Monday, 30 April 2012

Э.Мөнх-Очир: Д.Зоригтыг огцруулах үндэслэлээ оруулаад ир харья


УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очиртой ярилцлаа.
-Засгийн газраас АН-ынхан гарах ёстой гэж яагаад ярих болов. Энэ үг Засгийн газрыг огцруулах хэмжээнд яригдахад хүргэв үү?
-Намайг ямар нэгэн зүйл хэллээ гээд Засгийн газар тарах нь хаашаа юм бэ. Асуудал түүнд биш байх аа. Энэ тухайгаа ч ярилцлагадаа тодорхой хэлсэн шүү дээ. Миний хэлсэн зүйл бол өнөөдөр Засгийн газар хийх ёстой ажлаа хий. Ажлыг нь хийлгэхийн тулд сөрөг хүчний хяналт гэдэг зүйл байх ёстой. Аливаа асуудлыг шийдэхдээ урс-галаар нь явчих юм бол энэ Засгийн газар дээр бүх муу юм нь тохоогдоно. Хийх ёстой зүйлээ дутуу хийчих вий. Дутуу бодсоноос болоод гарсан бүх юмны зүйл нь Засгийн газарт тохоогдоно. Тийм учраас хяналт зайлшгүй хэрэгтэй. Хамтарсан Засгийн газарт хяналт тавих бололцоогүй болчхоод байна.Тэгэхээр Засгийн газраас АН гараад хяналтаа тавиг. Хамтарсан Засгийн газар гэж нэр зүүх төдийгөөс илүү бидэнд дэм болно.
-Засгийн газрыг огцруулах тухай яриа эрчимжиж эхэллээ. Сүхбаатарын талбайд Их хуралдай зохион байгуулагчид, Төрийн ордонд нэр бүхий гишүүд нууцаар гарын үсэг цуглуулаад эхэлчихсэн байна.Энэ бүхэн ямар нэг зүил болохыг илэрхийлээд байгаа юм биш үү?
-Би тиймэрхүү зүйлд оролцдоггүйг та бүхэн мэдэж байгаа байлгүй. Хуйвалдаан д оролцдоггүй гэдгээ хэлсэн. Ярих хэлэх зүйлээ шууд л  илэрхийлчихдэг болохоор хуйвалдах шаардлага алга.
-Таны нэр тэнд тодорхой бичигдсэн байсан шүү дээ?
-Хуйвалдаанд зохион байгуулалттайгаар   оруулах дуртай хэсэг бүлэг хүмүүс байх шиг байна. Шударга үг хэлсний төлөө ийм тийм зүйлд битгий нэр хавчуулж бай л гэж хэлье.Тэгээд ч би нам дотроо төвийг сахидаг хүн. Улстөрд ялангуяа зарчмын  хувьд ямар  байх ёстой  юм бэ,түүнийхээ дагуу л байх болно. Өнөөдөр хэн  нэгэнд  таалагдах  гэж ярьж, хуйвалдаад байгаа ч юм алга.
-Иргэний хөдөлгөөнийхөн Засгийн газарт шүүмжлэлтэй хандаж байгаа.Тэдний тухайд тодорхой хариулт өгсөнгүй?
-Ний нуугүй хэлэхэд энэ талаар сонирхоогүй юм байна. Би өөрөө зарим зүйл дээр шүүмжлэлтэй ханддаг болохоор жагсаал хийгээд явж, байгаа хүмүүстэй санал нэгддэггүй. Дахин тодотгоод ; хэлэхэд жагсаал цуглааныг 100 хувь дэмждэггүй. Яагаад гэвэл тэдний тэмцлийн арга барил, хийж байгаа зүйл нь буруу. Тэд Засгийн газрыг шоу хийж байна гэж байгаа бол өөрсдөө ч гэсэн шоу хийж байна шүү дээ. Түүнийхээ оронд жинхэнэ эрдэм шинжилгээний үндэслэлтэй зүйл ярих ёстой. Засгийн газрын тийм мэтгэлцээнд дууд л даа. Эрдэмтэн мэр-гэдийг цуглуулаад эрдэм шинжилгээний талаас нь үүнийгээ гаргах ёстой. Гаргасныхаа дараа ийм байна гэдэг асуудлаа тавиг. Гэтэл утга учиргүй шаардаж байна, тэг ингэ гэх ёстой юм уу. Тэгвэл, солиор ингэмээр байна гээд ард түмнийхээ эрх ашгийг Засгийн газар хамгаалах ёстой шүү дээ.
-М.Энхсайхан, Н.Энхбаяр нарыг ард түмнийг хүчирхийлэлд уриалан дуудаж байна гэдэг шүүмжлэл байна шүү дээ?
-Тийм зүйл гарвал төр нухчин дарах ёстой.
-Үүнээс болоод долдугаар сарын нэгэн шиг эмх замбараагүй байдал үүсвэл?
-Долдугаар сарын нэгэн чинь өөр асуудал. Зохион байгуулалттай турхирч байгаа асуудал гарах юм бол ямар ч төр нухчин дарах ёстой.
-Байдал хурцадвал яах вэ?
-Төр төмөр нүүрээ үзүүлэх л ёстой. Өнөөдөр төр гэж байгаа л бол тийм байдлыг газар авахуулах ёсгүй. Угаасаа олон жил улстөрд байсан өндөр дээд албан тушаалуудыг ээлж дараалан хашсан Н.Энхбаяр, М.Энхсайхан өөр хэн ч оролцож байсан хамаагүй ийм нөхцөл байдал үүсгэж болохгүй. Харин үүний оронд иргэний хөдөлгөөнийхөн юм яриад эхэлж байгаа бол төрөл төрлөөр ярилцаж хэлэлцэж болох юм.
-Засгийн газрыг огцруулахад хүсээд байгаа үндэслэлийг нь хэрвээ хүлээн зөвшөөрвөл?
-Яахаараа авах ёстой гэж. Үндэслэлээ гаргах хэрэгтэй.Түүнээс тэдний ярьж байгаачлан тэгж байна ингэж байна гэх нь үндэслэл биш байхгүй юу. Өнөөдөр чи тэгсэн байна баримт чинь энэ байна гэж болохгүй. Засгийн газар өнөөдөр юу хийсэн юм бэ.Тэгтэл үүнийг нь ярьж чадахгүй байж, та нар мөнгө амлачхаад өгөхгүй байна гэж болохгүй шүү дээ. Мөнгө өгөхийн төлөө Засгийн газар байгуулагдаагүй. Эсвэл энэ үгээрээ улс орныг сөхрүүлэх гээд байгаа юм уу. Дахиад хэлэхэд Засгийн газар огцрох  биш, АН-ынхан тарах ёстой.Тэгээд ч өнөөдөр надад хүчтэй намын дарга, өөр Ерөнхий сайд харагдахгүй байна. Чадалтай лидер гараад ирэх юм бол дэмжинэ.Тийм хүн гарч ирэхгүй байгаа учраас Ерөнхий сайд С.Батболдыг дэмжээд л явна гэсэн үг. Харин АН-ынхан баяртай.
-Засгийн газар юм хийхгүй шоу хийх нь ихэслээ.Тиймээс огцрох шаардлагатай гэдэг шүүмжлэл нийгэмд түгээмэл байна?
-Шоу болж байна гэдгээсээ илүү ямар үр дүн гарч байгаагаар асуудлыг дүгнэнэ шүү дээ.
-Тэгэхээр тэр үр дүн таны нүдэнд яаж харагдаж байна  гэж ойлгож болох уу?
-Ямар ч хүн аж ахуйн нэгж байгуулаад ажиллахад хэдэн жилийн дараа үр дүнгээ өгдөг. Зүгээр нэг хувийн компани Таван толгой дээр очоод нүүрс ухаж гаргаад зарчхаж байгаа асуудал биш шүү дээ. Энд чинь өчнөөн хэмжээний хөрөнгө мөнгө босгох ёстой. Тэр мөнгийг ард түмэнд өгөх хэрэгтэй. Тэр бүхнийг хэдэн жилд хийх ёстой юм бэ. Тогтоолын дагуу тэдэн жилийн дараа ийм үр дүнтэй ингэж явагдана гэх л ёстой байхгүй юу. Асуудлын гол нь Засгийн газарт дутаад байгаа нэг л зүйл байна. Явагдах ёстой ажил нөхцөлүүдийг нь түргэтгэж өгөхгүйд л гол асуудал байна. Мөн мэдээллийг ил тод гаргах хэрэгтэй.
-Мэдээлэл ил тод байх нь хэрээс хэтэрчхээд шоу, реклам тал руугаа яваад байна гэдэг шүүмжлэл их бий шүү дээ?
-Тэр бол дотор нь байгаа танхимын гишүүдийн л асуудал. Өнөөдөр хэн нь рекламдаад байгааг нь тодорхой мэдэгдэж л байгаа биз дээ. Явах явахгүй нь мэдэгдэхгүй зүйлийг барилаа, барих гэж байна гэж энд тэнд очиж шав тавиад байх юм бол хэцүү. Тэгэхээр гүйцэтгэл дээр байгаа танхимын сайд нар Засгийн газрынхаа асуудлыг бодох л хэрэгтэй.
-Хэн нь хэтэрхий рекламдаад байна вэ гэдгийг тодорхой хэлэхгүй юу?
-Нэр хэрэгтэй байна уу.
-Тодорхой байх хэрэгтэй шүү дээ?
-Надаас тодруулах гэхээсээ илүүтэйгээр ойрын хэд хоногийн өдөр тутмын бүх сонинуудыг дэлгээд хар л даа. Хэн шоудаж рекламдаж байна гэдэг нь тов тодорхой цагаан цаасан дээр хараар бичигдсэн байна. Хэдхэн сайдын л нэр байгаа биз дээ.
-Шууд нэрлэх боломжгүй гэж үү?
-Шууд нэрлүүлж, хэн нэгэнтэй чи би дээ тулж байх ямар шаардлага байна. Ёс зүйгээ бодсон ч эвгүй шүү дээ.
-Хамтарсан Засгийн газраас АН-ыг гаргахыг шаардсан нь тодорхой зорилгогүй үг байсан хэрэг үү?
-Сонгуульд манай нам тодорхой мөрийн хөтөлбөр дэвшүүлж орсон. Түүнийгээ хэрэгжүүлэх гэж Засгийн газрыг байгуулж, төрийн эрх мэдлийг авчхаад байна. Ард түмнээс эрх мэдэл авчхаад үйл ажиллагаагаа ингэж явууллаа гэдгээ ард түмэндээ яаж тайлагнах ёстой болж байна. Гэтэл хэн энэ ажлыг хийсэн гэж хэлэх юм бэ. Аливаа сонгуульд улстөрийн нам ялахын төлөө л явах ёстой. Ялахын тулд ийм ажил хийсэн гэдгээ тайлагнах гэхээр юу ярих юм бэ. АН хийсэн гэх юм уу, Ардын нам хийлээ гэх үү. Асуудлыг ойлгомжтой болгохын тулд л Засгийн газраас АН-ыг гар гэж хэлээд байгаа юм.
-Та Оюу толгойн асуудлаар нэлээд шүүмжлэлтэй ханддаг гишүүдийн нэг.Таван толгойн талаар нийгэмд шүүмжлэл их өрнөх болж. Харин та энэ тухай ямар нэгэн байр суурь илэрхийлэхгүй юм?
- Би нүүрс мэдэхгүй шүү дээ. Тэгээд ч Таван толгой, Оюу толгой хоёрын нөхцөл нь өөр юм.
-Нийгэмд үүсээд байгаа шүүмжлэлд ямар байр суурьтай байна вэ?
-Санал нэгдэж байгаа зүйл бий.Таван толгой дээр Засгийн газрын дэмжлэгтэй хэдэн компаниудыг дэвэргэж байгаа явдал бол яригдах л зүйл.Таван толгой гэж яриад байгаа бүхэл бүтэн ордыг тэнд ашиглаж.хадгалагдсан ордоор нь яриад байгаа байхгүй юу. Тэнд байгаа нөөцөөр  нь орд гэж  ярих ёстой. Орд гэдэг нь юу юм бэ гэдгийг өнөөдөр бас ярих хэрэгтэй. Мөн Шивээ-Овоо, Багануур гээд ярихаар газруудаас гадна гадуур нь байгаа нөөцүүдийг ч хөндөж ярих ёстой. Цөөн хэдэн эрх мэдэлтэй нөхөд лицензийг тойруулаад авчихсан Таван толгой дээр эзэн болоод сууж байна. Ард түмэн тэнэг биш шүү дээ. Түүнийхээ оронд Засгийн газар судалгааг нь хийлээ. Өнөөгийн байдлаар тогтолцооны хувьд бүгд улсынх байсан. Тухайн үед лицензийг нь авчхаад түүнийг нь өнөөдөр өгөх гээд байна. Өнөөдөр Таван толгойн ордод ийм нөөц байна гэдгийг тодорхой болгох ёстой. Оюу толгойд ямар нөөц байсныг монголчууд бүгд мэддэг. Яг хаана юу байгаа гэдгийг өрөмдөж тодорхойлоогүй байсан болохоос биш нөөцтэй агуулгатай орд байна гэдгийг мэднэ. Тэгэхэд Таван толгойг хэдэн хувийн компаниуд л хайгуул хийсэн нэртэй. Бас дотроос өрмийг нь авчихсан Энэ бол агуулгаараа тийм үнэтэй биш. Гэхдээ цаашдаа хэрэглэгдэх зориулалттай нүүрс байгаа гэдгийг л мэдэх төдийхөн шүү дээ. Харин үнэ хүргэвэл зарах хэмжээний хөрөнгө байгаа. Ашиглаж байгаа компаниуд ялгаагүй 10 хувийг нь ард түмэнд өгөх хэрэгтэй. Үүнийг дэмжиж байгаа. Түүнээс гэрээг нь хаа, зогсоо гэдэг асуудал байж болохгүй. Тэгж ярих юм бол Оюу толгойд анх ус байхгүй гэдгийг нь ярьж байсан шүү дээ. Гэтэл телевизээр зохион байгуулалттайгаар усны мэргэжилтэн гэнэ үү нэг эмэгтэй үйлдвэр ашиглалтад ороогүй болохоор усны бохирдол илрээгүй гэж ярьж байгаа юм даа. Инээдтэй байгаа биз. Тэр хүн үйлдвэр ашиглалтад орохоор ус бохирдоно гэдгийг мэдээд байгаа байхгүй юу. Үгийн ялгаа, ойлголтын зөрүү гээд олон юм эндээс илэрхийлэгдээд байна. Хамгийн гол нь уул уурхай хөгжихдөө зөв л явах ёстой.
-ЭБЭХ-ний сайдыг баасан гарагт огцруулах талаар УИХ-ын гишүүд эвсэж гарын үсэг зурж байгаа.Та санал нэгдэж байгаа юу?
-ЭБЭХ-ний сайдыг огцрох үндэслэл намын гишүүдийн зүгээс гаргавал гаргана биз надад хамаагүй асуудал. Тэгээд ч өнгөрсөн долоо хоногт Кувейт улс руу ажлын журмаар яваад ирлээ. Улстөрийн нөхцөл байдал яаж эргэснийг мэдэхгүй юм. Монгол Улсын буудлагын спортыг дэмжих зорилготойгоор явсан аялал их үр өгөөжтэй болсон гэдгийг энэ далимд мэдэгдэхэд таатай байна. Кувейтүүдтэй буудлагын спортын томоохон төв барьж өгнө гэдгээ айлчлалын үр дүнд илэрхийлсэн. Миний хувьд улстөр гэхээсээ илүү спортоор амьсгалах сар болох болов уу. Монголынхоо нэрийг гаргаж байгаа тамирчдын нэрийг цааш нь гаргахад ахиц түлхэц болно. Олон улсын хэмжээний тэмцээн болох цогцолбортой болбол ахмад тамирчдын маань хувьд сэтгэгдэл ямар байх вэ.
-Гэхдээ асуудлыг дэмжиж байгаа юу?
-Ямар ч байсан асуудал нь ороод ирэг. Юу болохгүй гээд байгааг нь харъя. Дэмжихгүй гэсэн юм алга. Дэмжинэ нь ч гэж хэлэхгүй. Хамгийн анх бүлэг дээр ЭБЭХ-ний сайд томилгооны асуудалд Д.Зоригтын нэр яригдахад ганцаараа дэмжихгүй байсан.
-Тухайн үед яагаад дэмжихгүй гэдэг санал хэлж байсан юм бэ?
-ЭБЭХ-ний сайд Д.Зоригт бид хоёр багын найзууд. Багын найз гэдэг утгаараа зарчмын хувьд дэмжээгүй.Тэр үед нь манай намынхан өөрсдөө болно гэж томилчхоод гэнэтхэн одоо болохоор яагаад огцруулна гээд байгаа юм бэ. Ойлгомжгүй байгаа биз дээ. Харин ч асуудал ингэж орж ирэх юм бол эсрэгээрээ яагаад энэ хүнийг дэмжиж болохгүй гэдэг асуудлыг сөхөж гаргаж ирнэ. Ер нь би тийм зөрүүд хүн шүү дээ. Тэгээд болно, бүтнэ гэж гаргачхаад одоо дэмжихгүй байдаг нь утгагүй.
2011 оны 5-р сарын 04, Лхагва гариг
Өглөөний сонин

No comments:

Post a Comment