Sunday, 29 April 2012

Г.Занданшатар: Энхийг сахиулах ажиллагаанд оролцох цэргийн багаа өргөжүүлэх зорилт тавьж байна


Энхийг сахиулагчдын олон улсын өдөр маргааш тохионо. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай уулзаж ярилцлаа.
-НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийг хэзээнээс эхлэн тэмдэглэх болсон юм бэ?
-Олон улсын энх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд биечлэн оролцож, үүргээ зоригтойгоор гүйцэтгэж буй НҮБ-ын энхийг сахиулагч мянга мянган цэрэг эрчүүдэд хүндэтгэл үзүүлэх, талархал илэрхийлэх, гавьяа зүтгэлийг нь үнэлэх, нийтэд сурталчлах зорилгоор жил бүрийн тавдугаар сарын 29-ний өдрийг НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдөр болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Ерөнхий Ассамлейн 57-р чуулганаас шийдвэрлэсэн юм. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсаа төлөөлж харийн нутагт үүрэг гүйцэтгэж буй офицер, ахлагч нартаа баярын мэндчилгээ дэвшүүлье. Монгол Улсын маань цэргийн албан хаагчид дайн дажинтай орны тайван бус нөхцөл байдлыг тогтворжуулах энхийн үйлсэд оролцох үүргээ бэрхшээл аюулаас эмээлгүй сахилга баттай, олон улсын түвшинд нэр төртэйгөөр гүйцэтгэж буйд нь талархаж байна.
Өнөөгийн байдлаар Карибын арал, Африк, Ойрх Дорнод, Европ, Ази, Номхон далай гээд бараг тив бүрт энхийг сахиулах үүрэг бүхий НҮБ-ын мандаттай 16 ажиллагаанд 120 гаруй орны төлөөлөл болсон 110 мянга гаруй цэргийн албан хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Энэ үзүүлэлт нь НҮБ-ын энхийг сахиулагчдын үйл ажиллагаа ямар чухал үүрэгтэйг, түүнд НҮБ-ын гишүүн орнууд хэрхэн ач холбогдол өгч байгааг харуулж байгаа юм. Энхийг сахиулагчид маань дэлхийн өнцөг бүрт энх тайвныг тогтоох, зэвсэг хураах, зэвсэгт мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлэх, энгийн ард иргэдэд хүмүүнлэгийн тусламж хүргэх, тэдний аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор амь насаараа дэнчин тавин үүргээ гүйцэтгэж байна. Иймд тэдний эр зоригийг үнэлж, хүндэтгэл үзүүлэх учиртай.
-Манай улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хэзээнээс эхэлж оролцов. Түүний зорилго, ач холбогдол нь юу вэ?
-Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг дэмжиж, түүний үр нөлөөг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх дипломат үйл ажиллагаанд түлхүү анхаарах нь зүйтэй гэсэн байр суурь баримталж ирсэн. Манай улс анх 1996 онд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох хүсэл эрмэлзлээ илэрхийлсэн юм. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох талаар Монгол Улсын Засгийн газар 1999 онд тогтоол гаргаж НҮБ-ын энхийг сахиулах байнгын хүчний тогтолцоонд хувь нэмэр оруулах талаар Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хооронд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.
2002 онд "Цэрэг, цагдаагийн албан хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай" хууль батлагдсан. Үүний дүнд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд манай улс цэргийн албан хаагчдаа илгээх эрх зүйн үндэс бүрдэж, бодит хувь нэмрээ оруулах боломжтой болсон юм. Түүнээс хойш НҮБ-ын энхийн болон олон улсын бусад ажиллагаанд 2010 оны дөрөвдүгээр сарын байдлаар давхардсан тоогоор .3500 гаруй цэргийн албан хаагч Сьерра-Леоне, Чад, Баруун Сахар, Конго, Этиоп ба Эритрей, Гүрж, Судан дахь ажиллагаанд үүрэг гүйцэтгээд байна.
Монгол Улс анх 2002 онд Бүгд Найрамдах Конго Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хоёр цэргийн ажиглагч илгээж, түүнээс хойш Баруун Сахар, Судан, Гүрж, Этиоп ба Эритрэйд гээд нийт 57 цэргийн ажиглагч офицер илгээгээд байна. Мөн цэргийн багаар НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд 2006 оноос эхлэн оролцож ирсэн. 2006 оны нэгдүгээр сараас өнөөг хүртэл Сьерра Леонегийн Тусгай шүүхийн аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэх тус бүр 250 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн найман ээлжийн багийг тасралтгүй илгээсэн. Үүний зэрэгцээ Чад Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд батальон илгээх асуудлыг 2009 оны долдугаар сард шийдвэрлэсэн бөгөөд эхний ээлжийн 260 гаруй цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Монгол Улсаа төлөөлөн энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй манай цэргийн албан хаагчдыг олон улсын хамтын нийгэмлэг өндрөөр үнэлж байдаг юм. Тухайлбал, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн өнгөрсөн онд манай улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ манай энхийг сахиулагчидтай уулзаж, тэдэнд талархал илэрхийлж байлаа. Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд "Монгол Улсын гадаад бодлогын зорилт нь тус улс хүн төрөлхтний хөгжлийн жамыг даган бүх улс оронтой найрсаг харилцаатай байж, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэн, бүс нутгийн болон дэлхийн нөлөө бүхий улс гүрнүүдтэй улс төр, эдийн засгийн болон бусад ашиг сонирхлын шүтэлцээ бүхий харилцааны сүлжээ бүрдүүлэх замаар улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бат найдвартай хангах явдал мөн" гэж заасан. Энэхүү бодлогоо хэрэгжүүлэх зорилгоор НҮБ-ын мандат бүхий энхийг сахиулах ажиллагаанд оролцон цэрэг дайчдаа илгээж байгаа нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад бодитой хувь нэмрээ оруулж байгаа хэрэг юм. Манай улс сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр НҮБ-ын бусад гишүүн орнуудтай мөр зэрэгцэн ажиллах боллоо. Жишээ нь хамгийн сүүлд Чад Улс дахь энхийг сахиулах хүчний бүрэлдэхүүнд батальон илгээснээр НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч томоохон 20 улсын тоонд багтлаа. Энэ нь олон улсын тавцанд манай улсын нэр хүнд улам бүр бэхжиж байгаагийн нэг тод илрэл бөгөөд гадаад бодлогоо хэрэгжүүлэх бодит боломж хэмээн  үзэж байгаа.
-Энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр цаашид ямар зорилт тавин ажиллах вэ?
-Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон "Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр"-т энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, чингэхдээ 2015 он гэхэд 850 хүний бүрэлдэхүүнтэй гурван батальон байгуулах, Таван толгой дахь энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийг Бүс нутгийн олон улсын төв болгон өргөжүүлэх зорилтууд туссан. Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэх үүднээс үе шаттай арга хэмжээ авч байгаа. Тухайлбал, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь Монгол Улсын оролцоог өргөжүүлэх талаар НҮБ-ын холбогдох байгууллагуудтай яриа хэлэлцээг тогтмол хийж байна. Одоогийн байдлаар СьерраЛеоне болон Чад дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээх цэргийн багаа өргөжүүлэхээр холбогдох талуудтай ажиллаж байна. Суданы Дарфурт цэргийн хээрийн эмнэлгийн баг илгээх, Ливан дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд бие даасан болон бусад улстай хамтарсан байдлаар цэргийн багаа илгээхээр зорьж, бэлтгэл ажлыг эхлүүллээ.
НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд оролцох цэргийн албан хаагчдад тодорхой шаардлагууд тавьдаг. Наад зах нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны зорилго, ач холбогдол, үүрэг гүйцэтгэх журам, заавар, хэлний мэдлэг гээд олон зүйлийг цэрэг, офицерууддаа зааж сургах, чадавхыг нь дээшлүүлэх шаардлагатай байгаа юм. Иймээс НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцох цэргийн багийн бэлтгэлийг хангах, энхийг сахиулагч нарт хээрийн болон эрдмийн сургалт явуулах, энхийг дэмжих ажиллагааны үед гарч болох аливаа өөрчлөлтөд үүрэг гүйцэтгэх чадварыг бүрэн эзэмшүүлэх зорилгоор Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв (ЭДАСТ)-ийг Таван толгойд байгуулсан. Сургалтын төвд олон улсын цэргийн хээрийн сургуулийг жил бүр зохион байгуулж байгаа. Энэ нь сургалтын төвийн үйл ажиллагаа олон улсын стандартыг хангаж байгаагийн нэг илрэл гэж үзэж болно. Иймээс Таван толгой дахь сургалтын төвийг бүс нутгийн олон улсын төв болгон өргөжүүлэхээр НҮБ-ын холбогдох байгууллагуудтай ярилцаж байна. Уг асуудлыг өнгөрсөн жил НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга манай улсад айлчлах үеэр тавьсан. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга тус төвд айлчлаад өндөр үнэлсэн юм. Энэ ажил цаашдаа бодит үр дүнд хүрнэ гэж найдаж байгаа. Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийг өргөжүүлснээр бүс нутгийн орнуудтай хамтран ажиллахын сацуу, өөрсдийн цэргийн албан хаагчдын чадавхыг улам бүр дээшлүүлэх, цаашилбал, цагдаагийн албан хаагчдыг бэлтгэж НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээх боломжтой болно гэж үзэж байгаа юм.
Г.Цолмон
2010 оны 5-р сарын 28, Баасан гариг
Vip76

No comments:

Post a Comment