Monday, 30 April 2012

Э.Мөнх-Очир: У.Барсболд чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн бол сайн л байна


УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очиртой уулзаж ярилцлаа.
-УИХ-ын даргад нэр бүхий гишүүд мэдэгдэл хүргүүлсэн. Тэрхүү мэдэгдлийн гол агуулга нь юу байсан юм бэ?
-Анх Оюутолгойн гэрээний ТЭЗҮ-ийг батлах явцад УИХ-ын гаргасан хоёр тогтоол байгаа. Тэр хоёр тогтоолын хэрэгжилтийг хангаагүй.Түүнээс гадна нягтлах маш олон асуудлууд байна. Тодруулах юм бол УИХ дээр анх батлуулж байсан 45 сая тонн нөөцийн тоо нь яагаад өөрчлөгдсөн юм бэ. Усны хайгуул тэр дундаа хэрэглээний асуудлыг тодорхой болгоогүй. Үйлдвэрээ хэзээ яаж барих юм бэ гэхчлэн зөндөө тодорхойгүй асуудлууд байна. Энэ бүгдийг нэг тийш нь шийдэж асуудлыг тодорхой болгох хэрэгтэй гэдэг зүйлийг ярьсан.
-Гэрээ хугацаа ёсоор бол дөрөвдүгээр сарын 6-нд хүчин төгөлдөр болох ёстой. Гэтэл яаран сандран баталсан нь нийгэмд үүсэх хардлагын үндэс болсон уу?
-Тэр ойлгомжтой шүү дээ. Анх бидэнд танилцуулснаар бол дөрөвдүгээр сарын 6-наас гэрээ хүчин төгөлдөр болох учраас үүнээс өмнө хуралдаж асуудлыг нэг тийш нь болгоно гэж байсан. Гэтэл УИХ-аас гаргасан ажлын хэсгийнхний мэдэгдэл өгсний маргааш өглөө нь хуралдах ямар шаардлага байсан юм бэ. Энэ асуудалд бас гайхаж байна. Юун бичиг өгчихөв гэж харж үзээд түүнийхээ дараа тэр бичгийн дагуу ийм бодолтой байна гээд хуралдаж болно биз дээ. Гэтэл тэгсэнгүй. Харин өнөөдөр /өчигдөр/ ажлын хэсэг дээр энэ талаар тодорхой хариу өгнө гэж сонсогдсон. Тэгэхээр нь энэ талаар нарийн сайн тодруулах болно.
-ТЭЗҮ-ийг зарим нэг талаар тий.м ч их эмзэглээд байх зүйлгүй. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеийн хэрэглэгдэхүүн. Зах зээлийн систем уян хатан байх ёстой гэдэг тайлбар мэргэжлийн хүмүүсийн зүгээс нэг бус удаа гарч байсан. Харин таны байр суурь?
-Эмзэглээд байх шаардлага байхгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ. Энгийнээр тайлбарлаад үзье л дээ. Өнөөдөр нэг үйлдвэр барих боллоо. Тэгвэл тэр үйлдвэрийнхээ хүчин чадлыг хамгийн түрүүнд тогтоох хэрэгтэй биз дээ. Хүчин чадлыг нь яаж тогтоох вэ гэхээр тэр газар дороос олборлох хүдрийн хэмжээг жил, cap, өдөртөө хуваагаад яг нарийн тоогоор хэд гарч байна, түүнээс хэдийг нь тэнд боловсруулах юм бэ. Тэр дагуу технологио шийдсэн байх ёстой. Гарч ирсэн юмыг үйлдвэр дээр байршуулахад хичнээн усыг ямар дагалдах зүйлийн хамт хэрэглэх вэ гэдэг дээр тооцоо байх хэрэгтэй байхгүй юу. Тэгээд үүнийхээ дагуу ажиллах шаардлага гарна. Мөн түүнчлэн ажилчдынхаа нийгмийн асуудлыг хэрхэн яаж шийдэх вэ, дэд бүтцийн асуудлыг яах юм бэ гээд зөндөө олон шийдэгдээгүй асуудлууд байгаа. Энэ бүх юм чинь зөвхөн тэр эмзэглээд байгаа тооноос чинь болоод өөрчлөгдөж байгаа байхгүй юу. Өнөөдөр Эрдэс баялгийн зөвлөлийнхөн ганц тоо өөрчлөгдсөнөөр ямар нэгэн шальтай зүйл болохгүй гэх ухааны юм яриад байна. Юу гэсэн үг вэ, гол зүйл чинь тоо шүү дээ. Тэгж байж барааны чинь үнэ тодорхой болно. Үндсэн өөрийнх нь өртөг нь тодорхой болно. Ашиг гэдэг юм чинь бүхэлдээ Монгол Улсын иргэдийн гар дээр очих зүйлийг л яриад байгаа шүү дээ. Чухалчлаад байгаа тоо чинь ард түмэнд эх орны хишиг болж очих ёстой юм. Тийшээ орох мөнгөний их бага нь тэр чухалчлаад байгаа тооноос тодорхой болно. Үүнийг тодорхой болгоогүй байж бид эх орны хишгийг ард түмэнд тараана гэж яриад байх эрхгүй. Тийм ойлголт ч байж таарахгүй. Тэр хүмүүс ч тэгж ард түмэнд илтээр худал ярьж буруу ойлголт өгөх эрхгүй. Эх орны хишиг санд хэдий хэрийн хөрөнгө цугларахыг баримжаалах хэрэгтэй  биз  дээ.   Тиймээс л яс тоо байх хэрэгтэй гэж шаардаад байгаа юм.
-Эрдэс баялгийн зөвлөлийнхөн усны нөөцийн асуудлыг авч үзэхдээ дахин ашиглах асуудлыг тавиад байгаа. Тэр үүднээс усны асуудлыг зохицуулж болно шүү дээ?
-Монгол орны говийн нөхцөлд усны асуудал ямар хэмжээнд тавигддаг билээ гэдгийг сайн бодолцох ёстой. Хүчин чадалтай техникээр тэр гүний усыг ашиглалаа гэхэд хичнээн тонн ус хаанаас гаргаж ирэх вэ гэдэг нь нэг асуудал. Нөгөө талаар тэр гаргасан усаа өдөрт хичнээнээр нь ашиглалт хийж техникээр дахин боловсруулалтад орууллаа гэхэд ямар нэг хэмжээгээр ууршилт явагдаж л таарна. Тэр өндөр үзүүлэлттэй машин техникээр ороод гарсан усны зохих хувь нь ууршаад алга болно гэдэг нь хэн хүнд ойлгогдохоор  зүйл  байгаа биз  дээ. Тэрнийг нөхөн сэргээх тооцоо судалгаа нь хаана байна, түүнийгээ гаргаад ир гэдэг  шаардлагыг УИХ-аас гаргасан ажлын хэсгийнхэн нэхээд   байгаа юм. Тэгтэл одоо болтол тодорхойгүй байна. Энэ талаар ч тодорхой тайлбар өгөхгүй бүрхэг хэвээр нь орхигдуулах гээд байгаа биз дээ.
-Мөн нөөцийн хэмжээг 45 сая тонн гэж байсан. Гэхдээ ЭБЗ-ийнхөн дараа ашиглагдах нөөцөд байгаа 19 саяын асуудлыг одоо ярихад эрт байна. Ашиглах үед нь яригдах ёстой асуудал гэж үзэж байгаа шүү дээ?
-Тэр ч тийм л байх. Мэдээж явцын дунд ашиглагдах нөөц. Гэхдээ өнөөдөр ТЭЗҮ-д бүх зүйлийг нь тооцож гаргаж ирэх ёстой. Үүний дараа нөхөж хайгуул хийгээд олборлолтоо нэмээд үйлдвэрлэлээ явуулж болно шүү дээ. Тэр асуудлыг нь бид яриагүй. Бидэнд өнөөдөр анх оруулж ирэхдээ батлуулсан юмыг нэхээд шаардаад олон дахин яриад байгаа юм. Биднээр батлуулсан, УИХ дээр анх ярьсан тэр тодорхой тоонуудыг нэхээд байна. Тэдний зүгээс тодорхой хугацаа заасан амлалтууд бий. Тэр юмыг нь тодотгоё гэж байна. Ийм ийм юмыг нь та нар биелүүлээрэй гэж маш тодорхой хэлээд гарахад за гэсэн мөртлөө гэрээ хийгээд явахдаа тэр бүх юмыг хаячихсан байгаад гайхаж сууна. Асуудлын гол нь үүнд байгаа юм. Хамгийн гол нь УИХ-аас гарсан тогтоол чинь хууль шүү дээ гэдгийг санах хэрэгтэй.
-Тэгэхээр УИХ-ыг Засгийн газар хуурсан асуудал болж байна уу?
-УИХ-ыг Засгийн газар хуурч байна уу. Цаадуул нь Засгийн газрыг хуурсан уу. Аль эсвэл хэн хэн нь нийлээд УИХ-ыг хуурч байна уу гэдгийг бидэнд тайлбарлах ёстой. Энэ тайлбарыг Засгийн газраас шаардана. Юу гэж хэлэхийг нь харъя. Тэгээд ерөнхийдөө асуудал тодорхой болж өгнө.
-Гэхдээ ажлын хэсгийнхэн Иргэний хөдөлгөөнийхөнтэй энэ асуудлаар санал солилцсон уу?
-Иргэний  хөдөлгөөнийхөнтэй санал солилцоогүй. Харин энэ асуудлаар Иргэний хөдөлгөөнийхөнд заавар зөвлөгөө өгч байдаг эрдэмтэдтэй нь уулзаж үзсэн. Тодорхой зүйлүүд дээр санал солилцож байсан.
-ТЭЗҮ бол хуульчилсан зүйл байхгүй учраас дараагийн асуудлуудыг тодотгол маягаар оруулж болно гэдэг тайлбар явж байгаа. Тиймээс тэгтлээ санаа зовоох асуудал байхгүй юм биш үү?
-Тэр бүхэн батламж байна уу, зөвлөмж болгож өгнө үү хамаагүй асуудал. Дөрөвдүгээр сарын 6-нд батлагдсанаар л явах болно шүү дээ. Тиймээс үүнийг батлаагүй, уучлаарай тодруулах юм байна гэвэл дөрөвдүгээр сарын 6-ны хугацаа чинь өөрчлөгддөг юм байгаа биз дээ гээд “Бидэнд юмаа бодит болох хугацаа байхгүй болчихоод байна. Гэтэл эд нар албан хүчээр дөрөвдүгээр сарын 6-нд бүх юмыг хуулийн дагуу батлагдахаар болгочихож байгаа юм. Бид дөрөвдүгээр сарын 6-наас хойш яръя гэвэл хуулиараа гэрээ хэрэгжээд явчих юм болно. Энэ нь эргээд гадаадын том том компани, хөрөнгө оруулагчидтай Лондонгийн шүүх энэ тэр дээр очоод ялагдах гарц нь болчихно. Нэг ёсондоо тэр хүлээх ялагдлаа монголчууд гадныханд заагаад өгчихөж байгаа хэрэг л дээ. Тиймээс дөрөвдүгээр сарын 6-наас өмнө асуудлыг шийдэх гээд байгаа юм.
-Анхнаасаа ажлын хэсгийнхэн сайн ажилласан бол ийм байдалд хүрэхгүй шүү дээ. Нөгөө ниргэсэн хойно нь хашгирав гэгч л болж байгаа юм биш үү?
-Тэгвэл тэр ажлын хэсэг гэдэг чинь юу юм бэ. Ажлын хэсгийнхэн гэж хэн юм бэ. Засгийн газрынхан байсан биз дээ. Засгийн газрынхан тэгэхэд бидэнд үзүүлээд ярьж байсан, УИХ-д оруулсан юмнууд нь өөрчлөгдөхөөр яагаад, юу болоод өөрчлөгдөв гэдгийг нь асууж тодруулж байна шүү дээ. Түүнээс биш өнгөрсний араас хашгирав гэгч тийм ойлголт байхгүй.
-Засгийн газраас гаргасан ажлын хэсэг УИХ-ын өгсөн шаардлагыг биелүүлээгүй гэж үзэж болох нь ээ?
-Биелүүлээгүй. Түүгээр ч зогсохгүй бид хувь хүний хувьд УИХ-ын гишүүний хувьд ч гэсэн очоод дээрх албан бичгийнхээ хариуг авъя. Та нар энийгээ жаахан хойшлуулчих. Тэгээд бидэнтэй санал солилцоод үүнийгээ нийгэмд тодорхой болгож өгөөч гэсээр байхад үгүй гээд хийчихэж байна шүү дээ.
-Нэгэнт тавтай уулзсаных нэг зүйл тодруулъя. Өчигдрийн бүлгийн хуралдаанаар ямар асуудал яригдсан бэ. Танай намын дарга С.Баяр АНУ-аас саяхан ирсэн. Биеийн байдал нь ямар байгаа вэ?
-Намын бүлгийн хурлаар гишүүдийн хөдөө орон нутагт явж ажилласан талаар ярилцсан. МАХН-ын дарга С.Баяр ирсэн. Биеийн байдал нь сайн байгаа гэдгээс өөр тайлбар хийх боломжгүй. Би ямар эмч биш яаж мэдэхэв, өөрөөс нь асуу л даа.
-Танай намын нарийн бичгийн дарга У.Барсболд албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх боллоо. Энэ тал дээр ямар тайлбар хийх вэ?
-Ёстой сонсоогүй юм байна. Хэрвээ У.Барсболд албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн бол сайн л байна шүү дээ. Тэр тусмаа би түүний ор сууринд сууя гэж бичиг өгье байз. Намын аппаратад тодорхой ажил хийх чадвартай хүн хэрэгтэй байна шүү дээ. У.Барсболд шиг хийх ажилгүй хүн тэнд юугаа хийх вэ. Үнэхээр тийм зүйлийг ухамсраараа хийсэн бол болж дээ. Өөр юу хэлэх вэ. Над шиг ийм бодолтой явдаг хүн манай намын олон гишүүд байгаа шүү дээ. Би ч тэгж бодож байгаа юм биш.
Бадамдоржийн Туяацэцэг
2010 оны 3-р сарын 30, Мягмар гариг
Өглөөний сонин

No comments:

Post a Comment