УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очирыг "Ярилцах танхим "-даа урьж ярилцлаа.
-Та ирэх жилийн сонгуулиар Булган аймагт дахин ялалт байгуулна гэдэгтээ бат итгэлтэй байгаа юм шиг санагдсан. Яагаад тэр вэ?
-Яагаад тэгж бодож байгаа юм бэ.-Таны ярилцлагыг уншихад тэгж санагдсан?
-Тэгж ойлгогдож байна уу. Уг нь би сонгуульд ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байна гэж яриагүй. Харин хүмүүст тэгж ойлгогдсон юм байж л дээ. Чуулганы завсарлагаанаар аймагтаа очиж Э.Мөнх-Очир үнэхээр юм хийсэн үү, үгүй юү гэдгийг тайлагнах төлөвлөгөөтэй байгаа. Энэ бол сурталчилгаа биш. Надад өнөөдөр сурталчилгаа хийх шаардлага байхгүй. Сонгогчид маань намайг өөрсдийг нь төлөөлөн ажиллана гэж итгэл хүлээлгэн наашаа илгээсэн. Би энд сонгогчдоо төлөөлж ажиллах үүргээ биелүүлж байна. Хажуугаар нь нутагтаа хийх ёстой зүйлээ давхар хийж байгаа гэж боддог.-УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Тавантолгойн асуудлыг хэлэлцэхэд салбар хариуцсан сайд нь байгаагүй. Ийм байдлаар асуудал хэлэлцээд үр дүнд хүрэх болов уу. Та энэ талаар ямар байр суурьтай байна?
-Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. "Тавантолгойн тодорхой хэсгийг ард түмэнд өгчихье" гэхээр компаниуд нь дургүйцдэг. "Компаниудад өгье" гэхээр ард түмэн дургүйцэх нь мэдээж.Тиймээс эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйн тулд Засгийн газраас Тавантолгойн асуудлыг оруулж ирсэн болов уу. Энэ нь ч сайшаалтай хэрэг. Харин энэ асуудлыг хэлэлцэж байхад салбарынх нь сайд байхгүй байсан нь харамсалтай. Хэлэлцүүлгийн үед гишүүдэд таалагдах ч зүйл гарна. Таалагдахгүй ч зүйл гарна шүү дээ. Энэ бүхнийг тайлбарлах ёстой байсан юм.-Үүнээс үүдэн асуухад Засгийн газрын гишүүд рүү онилсон "сум" сүүлдээ Ерөнхий сайдыг чиглээд байгаа мэт харагдах болсон. Гэхдээ Ерөнхий сайд шүүмжлүүлсэн сайд нараа хамгаалж байгаа нь түүний буруу ч байж мэдэх юм?
-Зарим сайдын хийж буй ажил, үйлдэл нь хангалтгүй байна гэж үзсэн гишүүд тухайн сайдад хандаад болохгүй болохоор нь Ерөнхий сайд руу хандаж байгаа нь үнэн. Гэхдээ Ерөнхий сайд сайд нараа өмөөрч байгааг буруу гэж ярьж болохгүй шүү дээ. Тухайлбал, би өнөөдөр Ерөнхий сайд байвал багаа өмөөрөх нь гарцаагүй. Хэн ч гэсэн ялгаагүй өөрийнхөө багийг өмөөрч байж л ажлаа явуулна. Өнөөдөр би багаа өмөөрч чадахгүй бол яаж багаараа дэмжүүлж, нэг баг болж ажил хамтарч гүйцэтгэж чадах юм бэ. Тухайн хүн нь ч гэсэн намайг дэмжихгүй юм чинь ажил хийж яах юм бэ гэдэг ойлголт бий болно биз дээ. Нөгөөтэйгүүр өмөөрүүлж байгаа сайд нар нь даварч болохгүй. Үүнийг ухамсарлах ёстой л доо.-Хэрэв Ерөнхий сайд буруу зүйл дээр толгойг нь илж, өөгшүүлээд байвал яах юм бэ?
-Мэдээж, ямар байдлаар өмөөрч байна юм. Ажлыг нь сайжруулж байна уу, эцэслэн шийдэж чадаж байна уу гэдэг асуудлууд дээр шүүмжлэх асуудал гарч болно.-Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн бари оролцсон хэд хэдэн танай намд гишүүн бий. Тэдний ард хэн нэгэн бий гэх хардлага ч газар аваад байгаа. Үүнээс болоод удахгүй болох гэж байгаа Бага хурлаараа ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулах гэж байгаа тухай яриа гарсан. Та үүнийг юу гэж үзэж байгаа вэ?
-Хүн нэг юм хэллээ гээд түүний ард хэн нэгэн бий гэж хардах нь инээдтэй хэрэг. Үүнээс болж намын ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулна гэдэг бол утгагүй зүйл. Харин намын сахилга батыг хангуулах нь намын үйл ажиллагаатай холбоотой асуудал гэж боддог. Гаргасан дүрэм, журмыг нь мөрдөхгүй байгаа хүнийг "цаазаар авах" гээд байдаг нь харанхуй, бүдүүлэг, өрөөсгөл, бүр цаашилбал бүдүүлэг арга л даа.Намын дүрэм, журмаа сахиулахын тулд дүрэм, журам нь сайн, энэрэнгүй байх ёстой.
Тухайлбал, гишүүддээ буруу зүйл хийж болохгүй гэдгийг нь ёс зүйн хувьд ойлгуулсан хаалт болж байх ёстой дүрэм, журам гэх үү дээ. Түүнээс биш байнга цавчихад бэлэн зэвсэг мэт хандаж болохгүй. Ер нь бол намаас явуулж байгаа бодлого, үйл ажиллагаа, бүлэг дээр танилцуулж байгаа, УИХ руу оруулж байгаа шийдвэрийн талаар нам дотроо эрүүл саруул хэлэлцүүлэг өрнүүлдэг, УИХ-д байгаа гишүүддээ зөв үүрэг даалгавар өгдөг л байх ёстой.-Зөв үүрэг даалгавар гэдэг нь юу гэсэн үг юм бол?
-Бид хамтарсан Засгийн газарт орсон гэдэг бухимдлаараа үйл ажиллагаа явуулах ёсгүй. Нөгөөтэйгүүр хамтарсан Засгийн газраа өмөөрөөд байнга муйхарлан дайраад байхын оронд ийм ажлыг хийх ёстой гэдэг үүрэг даалгавраа гишүүддээ зөв өгч, үр дүнг нь хэлэлцэх уулзалтыг хийх ёстой. Бүр цаашилбал, манай зарим гишүүнд зориулж танин мэдүүлэх чиглэлийн сургалтыг зохион байгуулсан ч болно шүү дээ. Би ч гэсэн мэдэхгүй асуудалтай тулгардаг.Гэхдээ харьцангуй олон сайн дарга нарын гар дамжаад нухуулчихсан хүмүүс бүх л салбарын асуудлыг гадарлаад зөв, бурууг нь дэнслээд байдаг юм.
Өөрийнхөө мэргэжлээс өөр салбарыг мэдэхгүй гишүүн олон бий. Энэ тухай би Д. Лүндээжанцан гишүүнийг бүлгийн дарга болох үеэс нь л хэлж байсан. Хандлага нь ийм байдаг юм байна гээд харьцуулах мэдээлэлтэй болчихсон гишүүний ярих юм нь ч өөр болно, ярих нь ч багасах байх гэж боддог.Тиймгүйгээс л өнөөдөр хувийн асуудлаа ярьж байснаа бүлгийн асуудлыг яриад л хэсэг бүлэг болоод үзэлцээд байдаг юм болов уу гэж боддог. Тухайлбал, ОХУ-ын Буриад улсын парламентын гишүүн болгон хэлэлцэх гэж байгаа асуудлынхаа материалтай танилцчихдаг юм билээ. Тухайн материалыг уншсан бол тухайн гишүүн энэ материалд хандалт хийсэн байна гэсэн мэдээлэл гардаг байх жишээтэй. Хурлын үеэр юу ярьж байгаагаас нь хамаараад материалаа судалсан уу, үгүй юү гэдгийг мэдчих жишээтэй. Тиймээс энэ системийг нэвтрүүлэх саналыг гаргах санаатай байна.-"Улс төрийн нам гэдэг улс төрийн байгууллага байх ёстой. Гэтэл Монголын төрийн эрхийг барьж байгаа намууд мафийн бүлэглэлүүд болчихсон байна. Бүлгийнх нь нэг гишүүн унах гэхээр бүгдээрээ хамт унахаа мэдээд нөгөөхөө авардаг" гэх яриа газар аваад байгаа. Та үүнтэй санал нэг байна уу?
-Харин ч тэр жишиг нь задарчихсан юм биш үү.-Задарсан гэдгийг нь тодруулбал?
-Өмнө нь тийм жишиг байсан бололтой. Тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн дунд нэг нэгнийгээ хамгаална, нөгөөгийнхөө тухай мэдээлэл өгөхгүй гэдэг асуудал байдаг л даа. Үүн шиг улс төрийн намууд ажиллаж байсан үе байсан юм шиг байгаа юм. Би одоо тэгж хардаад байгаа. Яагаад тэгж байна вэ гэхээр зарим хүний албан тушаал солигдоод намдаа эзлэх байр суурь нь өөрчлөгдөөд ирэхээр энэ асуудал нь задраад байна уу гэж харж байгаа шүү. Мэдээж тогтсон байсан тогтолцоо задрахаар урьд нь байсан тогтолцоогоо өвлөж авах эсвэл шинээр бий болгох гэсэн оролдлого гарна. Одоогийн байдлаар яг л ийм байдалтай байх шиг байна.-Завсрын үедээ байна гэж хэлж болох нь ээ?
-Тийм учраас л ийм зүйл байсан гэдэг нь илэрчхээд байгаа байхгүй юу. Хэрэв нууц хэвээрээ байсан бол хэн ч олж харж, ийм яриа гаргахгүй шүү дээ. Энэ нь байхгүй болоод хэсэг хугацаанд задрал гараад дотоод хуульдаа захирагдахаа болиод ирэхээр л ил гарчхав уу гэж бодож байгаа.-Үүнийг МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбож тайлбарлаж болох уу?
-Заавал хувь хүнтэй холбож тайлбарлах нь зөв биш л дээ. Цаг хугацаа, тодорхой үетэй нь л холбосон нь дээр байх. Өмнөх үеийнхээ үйл ажиллагааг 37-40 насандаа өвлөж аваад гүнзгийрүүлж зохион байгуулалтад оруулчихсан байсан хүмүүсийн үе шахагдаад ирэхээрээ задарчхаж байгаа байхгүй юу. Тиймээс ганц хүнийг ярих бус нийтээр нь ярих ёстой. Харин тэд дотроо байсан зүйлийг нийгэм рүү халдварлуулчихсан байгаа юм. Нийгэмд өнөөдөр авилга гэж яригдаад байгаа зүйл нь бүлэглэлүүдийн өөрсдийгөө хамгаалсан тогтолцоо. Тухайлбал, "Чи ингэхгүй бол болохгүй шүү. Бүгд л холбоотой" гэдэг л тогтолцоо байхгүй юу. Харин өнөөдөр энэ тогтолцоо өөрчлөгдөх гээд л дуншаад байх шиг байна. Тэр бүгд нь цагдаа, шүүх, прокурорт нөлөөлөх гээд л байна. Миний бодлоор эрүүл, байх ёстой задрал явагдаж байна л гэж харж байгаа. Аав маань УИХ-ын 2001 оны намрын чуулганы нээлт дээр үүнтэй холбоотой л үг хэлэх гэж байсан юм. "Эрүүл санхүүгийн бүлэглэлүүд төрийн эрхийг барих гэж оролдлого явуулж байгаа" гэдэг өгүүлбэр байсан чуулганы нээлтийн үг нь надад бий.Харин тухайн үед тэр өгүүлбэрийг хэлэх гэж байгаад больсон гэдгийг нь үгүйсгэхийнтулд тэр үеийн удирдлагууд хэсэг сенсаацалсан.
Тухайн үед Өвгөнхүү гуай "Би зөвлөх нь байсан. Хэлэх гэж байсан үгэнд нь тийм өгүүлбэр байгаагүй" гээд л цаас үзүүлээд яриад байсан шүү дээ. Гэтэл надад хамгийн сүүлчийн хувь гэж бичсэн хувийнх нь дараагийн хувь нь байгаа юм. Нэг ёсондоо өөрчилсөн үг нь гэсэн үг. Тухайн үед байнгын хороодын дарга нараар ажиллаж байсан хүмүүст ч тэр хувь нь очсон байх ёстой. Аав маань яг нас барахаасаа өмнөх өдөр тэр хувиудыг тараалгасан байдаг юм.-Тэгэхээр бугшсан асуудлыг аль эрт олоод харчихсан байсан байх нь ээ?
-Аль эрт эрүүл зам руу гарах гэж байсан асуудал тухайн үед хэдэн хүний дуугүй болсноос болоод засраагүй. Харин одоо дотроосоо задарч эхэлж байна. Тиймээс энэ задрал бол эрүүл үзэгдэл. Үүнтэй холбоотой Булган аймагт намайг нэр дэвшүүлэхгүй гэж бодож явдаг хүмүүс одоо ч гэсэн тэр хэвээрээ л байж л байна. Гэхдээ манай нутгийнхан бүгдийг мэдэж байгаа байх аа.-Тэгвэл өнөөдөр энэ задралын үр дүнг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж урьдчилан тооцоолчхоод хаашаа чиглүүлэх . вэ гэдгийг шийдээд байгаа дүр зураг ажиглагдаад байгаа. Тэгэхээр энэ чинь жинхэнэ утгаараа задрал биш юм биш үү?
-Хэрэв тийм зүйл ажиглагдаад байгаа бол Ц.Нямдорж сайд чинь их хүчтэй хүн юм биш үү. Тэгвэл сайн л байна шүү дээ. Нэг нь энэ задралыг нь эрчимжүүлж өгөөд зөв тийш нь залаад шударга ёсыг тогтооё гэж байгаа бол үүнийг дэмжинэ. Яагаад болохгүй гэж. Өнөөдөр идээ, бээр шиг бугшсан зүйлийг гаргаж хагалаад эрүүлжүүлье гэж байгаа бол сайн л байна шүү дээ. Аливаа нийгэмд эрчтэй зүйл хэлээд аддаа мадгийг нь залруулаад явдаг хүн нэг байтугай нэлээн хэд байх ёстой болов уу.-Ардын намынхан ирэгний хөдөлгөөнийхний элсүүлж эхэл сэн. Б.Лхагважав элссэн. Одоо С.Ганбаатар элсэх сураг гараад байгаа. Энэ үйл явцыг юу гэж харж байгаа вэ?
-Нийгэмд танигдсан хүмүүсийг намдаа элсүүлэх нь улс төрийн намуудын үйл ажиллагааны нэг хэлбэр. Үүнийг хийж чадаагүй намуудын хохь л болж байгаа юм. Энэ хүмүүс гадаа яриад нам дотор байгаа хүмүүсээс илүү ард түмэнд таалагдаад байгаа зүйл байхгүй. Гадаа хөмсөг зангидаад ярьж байсны оронд миний хажууд суучхаад ханцуйгаа шамлаад, хөлсөө гоожуулаад ажлаа хий л дээ гэж хэлье. С.Ганбаатар оройтож байна. Хурдхан шийдээ гаргаад манай намд элс л гэмээр байна. Намд элсээд Үйлдвэрчний эвлэлийн холбоогоо- удирдаад явж яагаад болохгүй гэж. Харин ч тухайн байгууллагынхаа бодлогыг намын бодлогод оруулж ирээд явбал ажлаа жинхэнэ утгаар нь хийнэ гэсэн үг.-Нийгмийн ардчиллын хүрээлэнгээс алдагдсан судалгаанд Ардын намын рейтинг буурсан тухай дурьдсан байсан. Үүнийг юутай холбоотой гэж бодож байна?
-Ийм судалгаа хийсэн гэдгийг хэн ч хараагүй шүү дээ. Гэхдээ тийм яриа гарсан байсан. Тэгж ярьж байгаа хүмүүс нь зорилготой л байх. Намаас судалгаа алдсан уу гэдгийг би мэдэхгүй. Гэхдээ Б.Одхүү даргыг сольсныг бодоход дотор нь ямар нэгэн зүйл болсон болов уу гэж хардаад байгаа. Бага хурлаар бүх зүйл тодорхой болох байх. Гэхдээ рейтинг унасан байлаа ч яагаад унаад байна гэдгийг ярих ёстой юм. Намын нэр сольсон, намд байсан зарим хүн Ардын намыг янз бүрээр хэлж байна, дээрээс нь намын гишүүд ч элдвийн асуудалд орооцолдож байгаатай бүх зүйл холбогдоно. Гэхдээ сонгууль болоход бид юу хийсэн байх вэ, мөрийн хөтөлбөрөө яаж гаргах юм, сайн хүн гэдгээ яаж батлах вэ гэдэг л чухал. Үүнийгээ хийчхээд сонгогчдодоо таниулчихсан байхад тэр судалгаа үнэн байсан ч асуудал биш гэж бодож байна.-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Нийтлэлч
Р.Сарангоо
Эх сурвалж
Улс төрийн тойм сонин
Р.Сарангоо
Эх сурвалж
Улс төрийн тойм сонин
No comments:
Post a Comment