Monday, 30 April 2012

Монголд хэрэгтэй иргэн бэлтгэх үү, Англид хэрэгтэй иргэн бэлтгэх үү?


Хамуг Монголын Хөдөлмөрийн Намын дарга, философич, доктор С.Молор-Эрдэнэтэй хийсэн ярилцлагаа та бүхэнд толилуулъя.
- Таньтай уулзах гэж хоёр цаг гаруй хүлээлээ. Таньтай уулзах гэсэн хүмүүс их олон байна шүү.
- Харин тиймээ, ялангуяа оюутнууд маань их уулзаж зөвлөгөө авдаг. Би тэд нарт урлагийн гоо сайхныг хэрхэн мэдрэх вэ, хүн байхын учир нь юу вэ, гэдэг тал дээр л зөвлөгөө өгч ярилцдаг. Зарим оюутнуудтай ярилцахад их сайхан байдаг юм. Яг л амьдрал дээр болж байгаа үнэн зүйлийг нуулгүй хэлнэ шүү.
- Оюутнуудтай ажиллаж байхад таньд юу ажиглагдаж байна вэ, ЕБС-ийн бүтээгдэхүүн тань дээр ирж байна гэсэн үг шүү дээ? 
- Манай Монгол улс боловсролын системээ үндсээр нь өөрчлөх шаардлагатай. Хүүхдэд дэндүү их хэрэгтэй хэрэггүй мэдлэг өгөх гээд л зүтгээд байх  юм. Гэтэл тэр нь үнэн чанартаа юу ч биш болон үлдэж байна. Ерөнхий боловсролын сургууль нь хүүхдийг уншдаг, бичдэг, хүний хэлж ярьж байгаа зүйлийг тэвчээртэй сонсоод суух чадвартай л болгох хэрэгтэй. Уншсан зүйлээ ярьж, бичиж чадахгүй байна шүү дээ.

- Тэгээд тэр хүүхдүүд юу эзэмшиж байна?
- Ирж байгаа хүүхдүүд өөрсдийнхөө санаа бодлыг чөлөөтэй илэрхийлж чадахгүй байна. Ер нь их худлаа ярьдаг болжээ. Багшаа би таны үзэл бодлыг дэмждэг, та их сайн хүн ч гэж байх шиг. Тэгээд чи миний ямар үзлийг дэмждэг юм бэ дээ, гээд асуухаар худлаа зүйл их ярина. Намайг магтвал би тэр хүнд сайн хандана гэж үздэг бололтой. Юм асуухаар дуугарахгүй, аргагүйн эрхэнд за үүнийг уншаад ойлгосноо ярь гэхээр ярьж чадахгүй, тэгвэл бич гэхээр бичиж чадахгүй, ийм л иргэн олширсон, бүр дэндүү их олширсон байна. Их сургууль, дээд сургуульд яаж хувцаслах, олны дунд биеэ хэрхэн яаж авч явах зэргийг л сурч байх шив дээ.

- Эцэг эхчүүд хүүхдүүдээ эрдэм ном сурч л байгаа гэж бодож байгаа даа?
- Эцэг эхчүүд нь өөрсдөө хүүхдээрээ байгаа юм чинь. Ааваа та архи битгий уугаарай, ээжээ та эрт ирээрэй гээд л эцэг эх нь хүүхдээ хүмүүжүүлэх гээд байгаа юм уу, хүүхэд нь эцэг эхээ хүмүүжүүлэх гээд байгаа юм уу? өөрөө хүн болж төлөвшөөгүй хүмүүс яаж хүүхдээ хүмүүжүүлэх болж байна ааү Тэгэхээр хүмүүжилгүй хүүхдүүд олон байгаа нь аргагүй шүү дээ. Ер нь хүүхэд төрийн хамгаалалтанд байх ёстой. Хүүхдийн үзэж, сонсч байх зүйлийг нь хязгаарлах ёстой гэсэн үг. Одоо бол монголд бүх зүйл задгайрсан. Эцэг эх нь ч адил, хүүхэд нь ч адил. Хүүхдийн ертөнц гэдэг цэвэр ариун байх учиртай. Гэтэл энэ хүүхдүүдэд ямар мэдлэг олгох гээд байна, хэн болгох гээд байгааг мэдэж байгаа хүн ч алга. Эцэг эхчүүд нь боловсрол нимгэн, амьжиргаа нь тааруухан учраас төр засаг үүнийг нь далимдуулж хүүхдүүдэд нь хүртэл, хамаагүй зүйлийг нэг ёсондоо шахаж байна. Хүнд хэрэггүй зүйлийг нь хүчээр өгч байгааг монголчууд шахаж байна гэдэг шүү дээ. Яг л үүнтэй адилхан гадаадын болсон болоогүй зүйлийг шахаж байна. Сүүлийн үед Кембрижийн боловсролыг эзэмшүүлнэ гэж их ярьдаг болж. Монголд хэрэгтэй иргэн бэлтгэх гээд байгаа юмуу, Англид хэрэгтэй иргэн бэлтгэх гээд байгаа юмуу? Боловсролын хүртээмж гэдэг нь  олон нийтийг хамарсан үзүүлэлт байдаг болохоос биш цөөнхийн дунд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар боловсролыг хэмжиж болохгүй байхаа. 

- Хүүхэд бүр л дарга болно гэх юм?
- Энэ нь биеийн жаргалыг хэт үнэлснээс болж байгаа юм. Нийгэмд хүн болж төлөвших боломж байх ёстой. Манайд хүнд суртал их байдаг учраас аливаа зүйлийг хийж бүтээе гэхээсээ илүүтэйгээр бэлэнчлэх сэтгэлгээ давамгайлсан. Нэг зүйлийг шинээр хийе гээд санаачилга гаргахаар бичиг цаас бүрдүүлнэ, олон даргын хаалгыг сахиж сууна, нэг даргын арга эвийг олох гэж үзнэ, санаанд нь үл нийцвэл тэгээд л өнгөрөө,  бүр бүтэхгүй бол таньдаг хүнээ хайж хэд гурван цаас өгч байж юмаа бүтээнэ. Эцэстээ хийгээд дэмий юм байна, эд нар шиг зүгээр сууж байгаад л мөнгө олох юмсан гэсэн биеийн жаргалыг илүүд үзнэ. Тэгэхээр хүн болж төлөвших ямар ч боломж байхгүй өнөө цагт, хүүхэд ч мөн адил үнэ цэнэ гэдэг зүйлийг мэдэхээ больж байна гэсэн үг.
Нийгэм ямар хүнийг бэлтгэнэ яг л тийм хүн бий болно. Манай боловсрол ч мөн адил яг л робот шиг хүмүүсийг бэлтгэж байна.

- Та Германд сурч, амьдарч байсан, герман боловсролын давуу тал нь?
- Би ганц хүүтэй. Хүү маань бас тэнд сурч байгаа. Манай хүү ангидаа чөлөөтэй байдаг. Зарим нь урд хичээл хийж байхад, зарим нь тоглож л байна. Танай хүүхэд хичээлдээ ийм байна, тийм байна гэж багш нар нь хэлж байгаагүй. Багш нарыг нь ч манай хүүхэд юм сурахгүй байна гээд эцэг эхчүүд нь хэл үг болоод байдаггүй. Багш сургалтынхаа үйл ажиллагааг явуулна, харин хүүхдийн чадвараас хамааран хүүхэд тэрхүү мэдлэгийг өөрийнхөөрөө л хүлээж авна. Хүүхдүүд хоорондоо харьцах, биеэ олны дунд зөв авч явах, өөрийгөө бусдад ойлгуулах, бусдын үгийг сонсох,  асуудалд өөрийн бодлоо илэрхийлэх гэсэн ерөнхий чадваруудыг л эзэмшдэг. Энэхүү чадваруудыг эзэмшсэн хүүхэд цаашдаа бие даан суралцахад илүү дөхөм болдог төдийгүй дараагийн шатны мэдлэг эзэмшихэд ашиглан, нарийн мэргэжлээр суралцана. Манайд бол бүр нэгдүгээр ангиас нь бүх төрлийн мэдлэгийг олгох гээд л чихээд байгаа юм. Даац нь хэтэрсэн машин хэдий хэр явдаг билээ дээ. Тэгэхээр хэт их ачаа үүрээд мацаад байсан хүүхдүүдийн маань тархины өсөлт удааширч, тэр чинээгээрээ сэтгэхгүй болж, зөвхөн цээжилдэг л хүмүүс болон хувирч байна.

- Бид нар энэ нь болж байна, энэ нь болохгүй байна гээд ярьж бичээд л байдаг. Одоо тэгээд цаашдаа яах вэ?
- Аливаа тоглоомонд дүрэм гэж байх ёстой. Тэр тоглоомын дүрмийн дагуу л бүх зүйл зохицуулагддаг. Тэгвэл манайд энэ нь огт байхгүй. Тоглоом эхэлж байтал өөрөө хожигдох гээд болохоо байгаад ирэхээр дахиад л шинэ дүрэм зохиож эхэлнэ. Тоглож байгаа хүнээ үл ойшоон хүндлэхгүйгээр маш бүдүүлэг  зүйлийг л хийгээд байгаа юм. Ард нь үзэж байгаа үзэгчид тоглоомын дүрэм гэж юу болохыг мэдэж байгаа шүү дээ. Тэгэхээр миний талд дэмжигчид олон байгаа гэдэгт итгэлтэй байна.

- Үнэхээр тийм дээ, таны цаашдын ажилд амжилт хүсье!
- Баярлалаа, боловсролын салбарын талаар сэтгэл зовнин байдаг бүх хүнтэй хамтарч ажиллахад таатай байдаг. Та нарт бас ажлын амжилт хүсье!

Ярилцсан Т.Ундрал

No comments:

Post a Comment