан шагнаж урамшуулсан юм.
Буудлагын спортыг Монголд хөгжүүлэх үйлст их үүрэг гүйцэтгэж, урт буучдыг ямагт дэмжин тусалж байдаг Баянзүрх дүүргийн Засаг дарга, МБСХ-ны тэргүүлэгч гишүүн Э.Мөнх-Очирыг “Алтан-Од”, хойч үеэ спорт олимпизмоор хүмүүжүүлэх үйлст хувь нэмэр оруулж яваа 44 дүгээр сургуулийн захирал Н.Энхбат, “Шавь” цогцолбор сургуулийн багш З.Төгөлдөр нарыг “Олимпийн алдар”-аар шагнав. Буудлагын Азийн АШТ-ий өмнөхөн энэхүү баярт явдал тохиосонд мэргэн буучид тун баяртай байв. Э.Мөнх-Очир даргад баяр хүргэхээр урт бууны тамирчид  бултаараа иржээ. Энэ  үеэр түүнтэй уулзаж ярилцлаа.
-Юуны өмнө танд уншигчдынхаа өмнөөс халуун баяр хүргэе.
-Баярлалаа. Миний хамгийн сайн мэдэх, надад хамгийн ойр дотно байдаг спорт бол буудлага. Тиймээс би энэ сайхан одонгоор буудлагынханыг бүгдийг нь шагнасан гэж бодож байна.
-Та урьд нь буудлага спортоор хичээллэж байв уу?
-Долдугаар ангид байхдаа урт бууны төрлийг сонирхон хичээллэсэн. Ер нь л багадаа буудлага сонирхдог хүүхэд байсан. Намайг анх буудлагын секцэд бүртгүүлэхэд материаллаг бааз, хувцас хэрэглэлийн хувьд одоогийнх шиг байсангүй. Хувцсаа өөрсдөө л оёно. Т.Цэрэндондов, М.Жанцанхорлоо зэрэг хүмүүсээс их зүйл сурч авсан.
-Та дээд тал нь хэдэн оноо авч байв?
-Санахгүй байна. Энэ чинь олон жилийн өмнөх зүйл шүү дээ.
-Буудлагын холбооны удирдах зөвлөлд хэдэн жил ажиллаж байна вэ?
-Тав дахь жилдээ ажиллаж байна.
-Урт буучид маань хамгийн сүүлд Сиднейн олимпт оролцсон. Бээжингийн олимпт оролцох эрхийг урт бууны дасгалд ганц тамирчин аваад байгаа. Азийн АШТ-д тамирчдаа ямар амжилт гаргана гэж бодож байна даа?
-Би буудлагын тамирчдаа өөрийн боломжийн хэрээр дэмжиж, тэмцээн уралдаанд аль болох олон удаа оролцуулахыг хичээдэг. З.Батхуягийг Бээжингийн олимпт оролцох эрх  авахад маш их баярласан. Кувейтэд болох Азийн АШТ-ээс манай тамирчид олимпийн 1-2 эрх нэмж авчрах байх гэж бодож байна.
-Гадаадаас дасгалжуулагч урьж авчрахад таны нөлөө байсан гэж сонссон…
-Орос школ хэзээнээс алдартай. Тиймээс тамирчдынхаа амжилтыг дээшлүүлэх үүднээс БТСУХ-ны удирдлагатай ярилцан урт бууны төрөлд Украинаас дасгалжуулагч урьж авчирсан. Энэ нь тамирчдын маань амжилтад үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.
-Спортыг хөгжүүлэхийн төлөө цаашид хийхээр төлөвлөөд байгаа ажлаасаа сонирхуулна уу?
-Манай холбоо буудлагын нэг төрөл болох таваг буудлагыг хөгжүүлэхийн төлөө эрчимтэй ажиллаж байна. Энэ жил Л.Бат-Өлзий гэдэг залуу Таваг буудлагын үндэсний төвийг байгуулсан. Мөн энэ чиглэлээр Я.Ганбат дасгалжуулагчтай “Хан бүргэд” клуб үйл ажиллагаа явуулж байна. Таваг буудлагын анхны тэмцээн ч амжилттай болсон. Энэ төрөлд тамирчдаа бэлтгэхийг бид зорьж байна.
Манай дүүргийн тамирчдын хувьд эх орондоо болон олон улсад зохиогддог тэмцээнд амжилттай оролцсоор ирсэн. Энэ уламжлалыг таслалгүй, өсвөр хойч үеэ спортоор бэлтгэн, хүн амынхаа дунд нийтийн биеийн тамирыг улам хөгжүүлэх зорилго тавин ажиллаж байна. Манай БТСХ тун санаачилгатай ажилладаг. 2008 онд болох МБАТ-ий XII наадамд амжилттай оролцохыг бид зорьж байгаа.
-Ингэхэд та буудлагаас өөр ямар спорт сонирхдог вэ?
-Багадаа спортын бүх төрөлд дуртай байлаа. Одоо бол буудлагадаа л үнэнч үлдэж. Спорт бол сайхан хамт олон, эрүүл уур амьсгал бүрдүүлдэг сайхан ертөнц.
2007 оны 12-р сарын 03, Даваа гариг
Өнөөдөр сонин

No comments:

Post a Comment