Monday, 30 April 2012

Э.Мөнх-Очир: АН Засгийн газраас гарах цаг нь болсон


УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир өчигдөр намынхаа бүлгийн хуралдаанд оролцох үеэрээ “Хамтарсан Засгийн газрыг огцруулах цаг нь болсон” гэж мэдэгдээд авсан байх юм. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан “Бүлгийн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах тухай асуудал хөндөгдөөгүй” гэж мэдэгдэж байв. Иймд бид УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очиртой уулзаж, дараах ярилцлаа.
-Хамтарсан Засгийн газар огцрох цаг нь болсон гэж та хувьдаа үзэж. Ямар үндэслэлээр  ийм шаардлага тавих болов?
-МАН Засгийн газрыг дан­гаараа удирдах цаг нь болчихсон учраас би тэгж хэлсэн. Хамтарсан Засгийн газрыг Монгол Улсын ард, иргэдийн төлөө заавал хийх зорьсон ажил байна гэж яриад байгуулсан.  Өнөөг хүртэлх хуга­цаанд Засгийн газар хувааж болдог бүхнийг хуваагаад, тохироод дууслаа шүү дээ. Гэтэл ард түмнээ бодож, Засгийн газарт хяналт тавих ёстой УИХ ажлаа хийхээ болиод удаж байна.
-Таны шаардлагыг МАН-ын бүл­гийн гишүүд дэмжиж байх юм уу?
-Гар өргөж дэмжиж байна уу, үгүй юу гэдэг асуудлыг ярихгүй. Гишүүд энэ асуудалд  ямар байр суурьтай байгааг өөрсдөөс нь асуух хэрэгтэй. Ер нь УИХ доторх уур амьсгал их сонин болсон ш дээ. Аливаа хуулийг хэлэлцэхдээ ард түмэн, улс оронд ямар хэрэгтэй, амьдрал дээр хэрхэн хэрэгжихийг ярьдаггүй. Аль намаас хэнийг ямар албан тушаалд томилох вэ гэдгийг л  ярьдаг болсон. Зарим тохиолдолд “Энэ хуульд та нар тийм өөрчлөлт оруул, тэгвэл бид дэмжье” гэх нь ч бий. Ийм юм гэж хаана байдаг юм бэ. Хамтарч Засгийн газарт ажиллана гэсэн болохоос биш УИХ дотор хамтрах асуудал байж болохгүй шүү дээ. Тэр тусмаа УИХ-аар хэлэлцэж байгаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслүүдэд  ингэж хандаж болохгүй.
-Тухайлбал, яасан гэж?
-Даатгалын сангуудыг яамдын сайд нарын эрх мэдлээс гаргаач, тусад нь бүтэц бий болгох ёстой гээд байхад л дэмжихгүй байна. Гэтэл Засгийн газар тэдгээр даатгалын мөнгийг буцаагаад ард түмэндээ зарцуулж байгаа нь ховор. Ийм зүйлийг таслан зогсоох ёстой.  Энэ бол наад захын л жишээ юм. Цаана нь зөндөө зүйл байна аа. Би гэхэд л өнгөрсөн жил Тэсэрч,  дэлбэрэх бодисын тухай хуулийн төсөл санаачилж,  хяналтыг сайжруулах зорилготой гэж зөндөө ярьсан. Гэтэл би олон дайралтад өртсөн. Мөн  Галт зэвсгийн тухай хуулийг ч хөндсөн. Зэвсэг хэрэглэн гэмт хэрэг үйлддэг байдал гаарлаа. Бодит жишээ нь гудамжинд хүнийг буудаад алчихаж байна. Бүгд энэ тухай мэддэг. Бидэнд хамаатай, та бидний хэнд нь ч тохиолдох асуудал. Гэтэл энэ хуулийг хэлэлцье гэхээр хойш нь тавиад байх юм.  Тэгсэн мөртлөө мөнгө, боловсон хүчний асуудал орж ирэхээр маш хурдан шийдчихдэг.
-Та “Дайралтад өртсөн” гэлээ. Яг яасан юм бэ?
-Тэсрэх бодис ашигладаг хувийн компани бүхэл бүтэн нэвтрүүлэг бэлтгүүлээд  “УИХ-ын тэнэг гишүүн балай юм санаачилснаас болоод буруу бодлого хэрэгжих нь” гэж байгаа юм. Ер нь тэгээд гишүүдийн гаргасан санаачлагыг дэмжихийн оронд бусад гишүүдээр нь няцаасан хуулийн төсөл боловсруулаад оруулж ирдэг байдал энэ УИХ-д гарч ирж байна. Засгийн газар нь хэсэг гишүүдийг лоббидон, хүний санаачилсан хуулийн эсрэг хууль санаачлуулан, хууль тогтоох үйл ажиллагааг зогсоодог механизмд шилжлээ. Энэ УИХ улам хэцүү болох шинжтэй. Аливаа асуудлыг хяная, зөв гольдиролд оруулъя хэмээн ярьж байхад мөнгөтэй аж ахуйн  нэгжүүдийн үгэнд ороод хууль санаачлаад явж буй гишүүдийг та бүхэн олонд хүргэж,  ард түмэн шүүх хэрэгтэй.
-Та тэгээд Хамтарсан Засгийн газрыг огцруулахын тулд ямар алхамууд хийх вэ?
-Би ямар нэгэн зохион байгуулал­тай зүйлд орохгүй. Хувь хүнийхээ хувьд яриад л явна. Хамтарсан Зас­гийн газрыг анх бол дэмжсэн. Том ордуудын үйл ажиллагааг эхэлнэ гэхээр нь дэмжсэн. Одоо бол асууд­лаа шийдсэн. Тийм учраас хянал­тын системд оруулмаар байна. Оюутолгой, Тавантолгойн ордууд, төмөр зам, Сайншандын аж үйлд­вэрийн асуудал шийдэгдчихсэн. Одоо харин хэн,  яаж хэрэгжүүлж байна вэ гэдгийг хянах ёстой. Энэ Засгийн газарт манай эрх барьж байгаа нам байдгаараа байг. Харин эдгээр шийдвэрүүдийг гаргахад тусалсан Ардчилсан намынхандаа баярлалаа, хамтарсан Засгийн газраас гарах цаг нь болсон. Бид одоо намын бүлэг дотроо Засгийн газраа хянаж чадахгүй байдалд байна шүү дээ. Тийм учраас Ардчилсан намын гишүүд хамтарсан Засгийн газраас гараад дараа нь Засгийн газраа хянасан шиг хянаач. Бид ч бас  Ардчилсан нам тэгж байна гэдэг яриагаа зогсоогоод төрийнхөө ажлыг хиймээр байна шүү дээ. Өдөр тутам мөнгө,  хөрөнгөний төлөө явах биш  ажлаа хиймээр байна.
-Танай нам эсрэг саналтай гишүүдээ янз бүрийн байдлаар шахдаг. Өнгөрсөн өвөл танай бүлгийн таван гишүүн намын даргадаа өргөх бичиг барьсныхаа төлөө  нэлээд дарамтуулсан. Таныг ч бас ингэх юм билүү?
-Би дарамт мэдэхгүй ээ. Эр хүн дарамтлуулж байгаа бол хохь нь л биз дээ. Өөрсдөө “но”-той байгаа учраас дарамтуулж байгаа юм. Тийм дарамтанд орохгүйгээр цэвэр байх хэрэгтэй.

Г.Дарь
2011 оны 4-р сарын 19, Мягмар гариг
Ардын эрх

No comments:

Post a Comment