Sunday, 29 April 2012

Г.Занданшатар: Цөмийн хаягдлыг байршуулахгүй байх талаар хуульд нэмэлт өөрчлөлт оруулна


Өчигдрийн чуулганаар Засгийн газрын өргөн мэдүүлсэн АНУ-ын Сан-Франциско, Японы Осака, Хонгконгод Ерөнхий Консулын газар нээн ажиллуулах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ талаар Гадаад харилцааны сайд Г.Занданшатараас цөөн асуултад хариулт авсан юм.
-Өнөөдрийн чуулганаар хэлэлцүүлсэн тогтоолын төсөл Монгол Улсын хөгжилд хэдийд үр дүн авч ирэх вэ. Ер нь ямар ач холбогдолтой тогтоолын төслийг чуулганаар хэлэлцүүлэв?
-АНУ-ын Сан-Франциско болон баруун эргийн хотуудад 15 мянга орчим иргэн ажиллаж амьдарч байна гэсэн судалгаа бий. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын баруун эргүүдэд консулын газар ажиллуулах шаардлагатай гэж үзсэн. Мөн БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болох Хонгконгод жилдээ 4-5 мянган иргэн зорчдог. Дээр нь хүний наймаа, хар тамхины хэрэгт холбогдогсдын тоо ихсэх хандлага ажиглагдаж, олон иргэн хууль бусаар ажиллаж, амьдарч байна. Ер нь олон улсын суурьшилт судалгааны байгууллагаас хийсэн судалгаанаас үзэхэд цөөнгүй тооны хүүхэд, эмэгтэйчүүд Хонгконг, Макаод хууль бусаар амьдарч байгаа юм билээ. Бид зарим хохирогчдыг Монголдоо авч ирсэн. Ийм учраас иргэдийн асуудлыг хариуцсан консулын газар нээх хэрэгтэй.Үүнээс гадна Хонгконг бол дэлхийн эдийн засгийн томоохон төвийн нэг. Манай эдийн засгийн хөгжилтэй уялдан хувьцаа гаргах, хөрөнгө шинээр татах үйл ажиллагаа явуулах чиглэлээр Хонгконг руу зорчих урсгал нэмэгдсэн. МИАТ компани шууд нислэг үйлдэж байна. Ийм учраас тэнд үйл ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатай боллоо. Япон улсын Консай мужийн Осака хот эдийн засгийн хүчирхэг хотуудын нэг. Тус.мужид консулын газар нээн ажиллуулах шаардлагатай.Тэнд манай 2000 орчим иргэн сурч, ажиллаж амьдарч байна.Тийм учраас Японы урд мужид консулын газар байгуулах зайлшгүй шаардлагатай болсон. Энэ асуудал өнөөдөр хэлцэгдэн шийдвэрлэгдлээ.
-Дараагийн ээлжид манай улс хаана ЭСЯ нээх гэж байна вэ?
-Италид ЭСЯ нээх асуудлыг ярилцаж байна. Ром хотод дэлхийн маш олон байгууллагууд ажиллаж байна. Дэлхийн эдгээр байгууллагуудтай олон улсын төв болсон Ром хотод ЭСЯ нээх нь эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Манай улсын гадаад харилцааны бодлогын нэг томоо-хон зорилт болно.
-Сүүлийн үед манай улсад цөмийн хаягдал байршуулах тухай яриа, тайлбар хийгдэх боллоо. Энэ тал дээр нэгдсэн ойлголтыг өгөх хэрэгтэй байх аа?
-Ард иргэдэд нэг мөр ойлголт өгөхийн тулд тодорхой тайлбар хийх хэрэгтэй байх. Монгол Улсын аюултай цэг хог хаягдлын тухай хуулиар гаднаас цөмийн хог хаягдал оруулж ирэх, байршуулах нь хор хөнөөлтэй. Монгол Улсын цөмийн энергийн тухай төрөөс баримтлах бодлогод энэ тухай тодорхой тусгасан байдаг. Цөмийн энергийн тухайд энэ асуудлыг нэг мөр цэгцлэх үүднээс Гадаад харилцааны яам санаачилж холбогдох газруудтай хамтран ажиллаж байна.Тодруулбал Цөмийн энергийн тухай хуульд гаднаас цөмийн хог хаягдал импортлох байршуулах асуудлыг хориглосон заалт нэмж оруулах хуулийн төслийг өргөн барихаар болсон. Дараагийн Засгийн газрын хуралдаанаар манай яам холбогдох газруудтай хамтраад хуулийн төсөл өргөн барина.
Б.Туяацэцэг
2011 оны 5-р сарын 20, Баасан гариг
 Өглөөний сонин

No comments:

Post a Comment