УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай
ярилцлаа.
-Цэвэр
ус дэлхий нийтийн гол асуудал болчихлоо. Байгаль орчны талаар санаа тавьдаг
цөөхөн гишүүдийн нэг нь та. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?
-Ус бол амьдралыг тэтгэгч эрдэнэ.
Ингэж хэлсэн нь ч учиртай. Өнөөдөр шинжлэх ухаан, техник технологи өндөр хөгжиж
байна. 20 дугаар зуун бол нефтийнх байлаа. Том гүрнүүдийн бодлого одоо ч нефть
рүү чиглэсэн хэвээрээ, түүгээр дамжуулан өөрсдийн ноёрхол, зэрэг зиндаагаа
харуулсаар яваа. Гэхдээ энэхүү ашигт малтмал хязгаартай, хэзээ нэгэн цагт
дуусах бүтээгдэхүүн. Шавхагдаж дууссаны дараа нь орлох бүтээгдэхүүн ч бий.
Альтернатив шинжлэх ухааны нээлт гарчихсан. Харин усыГ орлох, бүтээх технологи
гараагүй. Ер нь, ус, цус, тархи гурвыг шинжлэх ухаан хэдийнэ өндөр хөгжсөн ч
сентицийн аргаар гарган авч чадахгүй, энэ бол тодорхой асуудал. Тиймээс усаа
хайрлаж, нандигнан гамнах л хэрэгтэй. Энэ ч утгаараа ус нь нефтийн оронд
геополитекийн гол бүтээгдэхүүн, объект болж байна. Өөрөөр хэлбэл, гидрополитек
гэж яригдаж эхэллээ.
-Том
гүрнүүд ашигт малтмалын бодлогоор жижиг улс оронд нөлөөлөх байдлаа өөрчилж
байгаа талаар ярих болж?
-Хамгийн энгийн жишээ хэлэхэд, төв
азийн улс орнуудад уснаас болж маш их асуудал үүс ч байна. Киргизээс эх авдаг
томоохон гол мөрөн үүд Узбекстан, Туркменистан зэрэг улсын ундны усны эх үүсвэр
нь болдог. Гэтэл өнөөдөр дээрх улсуудын хооронд уснаас үүдэлтэй маргаан үүсч
эхлээд байна. Гималайн сардиг хайрхнаас эх авдаг голууд Зүүн өмнөд ази Энэтхэг
улсыг усаар хангадаг. Үүнээс ч гэсэн маргаан үүсч, ямар нэгэн улс төрийн
бодлого гарч болзошгүй байдалтай байгаа гэж зарим судлаач хэлж буй. Усаар
дамжуулан хөрш улс орнууддаа улс төрийн бодлогоо тавих, шахалт үзүүлэх байдал
ажиглагдаж эхэлсэн. Энэ бол хамгийн энгийн жишээнүүд. Турк улс нь Тикр, .Ефрат
мөрнөөр дамжуулан Ойрхи дорнодын улсуудад өөрийн бодлогоо хэрэгжүүлж байна. Энэ
бүхнийг л гидрополитек гэж хэлээд байгаа юм. Лив улсад дайн болж буйг хүн бүхэн
мэдэж байгаа. Том гүрнүүд ямар учраас тус улс руу халдав гэдэг сонирхол
татахуйц зүйл.
-Юу
гэсэн үг вэ. Тайлбарлахгүй юу?
-Яахав, Европт нефть нийлүүлдэг,
ордтой гэдэг утгаар цэргээ оруулж, бодлогоо хэрэгжүүлж байна хэмээн ойлгож
болох. Тэгвэл энэ нь эндүүрэл. Нарийндаа яривал Ливийн элсэн цөлд маш их
хэмжээний гүний цэвэр усны нөөц илэрсэн учир түүнийг авах, хяналтаа тогтоох
гэсэн үүднээс дайн хийсэн гэж зарим ажиглагч, судлаач үзэж байгааг дэлхийн
хэвлэл мэдээллийн байгууллагууд нийтэлсэн байна. Ер нь, гачигдал дутагдалтай
талыг нь ашиглан улс төрийн бодлогоо явуулдаг. Африк нь хүнсний хомсдолтой
болохоор томоохон улс гүрнүүд түүнийг нь далимдуулан бүтээгдэхүүнээ өндөр үнээр
нийлүүлсээр байгаа. Хэрэв тухайн орон нуугдмал байгаа усаа олж илрүүлэн
тариалалт эрхлэн, хүнсний асуудлаа шийдвэл гадаадаас хүнс худалдан авах
шаардлагагүй болчихно. Үүнийг нь хаах зорилгоор том улс гүрнүүд өөрсдийн
хяналтаа тогтоодог. Усны асуудалтай холбоотой экспорт импортын арилжаа олон
орны хооронд явж байна.
-Манай
улсын хувьд ийм зүйл гарахгүй гэсэн баталгаа бий юү?
-Одоогоор хэлэх боломжгүй. Баталгаа
байхгүй шүү дээ. Урд хөршид дэлхийн цэвэр усны нөөцийн зургаан хувь нь оршдог ч
нэг их наяд гурван зуун сая иргэнийг тэжээхэд хангалттай биш. Тийм ч учраас
өнөөдөр усны гачаалд ороод байгаа. Энэ утгаараа ОХУ-аас ус импортолж авах тухай
яриа хийгээд эхэлсэн. Тэгэхээр ус дэлхийн зах зээлд стратегийн бүтээгдэхүүн
болж хувирлаа. Хойд хөршийн Эрхүү мужаас Хятад руу усны хоолой тавих тухай ч
ярьж байна, Ус ямар хэмжээний байгалийн баялаг болох нь ойлгомжтой байгаа биз
дээ. Хүн төрөлхтөн ч ухаарч эхэллээ.
-Дэлхийн
усны нөөцийн чамгүй хэсэг нь монголд бий. Гэвч гадаргын болон гүний ус нь
шавхагдаж, хатаж ширгэсээр байна?
-Тийм. Хоёр хувь нь Хөвсгөл далай
шүү дээ. Хэдий тэр их баялаг бидэнд бий ч газар доорхи гүний болон гадаргын
усаа хайрлаж, хамгаалан гамнах хэрэгтэй. Хамгаалах, ундаргыг нь хадгалахын тулд
хуримтлал үүсгэх, далан болон усан сан бий болгох шаардлагатай.
-Уул
уурхай хөгжиж буй говьд усны асуудал хөндүүр сэдэв болчихжээ?
-Тухайн бүс нутагт байх гүний ус нь
олон зуун жилийн өмнө хуримтлагдаж бий болсон. Өдгөө говь нутагт хур тундас
бага ордгоос болж бас л багас ч байна. Жилд ганц, хоёр мм л ордог. Энэ нь бараг
байхгүйтэй адил зүйл. Мөн уул уурхайд хэрэглэж буй ус их болохоор улам ч их
нөлөөлнө. Говь газрын гүний ус дуусчихвал хэзээ ч дахин сэргэхгүй, нөхөх
боломжгүй. Ямар машин машин ус авчраад гүн рүү нь шахалттай биш, Нэг зүйл
хэлэхэд, бид тив дамнасан компаниудад үнэгүйгээр цэвэр усаа ашиглуулж байгаа.
Үүнийгээ болих цаг ирчихлээ. Монгол Улс усаа стратегийн бүтээгдэхүүн болгож,
ашиглалтаас нь өндөр төлбөр авах нь зүйтэй.
-Та
урт нэртэй хууль санаачлагчийн нэг. Энэ утгаараа усны асуудлаар ямар нэгэн
төсөл боловсруулах бодол байдаг уу?
-Байлгүй яахав. Усны эхээ хамгаалах
талаар төрийн бодлого гаргах зайлшгүй шаардлагатай. Эл асуудлаар ажил явуулах
нь нэн чухал. Хамгаалалт эхэллээ гээд шууд үр дүн харагдахгүй л дээ. Алгуур,
аажмаар л үр дүн нь гарна.
-Цагтаа
хотыг үерт автуулж байсан Хатан туул маань ширгэж, хатаад сайр болчихлоо?
-Дэлхий нийт цэвэр усны асуудлыг нэн
тэргүүнийх болгон авч үзэн, хамгаалж байхад бид гол усандаа цэвдэг сэтгэлээр
хандаж болохгүй. Гол мөрөн ширгэж байгаагийн гол буруутан нь хүн. Хүмүүсийн
үйлдлээс болж л ундарга нь алга болж, гол нуурууд ширгэн үгүй болсоор байгаа.
Би хүүхэд ахуй цагтаа Туулын усанд шумбаж, уснаас нь ундаалж явлаа. Гэтэл
өнөөдөр хатаж ширгэсэн байгааг нь хараад тэр цагийн сайхан дурсамж л үлдэх нь
дээ гэж өр өвдөх шиг болдог. Голоо^эргэн сэргээхийн тулд ундаргыг нь хамгаалах
хэрэгтэй. Бусад улс орны жишээгээр далан, усан сан байгуулж ургацыг нь
нэмэгдүүлэх чухал. Үүнийг яаралтай ажил хэрэг болгохгүй бол хожимдож ч
магадгүй. Хэрэв хожимдвол нийслэлийн сая гаруй иргэн ундны усгүй болж,
гамшигтай дүйцэхүйц аюул нүүрлэнэ.
-Албаны
хүмүүсийн ярьж буйг харахад татарч, ширгэсэн нь дэлхийн дулаарал, хур тунадас
бага байгаатай холбон тайлбарлаж байсан?
-Энэ бол буруу. Байгаль руу бүхнийг
чихэн өөрсдөө уснаас хуурай гарах оролдлого. Бүх зүйлд бидний хүйтэн цэвдэг
сэтгэлтэй л холбоотой шүү дээ. Туул голын эх орчимд их хэмжээний газар олгож,
бохирдуулснаас л үүдэлтэй. Үүнийг цэгцлэх шаардлага бий. Уг нь, эргээс 500 м
зайд барилга байшин, үйлчилгээний газар байгуулахыг хориглодог. Гэтэл энэхүү
дүрэм, журам мөрдөгдөхөө больж. Мөнгөний хойноос улайран хуулиа хэрэгжүүлэхгүй
байна л даа.
Нийтлэлч
Э.Мөнгөн
Эх сурвалж
Ардчилал сонин
Э.Мөнгөн
Эх сурвалж
Ардчилал сонин
No comments:
Post a Comment