Monday, 30 April 2012

Э.Мөнх-Очир: Нууцаар гэрээ байгуулсан нь буруу, гэрээ байгуулсныг ил зарласан нь бүр буруу


УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Э.Мөнх-Очирыг Топ ярилцлага'' буландаа урьж ярилцлаа.
-Хүссэн хүсээгүй сонгууль хаяанд ирчихлээ. Энэ жилийн тухайд монголчууд шинэ хууль, шинэ журмаар сонгуулиа хийх гэж байгаа. Тэр утгаараа жаахан бужигнах шинж ажиглагдаад байна. Таны хувьд сонгуульд хувийн бэлтгэлээ хэр базааж байна вэ?
-Ажлаа л сайн хийж байна Хариуцсан салбарын ажлаас гадна УИХ-ын гишүүд чинь орон нутгаас сонгогдсон болохоор орон нутгийн ажлаа тасралтгүй л явуулахгүй бол болохгүй шүү дээ. Сая та нарын өмнө сумын Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч ирж уулзлаа. Миний хувьд сонгуулийн хууль ямар гарсанд бус, сонгуулийн хуультай холбоотой гарч буй үр дагаврыг зөв ойлгох асуудал л чухал байна. Хүмүүс нь иргэдийн өгсөн саналын дагуу гараасай, нэр дэвшигчид нь эр зоригтой, улстөрийг ард түмэнд зөвөөр ойлгуулж, зөв шийдэл гаргаж, зөв бодлого явуулаасай. Өрсөлдөнө гэхээр л нэг нэгнийгээ мууддаг, хооронд нь хагаралдуулдаг, бохир аргаа болиосой. Товчхондоо бодит зүйл, бодит ажлаа яриад, хийгээд яваасай гэж хүсдэг. Тэгсэн тохиолдолд сонгуулийн дараа луйвардчихлаа гэх мэтийн гомдол гарахгүй. Иргэд нутаг ус, улс орон, ард түмэндээ хэрэгтэй юм хийх, хийж чадах хүн л гэж итгэж найдаж сонгодог. Сонгууль зөв зарчмаар яваасай гэж хүсч байна. Хийж чадах итгэл төрүүлсэн хүн л сонгогдоно. Иргэд ч тийм хүнээ сонгоно. Түүнээс биш муу сайнаа дуудалцаж, мөнгө  төгрөг цацсан юм битгий гараасай гэж л бодож байна.
-УИХ-ын гишүүний үүрэг нь тодорхой, хууль боловсруулж, бодлого тодорхойлно. Гэвч хүссэн хүсээгүй сонгууль дөхсөн учраас янз бурийн байдал ажиглагдаж байна л даа. Тухайлбал, санал асуулга гэх хуудас цаас их дэлгэрлээ. СӨХ-ны ажлыг төрийн түшээд хийх гээд байгаа юм болов уу гэж андуурмаар ажиллагаанууд ялангуяа хотод гараад эхэлчихлээ. Сонгогдохын тулд сонгогчдод таалагдсан ажил хийх нь зөв ч арай л жижиг, аар саар асуудалд оролцоод байна уу даа гэж бодогдсон?
-Хөдөөгүүр ч яваад эхэлсэн сураг сонсогдсон. Уг нь санал асуулга гэдэг бодлого боловсруулахад хэрэг болохуйц, бодлогод тусгах зүйлээ тодорхойлоход нэмэр боддог л зорилготой эд. Харин орчныг сайжруулах, гэрэлтүүлэх мэт нь хотын захиргааны өдөр тутмын ажил. Гишүүд СӨХ-той холбоотой асуудал тавьж байна гэдэг нэг талаар СӨХ гэдэг байгууллага иргэдэд үйлчилж чадаж байна уу, эрхзүйн байдлын суурь нь зөв тавигдаж уу. Тавигдсан суурийнхаа дагуу эрхзүйн орчныг нь бүрдүүлж чадаж уу гэдгийг л харах гэсэн аргачлал. Гишүүн СӨХ-ны юу нь болохгүй байна гэж асуухаас биш СӨХ гэрэлтүүлэг тавьж байна уу, хогоо ачиж байна уу, жижүүр нь архи ууж байна уу гэж асуух шаардлагагүй. Миний хувьд хотын менежер, мөн дүүрэгт ажиллаж байсны хувьд СӨХ иргэн хоёрын хоорондын харьцааг зөв болгох юмсан гэж боддог. СӨХ-ны хуулийг хэлэлцэх үеэр өөрийнхөө санаа оноогоо хэлж ч байсан. Сая Дарханд газ дэлбэрсэн. Уг нь иргэд газыг  зөв ашиглаж байна уу гэдгийг тодорхой байгууллагууд хянаж байх ёстой. Зөвхөн "Дашваанжил" компанийг буруутгаж болохгүй. Хэрэглэгчийн хэрэглээг харж хянах үүрэгтэй байгууллагууд байдаг биз дээ. Ер нь ямар ч асуудал аль ч салбарт нэг нэгнийхээ мууг үзэхдээ бус, яаж зөв хамтарч хийх вэ гэдгээ тодорхойлох ёстой л доо. Үүрэг хариуцлагаа зөв тодорхойлж, эрхзүйн орчныг нь бүрдүүлээд өгчихвөл болохгүй юмгүй л гэж боддог.
-Чуулганы завсарлагыг ашиглаад тойрог руугаа явсан л байх. Сүүлийн үед улсын эдийн засаг өсч байна гэж хөөрөлхөх ч иргэдэд эл өсөлт мэдрэгдэхгүй байна гэх гомдол тасрахаа байлаа. Тухайлбал Булганчуудын хувьд тулгамдсан асуудал юу байна вэ. Ихэвчлэн ямар хүсэлт тавьж байна вэ. Өмнө нь иргэд гишүүдээс гэрийн бүрээс гуйх нь халаг юм болдог байснаа больсон юм шиг санагддаг л даа?
-Булганчууд тэр үед ч, одоо ч юм гуйдаггүй. Орон нутагт явж байхад нэг зүйл ажиглагдсан.Тухайлбал, манай нам залуу гэр бүлийг дэмжиж байгаад орхигдуулсан асуудал. Шинэ гэр бүлд 500 мянган төгрөг өгдөг байснаа больсон гэх гээд байна л даа. Зөв эсвэл буруу байсан гэж үнэлэхэд одоо эрт байна. Тав, магадгүй арван жилийн дараа шинэ гэр бүлийн мөнгөний үр дүн мэдэгдэх байх. Гэхдээ ямар ч байсан задуу гэр бүлийг дэмжих бодлогыг үргэлжлүүлэх нь зүйтэй юм байна гэж бодсон. Өнөөдөр эхийн одон гээд л ярьж байна. Зөв л дөө, олон хүүхэд төрүүлсэн, улсынхаа хүн амын өсөлтийн бодлогыг дэмжсэн буянтай ээжүүдийг дэмжих нь. Гэхдээ энэ ээжүүд чинь шууд л дөрөв таван хүүхэд төрүүлчихээгүй. Бүгд л залуу гэр бүл байсан. Бүгд л нэг хоёр хүүхэдтэй байсан байж таарна. Тэр утгаараа анхны хүүхэд гарч байгаа үед дэмжлэгийг ямар нэг байдлаар үзүүлэх хэрэгтэй. Гагцхүү яаж гэдгээ сайн бодох ёстой. Анхны бүхнийг эхэлж байгаа үед нь дэмжих бодлогоо нэлээд тодорхой болгох ёстой юм болов уу гэж бодогдсон. Өнөөдөр хүн, надад талх өгөөч гэж гуйхгүй. Монгол хүн буянаараа болж байна гээд л явж байдаг. Гэвч үнэхээр хүч хөдөлмөр нь хүрэхгүй, ар гэрүүд нь сул хөрөнгө муутайгаас шалтгаалаад хоёр хүн орох оронгүй л гэр бүл болж, аав ээжийнхээ дэргэд толгой хоргоддог. Залуу гэр бүлийг гэр оронтой болгох асуудалд анхаарлаа хандуулах ёстой. Мэдээж үнэ төлбөргүй орон байр олгоод байна гэж юу байхав.
Төлбөр мөнгийг нь авахын тулд ажлын байр бий болгох шаардлага их байна!
Сүүлийн үед залуучуудаас ажлын байрны хүсэлт их ир дэг болж. Монголд ажлын байрны асуудал яригдахаар боловсрол, мэргэжлийн асуудал хөндөгддөг. Ний нуугүй хэлэхэд бид нар боловсролоор хахчихаж. Улаанбаатарын гудамжинд тааралдсан захын хүнээс асуухад багш, эмч, хуульч гэдэг. Тэгсэн мөртлөө мэргэжлээрээ ажилладаггүй. Тиймээс дахин сургалтанд хамруулж, мэргэжилтэй болгох шаардлагатай байна. Залууст мэргэжил олгох асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Өнөөдөр ажил алга гэж ярих үндэсгүй л байна шүү дээ. Сонины зараар дүүрэн ажлын байр байна. Мөн сүүлийн үеийн хөдөө аж ахуйн сэргэлттэй холбоотойгоор техник засвар үйлчилгээний ажилчид дутагдах боллоо. Энэ чиглэлээр мэргэжил эзэмших сонирхолтой ч их болж Тэднийг хурдан сургах, сургалтын чанарыг сайжруулах хэрэгтэй байна. Тэр ч утгаараа би мэргэжлийн сургалт үйлдвэрийн сургалтын төвүүдэд хэр чадлаараа л анхаарал тавьдаг. Нутгийнхныхаа хүсэлтийн дагуу хийсэн ажил л даа. Ажлын байр, мэргэжилтэй л болчихвол боллоо гэсэн хүмүүс их байна. Эднийг дэмжих жижиг дунд үйлдвэрлэлийн бодлого. орон нутагт очиж буй улсаас өгч сангуудаар өрхийн амьжиргаа ажлын байрыг нэмэгдүүлэх гэхчлэн бүгдийг хүртээмжтэй зөв хуваарилах асуудал дээр анхаарлаа хандуулж ажиллаж чадвал боломж хангалттай байна. Эдийн засгийн өсөлт уул уурхай, Монгол Улсыг сонирхсон хөрөнгө оруулалтын асуудалтай холбоотойгоор том тоонууд харагдаж байгаа ч доор амьдрал дээр бууж байгаа нь муу гэдэг үнэн. Өөрөөр хэлбэл хуваарилалтын асуудал учир дутагдалтай байгаа. Уг нь Засгийн газар, хуваарилалт хийж байгаа нэгжүүд нь зөв ажиллаад араас жаахан хяналт санаа тавьчихвал асуудал байхгүй. Ний нуугүй хэлэхэд хөдөө орон нутагт зовлонтой зарим нэг асуудал байна.
-Тухайлбал, юу гэж?
-Жишээлбэл, Монгол хүн болгон загас иддэг болчихсон. Хуучин загасыг цагаан мах, тансаг зэрэглэлийн хоол, оросууд л иддэг гэж ойлгодог байсан бол одоо хэрэглээ болчихсон. Захын хоолны газар ороход загас байж байдаг, захиалаад идэж болдог болчихож. Гэвч бид өнөөдөр загасны хэрэглээгээ яаж хангаж байна вэ. Хэдэн загасчид гол дагаж загас барьдаг, загасныхаа байгаа бүтцэд нь нөлөөлөхүйцээр устгал явуулж хэрэгцээгээ хангаж байна. Ингэж болохгүй. Загасны аж ахуйтай болох ёстой. Загасны аж ахуйг зохион байгуулья гэж ярьж байгаа хүн нь их цөөн. Бололцоо байхгүй, мэдлэг муутай. Санаачилгатай цөөнхдөө дэмжлэг үзүүлэх л хэрэгтэй. Манай Булган аймаг олон гол устай, загас үржих бололцоотой, загастай. Бодит нөхцөл дээрээ тулгуурлаад загас үржүүлэх боломжтой. Ямартай ч би МСҮТ-д загасны мэргэжилтний сургалт явуулах хүсэлт тавьчихаад явж байна. Иймэрхүү юманд цаг тухайд нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна шүү дээ.
-Та түрүүн улстөрөөс илүү спорт, сангийнхаа ажилд анхаарч, сонирхож байна гэж хэлсэн. Сонин санагдсан л даа. Сонгууль хаяанд ирчихээд байхад улстөрч хүн сонгуулиас өөр зүйлд илүү анхаарал тавьж байна гэхээр. Уг нь яг л анхаарлаа хандуулдаг үе шүү дээ. Яагаад өөр тийшээ хараад байгаа юм бэ?
-Өөр тийшээ хараагүй ээ. Улстөр рүү өнгийнө, харна гэхээр хэнтэй ч юм бэ хэн нэгэн хүнтэй уралдаад ч байгаа юм шиг, өгөө аваагаараа дээш доош орчих гээд байгаа юм шиг тэгж яваад байгаа юм шиг харагдах гээд байх юм. Би ийм байдлыг зогсооё гэж бодсон. Больё, ний нуугүй хэлэхэд би Булгандаа очоод дахиад гишүүн болмоор байна, май 100 цаас, май 50 цаас гэж чадахгүй. Надад одоо тийм сэтгэл алга. Миний хүмүүжил биш.
-Өмнө нь өгдөг байсан юм уу?
-Би мөнгө өгдөггүй, тийм юм хийдэггүй. Тэр ч утгаараа тийм юм хийгээд байгаа хүмүүсийн хажуугаар уралдаж ормооргүй байна. Тэд нарын мөнгө нь жаахан багасаж дуусаг. Нутгийнханд маань өгдөг юмаа өгч л байг. Дараа нь би очоод хийсэн ажил маань энэ. Цаашид ийм юм хийх сонирхолтой боломжтой байна гэдгээ хэлнэ. Өөр юм байхгүй. Нутгийнхан, мөн нам намайг дэвшүүлье гэвэл дэвшинэ. Ийм л байна даа.
-Сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа асуудал бол Х.Баттулга болон Ц.Нямдорж сайд хоёрын хооронд болж буй "тэмцэл''. Энэ хоёр хүний ил гаргаж буй баримт бичиг, эсвэл мэдэгдлүүд эргээд Монгол Улсын аюулгүй байдалд нөлөөлөхгүй юу. Их л нууц, чухал гэчихээд ил гаргаад байх юм байна шүү дээ?
-Их сонин л доо. Тухайлбал, би өөрийн чинь асуултанд хоёр янзаар хариулах ёстой болчихоод байна, салгаж. Мөнх-Очир гишүүн гэдэг хүн юу бодож байгаа юм бэ, Аюулгүй байдлын байнгын хорооны дарга юу гэж бодож байгаа юм бэ гэж... Нийлүүлээд нэг мөр хариулах гээд үзье. Ийм гэрээ хийлгэсэн нь зөв үү, буруу юу гэдгийг Засгийн газар өөрөө мэдэх ёстой асуудал л даа.
-Яагаад?
-УИХ-аас төмөр замын бодлоготой холбоотойгоор тогтоол гаргаж, энэ ажлыг хэрэгжүүлээрэй гэж Засгийн газарт өгсөн. Засгийн газар хэрэгжүүлэх ёстой байсан. Өнөөдрийг хүртэл юу хийсэн юм бэ гээд үзэх гэхээр Х.Баттулга сайд байсан учраас Баттулгын хийсэн юмнууд л гарч ирнэ биз дээ. Бас Засгийн газар дээр одоо яригдаад байгаа асуудлаа ярьсан уу, үгүй юу гэдэг асуулт гарч ирнэ. Хэрвээ засаг дээр ярилгүйгээр Х.Баттулга гэрээнд гарын үсэг зурсан нь буруу. Засгийн газар, улс орны ажлын дэг жаяг гэж юм бий. Засгийн газраар орж АБГБ-ын байнгын хороонд мэдээлэгдэх ёстой, өөрөөр хэлбэл мэдээлэгдэж байж цаашаа явах ёстой ажил.
Хэрвээ Х.Баттулга хийх ёстой дамжих ёстой шат дамжлагыг алгассан бол буруутаж л таарна.
Гэрээ хийсэн хийгээгүй нь сонин биш шүү. Засгийн газар мэдэж, засгаар орж гарах л ёстой байсан. Нууцтай юу, үгүй юу гэдэг сонин биш шүү, энэ асуудал дээр. Яагаад гэвэл бүгд л Монгол Улсын төлөө хийгдэж байх ёстой. Магадгүй хийгдэж байгаа ажил. Мэдэхгүй юм. Одоогоор үр дагавар нь гараагүй байгаа учраас. Гэхдээ өнөөдөр энийг ил болгож байгаа нь буруу. Ил зарлах ёсгүй. Асуудлыг Засгийн газар, нам, бүлгийн түвшинд, УИХ-ын нэгжүүд дээр ярих ёстой. Өнөөдрийнх шиг сонингоор маргаан болгохоор асуудал биш. Болохгүй. Бид чинь урд хойд хөрштэйгөө тэгш харьцана гээд ярьж тохирсон зүйлтэй. Тэгсэн атлаа нэг гэрээгээ хятадуудтай шууд хийнэ гэчихсэн явж байж болохгүй биз дээ. Тэр талаасаа гэрээ буруу болоод явчихна. Гэхдээ задалсан нь бүр буруу. Ний нуугүй хэлэхэд ийм гэрээ хийгдсэн гэхээр өнөө оросуудтайгаа юугаа ярих вэ. Гацчихна биз дээ. Оросууд та нар ингээд л бидний араар явж байсан юм байна лээ ш дээ гэхээр бид үгүй гэх үү. Тэгэхээр миний хувьд задарсан нь туйлын буруу гэж бодоод байгаа. Гэрээ хийгдсэн юмаа гэхэд Засгийн газар асуудлаа яриад, Аюулгүй байдал дээр Баттулга гэж сайд байсан нөхрийг чихдэж авчраад буцаагаад Засгийн газрын нэгжээр нь гэрээнүүдийг нь цуцлах арга хэмжээ авдаг ч юмуу ажиллах ёстой байсан юм болов уу гэж бодоод байгаа юм. Гишүүний хувиар гэвэл би нэлээд хурц ярина. Яахав, аюулгүй байдал гэдэг талаасаа бол өнөөдөр Х.Баттулга, Нямдорж гэдэг хоёр сайдын хувийн асуудал биш. Аль аль зүгээсээ... Нөгөө талаас нь харвал аль алиных нь зөв. Х.Баттулга төмөр замыг хариуцаж байсан хүний хувьд хийх гэж зүтгэсэн нь зөв. Гагцхүү хийсэн арга нь буруу. Ц.Нямдорж сайд ийм гэрээ хийчихсэн гэдгийг илрүүлсэн нь зөв. Ил гаргасан нь буруу. Ийм л байгаа байхгүй юу. Эцэст нь ганц юм хэлэхэд улс орны эдийн засаг, эрх ашигтай холбоотой асуудлаа хэдүүлээ улстөртэй холбож хамаагүй яримааргүй л санагдаад байгаа юм. Тэр 100 хувь тэгэх ёстой байсан гэж хэлмээргүй байна. Гэрээнүүдийг би яг одоо үзээд сууж байна. Би ойлгосноо л хэллээ. Хийсэн нь зөв, хэлээгүй нь буруу. Илрүүлсэн нь зөв ил гаргасан нь буруу. Ердөө л энэ. Тэгж л харагдаж байна. Ер нь бол Х.Баттулга сайд энэ талаар цаашид ингэж хамаагүй яриад байх хэрэггүй л дээ. Миний хувьд нэг танхимд хамт ажиллаж байсан сайд нараа идэж уусан гэж яриад байх нь зохимжгүй харагдаад байгаа юм. Монгол төрийн жудаг  ч гэх юм уу нэг юм байдаг даа. Цуг нэг танхимд суугаад зөндөө л юм ярьж байсан болов уу гэж би боддог ш дээ.Тэр байтугай    бид  төрийн бус байгууллагад ажиллаж байсан хүнээ хамт ажиллаж байсан юм даа гээд өнгөрөх юм байдаг л шүү дээ. Дуугүй  өнгөрөхгүй юмаа гэхэд цаагуураа албан  ажил, албан шугамаар асуудлыг шийдээд явах нь зөв байсан юм болов уу гэж би хувь хүнийхээ зүгээс хараад байгаа юм.
-Иймэрхүү үйлдлүүдийг хараад байхад УИХ, Засгийн газартаа хяналт тавьж чадахаа больсон нь улам л илт болоод байх юм аа?
-Зовлон байна ш дээ. УИХ нь дотроо ажиллаж чадахгүй байна. Бид УИХ дотор юмаа яриад, хийгээд яваад байгаа ч асуудал шийдэх шатан дээр очихоор зарим маань асуудлаа дуустал оролцдоггүй. Санал хураалтан дээр итгэл үнэмшлээрээ явдаггүй. Орж ирж саналаа өгдөггүй. Ийм байдлаар явах нь дээ ингэх нь зөв дөө гэж бодож байсан юм өөр болчихдог. Өнөөхөө эргээд янзлах гэхээр янзлагддаггүй. Бодож, ярьж байснаас өөр зүйл засаг руу явдаг. Засаг ондоо ажил хийгээд яваад байдаг. Тэртээ тэргүй буруу бодлого гаргаад явуулчихсан юм чинь хянаад араас шахаж шаардаад яах юм бэ. Дүүрсэн хэрэг гээд л хаядаг. Засгийнхан ч гэсэн та нар ийм юм гаргачихаад гэж бодож л байгаа ш дээ. Одоо ч гэсэн хар л даа. Сонгуулийн хууль гэж пижигнэж пижигнэж хууль баталсан. Тэгсэн Цэц болохгүй л гэлээ. Тэр хуультай нь холбоотой машин техник гээд ярьсан бас болдоггүй юмаа л гэж байна. Яасан гэхээр хамт байж болохгүй л гэж байна. Хуулиа 2008 оны дөрвөн сард баталчихсан. Хэн баталсан юм бэ гэхээр, одоо тэр үед байсан гишүүд нь хүртэл хавар тэгж байгаад л баталчихсан гэдэг. Ийм юм байж болдог юм уу. Юу гэсэн үг вэ. Өөрсдөө ийм хариуцлагагүй байгаа юм чинь хянаж чадахгүй нь аргагүй ш дээ. Байдал ийм л байгаа. Болохгүй юм батлаад хаячихсан юм чинь хэрэг эрхлэхийнхэн энийг хэрэгжүүлэхэд хэцүү байна гэх нь аргагүй шүү дээ. УИХ нь ийм юм хийчихээд л засгаа хянаж чадахгүй гээд яриад байгаа байхгүй юу. За тэгээд дунд нь янз бүрийн тохироо, өгөө аваа байдаг юм уу мэдэхгүй.
Бид ямар тийм юманд оролцсон биш.
Ер нь зүгээр зарим асуудлыг шийдэж байгааг харахад Х.Баттулга сайдын хардаад байгаа шиг нэг компани давамгайлуулсан юмнууд яваад байх шиг санагдах үе байдаг л юм. Өнөөдөр Монгсл Улс өөрийнхөө компаниуд, дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжье гэж яриад л байдаг. Монгол-999 гээд л баахан яриа биз дээ. Өнөөдөр тэр нүцгэн компанийг дэмжих гэж байхаар юм хийж байгаа компани нь илүү дэмжээд хийвэл яасан юм бэ гээд ярьдаг. Яривал ярвигтай юм зөндөө л баш Бид нарын хувьд төр ямар байх ёстой юм Бидний мэдэж байгаа чин сэтгэлээсээ хүсч байгаа зөв юмыг гаргах гэж үзээд л баш Зөв л шийдэлд хүрэх гээд гэх юм уу даа. Янз бүрийн юм их л гарна шүү дээ. Ялангуяа  Концессийн хууль батлагдах үеэр уул уурхайгаас орж ирэх мөнгийг ирээдүйд ямар хөрөнгө оруулах вэ гэж хүмүүс янз бүрийн санал гаргасан. Ну давай, ийм юм барьчихья мөнгийг нь нүүрсээр өгнө л гээд байсан. Тэр ярианы бантан дунд л ийм юм орос ирж байгаа байхгүй юу. Бүгд л ярьж байсан болохоор энэ сайд чинь итгэл үнэмшлээр: Тавантолгойн нүүрснээс өгч байгаад төмөр замаа тавъя гээд зүтгэчихгүй юу. Үнэн хэрэгтээ салбар хариуцсан сайд тэгэх ёстой л дээ. Буруу. Одоо тэгээд Монголын төмс замыг хөгжүүлэх гэж байсан гэдгээр  энэ хүнийг буруутгах уу гэдэг бас л сонин  асуудал. Нөгөөтэйгүүр Засгийн газрын гишүүн хүн Засгийн газар, улс орныхоо бодлогын хэмжээнд нөлөөлөхүйц зүйл толгой мэдэн хийх ёсгүй, эрх ч байхгүй. Гэх мэтчилэн тал талаас нь харвал зөндөө л  гарч байна даа. Яг ёс дэг журмаа харахад хийсэн гэрээнүүд нь хэт яарсан. Засгийн газрын тодорхой хурлаар ороогүй, шийдэл гараагүй. Орж ирж танилцуулагдаагүй асуудал чинь яаж ч дэмжигдэх вэ дээ. Ор ирээгүй асуудлууд батлагдаад явчихсан харагдаад байгаа юм.
-Өөрөө Засгийн газрын хуралдаанаар оруулж танилцуулсан л гээд байгаа шүү дээ?
-Тэгсэн л байна лээ. Танилцуулсан гэдгээ батлах юм байгаа биз. Надад байгаа үзэх баримтаар танилцуулагдаагүй л юм байна гэж ойлгогдож байгаа. Би Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хүмүүстэй уулзлаа харлаа. Болохгүй л байна. Би ч гэсэн тэр үед Ерөнхий сайд дээр орж л байсан. Нүүрсээ зараад гайгүй мөнгөтэй болчихвол нөгөө яриад байдаг Туул, Сэлбийн төслөө эхлүүлье гэж. Ерөнхий сайдаас дэмжлэг авах санаатай орсон юм л даа.Тэгсэн үгүй ээ, бодлогоор хийнэ. Наадах чинь банкны асуудал, шинэтгэлийн хорооны дараа яригдах асуудал гэсэн. За за гээд л орхиод гарсан. Үнэндээ энэ төсөл чинь Улаанбаатар хотын нэг сая 300 мянган хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, т; тухтай холбоотой юм. Бидний яриад байг том том асуудлыг шийдэх төсөл байхгүй юу. Туул, Сэлбийн төсөл гэхээр нэг хүн надаас голоо тохижуулах төсөл юм уу гэж асуусан биш ээ. Мянган ажлын нэг нь тохижих асуудал. Хамгийн том суурь нь усны эхийн асуудал. Усан сан байгуулж, цэвэрлэх байгууламжаа шинэчилнэ. Улаанбаатар руу орж ирэн үер болгоод байдаг асуудлыг цэгцэлнэ. Ямар ч байсан бүдүүвч зураг нь хийгдчихсэн явж байна. Одоо ТЭЗҮ нь хийгдэнэ. Энэ хэмжээний мөнгийг авъя гэж бид хүсч л байсан. Иймэрхүү асуудал одоо төмөр зам дээр яригдаж байна. Хамгийн том алдаа нь дүрэм журмаар нь хийгээгүй явдал. Хүн хичнээн би сайн юм хийнэ гэж ярьж байгаа ч хууль номонд нь зохицуулж ажиллах ёстой. Төмөр замаар нүүрсээ зөөх шаардлагатай нь үнэн ч асуудлыг буюу гэрээг улсын эрх ашигт нийцүүлэхгүйгээр хийж болохгүй шүү дээ.
-Сүүлийн үед Засаг дарга нар их мөнгө идсэн гэх шуугиан тасрахаа байлаа. Та Засаг даргаар ажиллаж байсан хун. Идэж уучихаар тийм их хөрөнгө Засаг даргын мэдэлд байдаг юмуу?
-Маниусын үед тийм юм байгаагүй. Дүүргийн төсөв нэг тэрбум 400 сая орчим төгрөгт л багтдаг. Нэг тэрбум  100 орчим саяыг нь урсгал зардалд өгчихнө. 200-300 сая нь л хөрөнгө оруулалтаар ирдэг байсан. Ер нь манайхан их буруу системтэй. Төсвөө доороос нь дээшээ гаргадаггүй. Дээр нь тоо хийчихээд доошоо пад гээд оруулаад ирдэг. УИХ дээр ярьчихсан юмыг дүүрэг дээр хүчээр баталдаг байхгүй юу, их сонин. Одоо муу хэлэгдээд байгаа Засаг дарга нар чинь тэр үед иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх гэж хандивын сан ажиллуулдаг  Компаниудаар мөнгө гуйгаад л яваад байна шүү дээ. Олсон хэдэн төгрөгөөрөө тохижилтоо хийдэг. Одоо тэгээд хөөрхий, хандиваар хийж байсан ажлуудын бүгдийнх нь ард "юм" байна гэж хардаад л бүгдийг нь шалгаж байх шиг байна. Харин бидний дараа буюу 2005-2006 оны үеэс хөрөнгө оруулалт арай сайжраад 2008-2009 онд нэмэгдсэн шүү. Одоо дүүргийн төсөв гэж замбараагүй их л юм яригдах юм байна ш дээ. Хөрөнгө оруулалтаас нь харахад тэрбумаар тийм юм хийсэн, тэрбумаар хийнэ гээд л тэрбумаар нь л ярьдаг болсон байна. Бид нарт тэрбум гэдэг умаа хум тоо байхгүй юу, сураггүй тоо ш дээ. Хотын Засаг даргын нөөц ч таван тэрбумд хүрдэггүй байсан юм. Одоо дүүрэг дээр л тэр хэмжээний юм яригддаг болж. Тийм болохоор.хардлага сэрдлэг ихсэж шалгаж байгаа байх. Мэдээж хүн хүн өөр. Намайг яаж ажиллаж байсныг манай дүүргийнхэн бүгд мэднэ. Ажиллаж байх үед бид нарын гараар чинь өдөрт доод тал нь 40-50 захирамж гарна. Тэрнээс гурав дөрөв нь байнгын хүмүүсийн орон сууц газрын тэтгэмжийн эмнэлгийн халамж тэр энэ тэр байдаг. Нэгтгээд баахан хүний нэрс жагсаачихсан нэг дор 400-500 хүний асуудал л шийдэгдээд явдаг. Тэр дунд юу болж байсан, яаж байсан гэдэг чинь бас хүнд л дээ. Тэгээд хүн хүнээсээ бас боддог биз дээ. Миний хувьд аймгийн дарга нарыг  ёстой мэдэхгүй. Сүүлийн үед Эрдэнэтийн Оюунбат даргыг шүүчихлээ. Би хувьдаа Оюунбат даргыг 100 хувь буруугүй л гэж боддог ш дээ.
-Яагаад ийм итгэлтэй байгаа юм бэ?
-Итгэлтэй байлгүй яах юм бэ. Булган явах болгондоо л яригдаад байсан стадионынх нь хажуугаар өнгөрдөг ш дээ. Яасан юм бэ, хүн бариад дуусчихсан л байна лээ ш дээ. Муу барьсан гэвэл хяналтын байгууллагууд нь байгаа ш дээ. Засаг дарга өдөржингөө барилга барьж байна уу гээд хараад байж чадахгүй биз дээ. Өөрийнх нь нүдэн дээр баригдаж байгаа юм чинь. Зам нь тааруу, будаг.нь муу гэх юм бол.. уучлаарай өнөөдөр Улаанбаатарт хичнээн барилгын будаг нь хуурчихсаныг хэн хянаж шалгаж байгаа юм бэ. Харьцангуй зүйл л дээ. Шүүх гэвэл шүүгээд хэнийг л бол хэнийг ч хэлмэгдүүлдэг үе болчихсон юм уу хаашаа юм бэ. Оюунбат даргын эсрэг тодорхой бүлэг ажилласныг бид бүгд л мэдэж байгаа ш дээ.
Жил дараалан зодлоо, энэ тэр гэж элдвээр хэлж байгаад л шоронд хийчихсэн.
Би хувьдаа Оюунбат даргыг өмөөрөнгүй байдаг. Нэгэнт шуух алдаа гаргасан гээд шийдчихсэн учраас энэ талаар яримааргүй байна. Тэгээд өнөөдөр хэн дахиж зориглож стадион барих юм бэ. За яршиг, бөөн гай болж буруудчихвал дэмий гээд хийхгүй ш дээ. Минийхээр нэгэнт зориглоод хийчихсэн юман дээр алдаа байсан бол сануулаад л өнгөрөөнө биз гэж бодогдоод байдаг юм. Иргэдийн хурал нь тухайн үед нь чи ингэчихсэн байна, тэг гэж хэлэх ёстой л биз дээ. Хийх л ажил нь шүү дээ. Ер нь ИТХ нь сайн ажиллаад Засаг даргынхаа ажлыг сайн явуулаад байвал сайн л байдаг юм. Намайг дүүрэгт байхад манай ИТХ-ын даргаар ажиллаж байсан, одоо ч ажиллаж байгаа хүн. Миний л мэдэхээр дөрөв дэх Засаг даргаа аятайхан ажлыг нь хийлгээд л аваад явж байна. Миний үед хоёр гурван ч гавьяат ахмад тэргүүлэгч гишүүн байсан. Зөвлөгөө өгдөг хамтраад ярьдаг ном журмаар нь ажилласан. Ямар өө гарах юм бэ. Юу ч гарахгүй ш дээ. Нэг нэгнийхээ угийг сонсохгүй гоморхсон юмнаас болоод олон жил Засаг дарга хийсэн хүн дээр л их юм наалддаг юм шиг байгаа юм. Мань мэт ч ямар олон жил хийсэн биш.
-Түүнээс гадна долоон сарын нэгний асуудал үнэн мөнийг тогтооё гэхээсээ сонгуулиас өмнө хэн нэгнийг буруутан болгочихъё гэсэн зорилгоор яваад байх шиг санагдах болсон. Та улстөрч, УИХ-ын гишүүн гэдгээ мартаад энгийн иргэний хувьд эл хэрэгтэй холбоотой өрнөж буй уйл явдлыг хэрхэн дүгнэж буйгаа хэлээч?
-Анзаарсан бол сая та нарыг орж ирэхэд би би кассет бариад байж байсан. Долоодугаар сарын нэгэнд гарч байсан бүх телевизийн нэвтрүүлгүүд. Тэр үед гарсан бүх мэдэгдлүүд байгаа. Энэ бүхнийг хэрэг болсноос хойш сарын дотор цуглуулж авсан юм.
-Яах гэж?
-Бид мэдэх ёстой. Тэнд яг юу болсныг заавал мэдэх ёстой. Өнөөдөр тэр шоронд орсон уу, энэ орсон уу гэдэг дараачийн асуудал. Эцсийн эцэст тэр өдөр юу болчихоод ийм байдал хүрэв. Хэн турхирсан ч сонин биш. Яг бодитоор юу болсныг нь дүгнэж дүгнэлт хийх ёстой. Яах гэж гэвэл дахиж ийм юм болж болохгүй гэдгийг л бодолцож болохгүй талаас нь хийх ёстой. Түүнээс биш таван хүний амь нас яриад л бүгд шоудаад байж болохгүй ш дээ. Өнөөдөр би нэг сонин юм сониноос уншлаа. Хэн билээ дээ, нэг нөхөр цагдаагийн дарга нар шүүгдээд шоронд хоригдчихлоо та юу гэж бодож байна вэ гэсэн асуултанд, хохь нь ш дээ хэн бууд гэж хэлснийг хэлсэн бол ял авахгүй байсан гэж хариулсан байх юм... Юу гэсэн үг вэ, чи тэрнийг бууд гэсэн тушаал өгсөн гэж хэл, хэлэхгүй бол гээд ял өгчихөж байгаа юм уу...Уучлаарай энэ бол жинхэнээсээ Ц.Нямдорж сайдын хэлж байсан хэлмэгдүүлэлт эхэлчихсэний илрэл. 37 оны хэлмэгдүүлэлтийн үед подваль руу оруулж байгаад зодоод улсаасаа урвасан гэж хэлүүлээд бүгдийг нь буудаж байсан гэдэг дээ. Өнөөдөр энд өөр юм юу байгаа юм бэ. Адилхан байгаа биз дээ. Ойлгомжтой ш дээ. Тэнд гурван л хун байгаа. Н.Энхбаяр, С.Баяр, Ц.Мөнх-Оргил... Энэ гурвын нэгийг л буудсан гээд хэлчихвэл чамайг суллалаа гэснээс ямар ялгаа байна. Би бур гайхсан. Ийм байж болохгүй. Тийм учраас тэр өдөр болсон бүхнийг ил болгоод буудсан хүнийг нь олоод буудсан хүн нь тэр хүн надад тэдэн цагт бууд гэсэн тушаал өгсөн гэдгээ хүлээгээд хуулийнх нь дагуу дараа нь яллах ёстой. Тэр болтол энэ хүмүүсийг гадаад явах эрхийг нь хааж, гэрийн хорионд байлгадаг ч юм уу зохих захиргааны арга хэмжээ аваад л байж байх ёстой. Яллах ёсгүй байсан гэж би харж байна. Долоон сарын нэгнийг улстөржүүлэхгүйгээр бодит байдлаар нь хараасай гэж хүсч байна.
-Угаасаа улстөртэй хольчихлоо ш дээ?
-Хольчихлоо. Хольчихож байгаа учраас утгагүй болчихож байгаа юм. Одоо үнэнийг тогтооно гэхэд их хэцүү болчихож байгаа юм. Би энэ бичлэгийг үзэж байгаад тодорхой моментыг нь монтажлаад захиалгатайгаар телевизүүдээр цацъя гэж бодож байгаа. Яг юу болов гэж... Бүгдийг нь... Өөр арга алга. Хэдэн жилийн өмнөх байтугай хэдэн хоногийн өмнөх дүрсийг хун мартдаг л байхгүй юу. Тэр дотроос сэтгүүлчид та нар өөрсдийнхөө олж харсныг л яриад байдаг болохоос биш бусад юмыг нь мартчихдаг. Тийм учраас л эргэж харах гээд байгаа юм.
Нийтлэлч
З.Урсгал
Эх сурвалж
"Улаанбаатар Таймс " сонин

No comments:

Post a Comment